Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 915

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 4 дүгээр хороо, 13 дугаар байр 3 дугаар орц “Галын Дөл” 13, 14 СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаа гудамж, 36 дугаар байрны 48 тоотод оршин суух, Боржигон ургийн овогтой Дуламсүрэнгийн Оюунчимэг /РД:ХИ63011407/-д холбогдох,

            Орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал, бусад нийт 1,462,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Сосор, хариуцагч Д.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Галын Дөл” 13, 14 сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Оюунчимэг нь манай СӨХ-той 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 15 дугаартай хуримтлалын гэрээ хийж, 2015 оны 4 дүгээр сараас хойшоо төлнө гэж гарын үсэг зурж гэрээ хийсэн. Хуримтлалын төлбөрийг хуулийн дагуу төлнө гэсэн боловч 2016 оны 11 сараас хойш төлөөгүй байна. Нягтлан бодогчийн бодолтоос харахад СӨХ-ны 8,150 төгрөгийг төлөхгүй байна. Би хуримтлалын 130,000 төгрөгөөс алданги авдаггүй, хугацаа хэтрүүлэн өгсөн ч алданги тооцдоггүй. Бүх талбайгаас нь 226,900 төгрөг авах ёстойгоос, 90 000 төгрөг хасаад 138,000 төгрөгөөр гэрээ хийсэн. Гэрээгээ түүнээс хойш сунгахгүй байсан учраас 3 удаа мэдэгдэл өгсөн. Нэг байгууллагыг удирдаж байгаа даргатай хийсэн гэрээгээ зөрчиж мөнгөө дутуу өгч болохгүй. 2015 оны 4 дүгээр сараас 12 дугаар cap хүртэл СӨХ-ны мөнгө 73,350 төгрөг, 2016 оны 01 дүгээр сараас 12 дугаар cap хүртэл СӨХ-ны хуримтлалын төлбөр 357,800 төгрөг, 2017 оны 01 дүгээр сараас 7 cap хүртэл 1,028,100 төгрөг, нотариатын төлбөр 5,500 төгрөг, нийт 1,462,250 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

  

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Сосор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Оюунчимэгтэй СӨХ-ны төлбөрийн талаар хуримтлалын гэрээг 2015 онд байгуулсан. Үүнээс хойш Д.Оюунчимэг гэрээ шинэчлэн байгуулаагүй. Мөн төлбөрөө төлөхөө больсон. Хариуцагчийг СӨХ-ны төлбөрөө төлөхийг 3 удаа албан бичгээр шаардсан боловч төлөөгүй. СӨХ-ны цэвэрлэгээний төлбөр 8,000 төгрөг, банкны шилжүүлгийн баримт 150 төгрөг байдаг. 2015 оны 04 дүгээр сараас 2015 оны 12 сар хүртэл СӨХ-ны цэвэрлэгээний төлбөр 72,000 төгрөг, банкны шилжүүлгийн баримт 1,200 төгрөг нийт 73,200 төгрөг, 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 12 сар хүртэл 96,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сараас 4 сар хүртэл 32,000 төгрөг, банкны шилжүүлгийн баримт 600 төгрөг. Орцын хаалга домафон болгосны төлбөр 20,000 төгрөг, банкны шилжүүлгийн баримт 1,800 төгрөг. Хариуцагч нь орон сууцандаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа тул Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс тогтоосон жишиг тарифын дагуу м.кв тутамд илүү хэмжээгээр төлбөр төлөх ёстой. Д.Оюунчимэг нь тус СӨХ-нд харьяалагдах 14 дүгээр байрны 76 тоот орон сууцандаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг. Уг орон сууц нь гадагшаа өргөтгөлтэй. Хэрэв бүх талбайгаас нь төлбөр тооцох юм бол 130,000 төгрөгөөс их хэмжээний төлбөр авах ёстой. Би багасгаад 130,000  төгрөгөөр тооцсон. Иймд СӨХ-ны төлбөрт 2016 оны 12, 2017 оны 01 дүгээр сараас 04 сарын төлбөр нийт 650,000 төгрөг, банкны шилжүүлгийн баримт 600 төгрөг, нотариатын зардал 3,000 төгрөг нийт 877,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Оунючимэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай орцонд жижүүр байдаггүй, жижүүрийн өрөө дандаа цоожтой байдаг. Манайх домафон хаалга, орц, шат зэргийг хэрэглэдэггүй. Яагаад гэвэл дэлгүүр тусдаа орох хаалгатай. Би орц руу орж, гардаггүй, дэлгүүрийн орц руу харсан хаалгыг онгойлгож нээдэггүй. СӨХ-ны цэвэрлэгээ, жижүүрийн үйлчилгээ авдаггүй. 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 10 сар хүртэл СӨХ-ны хуримтлалд 130,000 төгрөг төлж байсан. Нэхэмжлэгч тал энэ төлбөрийг надаас бэлэн мөнгөөр авч байсан. Би энэ талаарх баримтаар эх хувиар нь авчирсан. 2016 онд хуримтлалын гэрээний хугацаа дууссан. 2016 оны 10 дугаар сараас хойш би гэрээгүй, баримтгүй 1,300,000 төгрөг төлсөн. Хэрвээ надаас мөнгө нэхэж байгаа бол би тэр төлбөрийг хасуулмаар байна. Би Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаа гудамж, 36 дугаар байрны 48 тоотод оршин сууж, амьдардаг. Харин 14 дүгээр байрны 76 тоотод дэлгүүр ажиллуулж, бүх төлбөрөө аж ахуйн нэгжээр төлдөг. Энэ орон сууцанд өргөтгөл хийгдсэн чигээр нь худалдаж авч байсан. Өргөтгөлд нь тусдаа гэрчилгээ гэж гардаггүй. Үйлдвэрлэл үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөлтэй. Би “Шинэ өргөө” гэх компанитай хогоо ачуулж байхаар гэрээ байгуулсан. Ийм учраас СӨХ-нд хогны төлбөр төлөх шаардлагагүй гэж үзэж байна. Миний 2 компанитай байгуулсан гэрээ баримт хавтаст хэрэгт авагдсан. Тог, цахилгаан, дулааны төлбөрийг надаас аж ахуй нэгжээр авдаг. Нэгэнт би үйлдвэр үйлчилгээ явуулж, аж ахуйн нэгжээр төлбөр төлж байгаа учраас СӨХ-нд төлбөр төлөх шаардлагагүй гэж үзэж байна. 2017 оны 07 дугаар сарын дуустал СӨХ-ны нягтлан н.Нямчулуунтай тооцоо нийлсэн, намайг СӨХ-нд ямар ч өр төлбөргүй болохыг тогтоосон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Галын Дөл” 13, 14 сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Д.Оуючинмэгт холбогдуулан 1,424,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 877,200 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгч “Галын Дөл” 13, 14 сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Д.Оуючинмэгт холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засварын зардал, нотариатчийн төлбөр нийт 877,200 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “....хариуцагчийг нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгч тул орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засварын зардал буюу цэвэрлэгээний төлбөрт сар бүр 8,000 төгрөг, орон сууцандаа үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг тул бусад сууц өмчлөгчдөөс илүү хэмжээгээр буюу сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөлөөс тогтоосон жишиг үнээр тооцон илүү төлбөр төлөх үүрэгтэй тул сар бүрт 130,000 төгрөг төлнө” гэж тайлбарлажээ.

 

Сууц өмчлөгчдийн холбоо нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д зааснаар нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор байгуулагддаг. Харин орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхыг хуульд заажээ.

 

Хариуцагч Д.Оюунчимэг нь Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаа гудамж, 36 дугаар байрны 48 тоотод оршин суудаг, харин Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 14 дүгээр байрны 76 тоот үйлчилгээний зориулалттай гурван өрөөнд “Элбэг-Оюу” ХХК үйлчилгээний зориулалтаар ашиглаж, үйл ажиллагаа явуулдаг болох нь хариуцагчийн иргэний үнэмлэхийн, Ү-2205000193 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч Д.Оюунчимэг нь нийтийн зориулалттай орон сууцны өмчлөгч бус харин анхнаасаа Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 14 дүгээр байрны 76 тоот үйлчилгээний зориулалттай гурван өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байсан, “Элбэг-Оюу” ХХК тухайн зориулалтаар нь эд хөрөнгийг эзэмшиж ашиглаж байгаа нь тогтоогдсон тул хариуцагчийг орон сууцны зориулалттай эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь орон сууцны өмчлөгч биш бөгөөд нийтийн зориулалттай орон сууцны нэг хэсэгт үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч учир сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байх үүрэг хуулиар үүсэхгүй, нэхэмжлэгчийн хувьд хариуцагчаас дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засварын зардлыг сууц өмчлөгч гэж үзэж шаардах эрхгүй байна.

 

“Элбэг-Оюу” ХХК, “Галын дөл” 13 14 сууц өмчлөгчдийн холбооны хооронд 2015 оны 01 сарын 01-ний  өдөр байгуулсан гэрээ байх боловч уг гэрээний хугацаа дууссан, дахин сунгаагүй байхаас гадна сууц өмчлөгчдийн холбоо нь иргэн, хуулийн тэгээдийн үйл ажилагаатай холбогдуулан Д.Оюунчимэгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь сууц өмчлөгч нарын дундын өмчлөлийн эд зүйл болох орон сууцны орц, орчны талбай зэрэг зарим эд хөрөнгөнд ашиглах, нөлөөлөх бол гэрээ байгуулах замаар уг асуудлыг шийдвэрлэх боломжтой юм.

 

            Иймд хариуцагч Д.Оюунчимэгээс 877,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Галын дөл” 13, 14 сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Оюунчимэгээс 877,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Галын дөл” 13, 14 сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Галын дөл” 13, 14 сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,644 төгрөгөөс 38,298 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,346 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АЗБАЯР