Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 94

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Л.Баатар, И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Б.Энэрэл,

иргэдийн төлөөлөгч Г.Нарантуяа,

хохирогч Ц.Ганбат,

шүүгдэгч Б.Мөнгөнтойг, түүний өмгөөлөгч Б.Чинбат (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0053),

гэрч Г.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Бүүвэйбаатарын Мөнгөнтойгийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2601 0046 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Бүүвэйбаатарын Мөнгөнтойг, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Техник технологийн коллежийг Автомашины засвар ашиглалт мэргэжлээр төгссөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Төв түүхий эдийн 32 дугаар байрны 28 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УК89122791.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч Б.Мөнгөнтойг нь 2016 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Рич бааранд архи ууж согтуурсан үедээ шалтаг шалтгаангүйгээр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хүч хэрэглэн тус бааранд хамгаалагчаар ажиллаж байсан Ц.Ганбатын нүүрэн тус газарт пивоны аягыг шидэж зэвсгийн чанартай хэрэглэн, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Б.Мөнгөнтойг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны  12 дугаар сарын 20-ны өдөр Батболд, Оюунбаатар, Ганбат бид 4 хамт биллъярд тоглосон...бид 4 биллъярд тоглохдоо байнга бооцоотой тоглодог юм. 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бид нар 2 цаг орчим биллъярд тоглож хожигдсон нь цагийн мөнгөө өгөхөөр тохиролцсон. Тухайн үед хохирогч Ганбат нь хамгийн их хожигдсон учраас цагийн мөнгө өгөхөөр болсон. Гэтэл Ганбат нь цагийн мөнгөө өгөхгүй яваад өгсөн. Тэгээд би биллъярдны цагийн мөнгө болох 10.000 төгрөгийг...мөн Ганбат нь Оюунбаатарт 5000 төгрөгийн өртөө байсан...би бас Оюунбаатарт төлсөн. Тэгээд хохирогч Ганбатаас би 15.000 төгрөг авахаар болсон. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд Нийслэл пабад Хулан гэдэг бүсгүйтэй хамт сууж байгаад 100 грамм архи авч уусан. Гэтэл Хулан бид хоёр мөнгөгүй болсон...Рич бааранд очиж хүнээс мөнгө авах ёстой гээд Хуланг дагуулаад Рич бааранд ирж Хулан нэг пиво, би 100 грамм архи авсан. Тэгээд Хулангийн найз болох Нарантуяа гэдэг эмэгтэй нь ирсэн...бид гурав юм ярьж сууж байгаад би дахин нэг 100 грамм архи авч уусан. Тэгээд Хулан, Нарантуяа хоёр яваад өгөхөөр нь Рич баарны хамгаалагч Ганбат дээр очоод мөнгөө авъя гэж хэлсэн чинь Ганбат нь намайг үл тоосон маягтай цааш эргээд яваад өгсөн. Тэгэхээр нь би хойноос нь очоод Ганбатын шанаан тус газар нь гараараа цохих маягтай зөөлхөн түлхсэн. Гэтэл хохирогч Ганбат нь текны хойно ороод суусан. Тэгээд би Ганбаттай ярилцах гэсэн чинь гарч ирэхгүй байсан...хохирогч Ганбатыг айлгах маягтай пивоны стакан шидэх гэж байхад Батболд, Отгон хоёр намайг болиулсан. ...дахин айлгах зорилгоор текэн дээр байсан соруултай стаканыг гарынхаа ар талаар алгадсан чинь хохирогч Ганбатын нүүрэн тус газарт оносон байсан. Тэгээд Батболд намайг салгаад гэр рүү явуулсан байсан...гэртээ хариад унтаж байхад Батболд манай эхнэр рүү залгаж болсон зүйлийг хэлсэн байсан гэв.

Хохирогч Ц.Ганбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнийн 01-02 цагийн хооронд шүүгдэгч Мөнгөнтойгийн ярьсан шиг намайг ОО-ийн хажууд зогсож байхад ирж мөнгө нэхсэн зүйл байхгүй. Харин ОО-н хажууд ажлаа хийгээд зогсож байхад шууд ирээд миний шанаан тус газар цохисон. Тэр үед нь би уурлаад яагаад намайг цохиж байгаа юм гээд текны хойно орж зогссон. ...текэн дээр байсан пивоны стаканыг аваад намайг цохих гэж байхад Батболд, Отгон хоёр болиулсан. Шүүгдэгч Мөнгөнтойг нь гарынхаа ар талаар цохих үед миний нүүрийг оносон гэж ярьж байна. Хүн гарынхаа ар талаар цохих үед хүний нүүрэн тус газар онож, ийм хэмжээний гэмтэл учруулахгүй. Мөнгөнтойгийг санаатайгаар хүчтэй шидсэн гэж үзэж байна. Гомдол санал байхгүй. Харин хагалгааны зардал болох 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Гэрч Г.Батболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөнгөнтойг манай бааранд орж ирэхдээ согтолт нь гайгүй...нэг эмэгтэйгийн хамт орж ирсэн. ...0.5 граммын нэг шил архи авч уусан. ...Хамт байсан хоёр эмэгтэй нь их удаагүй гараад явсан. ...Мөнгөнтойг нь Ганбатын өвчтэй шанаа руу цохисон гэж байсан. ...2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ганбат, Мөнгөнтойг, Оюунбаатар бид нар Ану биллъярдны газарт хожигдсон нь цагийн мөнгө төлөхөөр тоглосон. Тэгээд Ганбат цагийн мөнгөө өгөхгүй явсан болохоор Мөнгөнтойг цагийн мөнгийг нь төлсөн. ...Ганбат, Мөнгөнтойг, Оюунбаатар бид 4 хамт байсан. ...Тухайн үед бид нарт мөнгө байхгүй байсан болохоор Мөнгөнтойг биллъярдны цагийн мөнгийг төлсөн. ..Текин дээр байсан соруул хийсэн байсан пивоны пакалыг аваад цохих гэж байхад нь эхлээд болиулсан. ...Мөнгөнтойг, Ганбат хоёрыг хоёуланг нь таньдаг учраас ОО-ийн өрөөнд ороод учраа олог гээд зогсож байсан чинь Мөнгөнтойг гарынхаа ар талаар пивоны пакалыг цохих үед Ганбатын нүүрийг оносон. ...Тухайн үед ажилтай байсан болохоор Мөнгөнтойг, Ганбат хоёрыг маргасан эсэхийг мэдэхгүй байна. ...Намайг ажлаа хийгээд явж байхад Мөнгөнтойг, Ганбат хоёр хоорондоо маргалдаж байсан. ...Тухайн үед би тоглож байна гэж бодсон. ...Мөнгөнтойг эхлээд Ганбатыг цохих гэж байхад нь болиулсан. Тэгээд ОО-ийн өрөөнд ороод хоорондоо эвлэр гээд явуулсан чинь Мөнгөнтойг пивоны пакал авч шидсэн. Гараараа аваад хүчтэй биш зөөлхөн шидсэн. ...Би биллъярдны мөнгөнөөс болж маргаан гарсан гэж бодсон. ...Хамгийн их хожигдсон нь цагийн мөнгө төлөхөөр болсон. Тухайн үед их хожигдсон нь Ганбат байсан...мөнгөө төлөөгүй явсан. Тухайн үед бусад хүмүүс нь мөнгөгүй байсан учраас Мөнгөнтойг төлсөн гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Ц.Ганбатын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Рич бааранд хамгаалагчаар ажиллаж байхад, миний танидаг Мөнгөнтойг ах орж ирсэн. Анх орж ирэхдээ надтай мэнд мэдээд...орж ирсэн. Тэгээд 30-40 минутын дараа 00-ын өрөөнд хүмүүс маргалдах гээд байхаар нь тэдний байдлыг хараад зогсож байхад Мөнгөнтойг гэнэт миний баруун талын шанаан тус газарт 1 удаа гараараа цохихоор нь би та яаж байгаа юм бэ, би таныг яасан юм гээд уурлаад согтуу хүнтэй маргалдаад төвөг гэж бодоод баарны тек руу ороод суусан. Би өмнө нь бааранд агсам тавьсан хүнийг зохицуулах гэж байгаад шанаандаа цохиулчихсан байсан болохоор нэлээд өвдөөд шанаагаа дараад сууж байхад Мөнгөнтойг нар руу ирээд пивоны шилэн аяга аваад шидэх гэхэд зөөгч Батболд, бармен Отгоо нар болиулаад зүгээр ажлаа хийж байгаа хүнийг цохиж нүдээд яаж байгаа юм гэхэд тэдний өөдөөс инээгээд зогсож байснаа гэнэт над руу пивоны шилэн аяга аваад шидчихсэн. Миний хамарны тус газар тас хийгээд шил хагараад унахад би хамраа дараад доошоо тонгойсон. Мөнгөнтойг миний өмнө 50 см орчим ойрхон зайд зогсож байсан болохоор би хамгаалж амжаагүй. ...Мөнгөнтойг бид хоёрын дунд ямар нэг өс хонзонгийн зүйл байхгүй, намайг цохихоор нь гарыг нь холдуулаад уурллаа гэж л пивоны рункээр цохьсон байх. ...гэмтлийн эмнэлэг орж хамар, баруун, зүүн хөмсөгний орчим хэд хэдэн оёдол тавиулсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

2. Гэрч Г.Батболдын (баарны зөөгч) мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Рич бааранд зөөгчөөр ажиллаж байхад...Ганбат хамгаалагчаар ажиллаж байсан. Тэр шөнө...Мөнгөнтойг гаднаас орж ирж суугаад бааранд танихгүй 2 хүүхэнтэй юм яриад сууж байхад хэсэг хугацааны дараа нөгөө 2 хүүхэн гараад явчихсан. Тэгээд Мөнгөнтойг Ганбаттай маргалдаад эхлэхээр нь би салгасан. Тэр үед би Ганбатаас яагаад маргалдсан бэ гэхэд өвчтэй шанаа руу цохичихлоо гээд Ганбат текний араар ороод, Мөнгөнтойг текний урд зогсоод Ганбатыг дуудаад байсан. Ганбат гарч ирэхгүй болохоор текэн дээр байсан пивоны шилэн аяга авахаар нь би болиулаад, гарт байсан пивоны шилэн аягыг зохион байгуулагч Отгоо аваад Мөнгөнтойгийг та болиоч гэхэд за ах нь чиний үгэнд орно гээд больсон. Отгоо Мөнгөнтойгт та дүү нартайгаа яагаад хэрүүл өдөөд байгаа юм гээд тайвшруулаад...зогсож байсан. Тэгэхэд Мөнгөнтойг дүү нар тэгэх болоогүй шүү энэ тэр гэж байснаа гэнэт пивоны шилэн аяга дахиад аваад Ганбат руу шидэхэд түүний нүүрний хэсэгт тусаад аяга нь хагараад газарт унасан. Тэгээд би Мөнгөнтойгтой маргалдаад яаж байгаа юм бэ энэ тэр гэхэд юу ч дуугарахгүй зогсож байсан. ...баарнаас гарч явахдаа нилээд согтуу гуйвж явж харагдсан. ...Тухайн үед Ганбатын хамарнаас цус гараад тэрээр...угаалтуурт цусаа угаагаад зогсож байсан. Тэгээд би шилний хагархайг цэвэрлээд, хүмүүст үйлчилж байхад Очироо Ганбатыг аваад гэмтлийн эмнэлэг яваад, эмнэлэг дээрээс над руу залгаад Ганбатын хамар шилэнд зүсэгдээд аймар болчихжээ гээд сандарсан ярьж байсан. ...тэр хоёрын дунд зодолдох ямар нэгэн шалтгаан байхгүй...тухайн үед яагаад муудалцах болсон юм бүү мэд. Мөнгөнтойг надад ярихдаа тоглож байгаад Ганбатын өвчтэй газар нь цохичихсон чинь Ганбат уурласан талаар ярьсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),

3. Гэрч С.Отгоны (баарны зохион байгуулагч) мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө би Рич бааранд ажил дээрээ байхад Мөнгөнтойг манай бааранд ороод ирчихсэн хамгаалагч Ганбаттай муудалцаад текний урд зогсож байхаар нь би очиж болиулаад...ажил хийж байгаа хүүхдийг яах гээд байгаа юм бэ гэхэд за за гээд маргалдахаа больсон. Ганбат тэр үед текний дотор талд ороод суучихсан байхад Мөнгөнтойг Ганбатыг гараад ир... гэхээр нь би...Ганбатыг...текний араас гаргаагүй. Тэгээд Мөнгөнтойг цаашаа эргээд явахдаа текний урд байрлуулсан байсан пивоны шилэн аягыг аваад Ганбат руу шидсэн. Шидсэн пивоны шилэн аяга нь Ганбатын хамарны хэсэгт тусаад хагараад газар унасан. ...Ганбат руу шидсэн пивоны шилэн аяга нь үзмэрийн зориулалттай, нимгэн, Алтан говь гэсэн бичигтэй, шаргал өнгөтэй, 500 мг орчим багтаамжтай аяга байсан. Мөнгөнтойг тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),

4. Гэрч О.Эрдэнэ-Очирын (баарны хамгаалагч) мөрдөн байцаалтад өгсөн: ...Тэр өдөр 23 цаг нэлээн өнгөрөөгөөд баар руу ороход Мөнгөнтойг хөгжим байрлуулсан хэсгийн тэнд өсгөгчний хажууд танихгүй хүнтэй ярилцаад зогсож байгаа харагдсан. Тухайн үед бааранд үйлчлүүлж байсан хүмүүс маргалдаад, зодолдох гээд байхаар нь Ганбат тэдний байдлыг хараад наад талд нь зогсож байсан. Тэр үед Мөнгөнтойг Ганбат руу чиглэн алхаж очоод баруун шанаад нь гараа атгаж, тулгаж байгаад 1 удаа түлхэх маягтай үйлдэл хийж байсан. Би тоглож байна гэж бодож байсан. ...Тэгэхэд Ганбат шанаагаа дараад текний араар ороод зогссон. Ганбат 5-6 хоногийн өмнө бааранд зодолдсон хүмүүсийг зохицуулж байгаад шанаандаа цохиулсанаас болоод шанаа нь нилээн хөндүүртэй байна гэж надад хэлж байсан. ...Тэр хөндүүр дээр нь Мөнгөнтойг цохиод өвдсөнөөс болоод Ганбат уурласан юм шиг байсан. Тэгээд Мөнгөнтойг тэр үед Ганбатын араас нь ирээд муудалцах аястай болсон. Баарны хөгжмийн чимээнд тэр хоёрыг юу ярьж байгааг би сонсоогүй.Тэр хоёр нэлээд хэрэлдэх маягтай болоод Мөнгөнтойг баарны текний хөгжим дээр байрлуулсан байсан пивоны шилэн аягыг аваад шидэх гэхэд Батболд, Отгоо ах хоёр болиулж байсан. ...би бүжгийн талбай руу хараад зогсож байгаад эргээд Ганбат руу харахад Ганбат угаалтуур дээр тонгойгоод цаашаа хараад зогсож байгаа харагдахаар нь яваад очиход шалан дээр нилээн цус болчихсон...хамар дээр нь арьс нь нилээн гүнзгий шалбарсан цус гарч байсан...ба Мөнгөнтойг пивоны шилэн аяга шидчихлээ гэж байсан. ...тэр явлаас хойш Мөнгөнтойгтой хэд хэдэн удаа уулзахад ах нь танай найзыг цохино гэж цохиогүй шүү. Архи уусан үедээ л тийм зүйл хийчихлээ гэж надаас уучлалт гуйж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),

5. Гэрч М.Батцэцэгийн (Мөнгөнтойгийн эхнэр) мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 03 цагийн үед гэртээ байхад танихгүй дугаараас дуудлага орж ирэхээр нь утсаа авахад...Батболд надад...Мөнгөнтойг Ганбатыг зодчихлоо, бид нар эмнэлэг явах гэж байна. Мөнгөнтойг гэртээ очсон уу гэж асуусан. Тэгэхээр нь би яагаад зодчихдог юм бэ гэхэд ...Мөнгөнтойг эхлээд Ганбатыг тоглоод алгадаад авахад Ганбат уурлаад баарны текний ард ороод суухад...пивоны шилэн аяга аваад Ганбат руу шидээд тэр нь нүүрэнд нь тусчихлаа гэсэн. Тэр үед Мөнгөнтойг гэртээ ирээгүй байсан. ...4-5 цагийн үед Мөнгөнтойг согтуу гэртээ орж ирсэн...би архи нь гарсаны дараа Мөнгөнтойгоос асуухад би согтуудаа пивоны шилэн аяга аваад шидчихсэн юм байх даа гэж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),

6. Гэрч Г.Өлзий-Оршихын (Ц.Ганбатын эх) мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө манай хүү Ганбат Рич бааранд хамгаалагчаар ажиллаж байхад Мөнгөнтойг гэдэг хүн хүү Ганбатыг ямар нэгэн шалтгаангүйгээр пивоны пакалаар цохиод биед нь гэмтэл учруулсан байсан. Хүү Ганбатын хамрын яс хугарсан, хамрын таславч мурийсан, хамар болон зүүн нүдний зовхи, баруун талын шанааны хэсэгт оёдол тавиулсан. Манай хүүгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байгаа. ...Мөнгөнтойгт зодуулахаас  өмнө нэг орой ажлаасаа орж ирээд согтуу хүмүүс зохицуулж байгаад шанаандаа цохиулчихлаа...гэж хэлж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),

7. Гэрч Л.Түвшинбаярын (Баарны захирал) мөрдөн байцаалтад өгсөн: Болсон асуудлыг 12 дугаар сарын 24-ний өдөр ажилтануудаас сонсоход баарны үүдний текний дээд талд суурилуулсан пивоны стаканыг Мөнгөнтойг гэдэг хүн хамгаалагч Ганбат руу шидээд хамар, хөмсөгний хэсэгт шилний хагархайгаар зүсэгдсэн гэж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),

 

8. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 632 дугаартай шинжээчийн дүгнэлт:

...Хэсэг газрын үзлэгт: Баруун хөмсөгний гадна дээд хэсэгт мэс заслын 3 оёдол бүхий босоо, зүүн нүдний дээд зовхинд мэс заслын 2 оёдол бүхий, хамрын нурууны дээд, дунд хэсэгт мэс заслын 4 оёдол бүхий ташуудуу, хамрын зүүн угалзанд мэс заслын 3 оёдол бүхий хөндлөн шархуудтай, дээрх шарх орчимд улаан хүрэн зулгаралт, жижиг өнгөц шархтай, бага зэрэг хавдартай.

2016.12.26-ны Натур үүдэн эмнэлгийн КТГ-д: ...хамрын яс хугарсан, таславч мурийж, хамрын жим зүүн талдаа нарийссан...гэжээ. ДҮГНЭЛТ

1. Ц.Ганбатын биед баруун хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруу ба угалзны шархууд болон зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, тавлавчийн мурийлт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36 дахь тал),

9. Шинжээч эмч Б.Ундармаагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Ганбатын биед үүссэн гэмтлүүд нь мохоо, ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байсан. Ганбатын биед үүссэн гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, нүүрэн дэх шархууд нь хагархай шилний хэлтэрхийнүүдээр зүсэгдэн үүссэн байх боломжтой... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал),

 

9. Шүүгдэгч Б.Мөнгөнтойгийн мөрдөн байцаатад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө нэг эмэгтэйтэй танилцаад 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Рич бааранд хамт ороод сууж байгаад нөгөө эмэгтэй гараад явчихсан. Тэгээд би ганцаараа архи уугаад нэлээд согтчихсон байсан. Тэгээд юу болсоныг санахгүй байна. Тэр шөнө манай эхнэр Батцэцэг рүү...Рич бааранд зөөгч хийдэг Батболд...утсаар ярьж намайг хүн зодчихоод явчихлаа гэж хэлсэн байсан. ...2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Рич бааранд очиж хамгаалагч...Ганбат болон түүний найз Очироотой уулзахад тэр хоёр 2016 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө би Ганбатын хажуугаар зөрж өнгөрөхдөө 1 удаа шанаадахад Ганбат уурлаад цааш явж текэн дээр сууж байхад би араас нь очоод чи юундаа уурлаад байгаа юм гээд хамар тус газарт нь пивоны шилэн аягаар цохисон гэж надад хэлсэн. ...мөн Батболдоос асуухад намайг их согтсон байсан тэгээд юундаа уурлаад байгаа юм бэ гээд пивоны шилэн аяга аваад Ганбат руу шидчихсэн гэж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47, 50, 51 дахь тал),

 

-Хохирогчийн өргөдөл (хавтаст хэргийн 4), хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-12), эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 13-15), камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 16), эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 17), эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол (хавтаст хэргийн 18),

- Хохирогчийн Натур үүдэн эмнэлэгт хийлгэсэн шинжилгээний хариу (хавтаст хэргийн 61), хохирлын баримтууд (хавтаст хэргийн 62-64), Сандагжун ХХК-ийн тодорхойлолт, ажилсан цагийн хуваарь, хөдөлмөрийн гэрээ (хавтаст хэргийн 65-67), хохирлын мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 68),

-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар (хавтаст хэргийн 54-55), оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 57), урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 52), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 56, 59, 60) болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Мөнгөнтойг нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сандагжун ХХК-ийн Рич бааранд согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж тус бааранд хамгаалагчаар ажиллаж байсан Ц.Ганбатын нүүр рүү пивоны шилэн аягыг (шидэж) зэвсгийн чанартай хэрэглэн түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Б.Мөнгөнтойгийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Б.Мөнгөнтойг ...тухайн гэмт хэрэг гарахаас 2-3 хоногийн өмнө Ц.Ганбат болон найзуудаараа бооцоотой биллъярд тоглож, хожигдсон нь мөнгөө төлөхөөр ярилцсан боловч Ц.Ганбат нь тэр өдөр мөнгөө төлөлгүй явсан. Би биллъярдны тооцоог хийсэн. Тийм ч учраас мөнгөө авах гэж Ц.Ганбат дээр 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр очсон... гэж,

Гэрч Г.Батболд ...хэрэг гарахаас 2-3 хоногийн өмнө найзуудаараа бооцоотой биллъярд тоглосон. Ц.Ганбат хамгийн их хожигдсон боловч бид хоёрыг ажлаас дуудаад тооцоо хийгээгүй явсан... гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ...Хэрэг гарах үед Мөнгөнтойгтой хамт явсан Хулан гэх хүнийг болон 2-3 хоногийн өмнө биллъярд хамт тоглосон гэх нэр бүхий хүмүүсийг гэрчээр байцааж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэж тус тус мэтгэлцсэн боловч дээрх байдал нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч, хохирогчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байх тул хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасны дагуу хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Мөнгөнтойг нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 52)-аар тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.Мөнгөнтойгт хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн бусад байдлыг нь харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг нь хуульд заасны дагуу эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Ц.Ганбат нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нотлох баримтын шаардлага хангасан 700.600 төгрөгийн баримт хэрэгт авагдсан ба шүүгдэгч Б.Мөнгөнтойг нь хохирогч Ц.Ганбатад 700.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Ц.Ганбат нь шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирлыг хүлээж авсан гэх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Ц.Ганбат нь цаашид эмчилгээ хийлгэж, хагалгаанд орох шаардлагатай гэж 3.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх баримтаа гаргаж өгөөгүй тул шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэн хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 201726010046 дугаар хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.   

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Бүүвэйбаатарын Мөнгөнтойгийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Мөнгөнтойгийг 5 (тав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнгөнтойгт оногдуулсан 5 (тав) жил 6 (зургаа) сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Мөнгөнтойг нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирүүлсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар  хохирогч Ц.Ганбат нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Мөнгөнтойгт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мөнгөнтойгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                              

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ

 

 

                        ШҮҮГЧИД                                           Л.БААТАР

 

 

                                                                                    И.ГАНБАТ