Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2020/00802

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д Ч ХХК

Хариуцагч: Т Б ХХК

5 360 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Д Ч” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Д.Бадамгарав шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Д Ч” ХХК нь “Т Б” ХХК-ийн захирал Б.Гансүхтэй харилцан тохиролцож “Дулааны Цахилгаан Станц”-ын үнс зайлуулах ажилд экскаватор, ковш, хово зэрэг техникүүдээрээ 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 23-ны өдрүүдэд үнэ тохирон ажиллаж өгсөн. Ажлын нийт хөлс 10 360 000 /арван сая гурван зуун жаран мянга/ болсон. Урьдчилгаанд 1 000 000 төгрөг, ажлаа гүйцэтгээд 3 000 000 төгрөг, 1 000 000 төгрөгөөр нийт 5 000 000 төгрөгийг цувуулж авсан. Үлдэгдэл төлбөр болох 5 360 000 /таван сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг тохиролцсон хугацаандаа өгөхгүй байгаа тул гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

Хариуцагч “Т Б” ХХК-ийн захирал Б.Гансүх 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан боловч хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Д Ч” ХХК нь хариуцагч “Т Б” ХХК-д холбогдуулан өөрийн техник хэрэгслээр гүйцэтгэсэн ажлын хөлс 5 360 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч “Т Б” ХХК-ийн захирал Б.Гансүх 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан боловч хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна. Мөн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр товлон зарласан шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлтээ шүүгчийн туслахад утсаар дамжуулан гаргасныг шүүх хүлээн авч хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхийг хангаж хойшлуулсан байна.

2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид бүх хэлбэрээр /утас, шүүхийн бичиг хүргэгчээр болон шуудангаар/ хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй байна.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзэх бөгөөд хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн ажлын тооцоогоор нийт 10 360 000 төгрөгийн ажлыг талууд хийж гүйцэтгэхээр тохиролцож, үүнээс 5 000 000 төгрөгийг авсан болохоо нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх тул үлдэгдэл 5 360 000 төгрөгийн төлбөрийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д хариуцагч түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан тул хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 100 710 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 100 710 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д заасныг баримтлан хариуцагч “Т Б” ХХК-аас 5 360 000 /таван сая гурван зуун жаран мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Д Ч” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100 710 төгрөгийг /нэг зуун мянга долоон зуун арав/ төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т Б” ХХК-аас 100 710 төгрөг /нэг зуун мянга долоон зуун арав/ гаргуулан нэхэмжлэгч “Д Ч” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Л.АРИУНЦЭЦЭГ