Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2020/00036

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2020/00036

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Д.Ч -ын нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Б.Э,  

Хариуцагч: Ц.Л нарт холбогдох,

2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 19-58/01 дугаартай Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухайиргэний хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: хариуцагч Ц.Л, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ОАШШГГйн ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгч нарын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 19-58/01 дугаартай Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол хууль бус тул хүчингүй болгуулах. Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие Д.Ч нь Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн 1102 дугаартай шийдвэрээр Э.Быг тэжээн тэтгэхээр болсон. Үүний дараа энэхүү шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж эхэлсэн. Ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх явцад надад мөнгөний хэрэг гараад байна 1 000 000 төгрөг өгчих тэгвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаая, би чамтай зууралдаж байх сонирхол алга, би хүүхдээ өөрөө тэжээгээд явчихаж чадна гэдэг зүйлийг хэлсэн. Би тухайн үед нь үнэхээр л мөнгөний хэрэг гарсан бол түүнд энэ мөнгийг нь бүтээж өгье гэж бодоод 1 000 000 төгрөгийг олоод түүнд өгсөн. Д.Э нь мөнгийг аваад Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өөрийн хүсэлтээр дуусгавар болгох тухай хүсэлт гаргаж улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 13/33-09 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тогтоолоор дуусгавар болгосон. Гэтэл 2019 оны 07 дугаар сард шүүхээс дуудаж тэтгэлэг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд танд холбогдуулан гаргасан байна ирж нэхэмжлэлээ ав гэсний дагуу нэхэмжлэлийг эхнэрээрээ авахуулсан. Энэхүү тэтгэлэг нэхэмжилсэн иргэний хэрэгт өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өмгөөлөгч М.М-ыг оролцуулсан юм. Энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай” тогтоол гарсан болохыг олж мэдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч болон шийдвэр гүйцэтгэгч нар надад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг надад огт мэдэгдээгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд үндэслэн сэргээсэн гэж үзэхгүй байна. Иймд ОАШШГГйн ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгч нарын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 19-58/01 дугаартай “Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай” тогтоол хууль бус тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г шүүхэд гаргасан нэмэлт тайбартаа: “Тус шүүхэд хянагдаж буй Д.Чын нэхэмжлэлтэй хариуцагч ОАШШГГйн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Э, шийдвэр гүйцэтгэгч Ц.Л нарт холбогдох “2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 19-58/01 дугаартай Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцож байна. Энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж нэмэлт тайлбар гаргаж байна. Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаарт нээлттэй хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Э, шийдвэр гүйцэтгэгч Ц.Л нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан эрх зүйн хэм хэмжээнд байхгүй асуудлаар маргаан бүхий тогтоолыг хууль зүйн үндэслэлгүйгээр сэргээсэн байна. Учир нь Д.Ч, Д.Э нар нь 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хүчин төгөлдөр эрх зүйн үйлчлэлийн хүрээнд тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон юм. Энэхүү хуулийн 16 дүгээр зүйлийн 16.1-т зааснаар “Төлбөр авагч нь төлбөр авахаас татгалзвал түүний хүсэлтээр” дуусгавар болно гэсний дагуу Д.Э нь тухай үед Д.Чыг 1 сая төгрөг өгчихвөл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож өгье гэх хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг Д.Ч нь хүлээн зөвшөөрч Д.Эт 1 сая төгрөгийг өөрийн гэрийн хамт хүлээлгэн өгснөөр талууд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Гэтэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд үндэслэхгүйгээр сэргээсэн нь үндэслэлгүй байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дүгээр зүйлд зааснаар"... төлбөр төлөгч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой звлэрлийн гэрээг зөрчсөн бол төлбөр авагчийн хүсэлтээр ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулна” гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулсан нь үндэслэлгүй. Учир нь Д.Ч, Д.Э нарын хооронд тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээ байгуулагдаагүй бөгөөд одоо мөрдөгдөж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан эрх зүйн зохицуулалтанд хамаарахгүй атал шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг үйлдэж байгаа нь хуульд үндэслэсэн тогтоол болж чадаагүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зорилт, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зарчимыг хангаж, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 19-58/01 дугаартай “Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол”-ыг хүчингүй болгож өгнө үү. Миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул уг тайлбарыг хэрэгт хавсаргаж, шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн үндэслэлийг анхаарч миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.   

Хариуцагчийн төлөөлөгч Б.Э, Ц.Л нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд Ц.Л тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 23 ний өдрийн 1102 дугаар шийдвэрээр Д.Чаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж Д.Эт олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож гүйцэтгэх баримт бичгийг 2013 оны 04 дүгээр сарын 29 ний өдрийн 13/55-09 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоол гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна. Тэтгэлэг авагч Д.Э тус газар хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул гүйцэтгэх баримт бичгийг сэргээлгэх талаар хүсэлтийг ирүүлсний дагуу гүйцэтгэх баримт бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 заасны дагуу сэргээсэн. Нэхэмжлэгч нь хуулийн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Э шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Д.Ч нь шүүхийн шийдвэр гарснаас хойш хүүхдийн тэтгэлэгийн мөнгөө огт төлөхгүй байж байгаад фондын өвс шатаасан хэргээр хорих ялаар шийтгүүлээд хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан. Өвс шатаасан хэргийн хохиролд 7,0 сая орчим төгрөг төлөх ёстой байсан ба хэрэв төлөхгүй тохиолдолд дахин хорих ял эдлэх асуудал үүссэн тул 1,0 сая төгрөг өгөөд тэтгэлэгээ түр зогсооё, тэгээд би 7,0 сая төгрөгөө төлчихөөд хүүхдийн тэтгэлэгээ үргэлжлүүлэн өгье гэж гуйсаар байгаад бичиг хийлгэж аваад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгвар болгосон. Би 1,0 сая төгрөг авья гэж ер хэлээгүй. Намайг гүтгэж байна... гэсэн.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Ч нь ОАШШГГйн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Э, шийдвэр гүйцэтгэгч Ц.Л нарт холбогдуулан 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 19-58/01 дугаартай Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.   

            Хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 23-ны 1102 дугаартай шийдвэрээр Доржийн Чыг Эийн Бын төрсөн эцгээр тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн Э.Быг эцэг Д.Чаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

            Дээрх шийдвэрийн дагуу 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 57 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэн Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргэгдэн, хариуцагч байгууллага 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоол гарган, энэ дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан байна.           

            Ингээд төлбөр, төлөгч авагч нар харилцан тохиролцож, 1,0 сая төгрөгийг төлбөр авагч Д.Эт өгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2013 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр 13/33-09 дугаартай тогтоол гарчээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын: ...Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд үндэслэхгүйгээр сэргээсэн нь үндэслэлгүй байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дүгээр зүйлд зааснаар"... төлбөр төлөгч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой звлэрлийн гэрээг зөрчсөн бол төлбөр авагчийн хүсэлтээр ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулна” гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулсан нь үндэслэлгүй. Учир нь Д.Ч, Д.Э нарын хооронд тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээ байгуулагдаагүй бөгөөд одоо мөрдөгдөж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан эрх зүйн зохицуулалтанд хамаарахгүй атал шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг үйлдэж байгаа нь хуульд үндэслэсэн тогтоол болж чадаагүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зорилт, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зарчимыг хангаж, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 19-58/01 дугаартай “Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол”-ыг хүчингүй болгож өгнө үү гэсэн.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тогтоолд: “төлбөр авагч Д.Э, төлбөр төлөгч Д.Ч нар харилцан тохиролцсон тул” гэсэн үндэслэлээр уг ажиллагааг дуусгавар болгосон байх ба, 18 нас хүртэл нь дуусгавар болгосон талаар дурьдаагүй, мөн харилцан тохиролцсон гэдэг нь талууд эвлэрсэн гэж үзэхээр байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д "... төлбөр төлөгч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой звлэрлийн гэрээг зөрчсөн бол төлбөр авагчийн хүсэлтээр ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулна” гэжээ.

Тэжээн тэтгэхтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсноор дуусгавар болох учиртай.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д гүйцэтгэх баримт бичигт заасан тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсноор дуусгавар болно гэж заасан байна.

Тэжээн тэтгүүлэгч насанд хүрээгүй, тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болоогүй байхад тэжээн тэтгэхтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь талуудын эвлэрлийн үндсэн дээр дуусгавар болно, түүнээс өөр үндэслэлээр дуусгавар болох боломжгүй бөгөөд, нэгэнт тэжээн тэтгэх үүрэг гүйцэтгэх баримт бичигт зааснаар дуусгавар болоогүй байх тул төлбөр авагчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээснийг шүүх буруугтгах үндэслэлгүй байх ба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг зөрчөөгүй байна.

Иймд ОАШШГГйн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Э, шийдвэр гүйцэтгэгч Ц.Л нарт холбогдуулан гаргасан 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 19-58/01 дугаартай Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгуулах Д.Чын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6, 30 дугаар зүйлийн 30.1 дэхь хэсэгт заасныг тус тус баримтлан ОАШШГГйн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Э, шийдвэр гүйцэтгэгч Ц.Л нарт холбогдуулан 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 19-58/01 дугаартай Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгуулах                     Д.Чын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.   

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА