Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 251

 

 

 

 

 

 

Б.Мөнгөнтойгт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энэрэл,

ялтан Б.Мөнгөнтойг /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Чинбат,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Л.Баатар, И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Мөнгөнтойг, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Мөнгөнтойгт холбогдох 2017 2601 0046 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Бүүвэйбаатарын Мөнгөнтойг, 1989 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомашин засвар, ашиглалтын механикч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Төв түүхий эдийн 32 дугаар байрны 28 тоотод оршин суудаг, /РД:УК89122791/;

Б.Мөнгөнтойг нь 2016 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” бааранд  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтаг шалтгаангүйгээр хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж тус бааранд хамгаалагчаар ажиллаж байсан Ц.Ганбатын нүүрэн тус газарт пивоны аяга шидэж цохин бие махбодид нь “баруун хөмсөг, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу ба угалзны шархууд болон зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт” бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, пивоны шилэн аягыг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Мөнгөнтойгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Бүүвэйбаатарын Мөнгөнтойгийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнгөнтойгийг 5 (тав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 5 (тав) жил 6 (зургаа) сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Мөнгөнтойг нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн СD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Ганбат нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, Б.Мөнгөнтойгт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Мөнгөнтойг гаргасан давж заалдах гомдол болон /цахимаар/ өгсөн тайлбартаа: 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ганбат, Батболд, Оюунбаатар бид 4 хамт билльярд тоглохдоо хамгийн их хожигдсон нь цагийн мөнгөө өгөхөөр тохиролцож Ану билльярд орж 2 цаг орчим тоглоод Ганбат нь хамгийн их хожигдсон учраас цагийн мөнгө болох 10000 төгрөг өгөлгүй гараад явсан. Тэгээд 2 цагийн мөнгө болох 10000 төгрөгийг, мөн Ганбат нь Оюунбаатарт 5000 төгрөгийн өртэй байсныг би төлж, Ганбатаас 15000 төгрөг авахаар болсон. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23 шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Нийслэл” пабад Хулан гэх бүсгүйтэй хамт сууж байгаад би 100 грамм архи, Хулан 1 шил пиво авч уугаад бид 2 мөнгөгүй болоод би Хуланд “хоёулаа Цамбагаравын “Рич” явья, тэнд ажилладаг хүнээс мөнгө авах ёстой” гээд Хуланг дагуулаад “Рич” баар явсан. Тэнд Хулан 1 шил пиво, би 100 грамм архи авч ууж байтал Хулангийн найз Нарантуяа гэх эмэгтэй ирээд бид 3 юм ярьж сууж байгаад би ахин 100 грамм авч уусан. Ингээд Хуланд “би нөгөө мөнгө авах ёстой хүн тэр зогсож байна, очоод мөнгө аваад ирье” гээд хамгаалагч болох Ганбат дээр очоод “ах нь мөнгөө авья мөнгөгүй болоод явж байна” гэхэд Ганбат намайг үл тоож цааш эргээд явсан. Тэгэхээр нь би хойноос нь очоод шанаа тус газар нь гараараа цохих маягтай зөөлөн түлхэж “чи дандаа яагаад мөрийтэй тоглож хожигдчоод мөнгөө өгдөггүй юм бэ” гэхэд хохирогч уурлаад текнийхээ ард орж суугаад гарч ирэхгүй байсан. Би хохирогчийг айлгах маягтай пивоны стакан шидэх гэж сүрдүүлэхэд Батболд, Отгон 2 намайг болиулаад би дахин “Ганбатыг гараад ирээ хоёулаа ярилцая” гэхэд гарч ирэхгүй, суугаад байсан. Тэгэхээр би айлгах маягтай гарынхаа ар талаар текэн дээр байсан соруултай стаканыг алгадсан чинь хохирогч ойрхон зайтай байсан болохоор нүүрэн тус газар нь оносон.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ганбат, гэрч Батболд нар “2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Ану” билльярданд тоглож байгаад ажлаас дуудаад байна гээд явсан. Тооцоог хэн хийснийг мэдэхгүй” гэж байсан. Мөн 2016 оны 12 дугаар сарын 22-оос 12 дугаар сарын 23-ны шилжих шөнө Хулангийн хамт “Рич” бааранд архи, пиво уусныг хохирогч Ганбат, гэрч Батболд нар гэрчилсэн. Би шүүх хуралдаанд Ану билльярданд хохирогч Ганбаттай тоглож байсан түүний төлөх ёстой төлбөр тооцоог би хийснийг Оюунбаатар болон “Ану” билльяардны бармен гэрчилнэ. Энэ хүмүүсийг гэрчээр байцаалгах хүсэлтийг гаргасан.

2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хамт явсан Хулан гэх эмэгтэйг гэрчээр байцааж өгөөч, Хулан намайг “Рич” бааранд танхайн сэдэлтээр биш, Ганбатаас мөнгөө авах зорилготой очсоныг гэрчилнэ. Хулан гэх хүний гэрийн хаяг утасны дугаар байгаа гэсэн хүсэлтийг гаргасан боловч шүүхээс дээрх хүмүүсийг гэрчээр байцаах шаардлагагүй гэж үзээд хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд дээрх хүмүүсийг гэрчээр байцаалгахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Ялтан Б.Мөнгөнтойгийн өмгөөлөгч Б.Чинбат  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч Б.Мөнгөнтойг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчээр мэдүүлэг өгөхдөө “Би 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ц.Ганбат, Б.Оюунбаатар, Г.Батболд нарын хамт “Ану” нэртэй газар биллъярд тоглох үед хохирогч Ц.Ганбат нь ширээний тооцоо 10.000 төгрөг, Б.Оюунбаатарт 5.000 төгрөг зэрэг нийт 15.000 төгрөгийн тооцоогоо хийхгүй яваад өгсөн тул тэр мөнгийг би төлсөн. Би 2016 оны 12 дугаар сарын 22-ны орой Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах бааранд Хулан гэх эмэгтэйн хамт сууж байгаад Ц.Ганбатаас мөнгөө авахаар “Рич” бааранд Хулан гэх эмэгтэйн хамт хоёул ирсэн. Ширээн дээр сууж байгаад Ц.Ганбатыг ажлаа хийж байхыг нь хараад би түүн дээр очиж дээрх мөнгөө нэхэж улмаар бид хоёр маргалдсан. Намайг “Рич” бааранд Ц.Ганбатаас мөнгөө авах зорилгоор ирсэнийг хамт явсан Хулан гэх эмэгтэй мэднэ. Мөн “Ану” биллъярдны газрын тооцоог би хийснийг хамт тоглож байсан Б.Оюунбаатар болон бармен нар мэднэ. Дээрх хүмүүсийг гэрчээр байцааж өгөөч" гэж мэдүүлсэн.

Шүүх хурлын хэлэлцүүлгийн явцад хохирогч Ц.Ганбат, гэрч Г.Батболд нар “2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Б.Оюунбаатар, Г.Батболд бид дөрөв “Ану” нэртэй газар биллъярд тоглосон нь үнэн. Тоглож байх үед бид хоёрыг ажлаас дуудаад бид хоёр төлбөр тооцоогоо хийгээгүй яваад өгсөн ба Б.Оюунбаатар, Б.Мөнгөнтойг хоёр үлдсэн. Тэр хоёрын хэн нь тооцоо хийснийг бид мэдэхгүй. Б.Мөнгөнтойг нь 2016 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө “Рич” бааранд нэг эмэгтэйн хамт ирж ширээн дээр сууж архи захиалж уусан” гэж мэдүүлсэн.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбат би шүүх хурлын шүүмжлэлийн шатанд “хохирогч Ц.Ганбат нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Ану” гэх биллъярдын газар Б.Оюунбаатар, Г.Батболд, Б.Мөнгөнтойг нарын хамт биллъярд тоглосон нь үнэн эсэх, Ц.Ганбат тооцоогоо хийхгүй явсан нь үнэн эсэх, түүний тооцоог Б.Мөнгөнтойг төлсөн нь үнэн эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай байна. Мөн 2016 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө “Рич” бааранд хамт ирсэн Хулан гэх эмэгтэйг гэрчээр байцааж Б.Мөнгөнтойг Ц.Ганбатаас мөнгөө авах зорилгоор ирсэн нь үнэн эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай байна.

Учир нь мөрдөн байцаалтад гэрч С.Отгон /хх-32/, гэрч Г.Батболд /хх-24/, гэрч О.Эрдэнэ-Очир нар мэдүүлэхдээ “Ц.Ганбат, Б.Мөнгөнтойг нар хоорондоо хэрэлдээд маргалдаад юм яриад байсан. Яг юу яриад байсан нь хөгжмийн дуунд сонсогдоогүй” гэж мэдүүлсэн байдаг. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан билээ.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн сэдэлт, шалтгаан нөхцөлийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзээд шийтгэх тогтоол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Өөрөөр хэлбэл Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг хангаагүй гэж үзэж байна.

Учир нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Ану” билльярдын газар болсон үйл явдлыг шалгах шаардлагатай байна. Мөн 2016 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө “Рич” бааранд Мөнгөнтойгтой хамт ирсэн Хуланг гэрчээр байцааж Мөнгөнтойг ямар зорилгоор “Рич” бааранд ирсэн, Ганбатаас мөнгөө авахаар ирсэн нь үнэн, эсэхийг зайлшгүй шалгах шаардлагатай.

Дээрх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн бүрдүүлэх боломжгүй тул хэргийг шалтгаан нөхцөлийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгаж тогтоож өгнө үү гэв.

Прокурор Б.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж гарсан тул ялтан Б.Мөнгөнтойг, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “ …шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна…” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Б.Мөнгөнтойг нь 2016 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 02 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” баар буюу үйлчилгээний газарт бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Ц.Ганбатын нүүрэн тус газарт пивоны аяга /шилэн стакан/ гэнэт шидэж цохин бие махбодид нь “баруун хөмсөг, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу ба угалзны шархууд болон зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт” бүхий хөнгөн гэмтэл учруулан пивоны аягыг зэвсгийн чанартай хэрэглэн догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Ганбат, ялтан Б.Мөнгөнтойг, мөрдөн байцаалтад гэрч Г.Батболд, С.Отгон, О.Эрдэнэ-Очир, М.Батцэцэг нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 632 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Б.Ундармааг байцаасан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий  дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, ялтан Б.Мөнгөнтойгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруу, учруулсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Ялтан Б.Мөнгөнтойгийн: “…2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хамт явсан Хулан гэх эмэгтэйг гэрчээр байцааж өгөөч, Хулан намайг “Рич” бааранд танхайн сэдэлтээр биш, Ганбатаас мөнгөө авах зорилготой очсоныг гэрчилнэ. Хулан гэх хүний гэрийн хаяг утасны дугаар байгаа гэсэн хүсэлтийг гаргасан боловч шүүхээс дээрх хүмүүсийг гэрчээр байцаах шаардлагагүй гэж үзээд хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд дээрх хүмүүсийг гэрчээр байцаалгахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...”,

Ялтны өмгөөлөгч Б.Чинбатын: “...2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Ану” билльярдын газар болсон үйл явдлыг шалгах шаардлагатай байна. Мөн 2016 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө “Рич” бааранд Мөнгөнтойгтой хамт ирсэн Хуланг гэрчээр байцааж, Мөнгөнтойг ямар зорилгоор “Рич” бааранд ирсэн, Ганбатаас мөнгөө авахаар ирсэн нь үнэн, эсэхийг зайлшгүй шалгах шаардагатай...” гэсэн гомдлуудын дагуу хэргийн нөхцөл байдлыг хянаж үзвэл:  

мөрдөн байцаалтад хохирогч Ц.Ганбатын: “...2016 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 01 цаг 30 минуутаас 2 цаг 30 минутын орчимд ... Мөнгөнтойг гэнэт миний баруун талын шанаа тус  газар 1 удаа гараараа шанаадаад цохиод авахаар нь би Мөнгөнтойгийг “та яаж байгаа юм бэ, би таныг яасан юм бэ” гээд уурлаад согтуу хүнтэй маргалдаад яах вэ гэж бодоод баарны тек рүү ороод суусан. ... Тэгээд Мөнгөнтойг над руу ирээд пивоны рунк аваад шидэх гэхэд нь зөөгч Батболд, бармен Отгоо гэдэг хоёр залуу болиулсан. Тэр хоёр Мөнгөнтойгт “зүгээр ажлаа хийж байгаа хүнийг цохиж нүдээд яагаад байгаа юм бэ”  гэхэд тэдний өөдөөс инээгээд уучлалт гуйгаад зогсож байснаа гэнэт над руу пивоны рунк аваад шидчихсэн. Миний хамар тус газар тас хийгээд шил хагараад унахад би хамраа дараад доошоо тонгойсон. Мөнгөнтойг миний өмнө 50 см орчим ойрхон зайд зогсож байсан болохоор би хамгаалж чадаагүй цохиулчихсан...” /хх-21/,

шүүхийн хэлэлцүүлэг хохирогч Ц.Ганбатын: “...2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнийн 01-02 цагийн хооронд шүүгдэгч Мөнгөнтойгийн ярьсан шиг намайг ОО-ийн хажууд зогсож байхад ирж мөнгө нэхсэн зүйл байхгүй. Харин ОО-н хажууд ажлаа хийгээд зогсож байхад шууд ирээд миний шанаан тус газар цохисон. Тэр үед нь би

уурлаад яагаад намайг цохиж байгаа юм гээд текны хойно орж зогссон. ... текэн дээр байсан пивоны стаканыг аваад намайг цохих гэж байхад Батболд, Отгон хоёр болиулсан. Шүүгдэгч Мөнгөнтойг нь гарынхаа ар талаар цохих үед миний нүүрийг оносон гэж ярьж байна. Хүн гарынхаа ар талаар цохих үед хүний нүүрэн тус газар онож, ийм хэмжээний гэмтэл учруулахгүй. Мөнгөнтойгийг санаатайгаар хүчтэй шидсэн гэж үзэж байна. Гомдол санал байхгүй. Харин хагалгааны зардал болох 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” /хх-100/,

мөрдөн байцаалтад ялтан Б.Мөнгөнтойгийн: “...2016 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө нэг эмэгтэйтэй танилцаад 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Рич” бааранд хамт ороод сууж байгаад нөгөө эмэгтэй гараад явчихсан. Тэгээд би ганцаараа архи уугаад нэлээд согтчихсон байсан. Тэгээд юу болсоныг санахгүй байна. Тэр шөнө манай эхнэр Батцэцэг рүү “Рич” бааранд зөөгч хийдэг Батболд ... утсаар ярьж намайг хүн зодчихоод явчихлаа гэж хэлсэн байсан. ...2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Рич” бааранд очиж хамгаалагч Ганбат болон түүний найз Очироотой уулзахад тэр хоёр 2016 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө би Ганбатын хажуугаар зөрж өнгөрөхдөө 1 удаа шанаадахад Ганбат уурлаад цааш явж текэн дээр сууж байхад би араас нь очоод чи юундаа уурлаад байгаа юм гээд хамар тус газарт нь пивоны шилэн аягаар цохисон гэж надад хэлсэн. Батболдоос асуухад намайг их согтсон байсан тэгээд юундаа уурлаад байгаа юм бэ гээд пивоны шилэн аяга аваад Ганбат руу шидчихсэн гэж байсан...” /хх-47/,

шүүхийн хэлэлцүүлэгт Б.Мөнгөнтойгийн: “...2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Батболд, Оюунбаатар, Ганбат бид 4 хамт биллъярд тоголсон. ... тоглохдоо байнга бооцоотой тоглодог. 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бид нар 2 цаг орчим биллъярд тоглож хожигдсон нь цагийн мөнгөө өгөхөөр тохиролцсон. Тухайн үед хохирогч Ганбат нь хамгийн их хожигдсон учраас цагийн мөнгө өгөхөөр болсон. Гэтэл Ганбат нь цагийн мөнгөө өгөхгүй яваад өгсөн. Тэгээд би билльярдны цагийн мөнгө болох 10.000 төгрөгийг, Ганбат нь Оюунбаатарт 5000 төгрөгийн өглөгтэй байсныг ... Оюунбаатарт төлсөн. Тэгээд хохирогч Ганбатаас би 15.000 төгрөг авахаар болсон. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд Нийслэл пабад Хулан гэдэг бүсгүйтэй хамт сууж байгаад 100 грамм архи авч уусан. Гэтэл Хулан бид хоёр мөнгөгүй болсон. ... “Рич” бааранд очиж хүнээс мөнгө авах ёстой гээд Хуланг дагуулаад “Рич” бааранд ирж Хулан нэг пиво, би 100 грамм архи авсан. Тэгээд Хулангийн найз болох Нарантуяа гэдэг эмэгтэй нь ирж ...бид гурав юм ярьж сууж байгаад би дахин нэг 100 грамм архи авч уусан. Тэгээд Хулан, Нарантуяа хоёр яваад өгөхөөр нь “Рич” баарны хамгаалагч Ганбат дээр очоод мөнгөө авъя гэж хэлсэн чинь Ганбат нь намайг үл тоосон маягтай цааш эргээд яваад өгсөн. Тэгэхээр нь би хойноос нь очоод Ганбатын шанаа тус газар нь гараараа цохих маягтай зөөлхөн түлхсэн. Гэтэл хохирогч Ганбат нь текны хойно ороод суусан. Тэгээд би Ганбаттай ярилцах гэсэн чинь гарч ирэхгүй байсан. ... Ганбатыг айлгах маягтай пивоны стакан шидэх гэж байхад Батболд, Отгон хоёр намайг болиулсан. ... дахин айлгах зорилгоор текэн дээр байсан соруултай стаканыг гарынхаа ар талаар алгадсан чинь хохирогч Ганбатын нүүрэн тус газарт оносон. Тэгээд Батболд намайг салгаад гэр рүү явуулсан...” /хх-99/,

мөрдөн байцаалтад гэрч Г.Батболдын: “...2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ... Мөнгөнтойг гаднаас танихгүй 2 хүүхэнтэй ирж юм ярьж сууж байгаад хэсэг хугацааны дараа нөгөө 2 хүүхэн гараад явчихсан. Тэгээд Мөнгөнтойг Ганбаттай маргалдаад эхлэхээр нь би очоод салгасан. Тэр үед би Ганбатаас “яагаад маргалдсан юм бэ” гэхэд “Мөнгөнтойг миний өвчтэй шанаа руу цохичихлоо” гэж байсан. ...Мөнгөнтойг текний урд зогсчихсон Ганбатыг дуудаад байсан. Ганбат гарч ирэхгүй болохоор текэн дээр байсан бакал аваад шидэх гээд барьж авахаар нь би болиулаад гарт байсан бакалыг манай зохион байгуулагч Отгоо аваад Мөнгөнтойгийг “та болиоч” гэхэд “за ах нь чиний үгэнд орно” гээд больсон. ... Тэгээд Мөнгөнтойг дүү нар тэгэх болоогүй шүү энэ тэр гэж байснаа гэнэт пивоны бакал дахиад аваад Ганбат руу шидсэн. Шидсэн бакал нь Ганбатын нүүрэн хэсэгт тусаад хагараад газар унасан...” /хх-24/,

мөрдөн байцаалтад гэрч С.Отгоны: “...”Рич” бааранд ажил дээрээ байхад Мөнгөнтойг манай бааранд ороод ирчихсэн хамгаалагч Ганбаттай муудалцаад текний урд зогсож байхаар нь би очиж болиулаад “ажил хийж байгаа хүүхдийг яах гээд байгаа юм бэ” гэхэд “за за” гээд маргалдахаа больсон. Ганбат тэр үед текний дотор талд ороод суучихсан байхад Мөнгөнтойг Ганбатыг гараад ир ... гэхээр нь би ... Ганбатыг ... текний араас гаргаагүй. Тэгээд Мөнгөнтойг цааш эргээд явахдаа текний урд байрлуулсан пивоны шилэн аягыг аваад Ганбат руу шидсэн. Шидсэн пивоны шилэн аяга нь Ганбатын хамарны хэсэгт тусаад хагараад газар унасан...” /хх-32/,

мөрдөн байцаалтад гэрч О.Эрдэнэ-Очирын: “...2016 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө ... Мөнгөнтойг Ганбатын баруун шанаанд нь гараа атгаж тулгаж байгаад 1 удаа түлхэх маягтай үйлдэл хийж байсан. ... Ганбат шанаагаа гараараа дараад над руу чиглээд текний араар ороод зогсож байсан. ... Мөнгөнтойг тэр үед араас нь ирээд тэр хоёр хоорондоо түр тар хийгээд муудалцах аястай болсон. ... Мөнгөнтойг баарны тек дээр хөгжимний дээр байрлуулсан пивоны бакал аваад шидэх гэхэд нь зөөгч Батболд, Отгоо ах хоёр болиулаад зохицуулж байсан. ... Би ч бүжгийн талбай руу хараад зогсож байгаад эргээд Ганбат руу харахад угаалтуур дээр тонгойгоод цаашаа хараад зогсож байгаа харагдсан. Ганбат руу яваад очиход текний араар шалан дээр нэлээд цус болсон байхаар нь Ганбатыг яасан бэ гээд араас нь татахад ... над руу эргээд харахад нүүр, ам нь цус болсон, хамарны арьс нь нэлээд гүнзгий шалбарсан цус гарч байхаар нь салфетка авч өгсөн. Яасан бэ гэж асуухад Тойг ах бакал шидчихлээ гэж хэлж байсан...” /хх-28/,

мөрдөн байцаалтад гэрч М.Батцэцэгийн: “...2016 оны 12 дугаар сарын 23-ны шөнө 03 цагийн орчим би гэртээ хүүтэйгээ хоёулаа байхад танихгүй дугаараас дуудлага орж ирж авахад манай хажуу талын өрөөнд байр түрээслэж байсан Уука гэж дууддаг Батболд гэдэг залуу байсан. Надад хэлэхдээ Мөнгөнтойг “Ц”-г зодчихлоо гэж хэлсэн. “Ц” гэдэг нь Ц.Ганбатыг хэлж байгаа юм. “Яагаад зодчихсон юм бэ” гэхэд “эхлээд тэр хоёр тоглоод байж байгаад Мөнгөнтойг ... соруул хийдэг пивоны бакал Ганбат руу шидээд тэр нь нүүрэнд тусчихлаа” гэж хэлсэн. ...” /хх-26/,

шинжээч эмч Б.Ундармаагийн: “...Ганбатын биед үүссэн гэмтлүүд нь мохоо, ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байсан. Ганбатын биед үүссэн гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, нүүрэн дэх шархууд нь хагархай шилний хэлтэрхийнүүдээр зүсэгдэн үүссэн байх боломжтой...” /хх-40-41/ гэсэн мэдүүлгүүдээр болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 632 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-36/, хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл /хх-7/, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-12/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар ялтан Б.Мөнгөнтойг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлчилгээний газарт бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч Ц.Ганбатын нүүрэн тус газарт пивоны шилэн аяга /бакал/ шидэж цохин биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулж, догшин авирлан зэвсгийн чанартай хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаагаар шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л зүйлүүдийг бүрэн шалгасан ба анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх болон няцаах нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх ялтны гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ зөвхөн хохирогч Ц.Ганбатын мэдүүлгийг үндэслэл болгоогүй, түүний мэдүүлгээс гадна хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн гэрчүүд мэдүүлгүүд, мөн шинжээчийн дүгнэлтэй нийцэж байгаа мэдүүлгүүдийг үнэлж, бусад нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ.

Ялтан Б.Мөнгөнтойг нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хэргийг давж заалдах шатны журмаар хянагдах хугацаанд ялтан Б.Мөнгөнтойг хохирогч Ц.Ганбатын нэхэмжилсэн гэм хорын 3.000.000 төгрөгийн хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч Ц.Ганбатын “...Бүүвэйбаатар овогтой Мөнгөнтойгт оногдуулсан ялыг хөнгөлж өгөхийг хүсч...” хүсэлтээ бичгээр гаргасан ирүүлсэн болон ялтны хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг нь хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд ялтан Б.Мөнгөнтойг, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.