Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 01068

 

         “Г” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

        иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/00915 дугаар шийдвэртэй, Г СӨХ-ны нэхэмжлэлтэй, Д.О-т холбогдох

Орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал, бусад зардалд нийт 877 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.С, хариуцагч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Г СӨХ-ны төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Д.О нь манай СӨХ-той 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 15 тоот хуримтлалын гэрээ хийж, 2015 оны 04 дүгээр сараас хойш гарын үсэг зурж гэрээ хийсэн. Хуримтлалын төлбөрийг хуулийн дагуу төлнө гэсэн боловч 2016 оны 11 дүгээр сараас хойш СӨХ-ны 8 150 төгрөгийг төлөхгүй байна. Би хуримтлалын 130 000 төгрөгөөс хугацаа хэтрүүлcэн ч алданги тооцдоггүй. Бүх талбайгаас 226 900 төгрөг авах ёстойгоос, 90 000 төгрөг хасаад 138 000 төгрөгөөр гэрээ хийсэн. Гэрээгээ түүнээс хойш сунгахгүй байсан учраас 3 удаа мэдэгдэл өгсөн. Нэг байгууллагыг удирдаж байгаа даргатай хийсэн гэрээгээ зөрчиж мөнгөө дутуу өгч болохгүй. 2015 оны 04 дүгээр сараас 12 дугаар cap хүртэл СӨХ-ны мөнгө 73 350 төгрөг, 2016 оны 01 дүгээр сараас 12 дугаар cap хүртэл СӨХ-ны хуримтлалын төлбөр 357 800 төгрөг, 2017 оны 01 дүгээр сараас 7 cap хүртэл 1 028 100 төгрөг, нотариатын төлбөр 5 500 төгрөг, нийт 1 462 250 төгрөг нэхэмжилж байсан. Д.О тус СӨХ-нд харьяалагдах 14 дүгээр байрны 76 тоот орон сууцанд үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг. Уг орон сууц гадагшаа өргөтгөлтэй. Хэрэв бүх талбайгаас нь төлбөр тооцох юм бол 130 000 төгрөгөөс их хэмжээний төлбөр авах ёстой. Би багасгаад 130 000  төгрөгөөр тооцсон. Иймд СӨХ-ны төлбөрт 2016 оны 12, 2017 оны 01 дүгээр сараас 4 сарын төлбөр нийт 650 000 төгрөг, банкны шилжүүлгийн баримт 600 төгрөг, нотариатын зардал 3 000 төгрөг нийт 877 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай орцонд жижүүр байдаггүй, жижүүрийн өрөө цоожтой байдаг. Манай домафон хаалга, орц, шат зэргийг хэрэглэдэггүй, дэлгүүр тусдаа орох хаалгатай. Би орц руу орж, гардаггүй, дэлгүүрийн орц руу харсан хаалгыг онгойлгож нээдэггүй. СӨХ-ны цэвэрлэгээ, жижүүрийн үйлчилгээ авдаггүй. 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 10 дугаар сар хүртэл СӨХ-ны хуримтлалд 130 000 төгрөг төлж байсан. Нэхэмжлэгч тал энэ төлбөрийг надаас бэлэн мөнгөөр авч байсан баримтаа эх хувиар нь авчирсан. 2016 онд хуримтлалын гэрээний хугацаа дууссан. 2016 оны 10 дугаар сараас хойш би гэрээгүй, баримтгүй 1 300 000 төгрөг төлсөн. Хэрвээ надаас мөнгө нэхвэл тэр төлбөрийг хасуулна. Би Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаа гудамж, 36 дугаар байрны 48 тоотод оршин сууж, амьдардаг. Харин 14 дүгээр байрны 76 тоотод дэлгүүр ажиллуулж, бүх төлбөрөө аж ахуйн нэгжээр төлдөг. Энэ орон сууцанд өргөтгөл хийгдсэнээр нь худалдаж авч байсан.

Өргөтгөлд тусдаа гэрчилгээ гардаггүй, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөлтэй. Би “Шинэ өргөө” компанитай хогоо ачуулж байхаар гэрээ байгуулсан. Тог, цахилгаан, дулааны төлбөрийг би үйлдвэр үйлчилгээ явуулж, аж ахуйн нэгжээр төлбөр төлж байгаа учраас СӨХ-нд төлбөр төлөх шаардлагагүй гэж үзэж байна. 2017 оны 07 дугаар сарын дуустал СӨХ-ны нягтлан н.Н-тай тооцоо нийлсэн, намайг СӨХ-нд өр төлбөргүй болохыг огтоосон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.О-гээс 877 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Г” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39 644 төгрөгөөс 38 298 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1 346 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: 2017 оны 08 дугаар сард Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч, баримтуудыг бүрэн гүйцэд магадлахгүйгээр шүүгч Ш.О 207 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/02875 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгосныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2602 дугаар магадлалаар хэргийг шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан юм. Гэтэл шүүгч Б.А 2 удаа хэргийг СӨХ-д буцаахдаа нэхэмжлэлд шаардлагагүй 15, 16, 17 оны  бүх гишүүдийн 50 хуудастай баримт нэхэж холбоог хүндрүүлж хэрэгцээгүй зардал гаргуулахын оронд СӨХ-ын баталгаажсан газрын зураг Нийслэлийн газрын албатай хийсэн гэрээг нэхэж нэхэмжлэлд хавсаргах байсаныг, тойруүлж хэрэгцээгүй 3 жилийн баримт нэхсэнд гомдолтой байна.

Д.О-гийн худалдаж авсан 2 давхар өргөтгөл нь СӨХ-ны баталгаажсан СӨХ-ны эрх мэдлийн талбай дээр баригдсаныг зориуд үл мэдсэн дүр үзүүлж, хэний өмч дээр 2 давхар өргөтгөл болон хэний хариуцсан подвалын магистрал шугамаар халаалтаа авч, хэрэгцээны халуун усаар хангагдаж байгааг мэдэхгүй, хэрэв дээвэр буюу дээд өрхөөс 76 тоот руу гал, усны аюул болоход эхлээд СӨХ-д мэдэгдэж, хувийн өмчөө хамгаалах зүй ёсны шаардлага гарахыг зориуд санаатай тооцож үзсэнгүй. Д.О өөр байранд оршин суугчын бүртгэлтэй ч гэсэн СӨХ-ны баталгаажсан талбай дээр байгаа СӨХ-ны дээврээс аваад хамаарагдах 3 өрөө байр, баталгаат газар баригдсан 2 давхар өргөтгөлийг хувийн өмч болгон худалдан авч, 2013 оноос тасралтгүй ажил-үйлчилгээ хийж өөртөө орлого оруулж байгааг Д.О өөрөө зөвшөөрч байхад ажил үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаа зохих журмаар нь  хөөцөлдөж сунгуулахгүй, дураараа ажил-үйлчилгээ явуулж байгааг илрүүлж, хэлэлцэж чадсангүй. СӨХ-ны хариуцсан баталгаат эзэмшил газарт ажил-үйлчилгээ явуулж байгаа хувийн асуудлыг СӨХ-д хамааралгүй гэж үзэж байгаад гомдолтой байна. ....14-76 тоот онц ноцтой зөрчилтөй байгаа, даацын 9 метр урт ханыг хэн ч нураагаад хожим оршин суугчдын хана нурж аваар, осол гарвал тус СӨХ хариуцахгүй гэдгийг шүүхийн өмнө албан ёсоор мэдэгдье.

Мөн подвалын халаалт, хэрэгцээний халуун, хүйтэн усны магистрал шугамын бүрэн бүтэн байдлыг СӨХ хуулиар хариуцаж, Дундын өмчлөлийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4, 16.4.1, 16.4.2-д заасныг үндэслэн айл руу орсон шугамуудыг засварлах, шинэчлэх шаардлагатай бол СӨХ өрхүүдийн ИШС-ний бүрэн бүтэн байдлыг хангаж, подвалаас +0,00 тэмдэгтээс дээшээ айл руу орсон бүх шугамнуудын зардлыг 9 давхарын бүх айлд хувааж төлүүлдэг. Харин Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т зааснаар СӨХ-д хамаарах заалт байхад шүүгч болон 14-76 тоот СӨХ-д хамааралгүй гэж үзвэл халаалт, хэрэгцээний халуун, хүйтэн усныхаа шугамыг подвалд тусд нь салгаж, холболт хийлгэж СӨХ-д огт хамааралгүй болгохдоо эхлээд СӨХ-ноос албан ёсоор зөвшөөрөл авч мэргэжлийн байгууллагаар салгах хэрэгтэй болно. Д.О хог хаягдал гардаггүй гэж гүтгээд байснаа СӨХ-ны хогийн бункерт хаягдлаа хийлгэхгүй болохоор, хүчээр бункерийн дэргэд тавьдаг. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдын хурлын 63 дугаар тогтоолоор, нэгж бүр 50 м.кв гадна талбайг тогтмол цэвэрлэх үүргийг Д.О тоодоггүй, үргэлж өвлийн хүйтэнд цас, мөсөө цохиулж, гадна талбайн хогоо цэвэрлүүлдэг үүнээс хогийн бункер болон орц цэвэрлэхгүй байгаад, элдэв үнэр гарвал Д.О-гийн өрөөнд үнэртэхгүй гэсэн хуульгүй. СӨХ нь Иргэний  хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар төлбөр цэвэрлэгээний 8 000 төгрөгийг авна. Нэхэмжлэл үндэслэлтэй, баримттай байхад хэрэгсэхгүй болгоод удаа дараа чирэгдүүлж байгаад гомдолтой байна. Иймд СӨХ-оог хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Г” СӨХ нь Д.О-т холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал, бусад зардалд 877 200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч дэлгүүр тусдаа хаалгатай, хаалга, орц, шат хэрэглэдэггүй, цэвэрлэгээ, үйлчилгээ авдаггүй, хуримтлалд сард 130 000 төгрөг төлж байсан, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа учир СӨХ-ны төлбөр төлөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.О-гээс “Элбэг-Оюу” ХХК-тай  2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан хуримтлалын гэрээний дагуу 130 000 төгрөгөөр тооцон төлбөр гаргуулахаар шаардлагын үндэслэлээ тодорхойсон байна.

 Хариуцагч Д.О нь Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 14 дүгээр байрны 76 тоотод байршилтай 40 м.кв, 3 өрөө, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд “Элбэг-Оюу” ХХК-ийн нэр дээрх хүнсний дэлгүүрийг эрхлэн ажиллуулдаг болох нь “Элбэг-Оюу” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 000238416 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.     

Сууц өмчлөгчдийн холбоо, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгжийн хооронд үүссэн дундын өмчлөлийн засвар үйлчилгээтэй холбоотой асуудлыг гэрээгээр тохиролцсоны дагуу шийдвэрлэх боломжтой.

Хэрэгт авагдсан хуримтлалын гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан хэдий ч нийтийн зориулалттай орон сууц дундын өмчийн эд хөрөнгө болох 14 дүгээр байрны 1 дүгээр орцны подволд “сүлжмэлийн нэгж” ажилуулах зорилгоор гэж бичигдсэн учир энэ гэрээгээр тооцож зардал гаргуулах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч талын тайлбарт дурдснаар хариуцагч нь 3 өрөөгөө өргөтгөж, 2 давхарыг дэлгүүрийн зориулалтаар, 1 давхартаа үсчин ажилуулдаг гэдэг боловч үл хөдлөх хөрөнгөөс өргөтгөл барьсан, өргөтгөл нь хэдэн м.кв талбайтай, хэдэн давхар болох талаар баримт хэрэгт авагдаагүй. “Г” СӨХ-оос гаргасан уг сууцны талбайн хэмжээний талаарх баримтыг юуг үндэслэн, хэрхэн тооцож гаргасан нь тогтоодоогүй тул эргэлзээгүй нотлох баримт гэж үнэлэх боломжгүй юм.

     Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/00915 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 520 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ

                                                       ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                                  Д.БАЙГАЛМАА