Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 109

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 207/МА2020/00109

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч ******* ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2020/00802 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Хөлсөөр ажиллах гэрээний үлдэгдэл төлбөр 5.360.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч ******* ХХК-ийн захирал Б.Гансүхийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Бадамгарав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд, нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Д.Бадамгарав шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* ХХК нь ******* ХХК-ийн захирал Б.Гансүхтэй харилцан тохиролцож Дулааны Цахилгаан Станц-ын үнс зайлуулах ажилд экскаватор, ковш, хово зэрэг техникүүдээрээ 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 23-ны өдрүүдэд үнэ тохирон ажиллаж өгсөн. Ажлын нийт хөлс 10.360.000 болсон. Урьдчилгаанд 1.000.000 төгрөг, ажлаа гүйцэтгээд 3.000.000 төгрөг, 1.000.000 төгрөгөөр нийт 5.000.000 төгрөгийг цувуулж авсан. Үлдэгдэл төлбөр болох 5.360.000 төгрөгийг тохиролцсон хугацаандаа өгөхгүй байгаа тул гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2020/00802 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 5.360.000 /таван сая гурван зуун жаран мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч.******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100.710 төгрөгийг /нэг зуун мянга долоон зуун арав/ төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 100.710 төгрөг /нэг зуун мянга долоон зуун арав/ гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* ХХК-ийн захирал Б.Гансүх шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Миний бие Б.Гансүх нь ******* ХХК-ийг үүсгэн байгуулагч болохоос ямар нэг байдлаар үйл ажиллагаанд нь оролцдоггүй болно. Түүнээс гадна ******* ХХК-тай ******* ХХК-иар ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийгээгүй. Иргэний шугамаар хоорондоо тохиролцож ажил гүйцэтгэсэн болно. Тиймээс энэ хэргийн хариуцагч нь ******* ХХК биш. Хариуцагчийг зөв тодорхойлоогүй байна. Миний бие анхан шатны шүүх дээр тодорхой шалтгааны улмаас нэг удаа шүүх хуралдааныг хойшлуулсан. Өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа авах гэсэн боловч энэ эрхийг минь хэрэгжүүлээгүй намайг эзгүй үед шүүх хуралдааныг явуулж миний мэтгэлцэх, өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох эрхийг хангалгүй хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ хэдэн төгрөгийн ямар ажил гүйцэтгүүлсэн талаар авч үзэлгүй зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэл дээр дурьдсан тайлбарыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. Бидний хоорондын хийгдсэн хэлцэл, өгсөн авсан мөнгөний талаар ямар нэгэн баримт байхгүй, нотлох баримт хангалтгүй байхад хариуцагчийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулсанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 802 дугаартай шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхэд дахин хянуулахаар хэргийг буцааж өгнө үү гэжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-иас өөрийн техник хэрэгслээр ажил үүрэг гүйцэтгэсний хөлс 5.360.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* ХХК-ийн захирал Б.Гансүх нэхэмжлэлийг гардаж авсан боловч хуульд заасан хугацааны дотор хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

******* ХХК-ийн захирал Д.Бадамгарав нь ******* ХХК-ийн захирал Б.Гансүхтэй тохиролцож Дулааны цахилгаан станцын үнс зайлуулах ажилд өөрийн экскаватор, ковш, хово зэрэг техник хэрэгслүүдээ 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 23-ны өдрүүдэд ажиллуулахаар ажлын хөлсөнд 10.360.000 төгрөг авахаар амаар харилцан тохиролцсон байна. Нэхэмжлэгчийн тайлбараар хариуцагч ******* ХХК-ийн захирал Б.Гансүх 5 сая төгрөгийг өгсөн, үлдэх 5.360.000 төгрөгийг өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* ХХК-ийн захирал Б.Гансүхэд шүүх 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хариу тайлбараа нотлох баримтын хамт ирүүлэхийг мэдэгджээ. Хариуцагч нь хуульд заасан хугацааны дотор хариу тайлбар, нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул шүүх 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэргийн шүүх хуралдаанаар 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг 00 минутад хэлэлцүүлэх захирамж гаргасан, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч Б.Гансүх хүсэлт гаргаснаар шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хойшлуулсан, шүүх хуралдааны товыг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдэх хуудсаар өөрт нь мэдэгдсэн. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн эдгээр ажиллагаанууд нь хуулийн дагуу явагджээ.

Хариуцагч ******* ХХК-ийн захиарл Б.Гансүх нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд биечлэн ирээгүй нь шүүхийг хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй, мэтгэлцэх эрхээр хангаагүй гэж буруутгах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т заасан үүргээ биелүүлээгүй түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зохицуулсан. Анхан шатны шүүх хуулийн энэ заалтын дагуу Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д хөлсөөр ажиллах гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн гэж үзэж энэхүү гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцжээ.

Иймд хариуцагч ******* ХХК-ийн захирал Б.Гансүхийн давж заалдсан гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2020/00802 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-ийн захирал Б.Гансүхийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч ******* ХХК-ийн захирал Б.Гансүхийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 100.710 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

С.УРАНЧИМЭГ