| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 142/2021/01698/И |
| Дугаар | 001/ХТ2022/01279 |
| Огноо | 2022-12-16 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2022/01279
|
Д ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2022/00975 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 207/МА2022/00098 дугаар магадлалтай, Д ын нэхэмжлэлтэй Цагаатгалын нөхөн олговор 81,000,000 төгрөг гаргуулж, ээж Н ийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д , прокурор Б.Ичинхорол, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: 1. Нэхэмжлэгч Д нь цагаатгалын нөхөн олговор 81,000,000 төгрөг гаргуулж, ээж Н ийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан, Орхон аймгийн Прокурорын газар нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж маргажээ. 2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2022/00975 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1-д заасныг баримтлан Д нь 2021 оны 04 дүгээр сарын 08-нд нас барсан эх Н овогтой Н ийн Эрдэнэс бондоос авах 1,000,000 төгрөг, Төрийн банкны 130400175259 тоот харилцах дансны үлдэгдэл 1,737,582 төгрөг, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн нөхөн олговор 81,000,000 төгрөгийг тус тус өвлөх эрхтэй болохыг тогтоож, Монгол Улсын Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн Төрийн сангаас 81,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С овогт Д д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 207/МА2022/00098 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2022/00975 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, прокурор Г.Анх-Ирээдүйн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. 4. Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.09.29-ний өдрийн 98 дугаар магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасныг баримтлан дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д “...улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг...” олгохоор хуульчилсан. Энэхүү хуулийн заалт нь 2018.01.12-ны өдрийн хуулиар нэмж орсон заалт бөгөөд зөвхөн тухайн заалтад нэрлэн заасан этгээд болох эхнэр, нөхөр төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд л нөхөн олговрыг авах эрхтэй гэж ойлгогдож байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан нөхөн олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээдэд уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-10.1.3 дахь хэсэгт заасан этгээдийг хамааруулж, нэрлэн заасан этгээд болох төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач зээ болон нөхөн олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд нас барсан тохиолдолд түүний өв залгамжлагч нь нөхөн олговрыг нэхэмжлэх эрхтэй гэж хуулийн заалтыг хамааруулан тайлбарлаж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт зааснаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.08.04-ний өдрийн 975 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.09.29-ний өдрийн 98 дугаар магадлалд Д аас гаргасан “ээж Н ийн цагаатгалын нөхөн олговор 81,000,000 төгрөгийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох, Орхон аймгийн төрийн сангаас 81,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар гомдол гаргав гэжээ. ХЯНАВАЛ: 5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг агуулгын хувьд хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв. 6. Нэхэмжлэгч Д ын зүгээс шүүхэд гаргасан “ээж Н ийн хууль ёсны өвлөгчийн хувьд, Эрдэнэс бондын мөнгө, дансны үлдэгдэл мөнгө, цагаатгалын нөхөн олговор 81,000,000 төгрөгийг өвлөх эрхтэйг тогтоолгох, нөхөн олговрыг гаргуулах” тухай нэхэмжлэлийг анхан болон давж заалдах шатны шүүх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, хэд хэдэн шаардлагын аль нь онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхэд хамаарах, зарим шаардлага нь нэхэмжлэлийн үндэслэл болох эсэхийг анхаараагүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус, эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлын тухайд холбогдох хуулийн зохицуулалтад нийцсэн эрх зүйн дүгнэлт хийх үүргээ анхан болон давж заалдах шатны шүүх хангалттай биелүүлсэн гэж үзэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв. 7. Шүүх нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийг эрх зүйн үүднээс дүгнэх үүрэгтэй. Нэхэмжлэгч Д ын эгч Д , Э нар нь дээрх цагаатгалын нөхөн олговор болон талийгаач Н ийн бондын мөнгө, төрийн банкны дансанд байгаа 1,737,582 төгрөг зэргийг өвлөн авахаас татгалзсан баримт хэрэгт авагдсан ба ийнхүү маргаангүй бол нэхэмжлэгч өвлөх эрхээ хэрэгжүүлэхэд ямар эрх зөрчигдөж шүүхэд хандан “өвлөх эрхтэй болох”-ыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй, тодорхой бус байна. 8. Түүнчлэн нэхэмжлэгчийн ээж Н нь хэлмэгдэгч Г-ийн охин мөн болохыг Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.27-ны өдрийн 01352 дугаартай шийдвэрээр тогтоолгож, цагаатгалын нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй этгээдээр өдөр тутмын зарлуулах хуулийн хугацаагаа сэргээлгэхээр нэхэмжлэл гарган тус шүүхийн 2021.05.18-ны өдрийн 452 дугаартай шийдвэрээр хэлмэгдэгч Г-ийн цагаатгалын нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй этгээдээр зарлуулах хуулийн хугацаагаа сэргээлгэж шийдвэрлүүлсэн баримт хэрэгт авагджээ. 8.1. Хэлмэгдэгч Г нь лам хүн байсныг 1938 онд баривчлан Онцгой бүрэн эрхт комиссын 1938.04.22-ны өдрийн 15-р хурлын тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр ял оногдуулан буудуулж хороосныг Монгол улсын Дээд шүүхийн Эрүүгийн коллегийн 1993.09.03-ны өдрийн 87-р магадлалаар цагаатгажээ. 8.2. Нэхэмжлэгчийн ээж Н нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэрт нөхөн олговор олгохтой холбогдсон материалыг бүрдүүлэн Улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст өгсөн байх ба 2021.04.08-нд 89 насандаа нас барсан байна. 8.3. Н ийн нэр цагаатгалын нөхөн олговор авах материалаа бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтад багтаж Зууны мэдээ сонины 2021.05.28-ны өдрийн дугаарт нийтлэгдсэн байна. 9. Шүүх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар “Энэ зүйлийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа, эсхүл шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан бол түүний эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 24, 515, 518 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид шилжинэ” гэсэн зохицуулалтыг хэрэглэсэн боловч энэ нь процессын эрх залгамжлагч эсвэл материаллаг эрхийн эрх залгамжлагч аль нь болохыг эрх зүйн үүднээс дүгнээгүйгээс гадна Н нь үүнээс өмнө Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу нөхөн олговор авч байсан эсэх, ингэхдээ хэлмэгдэгчтэй ямар холбоотой гэж байсан эсэхийг тодруулаагүй нь буруу болжээ. 10. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдал тодорхой бус байгаан улмаас шүүх маргааны үйл баримтын талаар дүгнэлт өгч, хууль хэрэглэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, дахин хянан хэлэлцүүлэхээр буцаав. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2022/00975 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 207/МА2022/00098 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 2. Орхон аймгийн Прокурорын газар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ ШҮҮГЧИД Н.БАЯРМАА П.ЗОЛЗАЯА Д.ЦОЛМОН С.СОЁМБО-ЭРДЭНЭ
|