Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 75

 

Б.Эы нэхэмжлэлтэй,

хариуцагч Г.Од холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 142/ШШ2020/00595 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Эы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Од холбогдох,

“Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Б.Эы гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, М.Ганзориг, хариуцагч Г.О, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Б.Э нь 2006 онд Г.Отай танилцсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүү Э.Тэнгис төрсөн. Улмаар 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 0002 дугаар баталгаагаар гэрлэлтээ бүртгүүлж, Г.Отай гэр бүл болсон бөгөөд бидний том охин Батбуян миний төрсөн хүүхэд биш юм. Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2019 онд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж Г.О нь өөрийн охин болон хүүг өөрийн асрамжид авч, надаас 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгон авсан. Одоо бидний дундаас төрсөн Э.Тэнгис нь сүүлийн нэг сарын хугацаанд надтай байгаа бөгөөд энэ хугацаанд хүү Э.Тэнгис нь аавтайгаа амьдрах хүсэлттэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн тул 12 настай хүү Э.Тэнгисийг миний асрамжид үлдээж эх Г.Оаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэжээ.

Хариуцагч Г.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б.Эы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэрээр шүүхэд дээрх асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Учир нь миний бие 2019 онд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргаснаар 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00372 дугаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 3-т охин Э.Батбуян, хүү Э.Тэнгис нарыг Г.О миний асрамжинд үлдээж, эцэг Б.Эаар тэжээн тэтгүүлэхээр болсон. Тухайн үед Б.Эы зүгээс хүүхдийн асрамжийн тал дээр маргаагүй, ямар ч асуудал тавьж байгаагүйн дээр өөрөө хүлээн зөвшөөрснийг шүүх баталгаажуулсан. Ийм байтал ямар учраас хүүхдийн асрамж өөрчлөх талаар нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Ер нь Б.Э нь хөдөө ээлжээр 14/7 ажилладаг ба гэр орондоо ихэнх хугацаанд байдаггүй. Хүү Э.Тэнгис орой үдшийн цагаар ганцаараа байна гэж удаа дараа ярьж байсан ба хүүхдийг орж гарах үедээ ганцааранг нь орхиод явдаг. Иймд өсвөр насны хүүхэд хараа хяналтгүй эрсдэлтэй нөхцөлд орхигдож байгаа нь хүүхдийг түүний асрамжид байлгах нь эрсдэлд өртөх аюултай байгаа учраас эцэг нь асрамжиндаа авах боломжгүй гэж үзэж байна. Хэдий бид гэрлэлтээ цуцлуулсан боловч миний бие хүүхдүүдээ аавтай нь уулзуулахыг хориглодоггүй байсан. Хүү Э.Тэнгисийг сүүлийн нэг сарын хугацаанд надтай уулзуулахгүй, хүүхдийг элдэв тоглоом, утас зэргээр хуурч, сэтгэлийг нь эргүүлж, ээж эгч хоёрынх нь талаар эсрэг ойлголт төрүүлж байгаад гомдолтой байна. Ийм учир Д.Эрдэнэбулганы нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэж шүүхээс хүсч байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 142/ШШ2020/00595 дугаар шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эы хариуцагч Г.Од холбогдуулан гаргасан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Миний бие өөрөө хүү Э.Тэнгисээ ээжээр нь асруулахад татгалзах зүйлгүй байсан боловч 2020 оны 02 дугаар сард /цагаан сарын өмнөхөн/ хүү маань над руу утсаар яриад манайд ирсэн. Үүнээс хойш ээж рүүгээ явахгүй байгаа. 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ээжийндээ очиж хоол идсэн байх ба ээж нь түүнд хоол хийж өгөөд орой ажилтай гээд буцааж явуулсан байсан. Тодруулбал энэ оны Цагаан сараас өмнө хүү Э.Тэнгис над дээр ирээд буцаж ээжийндээ очоогүй. Одоог хүртэл надтай, миний аав болох Баянжав бидэнтэй хамт амьдарч, миний асаргаанд байна. Гэтэл миний хүү Э.Тэнгисийг ээж нь асрахгүй байгаа бөгөөд хүүхэд ээжтэйгээ байх дургүй байгаагаа илэрхийлсээр байсан тул миний бие хүүгийнхээ хүслийг бодоод шүүхэд хандсан. Нөгөө талаас хүү Э.Тэнгис нь цагаан сарын өмнө өвлийн хувцастай над дээр ирсэн бөгөөд одоо хавар, намрын хувцсаа авахгүй, ээж дээрээ очихгүй гэсээр өдийг хүрсэн. Аргагүйн эрхэнд миний бие өөрөө хавар намрын хувцас пүүз, хавар намрын куртик, турсик, оймс зэргийн дотуур хувцас зэргийг авч өгсөн.

Мөн анхан шатны шүүх хүралдаанд дүусаад хүүдээ ээжтэйгээ хамт байх шийдвэр гарсан тухай хэлэхэд хүү Э.Тэнгис нь миний гэрт уйлаад сууж байсан ба юу болсон талаар асуухад би таньтай хамт баймаар байна гэдгээ хэлж байна. Иймээс миний бие анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргахаас өөр аргагүй боллоо.

Анхан шатны шүүхийн шийдвэрт намайг 14 хоног Өмнөговь аймагт очиж ажилладаг тухай дүрьдсан байх ба миний бие хүүгээ хүний зэрэгтэй явүүлахын тулд гэр бүлээ орхиж явдаг байсан ч энэ хойгуур эхнэр өөр хүнтэй дотно харилцаатай болж, үлмаар тэр нь илэрснээс болж гэр бүл цүцлуулсан. Миний хүвьд гэр бүлийнхээ гишүүдийн төлөө өөрийн нойр хоолыг хасч, биеийн амрыг харалгүй, амьдралын төлөө зүтгэж, хүүхдээ Орхон аймгийн хамгийн сургалт сайтай гэгддэг ОРХОН ЭМПАТИ сургууль 2019 оноос эхлэн суралцуулж, нэг жилийн төлбөр 4.5 сая төгрөгийг хүртэл өөрөө төлж байгаа. Гэтэл намайг хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх бололцоогүй гэж анхан шатны шүүх дүгнээд байгааг огт ойлгохгүй байна. Миний бие ажлаа хийж хүүхдээ хүний зэрэгтэй хүн болгож, хичээл сургүүльд нь анхаарч байгаа төдийгүй өөрийн хэсэгг хэсэг хүгацаанд үлдээж байгааг шүүх дөвийлгөн үзэж хүүхдийн асрамжийг өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй гэж байгааг ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна.  Миний бие хүү Э.Тэнгисийг яагаад ээжийнхээ асрамжинд байх дүргүй байгаа, миний асрамжинд байх хүсэлтэй байгааг нь асуүхад шалтгаанаа өмнө нь хэлж байгаагүй. Би ч хүүхдийнхээ үзэл бодлыг хүндэтгээд ээжийнхээ нүүцыг надад задрүулахгүй гэж бодоод байгаа юм болов үү гэж бодоод үхаж асүүгаагүй. Харин анхан шатны шүүх хуралдаан болсоны дараа энэ талаар бид ярилцсан. Хүүхэд шалтгаанаа надад хэлсэн бөгөөд үг асуудлаарх тайлбараа би давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж болно. Шүүхээс хүүгийн саналыг анхаарахгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймээс Орхон аймаг дахь сум дүндын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 142/ШШ2020/00595 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Г.Од холбогдуулан хүүхдийн асрамж өөрчлүүлэх тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Г.О нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Зохигчид 2006 онд танилцаж 2006 оны 10 дугаар сард гэр бүл болж 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж амьдарсан ба тэдний дундаас хүү Э.Тэнгис 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн байна.

Анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 372 дугаар шүүхийн шийдвэрээр Б.Э, Г.О нарын гэрлэлтийг цуцалж, охин Э.Батбуян, Э.Тэнгис нарыг эх Г.Оын асрамжинд үлдээж, хүү Э.Тэнгисийг эцэг Б.Эаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч Б.Э нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хүү Э.Тэнгис сүүлийн нэг сарын хугацаанд надтай хамт амьдарч байгаа хүү маань аавтайгаа байх хүсэлтэй байгаа тул асрамжиндаа авна гэсэн тайлбарт үндэслэн шаардсан байна.

Шүүх хүү Э.Тэнгисээс санал авахад аавтайгаа хамт амьдармаар байна гэсэн санал өгсөн ба хэдийгээр хүүхдийн санал түүний асрамжийг шийдвэрлэхэд харгалзан үзэх нэг үндэслэл мөн боловч энэ нь дангаараа хүүхдийн асрамжийг шийдвэрлэх нотолгооны хэрэгсэл болохгүй, хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулсан, эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Нэгэнт тэжээн тэтгүүлэгч хүүхэд асрамжаа өөрчлөх хүсэлтэй байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д зааснаар өөрийн санаачилгаар мэргэжлийн байгууллагыг шинжээчээр томилж хүүхдийн амьдрах, хүмүүжих ахуй нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал хэнийх нь асрамжинд байхад боломжтой байгааг тогтоосны эцэст эцэслэн шийдвэрлэх шаардлагатай бөгөөд ийнхүү шийдвэрлээгүй нь буруу байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 142/ШШ2020/00595 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Б.Эы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                            С.УРАНЧИМЭГ