Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2020/01121

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.О-д холбогдох

Хүүхдийн асрамж өөрчилж, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, хариуцагч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.Э нь 2006 онд Г.Отай танилцсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүү Э.Ттөрсөн. Улмаар 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 0002 дугаар баталгаагаар гэрлэлтээ бүртгүүлж, Г.Отай гэр бүл болсон бөгөөд бидний том охин Батбуян миний төрсөн хүүхэд биш юм. Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2019 онд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, Г.О нь хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, надаас 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгон авсан. Одоо бидний дундаас төрсөн хүү Э.Тнь цагаан сараас хойш надтай байгаа бөгөөд энэ хугацаанд хүү Э.Тнь аавтайгаа амьдрах хүсэлттэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн тул хүү Э.Тийг миний асрамжид үлдээж өгнө үү. Г.Оаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч уг шаардлагаасаа татгалзаж байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.

Хариуцагч Г.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Эы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэрээр шүүхэд дээрх асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Учир нь миний бие 2019 онд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргаснаар 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00372 дугаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 3-т охин Э.Батбуян, хүү Э.Тнарыг Г.О миний асрамжинд үлдээж, эцэг Б.Эаар тэжээн тэтгүүлэхээр болсон. Тухайн үед Б.Эы зүгээс хүүхдийн асрамжийн тал дээр маргаагүй, ямар ч асуудал тавьж байгаагүйн дээр өөрөө хүлээн зөвшөөрснийг шүүх баталгаажуулсан. Ийм байтал ямар учраас хүүхдийн асрамж өөрчлөх талаар нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Ер нь Б.Э нь хөдөө ээлжээр 14/7 ажилладаг ба гэр орондоо ихэнх хугацаанд байдаггүй. Хүү Э.Торой үдшийн цагаар ганцаараа байна гэж удаа дараа ярьж байсан ба хүүхдийг орж гарах үедээ ганцааранг нь орхиод явдаг. Иймд өсвөр насны хүүхэд хараа хяналтгүй эрсдэлтэй нөхцөлд орхигдож байгаа нь хүүхдийг түүний асрамжид байлгах нь эрсдэлд өртөх аюултай байгаа учраас эцэг нь асрамжиндаа авах боломжгүй гэж үзэж байна. Хэдий бид гэрлэлтээ цуцлуулсан боловч миний бие хүүхдүүдээ аавтай нь уулзуулахыг хориглодоггүй байсан. Хүү Э.Тийг сүүлийн нэг сарын хугацаанд надтай уулзуулахгүй, хүүхдэд элдэв тоглоом, утас авч өгч хуурч, сэтгэлийг нь эргүүлж, ээж эгч хоёрынх нь талаар эсрэг ойлголт төрүүлж байгаад гомдолтой байна. Хүүхдийн шүүхэд гаргасан саналтай танилцаад гайхаж байна. Би хүүгээ сайн сайхан хүн болж өсөж торниосой гэсэндээ хэдэн үг хэлдэг. Энэ нь хэний ч амьдралд байдаг л зүйл. Хүүхдийн сурлага хүмүүжил, эцэг эхийн хуралд би л явдаг байсан. Уг нь багшийг нь гэрчээр оролцуулах хүсэлтэй байсан боловч өөр сургуульд шилжсэн, хичээл эхэлсэн тул амжихгүй гэсэн. Д.Эрдэнэбулган сайн аав юм бол яагаад охиндоо бас адилхан санаа тавьдаггүй юм бэ. Утсаар ярих гээд залгахад нэг ч удаа авдаггүй. Охин маань жоохон байхад бид нийлсэн. Эцэг нь болно гээд амьдрал холбосон байхад сайн эцэг үнэхээр мөн бол 2 хүүхдээ ялгалгүй харьцмаар юм. Би хүүгээ өөрийн асрамжинд байлгаж, тэтгэлэг авахгүй өсгөж чадна. 3 сараас хойш тэтгэлэгийн мөнгө төлөөгүй. Уг мөнгийг би ч хэрэглэдэггүй, хүүхдийн хадгаламжинд шууд ордог. Ийм учир Д.Эрдэнэбулганы нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э хариуцагч Г.Од холбогдуулан хүүхдийн асрамж өөрчилөн тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт тэтгэлэг гаргуулах тухай шаардлагаас татгалзсан.

Хариуцагч Г.О нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Зохигчид 2006 онд танилцаж, 2006 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болж хамт амьдран 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн, тэдний дундаас хүү Э.Т2008 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн болох нь зохигчдын тайлбар мэдүүлэг, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

Хариуцагч Г.О нь Б.Эд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүх хүлээн авч хянан хэлэлцээд 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 142/ШШ2019/00372 дугаар шийдвэрээр Б.Э, Г.О нарын гэрлэлтийг цуцалж, охин Э.Батбуян, хүү Э.Тнарыг эх Г.Оын асрамжид үлдээж, эцэг Б.Эаас сар бүр хуульд заасан хувь хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг гаргуулж шийдвэрлэсэн байна.

2008 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Э.Т2020 оны цагаан сараас хойш аавтайгаа хамт амьдарч байгаа бөгөөд цаашид аавынхаа асрамжинд байх хүсэлтэй гэсэн тул хүүгийнхээ асрамжийг өөрчлүүлэх, тэтгэлэг гаргуулахаар Б.Э нэхэмжлэлийн шаардлага гаргах болсон үндэслэлээ тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Б.Эы шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.О бүхэлд нь эс зөвшөөрч маргасан бөгөөд маргаж буй үндэслэлээ өмнө нь хүүхдийн асрамжийн асуудлыг шийдсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, хүүхдийн асрамжийг өөрчлөх үндэслэл байхгүй, хүүхдэд тоглоом, эд зүйл авч өгч хуурсан бөгөөд 14 хоногоор ажилладаг тул хүүхдэд тавих анхаарал суларна гэж тайлбарлаж байна.

Хүүхдийн асрамжийн асуудлыг өмнө нь шийдвэрлэсэн нь дахин хүүхдийн асрамжийн талаар маргах, бие даасан шаардлага гаргах эрхийг хязгаарладаггүй. Хүүхдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа бол хэзээд ч нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх хэнд ч нээлттэй байдаг онцлогтой юм.

Г.О, Б.Э нарын гэрлэлт цуцлах хэрэг хянан шийдвэрлэх үед хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд зохигчдын саналыг харгалзан хүүхдүүдийг эх Г.Оын асрамжид үлдээж шийдвэрлэсэн байна.

Шүүх 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр болон 2020 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр тус тус хүү Э.Тээс санал авахад тэрээр “...аавтайгаа хамт амьдармаар байна” гэсэн санал өгчээ.

Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэнд: хүү Э.Тнь аавтайгаа байх үеийн эерэг мэдрэмж 24, сөрөг мэдрэмж 0, сэтгэл хөдлөлийн эерэг харилцаа давамгайлдаг, илүү хөгжилтэй, өөрийнхөөрөө байж чаддаг ба сэтгэл санааны хувьд тайван, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх боломжтой гэсэн бол ээжтэйгээ харилцах харилцаанд эерэг мэдрэмж 0 огт илрэхгүй бөгөөд сөрөг мэдрэмж нь давамгайлсан, сэтгэл санаа тогтворгүй, уур бухимдал, айдас түгшүүр болдог ба сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэхээс зайлсхийдэг гэсэн байна. 

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д хүүхэд гэр бүлийн дотор тэгш эрх эдэлнэ гэж заасан байдаг бөгөөд хүү Э.Тэцэг эхийн хэний асрамжинд цаашид байх, аав ээжийнхээ хэнтэй илүү нээлттэй харилцдаг болон түүний шүүхэд гаргасан саналыг хүндэтгэж, шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтийг харгалзан үзэж эцгийн асрамжинд байлгахаар өөрчлөн тогтоох үндэслэлтэй гэж дүгнэв.

Зохигчдын хэн аль нь ээлжийн ажил хөдөлмөр эрхэлдэг бөгөөд насанд хүрээгүй хүү Э.Тт тавих анхаарал халамжийг өөрсдийн боломжийн хүрээнд хамтарч хэрэгжүүлж байвал хүүхдээ сайн хүн болгон өсгөж хүмүүжүүлэх гэсэн чин хүсэл нь хамтран биелэнэ гэдгийг анхаарч, гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг эх байх эрх, үүрэг хэвээр үлдэхийг уг эрх, үүргээ хэрэгжүүлэхэд талууд бие биедээ саад учруулахгүй байхыг даалгах нь зүйтэй.  

Нэхэмжлэгч Б.Э хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа шүүхийн хэлэлцүүлэгт татгалзсан болохыг баталж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д заасныг баримтлан 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Э.Т-ийг эцэг Б.Эы асрамжинд үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.-т зааснаар нэхэмжлэгч Б.Э хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталсугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4 дэх хэсэгт зааснаар  эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Оаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.АРИУНЦЭЦЭГ