Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 82

 

 

 

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,

Хохирогч: Г.Ц,

Шүүгдэгч: Д.М, түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000210061 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар, мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1,96.2.5 дахь хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хорих ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 7 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан,  Д.М

Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч Д.М нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Овоот гэх газар Г.Цыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/     

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

     1.Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 16 цагийн үед Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар баг Бут овоо гэх газар Цэрэн-Очир бид 2 дулааны улирал ирэх болоогүй байна ээлжээр мал хариулж баймаар байна гэсэн миний урдаас чи дандаа хүнтэй хэрүүл хийж байх юм хулгайч минь гэж хэлээд Цэрэн-Очир бид хоёр барилцаад авсан би Цэрэн-Очирын нүүрэн хэсэгт зүүн шанаа хэсэгт цохисон. Тэгээд нэг нэгнээ заамдаж байгаад салсан салаад явах үед Цэрэн-Очир дахин хэрүүл хийхгүй гэж явсан.....гэх мэдүүлэг /хх-ийн 72/

      2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

   3. Хохирогч Г.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Миний бие энэ жилийн хугацаанд 2019 оны 10 дугаар сараас хойш Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Шувуун хонд гэх газарт өвөлжөөндөө байгаа юм. Тус өвөлжөө нь манай аавынх юм байгаа гэхдээ сүүлийн хэдэн жил би өөрөө өвөлжиж байгаа юм.Одоо хэргийн талаар ярих юм бол 2019.12.30-ны өдөр манай өвөлжөөнөөс 2 км зайтай Овоот гэх газар малаа бэлчүүлж явж байсан чинь Д.М гэх залуу манай сумынхан түүнийг бандиа гэж дууддаг юм. Тэр ирчхээд миний малаа бэлчүүлж явж байсан хэсгийг өөрийнхөө өвөлжөө юм байгаа тийшээ битгий малаа оруулаад бай гэхээр нь би түүнд хандаж юу гэсэн үг юм бэ хэн нэгний өвөлжөө биш харин бэлчээр байгаа гэж хэлсэн. Намайг дээрх үгийг хэлсэн чинь тэр мотоциклоос бууж ирснээ намайг боох гэж оролдсон юм.Би хойшоогоо ухарсаар байгаад боолтоос нь гарсан юм. Тэгээд бид хоёр хоорондоо барилцаж авсан юм. Тэгсэн толгой эргээд манараад хойшоогоо болсон чинь тэр намайг дахин хэд хэдэн удаа нүүр лүү цохисон юм. Тэгээд бандиа ахиад битгий ийшээ малаа оруулж бай гэж хэлчхээд яваад өгсөн. 9 000 000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ц мэдүүлэхдээ: 2019 оны 12 дугаар сарын 30-нд хонио хариулаад явж байтал Д.М ирээд өвөлжөө рүү битгий хонио оруулаад бай гэхээр нь энэ чинь бэлчээр шүү дээ гээд маргалдсан. Тэгсэн Д.М мотоциклоосоо бууж ирээд намайг боогоод нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. Би зөрүүлээд нэг удаа цохисон. Тэгээд намайг нүүрээ дараад байж байхад Д.М яваад өгсөн гэв.

5. Гэрч Т.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....2019 оны 12 дугаар сарын 30-ны орой 17 цагийн үед ирсэн зүүн талын нүд хөхрөөд хавдсан байдалтай байсан хэн чамайг зодсон талаар асуутал намайг Д.М намайг зодсон гэж хэлсэн бид хоёр цуг Мөнх-Эрдэнэ гэж айлд очоод манай нөхрийг зодсон талаар асуух гэж очоод цуг Мөнх-Эрдэнэ байхгүй байсан эхнэрт нь манай нөхөр Цэрэн-Очирыг зодсон талаар хэлээд гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34/

6. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 48 дугаартай шинжээчийн:

              1. Г.Цын биед тархи доргилт, зүүн нүдний алимны салст болон дээд, доод зовхинд цус хуралт, дух, зовхи, хацарт, дээд уруулд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

              2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

              3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

              4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

              5. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....гэх дүгнэлт /хх-ийн 41/ болон хавтаст хэргийн 21 дүгээр хуудаст авагдсан Д.Мөнх-Эрдэнийн мал тооллогын данс, хавтаст хэргийн 74 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Д.М урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

         Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нараас гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Д.М нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Овоот” гэх газар Г.Цыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан үйл баримт болсон нь хохирогч Г.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 48 дугаар дүгнэлт, болон  шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Д.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

   Шүүх шүүгдэгч Д.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь эмчилгээний зардал есөн сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд дэвтрийн цаасан дээр гаргуулах зардал 1.800.000 төгрөг гэж бичиж 9 хуудас бүхий НӨАТ-ын баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүхээс уг нотлох баримтыг шинжлэн судалж хоёр зуун наян долоон мянган төгрөгийн баримтыг нотлох баримтаар тооцож, түүний шүүх хуралд өөрийн портер маркийн машинаар жаран мянган төгрөгний шатахуун хийж ирсэн зэргийг нэмж тооцож гурван зуун дөчин долоон мянган төгрөгийг шүүгдэгч Д.Мөнхэрдэнээс гаргуулахаар шийдвэрлэв.

Харин түүний шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтаас түүний эхнэр болох Т.Оюунцэцэгийн Улаанбаатар хот хоёр удаа явсан жаран хоёр мянган төгрөг, уг хэрэгт огт хамааралгүй Төмөрбаатар, Алимаа нарын зардал жаран хоёр мянган төгрөг нийт нэг зуун хорин дөрвөн мянган төгрөгийн замын зардлыг гаргуулах үндэслэлгүй байна гэж хасаж тооцов.

Учир нь Г.Ц эмчилгээ хийлгэхэд эдгээр хүмүүсийг хамааралгүй байна гэж үзсэн болно.

Дэвтрийн цаасан дээр бичсэн бусад зардал нэг сая таван зуун арван гурван мянган төгрөг, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт цаашид хагалгаанд орох зардал есөн сая төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Г.Ц нь эмчилгээний талаарх нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Өөрөөр хэлбэл дээрх зардлыг гаргуулах нотлох баримтыг хохирогч Г.Ц нь хавтаст хэрэгт болон шүүхэд гаргаж өгч нотлоогүй байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Д.М нь шүүх хуралдаанаас хохирол нөхөн төлөх зорилгоор таван минутын завсарлага авч хохирогч Г.Цт учирсан хохирол болох гурван зуун дөчин долоон мянган төгрөгийг нөхөн төлсөн тул тус түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Шүүгдэгч Д.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Мд нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дөрвөн ширхэг хохирогчийн толгойн рентген зургийг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг рентген зургуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу хохирогч Г.Цт буцаан олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн нэг морийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг морийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Д.Мд буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.М нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн тул түүнийг урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан гэж дүгнэлээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Д.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Д.М долоон зуун / 700 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган / 700.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

   5. Шүүгдэгч Д.М нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй,хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Г.Цын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй         орхиж хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хохирогчийн дөрвөн ширхэг рентген зургийг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг рентген зургуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу хохирогч Г.Цт буцаан олгосугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Д.Мөнх-эрдэнийн нэг морийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг морийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Д.Мд буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.            

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.              

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.