| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 181/2020/01653/И |
| Дугаар | 001/ХТ2022/01290 |
| Огноо | 2022-12-20 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2022/01290
|
“М ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02796 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 97 дугаар магадлалтай, “М ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуульд холбогдох Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 27,145,870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: 1. Нэхэмжлэгч “М ” ХХК нь хариуцагч Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуульд холбогдуулан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 27,145,870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 2. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02796 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургууль, Төрийн өмчийн хороо, “М ” ХХК-ийн хооронд байгуулсан 2014.10.03-ны өдрийн 22 тоот, 2015.01.02-ны өдрийн 15/15 тоот Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулиас төлбөрт төлсөн 27,145,870 төгрөгийг буцаан гаргуулах тухай “М ” ХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 523,119 төгрөгөөс 363,879 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 159,240 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ. 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 97 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02796 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй тул хариуцагч АШУҮИС-д холбогдуулан гаргасан 2014.10.03-ны өдрийн 22 тоот, 2015.01.02-ны өдрийн 15/15 тоот түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, түрээсийн төлбөрт төлсөн 27,145,870 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч “М ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Шийдвэр, магадлалыг доор дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 40.2-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Гэрээний заалтыг буруу тайлбарласан. Анхан шатны шүүх “М ” ХХК болон АШУҮИС-ийн хооронд 2014.09.12-ны өдөр байгуулсан “Тогтвортой ашиглуулах гэрээг” цаашид талууд байгуулж Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын газраар батлуулсан 2014.10.03, 2015.01.02-ны “Түрээсийн гэрээ”-нүүдийг байгуулах үндэслэл болсон гэж үзэж буруу хэмээн дүгнэсэн. Иргэний хуулийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна" гэж заасан. Талуудын хооронд 2014.09.12-ны тогтвортой ашиглуулах гэрээний 1.1-д “Гэрээний талууд АШУҮИС-ийн хичээлийн төв байрны цайны газрын зориулалттай өрөөг 2014.09.12-ноос эхэлж 5 жилийн хугацаанд тогтвортой ашиглуулна” гэж заасан. Энэхүү тохиролцоог биелэл болгож 2014.10.03, 2015.01.02-ны “Түрээсийн гэрээ”-нүүд тус тус байгуулагдсан. Цаг хугацааны дарааллыг авч үзэж дүгнэхэд "Тогтвортой ашиглуулах гэрээ”-нд үндэслэж түрээсийн гэрээнүүд байгуулагдсан нь ойлгомжтой байна. Түрээслэн авч буй объектын хувьд ч нэг зүйл. Үүнийг харгалзан анхан шатны шүүх Тогтвортой ашиглуулах гэрээнд үндэслэж Түрээсийн гэрээнүүд байгуулагдсан гэж үзсэн нь ИХШХШТХ-ийн 40.2-т нийцнэ. Тогтвортой ашиглуулах гэрээний харилцаа хамгийн гол тохиролцоо бөгөөд Түрээсийн гэрээнүүд түүнийг биелэл болгож буй хэлбэр юм. Түрээсийн гэрээ түрээслүүлэгч болон түрээслэгч талуудын хооронд байгуулагддаг. Түрээсийн гэрээнүүдэд түрээслүүлэгчээр АШУҮИС гэрээ байгуулсан. Харин түрээсийн эд зүйлийн өмчлөл эзэмшлийн статусаас хамааран тухайн түрээсийн гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөл авах ёстой гэрээ болно. Иймд түрээсийн гэрээнүүдийг байгуулах зөвшөөрлийг гарын үсэг зурж батлах байдлаар /журамд заасны дагуу/ Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газар зөвшөөрөл өгч байгаа юм. Талууд хүсэл зоригоо дээрх үе шат бүхий гэрээгээр хэрэгжүүлж явсан бөгөөд Тогтвортой ашиглуулах гэрээг байгуулахдаа журам зөрчсөн нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, тогтвортой ашиглах гэрээнд үндэслэж Түрээсийн гэрээнүүд байгуулсан болохыг үгүйсгэх үйл баримт болохгүй. Анхан шатны шүүх хариуцагчийн маргаагүй асуудлаар шүүх дүгнэлт өгсөн. Үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт “Нэхэмжлэгч бодитоор хөрөнгийг эзэмшиж, ашигласан тул тэрээр бусдын эд хөрөнгийг эзэмшиж, ашигласан тул тэрээр бусдын эд хөрөнгийг үнэ төлбөргүйгээр ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж болохгүй. Иймд бодитоор ашигласан ашиглалтыг буцаах боломжгүй учир мөнгөн хөрөнгөөр тооцож төлөх үүрэг үүсэх бөгөөд гэрээнд төлбөр сар бүр 2,244,000 төгрөг байхаар тусгагдсан тул энэ хэмжээгээр харилцан буцаах зүйл тооцогдох учиртай. Иймд ИХ-ийн 492 зүйлд зааснаар хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй тул төлбөрт төлсөн мөнгийг буцаан гаргуулах үндэслэлгүй” гэжээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 7 дах хуудаст “талууд хүсэлт зоригоо илэрхийлэн, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, зохих этгээдийн зөвшөөрөлтэйгөөр сүүлийн 2 түрээсийн гэрээг байгуулсан байх тул гэрээг ИХ-ийн 40.1, 196.1.1-д зааснаар хүчин төгөлдөр гэж үзнэ” гэжээ. Гэтэл Тогтвортой ашиглуулах гэрээнд дурдсан “тухайн байрыг 5 жил тогтвортой ашиглуулна. Үүний тулд түрээслэгч их завсар оруулна” гэх “хүсэл зориг"-ийн илэрхийлэл, агуулгыг ИХ 40.1-д зааснаар тайлбарлахгүйгээр түрээсийн гэрээ “Тогтвортой ашиглуулах гэрээн”-д үндэслээгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч ИХ-ийн 56.5 ”Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.” мөн хуулийн 492.1. Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1 “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд болох АШУҮИС-аас гаргуулан авахаар нэхэмжилсэн. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын тус үндэслэлийг “арбитрын хүчин төгөлдөр шийдвэртэй” гэж маргасан. Харин хариуцагч “хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч тухайн байрыг тодорхой хугацаанд ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Ашиглалтын зах зээлийн төлбөрт тооцож үнийг төлөх ёстой” хэмээн маргаагүй. Энэ асуудлаар хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Хэрэв хариуцагч ийнхүү сөрөг нэхэмжлэл гаргасан бол шүүхийн дээр дүгнэсэнчлэн “харилцан буцаан өгөх” шаардлагуудын дүнг харилцан тооцох талаар хууль зүйн дүгнэлт өгч болох юм. Гэтэл хариуцагчийн гаргаагүй тайлбар, гаргаагүй сөрөг нэхэмжлэл, гаргаагүй хууль зүйн үндэслэлийг өөрөө гарган ирж үндэслэл болгон шийдвэрлэж байгаа нь ИХШХШТХ-ийн 6.6. Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана” гэж заасныг зөрчөөд зогсохгүй талууд мэтгэлцэх, шүүх хөндлөнгийн байх зарчмыг хангаагүй байна. Иргэний хуулийн 56.5, 492.1.1-д заасныг хэрэглээгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагууд шууд уялдаа холбоотой. Гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцох шаардлагыг хангавал түүний үр дагавар болох уг хүчин төгөлдөр бус гэрээний дагуу урьд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулах шаардлагын хууль ёсны үндэслэл бий болно. Анхан шатны шүүх “Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургууль, “М ” ХХК-ийн 2014.10.03-ны өдрийн 22 тоот Түрээсийн гэрээ, 2015.01.02-ны 15/15 тоот Түрээсийн гэрээг тус тус Иргэний хуулийн 56.1.10-д заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэсэн. Гэсэн атлаа тус хүчин төгөлдөр бусд тооцсон үр дүн хууль зүйн үндэслэлгүйгээр хариуцагчид шилжин очсон 27,145,870 төгрөг буцаан гаргуулах шаардлагад Иргэний хуулийн 56.5, 492.1.1-д заасныг журмыг хэрэглэхгүй байх хууль зүйн үндэслэлийг дурдаагүй байна. Аливаа хэлцлийг шүүх хэзээ Иргэний хуулийн 56-р зүйлд заасан Хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцохоос үл хамааран тухайн хэлцэл байгуулсан цагаасаа хүчин төгөлдөр бус байна. Иймд байгуулсан цагаас нь хойш эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэх учраас тус гэрээний дагуу төлөгдсөн төлбөрийг хүлээн авагч нь хууль зүйн үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан этгээдэд тооцогдох тул Иргэний хуулийн 492.1.1-д зааснаар буцаан шаардах эрхийг хөрөнгө шилжүүлэгчид олгосон. Гэвч шүүх хууль зүйн үндэслэлгүйгээр хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй, төлбөрт төлсөн мөнгийг буцаан гаргуулах үндэслэлгүй” гэжээ. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх үндсэн шаардлагыг хангаагүй Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.10-ны 02796 тоот шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгосон хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.08-ны өдрийн 97 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. ХЯНАВАЛ: 5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй. 6. Нэхэмжлэгч “М ” ХХК нь хариуцагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд холбогдуулан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, төлбөрт төлсөн 27,145,870 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...хариуцагчтай 2014.09.12-ны өдөр “Тогтвортой ашиглуулах гэрээ” байгуулж, АШУҮИС-ийн хичээлийн төв байрны цайны газрын зориулалттай өрөөг 2014.09.12-ноос эхэлж 5 жилийн хугацаанд тогтвортой ашиглуулахаар тохирсон, энэхүү тохиролцооны үндсэн дээр 2014.10.03, 2015.01.02-ны өдөр тус тус “Түрээсийн гэрээ”-нүүд байгуулсан, манайх 50 сая төгрөгийн хөрөнгө оруулж үйл ажиллагаа явуулж эхэлсэн, гэтэл хариуцагч нь манай дотоод асуудалд оролцож цайны газрыг лацадсан, 2016.10.17-ны өдөр гэрээг цуцалсан бөгөөд Тогтвортой ашиглуулах гэрээг Арбитрын шийдвэрээр хүчин төгөлдөр бус гэж шийдвэрлэсэн. Иймд түрээсийн гэрээнүүд хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр байгуулагдсан тул хүчин төгөлдөр бус болно, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 2014.10-2016.09 сарын хооронд шилжүүлсэн 27,145,870 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү” гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...2014.10.03, 2015.01.02-ны өдрийн түрээсийн гэрээнүүд Төрийн өмчийн хороо оролцсон гурван талт гэрээ бөгөөд бие даасан гэрээ юм. Өөрөөр хэлбэл, Тогтвортой ашиглуулах гэрээтэй салшгүй холбоотой биш юм, түрээсийн зүйл нь зөвхөн 1 давхрын тодорхой хэсэг тул улсын бүртгэлд бүртгүүлээгүй, нэхэмжлэгч 2016.10.07-ны өдөр гэрээг цуцлах хүсэлт тавьсан бөгөөд энэ хүртэл хугацаанд ашиглачхаад төлбөрөө буцааж авах үндэслэлгүй, хэрэгжээд дууссан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэлгүй...” гэж мэтгэлцсэн байна. 7. Анхан шатны шүүх түрээсийн 2 гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж, 27,145,870 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв. 8. Нэг талаас Анагаахын шинжлэх ухааны Үндэсний Их сургууль, нөгөө талаас “М ” ХХК 2014.09.12-ны өдөр харилцан тохиролцож, түрээслүүлэгч тус сургуулийн хичээлийн төв байрны цайны газрын зориулалттай өрөөг мөн өдрөөс эхлэн 5 жил түрээслэгчид ашиглуулахаар, уг хугацааны дотор гэрээг цуцалбал барилгын их засварт зарцуулсан 50 сая төгрөгийг буцаан олгох нөхцөл бүхий 0013 тоот Тогтвортой ашиглуулах гэрээг байгуулжээ. /хх 16-17/ Үүний дараа 2014.10.03, 2015.01.02-ны өдөр Төрийн өмчийн хороо, Анагаахын шинжлэх ухааны Үндэсний Их сургууль, “М ” ХХК нар тохиролцож, Түрээслүүлэгч тус сургуулийн нэгдүгээр давхарт байрлах цайны газрын 187 м.кв талбайг түрээслэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч “М ” ХХК нэг м.кв талбайг 12.000 төгрөгөөр тооцон сард 2,244,000 төгрөгийг сар бүрийн 25-ны өдрийн дотор төлөх, 2015.01.02-ны өдрийн гэрээнд нэг жилийн хугацааг тус тус тохирсон байна. Ийнхүү талуудын хооронд нийт 3 удаа гэрээ байгуулагдаж, гэрээний зүйл нь нэг хөрөнгө байгаа боловч Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журамд зааснаар талууд сүүлийн хоёр гэрээг эрх бүхий байгууллагаар батлуулж, шинэчлэн байгуулсан, түрээсийн зүйл болох 187 м.кв талбайн хувьд тусдаа өмчлөх эрхийн гэрчилгээгүй тул гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага тавигдахгүй, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, зохих этгээдийн зөвшөөрөлтэйгөөр гэрээг байгуулсан байх тул түрээсийн гэрээнүүд хүчин төгөлдөр гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 318 дугаар зүйлийн 318.1-д нийцсэн гэж үзнэ. Түүнчлэн өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэдэг бөгөөд түрээсийн гэрээнүүд нь “Тогтвортой ашиглуулах гэрээ”-ээс үл хамаарч бие даасан шинжтэй хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан хэлцэлд хамаарахгүй. “Тогтвортой ашиглуулах гэрээ” нь түрээсийн гэрээ удаан үргэлжлэх буюу урт хугацаатай гэдгийг л илэрхийлж байгаа болохоос түрээсийн гэрээнд өөрөөр нөлөөлөөгүй юм. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын болон Олон улсын үндэсний арбитрын 2019.11.14-ний өдрийн 376 дугаар шийдвэрээр “М ” ХХК болон Анагаахын шинжлэх ухааны Үндэсний Их сургуулийн хооронд 2014.09.12-ны өдөр байгуулсан 0013 тоот Тогтвортой ашиглуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй бөгөөд энэ нь түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй болно. Иймд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж буй нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна. 9. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр, гэрээг цуцлах хүртэл хугацаанд “М ” ХХК нь эд хөрөнгийг эзэмшилдээ байлгаж, ашигласан тул түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, Иргэний 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг буцаан шаардах эрхгүй. Энэ утгаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 97 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 363,879 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ П.ЗОЛЗАЯА Д.ЦОЛМОН
|