Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2021/00039

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,   

Нэхэмжлэгч: “ЭҮ” ТӨҮГ-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: “ЭЭ” ХХК-д холбогдох,   

295 460 ам.доллар буюу 842 897 151.80 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ЭҮ” ТӨҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  “ЭЭ” ХХК нь “ЭҮ” ХХК /хуучин нэрээр/-ийн хооронд 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан ММС тээрмийн титэм араа /венец зубчатый ММС/ нийлүүлэх 2/226-16 тоот Худалдах, худалдан авах гэрээг цуцлах, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирол 260 700 ам.доллар, алданги 34 760 ам.доллар, нийт 295 460 /хоёр зуун ерэн таван мянга дөрвөн зуун жар/ ам.долларыг “ЭЭ” ХХК-аас гаргуулах.  

“ЭЭ” ХХК нь “ЭҮ” ХХК /хуучин нэрээр/-д 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ММС тээрмийн титэм араа /венец зубчатый ММС/ нийлүүлэх 2/226-16 тоот Худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. “ЭҮ” ХХК /хуучин нэрээр/ нь гэрээний 4.1 дэх заалт буюу “худалдан авагч тал гэрээний нийт үнийн дүнгийн 60 хувийг урьдчилгаа хэлбэрээр төлнө” гэж заасны дагуу 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №374 тоот төлбөрийн даалгавраар “ЭЭ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 452578443 тоот валютын дансанд 260 700 ам.долларыг шилжүүлсэн. “ЭЭ” ХХК нь гэрээний 5.2.1 дэх заалт буюу “Гэрээнд заасан чанар, стандартын шаардлагад нийцсэн, тоо хэмжээ, иж бүрдэл бүхий биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй барааг дагалдах баримт бичгийн хамт заасан хугацаанд нийлүүлэх”, мөн гэрээний 3.2 дахь заалт буюу “бараа нийлүүлэх хугацаа нь 365 хоног байна” гэсэн заалтуудыг зөрчиж, гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй. гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр бараа нийлүүлэх хугацааг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сунгасан боловч “ЭЭ” ХХК нь гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.

Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 9.1-д “худалдагч нь гэрээнд заасан бараа нийлүүлэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг Худалдан авагчид төлөх ба алдангийн нийт дүн нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 8 хувиас хэтрэхгүй байна” гэж заасны дагуу тооцсон алданги 34 760 ам. доллар болж байна.

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх заалт буюу “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэсэн заалтын дагуу дээрх гэрээг цуцалж, гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 260 700 ам.доллар, гэрээний холбогдох заалтын дагуу тооцсон алданги 34 700 ам. доллар, нийт 295 460 ам.доллар буюу 842 897 151.80 /найман зуун дөчин хоёр сая найман зуун ерэн долоон мянга нэг зуун тавин нэгэн төгрөг наян мөнгө/ төгрөгийг “ЭЭ” ХХК-аас гаргуулж, "ЭҮ" ТӨҮГ-ыг хохиролгүй болгох шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ.  

Хариуцагч “ЭЭ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Манай компани нь “ЭҮ” ТӨҮГ-тай 2016 оны 6 дугаар сарын 27-нд 2016/06-11-281 дугаартай венец зубчатый ММС/31.11.86.09.01-ОСБ/ нийлүүлэх гэрээ байгуулсан.  

Бид өмнө нь өөрсдийн харилцагч болох Украйн улсын “Сичеславский Машиностройтельный завод”-д урьдчилгаа төлбөрийг төлж Монгол дахь албан ёсны төлөөлөгч болох “Сиид с про” ХХК-тай гэрээ хийсэн. Гэвч Украйн улсад үүссэн тогтворгүй байдал, ОХУ-аас тус улсын эсрэг тавьсан хориг зэргүүдтэй холбон тайлбарлаж байсан ч бид тэдэнтэй хийсэн гэрээгээ цуцалж өөр үйлдвэрлэгчид гэрээний сэлбэгүүдээ захиалсан.  

2019 оны 3 сард БНХАУ-ын Chaoyang Rende Mettallurgical Power Machinery Equipment, LTD үйлдвэртэй гэрээ байгуулан гэрээний урьдчилгаа төлбөрийг шилжүүлэн сэлбэгийн үйлдвэрлэл эхэлсэн. Ингээд бид өмнө тулгарсан нөхцөл байдлын улмаас үйлдвэрлэгдсэн бараагаа газар дээр нь биечлэн шалгаж ачуулахаар үйлдвэрлэгчидтэй тохиролцон 2020 оны 01 дүгээр сарын дундуур сэлбэг бэлэн болж хүлээж авахаар явах гэсэн боловч СОVID-19 вирусийн аюул дэлхий дахинаа нүүрлэж БНХАУ болон Монгол улсын хил хаагдаж бидэнд давагдашгүй хүчин зүйл үүссэн. Иймд бидэнд Монгол Улс болон БНХАУ-ын хил нээгдэж зорчих боломжтой болох хүртэл гэрээний үүргээ биелүүлэхэд хүндрэл учирсан тул компанийн зүгээс хүлцэл өчье.  

Бид “ЭҮ” ТӨҮГ-ыг хохиролгүй болгож гэрээний үүргээ биелүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байгааг минь харгалзан үзэж нийлүүлэх хугацаа болон холбогдох материалуудыг нягталж өгнө үү” гэжээ.  

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч “ЭҮ” ТӨҮГ нь “ЭЭ” ХХК-д холбогдуулан 295 460 ам.доллар буюу 842 897 151.80 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.   

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй байна, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.   

“ЭЭ” ХХК нь “ЭҮ” ХХК /тухайн үеийн нэрээр/-тай 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ММС тээрмийн титэм араа /венец зубчатый ММС/-г 434 500 ам.доллароор нийлүүлэхээр 2/226-16 тоот Худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байх ба, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хариуцагч маргаагүй байна.

Хариуцагч нь уг “ММС тээрмийн титэм араа”-г Гэрээний 3.2.-т зааснаар 365 хоногийн хугацаанд буюу 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дотор “ЭҮ” ХХК /тухайн үеийн нэрээр/-д нийлүүлэх үүрэг хүлээжээ.   

 Ингээд “ЭҮ” ХХК / тухайн үеийн нэрээр/ нь Гэрээний 4.1.-д заасны дагуу   гэрээний нийт үнийн дүнгийн 60 хувь болох урьдчилгаа төлбөрт 260 700 ам.долларыг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №374 тоот төлбөрийн даалгавраар “ЭЭ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 452578443 тоот валютын дансанд шилжүүлсэн болох нь нотлогдож байна.

“ЭЭ” ХХК нь гэрээнд заасан хугацааны дотор “ММС тээрмийн титэм араа”-г нийлүүлээгүй байх ба, талууд 2017 оны 12 дугаар сард гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж Гэрээний 3.2-т заасан бараа нийлүүлэх хугацааг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр  хүртэл сунгажээ. Бараа нийлүүлэх гэрээний хугацаа сунгагдсан ч өнөөг хүртэл хариуцагч нь “ММС тээрмийн титэм араа”-г нэхэмжлэгчид нийлүүлээгүй байна.

Хариуцагч нь: ...Бид өмнө нь өөрсдийн харилцагч болох Украйн улсын “Сичеславский Машиностройтельный завод”-д урьдчилгаа төлбөрийг төлж Монгол дахь албан ёсны төлөөлөгч болох “Сиид с про” ХХК-тай гэрээ хийсэн. Гэвч Украйн улсад үүссэн тогтворгүй байдал, ОХУ-аас тус улсын эсрэг тавьсан хориг зэргүүдтэй холбон тайлбарлаж байсан ч бид тэдэнтэй хийсэн гэрээгээ цуцалж өөр үйлдвэрлэгчид гэрээний сэлбэгүүдээ захиалсан.  

2019 оны 3 сард БНХАУ-ын Chaoyang Rende Mettallurgical Power Machinery Equipment, LTD үйлдвэртэй гэрээ байгуулан гэрээний урьдчилгаа төлбөрийг шилжүүлэн сэлбэгийн үйлдвэрлэл эхэлсэн. Ингээд бид өмнө тулгарсан нөхцөл байдлын улмаас үйлдвэрлэгдсэн бараагаа газар дээр нь биечлэн шалгаж ачуулахаар үйлдвэрлэгчидтэй тохиролцон 2020 оны 01 дүгээр сарын дундуур сэлбэг бэлэн болж хүлээж авахаар явах гэсэн боловч СОVID-19 вирусийн аюул дэлхий дахинаа нүүрлэж БНХАУ болон Монгол улсын хил хаагдаж бидэнд давагдашгүй хүчин зүйл үүссэн. Иймд бидэнд Монгол Улс болон БНХАУ-ын хил нээгдэж зорчих боломжтой болох хүртэл гэрээний үүргээ биелүүлэхэд хүндрэл учирсан гэсэн байх ба гэрээний хугацаа СОVID-19 гарахаас өмнө 2018 оны  06 дугаар сарын 28-ны өдөр  дууссан байна.

Хариуцагч талаас хариу тайлбартайгаа холбогдуулан ирүүлсэн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө... гэсэн заалтыг зөрчсөн, мөн нотлох баримтуудаа орчуулаагүй, гадаад хэл дээр ирүүлсэн байгааг дурьдах нь зүйтэй.

“ЭЭ” ХХК-ийн захирал Д.А “ЭҮ” ТӨҮГ-ын төлөөлөлтэй уулзаж, Украйн болон БНХАУ-тай гэрээ байгуулсан гэх зэргээр тайлбар гаргасан байх ба уг тайлбараа нотлохоор баримтууд дурдсаныг “ЭҮ” ТӨҮГ уг баримтуудыг шаардсан, мөн урьдчилгаа төлбөр 260 700 ам долларыг 2020-06-10-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцож протокол хөтөлжээ.         

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.2.-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заажээ.

Нэгэнт нэмэлт хугацаа тогтоосон ч үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсан татгалзал үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэв.       

  Талуудын хооронд байгуулсан Гэрээний 9.1-д “худалдагч нь гэрээнд заасан бараа нийлүүлэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг Худалдан авагчид төлөх ба алдангийн нийт дүн нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 8 хувиас хэтрэхгүй байна” гэснээр алданги 34 760 ам. доллар нэхэмжилснийг гэснийг буруутгах боломжгүй.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол мөнгөн тэмдэгтийн төрөл өөрчлөгдсөн бол мөнгөн тэмдэгт өөрчлөгдсөн өдөр мөрдөж байсан ханшаар тооцож төлбөрийг төлнө гэжээ.  

Иймд нэхэмжлэгчийн урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 260 700 ам.доллар,  алданги 34 700 ам. доллар, нийт 295 460 ам.доллар буюу 842 897 151.80 төгрөгийг “ЭЭ” ХХК-аас гаргуулж, "ЭҮ" ТӨҮГ-т олгохоор шийдвэрлэлээ.    

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4 372 436 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 4 372 436 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Хариуцагч өмнөх шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлт гаргаж, шүүх хүсэлтийг  хүлээн авч хариуцагчийн өмгөөлөгч авах эрхийг ханган шүүх хуралдааныг хойшлуулж хурлын товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгааны талаар мэдэгдээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хариуцагчийн эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 225 дугаар зүйлийн 225.1., 225.2.-д заасныг тус тус баримтлан "ЭҮ" ХХК /тухайн үеийн нэрээр/, “ЭЭ” ХХК-ийн хооронд 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан “ММС тээрмийн титэм араа” /венец зубчатый ММС/ нийлүүлэх 2/226-16 тоот Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч “ЭЭ” ХХК-аас 842 897 151.80 төгрөг гаргуулан “ЭҮ” ТӨҮГ-т олгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 372 436 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 4 372 436 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА