Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 40

 

Д.М

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхжаргал

Шүүгдэгч Д.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Доржготов

            Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/82 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Цэрэн-Очир, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.М холбогдох эрүүгийн 2014000210061 дугаар хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Монгол улсын иргэн,  Д.М, 1986 оны 5 дугаар сарын 20-нд Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2006 оны 3 дугаар сарын 24-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 7 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан

Д.М нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Овоот гэх газар Г.Цэрэн-Очирыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

              Баянхонгор аймгийн Прокурорын газраас Д.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: шүүгдэгч  Дашдэндэвийн Мөнх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Дашдэндэвийн Мөнх-Эрдэнийг долоон зуун /700/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган /700.000/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч Д.М нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Г.Цэрэн-Очирын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д хэрэгт эд мөрийн баримтаар хохирогчийн дөрвөн ширхэг рентген зургийг хураан авсан Баянхонгор аймгийн прокурорын газрын прокурорын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг рентген зургуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу хохирогч Г.Цэрэн-Очирт буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн нэг морийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг морийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Д.М буцаан олгож шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхжаргал гаргасан давж заалдах гомдолдоо: Өмгөөлөгч Н.Энхжаргал миний бие нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.13, Өмгөөллийн тухай хуулийн 13.1 дүгээр зүйлийн 13.1.2-д заасны дагуу эрүүгийн 204000210061 тоот Д.М холбогдох хэргийн хохирогч Г.Цэрэн-Очирын өмгөөлөгчөөр оролцож дараах гомдлыг гаргаж байна.

Тус хэргийг Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/82 тоот шийтгэх тогтоолоор Д.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэм буруутай гэж үзэж 700.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэж шийдвэрлэжээ.

Өмгөөлөгч нь тус хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа буюу давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаанд оролцож дараах гомдлыг гаргаж байна.

Гомдлын үндэслэл: Тус хэрэгт хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэжээ.

Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болж буй шинжээчийн дүгнэлтээр Г.Цэрэн-Очирын биед тархи доргилт, зүүн нүдний алимны салст болон дээд доод зовхинд цус хуралт, дух, зовхи, хацарт, дээд урууланд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо” гэсэн дүгнэлтийг үндэслэсэн боловч тухайн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй буюу хэрэгт авагдсан баримтаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Учир нь Г.Цэрэн-Очирын нүүрэн хэсэгт нүдний дотор хананы хугархай гэмтэл гарсан тухай эмчийн үзлэгийн тэмдэглэл гарсан боловч шүүхэд энэ талаар баримт бүрдүүлэлт дутуу, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн мэдлэг дутмагаас болон холбогдох хүсэлт гомдол гаргах эрхээ эдлээгүйгээс хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүргэжээ.

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх гол үндэслэл нь үйл баримтыг зөв тогтоох, хохирлыг зөв гаргах шаардлага байдаг.

Иймд дээрх нөхцөл байдлыг нарийвчлан шалгасны эцэст тус хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/82 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

Хохирогч Г.Цэрэн-Очир гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Г.Цэрэн-Очир нь 1975 онд Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн. Одоо тус сумын 2 дугаар багт харъяалагдан эхнэр 2 хүүгийн хамт амьдардаг. Би 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хонио хариулж явж байхад иргэн Д.М ирээд өвөлжөөний тал руу малаа явууллаа гэж хэлээд танхайрч зодсон нь үнэн болно. Үүний улмаас эрүүл мэнд, гоо сайханд хагалгааны заалттай гэмтэл учруулсан нь эмчийн үзлэг болон КТГ-ийн зургаар тодорхойлогдсон. Эмч нар хэлэхдээ нүдний хана нөхөн сэргээх хагалгаа 3.600.000 төгрөг, хамар ясны хугарал, муруйлт засах хагалгаа 3.000.000 төгрөгөөр хийгдэх юм байна гэж тодорхойлолт хэлсэн. Эдгээр оношилгоонуудыг хийлгэхэд 2 удаа хот явж үзүүлэн мөн 7 удаа аймагт, 4 удаа суманд дуудагдсан түлшний мөнгө, мал хариулгын хөлс зэрэг нийлээд 1.800.000 төгрөг орсон. Энэ мөнгийг Хаан банкнаас зээл авч зарцуулсан нь үнэн. Эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирч үлдэхгүйн тулд өөрийнхөө төлөө явсан. Гэтэл хохирол учруулсан иргэн нэг ч төгрөг өгөөгүй. Харин шүүхэд хандсаны эцсийн дүгнэлт нь бүх зүйл бичиг баримттай байх ёстой гэж үзээд 350.000 төгрөгийг шүүх хурал дээр хохирол учруулагч надад өгсөн. Гэвч би хөдөөний хүн тул үйлдэл болгоны баримтыг нэхэж авч мэдэхгүй болохоор тэр болгон баримтыг өгдөггүй юм билээ. Аваагүй шалтаан нь эмчийн тодорхойлолт нотолгоо болно байх гэж бодсон нь үнэн болно. Иргэн Д.М надад чиний эрүүл мэнд хамаагүй шүүх хохирлыг битгий өг гэсэн. Шүүхэд өгдөг зүйлээ өгсөн. Одоо надад хамаагүй гэсэн үүднээс хандсан нь гомдолтой байхын зэрэгцээ ер нь хүний эрх өнчин ишигнээс хямдхан байдаг юм байна гэдгийг мэдлээ. Эдгээрээс үзэхэд нутгийн ард иргэдийн дунд бэлчээр ашиглалтаас болж иргэд хоорондын маргааны үйл явдлын хохирогч нь хохирч үлддэгийг нийгэмд мэдрүүлж байна. Би цаашид гомдлоо барагдуулахын тулд Мөнх-Эрдэнийг өөрийн биеэр дагуулж үйлдэл болгон дээр нь хянуулж санхүүг нь өөрөөр нь баримтжуулан гаргуулж бие болон сэтгэл санааны гомдлыг барагдуулахыг хүсч байна гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Гэмтлийг үнэн зөв, бодитой байдлаар тогтоож чадаагүй. Хохирогчийн хувьд хот руу хэд хэдэн удаа явж эмчилгээ хийлгэсэн. Цаашид нүдний хана нөхөн сэргээх, хамрын муруй засуулах зэрэг хагалгаанууд хийлгэх шаардлагатай байхад эдгээрийн үнэ төлбөрийг анхан шатны шүүх хангаагүй тул хэргийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Доржготов тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогчид учирсан гэмтэл бол хөнгөн зэргийн гэмтэл гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

   Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор В.Дэлгэрмаа гаргасан дүгнэлтэндээ: Хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хохирогч Г.Цэрэн-Очир, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарын гаргасандавж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Овоот гэх газар Г.Цэрэн-Очирыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогджээ.

Дээрх үйл баримт нь эрүүгийн 2014000210061 дугаар хэрэгт авагдсан хохирогч Г.Цэрэн-Очир, гэрч Т.Оюунцэцэг нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 48 болон 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 104 дүгээр тус тус шинжээчийн дүгнэлт, Д.М нь өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч Д.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон түүнд хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд торгох ял оногдуулан шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ хувийн байдал болон учруулсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 48 дугаар шинжээчийн дүгнэлтийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр /хх-ийн 46 дугаар тал/, мөн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 104 дүгээр шинжээчийн дүгнэлтийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр /хх-ийн 59 дүгээр тал/ тус тус хохирогч Г.Цэрэн-Очирт танилцуулахад хохирогч нь хөнгөн гэмтлийг зөвшөөрсөн, гомдол, саналгүй талаар бичиж тэмдэглэлд гарын үсгээ зурсан байх тул хохирогч Г.Цэрэн-Очир, хохирогчийн өмгөөлөгч Н.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд зааснаар хохирогч нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/82 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Цэрэн-Очир, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.