Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
Хэргийн индекс | 181/2022/00250/И |
Дугаар | 001/ХТ2023/00006 |
Огноо | 2022-12-22 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2023/00006
“ **** **** **** ****” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/01939 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1908 дугаар магадлалтай,
“ **** **** **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
****д холбогдох
Зээлийн гэрээний нийт үүрэгт 62,864,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг
барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнийн гаргасан гомдлоор
Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяндорж, шүүх
хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. “ **** **** **** ****” нь ****д холбогдуулан зээлийн гэрээний нийт үүрэг 62,864,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/01939 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар ****гээс 62,584,000 төгрөгийг гаргуулж, “ **** **** **** ****” ХХК-д олгож, нэхэмжлэлээс өмгөөлөгчийн зардал 6,300,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч **** нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох ****гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206068305 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан /17025/, Ар зайсан гудамж 98 байрны 2 тоот, 77,7 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “ **** **** **** ****” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 573,970 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****гээс 470,870 төгрөгийг гаргуулан “ **** **** **** ****” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1908 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/01939 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “62,584,000’’ гэснийг “55,960,000” гэж, “өмгөөлөгчийн зардал 6,300,000 төгрөгийн нэхэмжлэлийг” гэснийг “6,720,126 төгрөгт холбогдох хэсгийг” гэж, 3 дахь заалтад “470,870” гэснийг “437,750” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч ****гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 470,870 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...магадлалаас харвал Монгол Улсын Засгийн газрын 2020.11.18-ны өдрийн 183 дугаар тогтоолыг баримталж хариуцагчийг нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх үндэслэлтэй гэж үзсэн өөрөө засгийн газраас гаргасан тогтоолыг буруу тайлбарласан гэж үзэж байна. Тухайн тогтоолын агуулгаас харвал “Банк, Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуй нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон төлбөрийг хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийг нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах” гэсэн байдаг. Тэгвэл хариуцагч **** нь тухайн ****-д хүсэлтээ ирүүлээгүй бөгөөд тус ****-ын хүсэлт гаргасан иргэдийн тайланг үргэлж хөтөлж явуулж байсан. Энэ тайлангаар дээрх тогтоолын дагуу хүсэлт ирүүлсэн хүсэлтийг бүгдийг хангаж гэрээнд өөрчлөлт оруулж өгч байсан. Мөн хариуцагч нь давж заалдах шатны шүүх хурал дээр өөрийгөө тус ****-ын онлайн хэлбэрээр хүсэлт илгээсэн гэдэг бөгөөд түүнийгээ хэрэг ямар нэгэн байдлаар нотлоогүй байдаг. Мөн давж заалдах шатын шүүх магадлалын 11 дүгээр заалтад “Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй” талаар дурдсан. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч ямар нэгэн хүсэлтийг тус ****-д гаргаж байгаагүй нь үүгээр нотлогдсон, хариуцагч өөрөө ч анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед энэ талаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтыг бүрдүүлээгүй, тухай нотлох баримтыг олж авах боломжгүй тохиолдолд шүүхийн журмаар албадан гаргуулаагүй буюу өөрийнхөө шүүхэд хэлж байгаа зүйлийг нотлох баримтын хэмжээнд нотолж чадаагүй байхад түүний шүүх хурал дээр би хүсэлтээ гаргасан гэж хэлсэн үгийг үндэслэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 6,624,000.00 төгрөгийг хасаж 55,960,000.007 төгрөг болгон шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг буруу тайлбарласан буюу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
5. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнийн гомдлыг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.12.09-ний өдрийн 001/ШХТ2022/01400 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнийн “...давж заалдах шатны шүүх Монгол Улсын Засгийн газрын 2020.11.18-ны өдрийн 183 дугаар тогтоолыг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэсэн агуулга бүхий хяналтын журмаар гаргасан гомдлыгхангах нь зүйтэй гэж дүгнэлээ.
7. Анхан шатны шүүх ****гээс 62,584,000 төгрөг гаргуулж, “ **** **** **** ****” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “62,584,000 төгрөг’’ гэснийг “55,960,000 төгрөг” гэж, “6,300,000 төгрөг” гэснийг “6,720,126 төгрөг” гэсэн өөрчлөлт оруулсан байна.
8.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнийн гомдлыг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.12.09-ний өдрийн 001/ШХТ2022/01400 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэж заасан үндэслэлээр хүлээн авсан тул энэ хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.
9. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтад хангалттай дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралтай нөхцөл байдлыг зөв тогтоож чадаагүйн улмаас зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг оновчтой тайлбарлаж хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг хэрэглэсэн, түүнчлэн хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо тооцооллын алдаа гаргаж хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар дээрх алдаануудыг залруулах боломжтой тул хяналтын шатны шүүхээс зөвтгөнө.
10. “ **** **** **** ****” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 36,000,000 төгрөг, зээлийн хүү 22,252,926.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,331,073.54 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 6,300,000 төгрөг, нийт 69,164,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэг хянан хэлэлцэх явцад өмгөөлөгч аваагүй тул өмгөөлөгчийн хөлс 6,300,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, зээлийн гэрээний үүрэг 62,864,000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах...” гэж тодорхойлсон байна.
Хариуцагч **** “...18 сарын хугацаатай зээлийн сарын 3,2 хувийн хүү нь 20,736,000 төгрөг, үүнээс төлсөн 560,000 төгрөгийг хасвал 18,432,000 төгрөгийн хүү дээр үндсэн зээлийг нэмж, нэхэмжлэлийн шаардлагаас 54,432,000 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч, ...Давагдашгүй хүчин зүйл болох цар тахалтай холбоотойгоор цементийн бизнес зогссон учраас нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэсэн тайлбар гарган мэтгэлцжээ.
Зохигчийн хооронд зээлийн хүүгийн тооцоолол, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болсон байна.
11. “ **** **** **** ****” ХХК нь ****тэй 2020.07.29-ний өдөр №16000100077 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 36,000,000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлэх, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдөр барьцааны гэрээгээр хариуцагчийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206068305 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан /17025/, Ар зайсан гудамж 98 байрны 2 тоот, 77,7 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг барьцаалсан болох нь тогтоогджээ.
Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ гэж зөв тодорхойлж, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдлыг хангасан эсэх, гэрээ цуцлагдсан байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
12. Зээл болон барьцааны гэрээг талууд бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, бүртгүүлбэл зохих байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасантай нийцсэн гэж үзнэ.
13. Банкнаас зээл олгох гэрээгээр банк, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Зээлийн гэрээний 2.6-д “Зээлдүүлэгчээс зээлийг зээлдэгчийн Худалдаа хөгжлийн банк дахь 495058195 тоот дансанд бэлэн бус гүйлгээгээр олгоно” гэж заажээ.
Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, Худалдаа хөгжлийн банкны 2020.09.16-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, журналын №20412723 дугаарт 2020.07.29-ний өдөр зээлийг хариуцагчийн эзэмшлийн дансанд шилжүүлсэн байх бөгөөдзээлийг хүлээн авсан үйл баримтын талаар хариуцагч маргаагүй нөхцөл байдлаас дүгнэвэл нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, зээлийн гэрээний 3.2.1-д тус тусзаасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн байна.
14. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж хуульчилсан.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-т “Зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн хүүг энэхүү гэрээний хавсралт №1 заасан хуваарийн дагуу төлнө”, 2.4-т “Зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг төлнө”, 4.2.1-д “зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь бүрэн биелүүлэх” гэж хүсэл зоригоо илэрхийлж, зээл буцаан төлөх хуваарийг харилцан тохиролцож байгуулжээ.
“ **** **** **** ****” ХХК зээл 36,000,000 төгрөгийг 2020.07.29-ний өдөр ****гийн эзэмшлийн дансанд шилжүүлснээр хариуцагч энэ тогтоолын 14-т заасан хууль, гэрээнд заасны дагуу зээл, түүний хүүг хугацаанд нь төлөх үүрэг үүссэн талаар хоёр шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.
15. “ **** **** **** ****” ХХК, **** нарын хооронд байгуулсан 2020.07.29-ний өдрийн №16000100077 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2022.01.29-ний өдөр дуусгавар болох байжээ.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 2-т “зээлийн гэрээнд зээлдэгч, ...гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгана” гэж заасан.
Зээлийн гэрээний 3.1.3-т “Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийг зориулалтын бус зүйлд ашигласан тохиолдолд зээлдүүлэгч өөрийн санаачилгаар гэрээг цуцлах эрхтэй. Зээлдэгч авсан зээлээ гэрээнд хуваарийн дагуу төлөөгүй, мөн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан нь түүнийг хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй”, 7.1.1-д “Зээлдэгч нь зээлийн хүү болон хэсэгчлэн төлөх үндсэн зээлийн төлөх хугацааг удаа дараа хэтрүүлсэн” тохиолдолд зээлдүүлэгчийн саналаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг нэрлэн заасан бөгөөд мөн гэрээний 7.2-т “гэрээг хугацаанаас өмнө нь цуцалсан нь зээлийг буцаан төлөх хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, хохирол, зардлаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй” гэж тусгагджээ.
16. **** нэг удаа 400,000 төгрөгийг төлж, 2020 оны 10 дугаар сараас хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийг төлөх үүргээ зөрчсөн болох нь зээлийн тооцооллын баримт, зохигчийн тайлбараар тогтоогдсон талаар хийсэн шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
Байгуулсан гэрээгээ цуцлах эсэх нь талуудын хүсэл зоригт хамаарах бөгөөд маргаан гарсан тохиолдолд гэрээ цуцлагдах нөхцөл бүрдсэн гэж үзэх, энэ нь хуульд нийцэж буй эсэх тухай дүгнэлт хийж, үр дагаврыг шүүхээс шийднэ.
Хариуцагч **** зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул “ **** **** **** ****” ХХК энэ тогтоолын 15 дугаарт дурдсан зээлийн гэрээний 3.1.3, 7.1.1, 7.2-т заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, зээлдэгчээс гүйцэтгээгүй үүргийг шаардах эрхтэй.
17. Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтын хэмжээнд үндэслэж, цаашид зээлийн гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу 2022.01.18-ны өдөр зээлийн гэрээ цуцлагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
18. Хариуцагч **** нь цар тахалтай холбоотойгоор цементийн бизнесийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсны улмаас зээлээ төлөх боломжгүй болж, зээлийн гэрээг сунгах хүсэлтийг цахим хаягаар явуулсангэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ нь хариуцагч тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлоогүй гэж үзнэ.
19. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд болон талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг үндэслэж, хариуцагчийн үүргийг 62,584,000 төгрөг гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 221 дүгээр зүйлийн 221.1-д заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцсэн байна.
Хоёр шатны шүүх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 174, 175дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
20. Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Засгийн газрын 2020.11.18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 дугаар тогтоолын 8-д заасныг үндэслэн хариуцагчийг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлсөн нь буруу болсон байна.
21. Монгол Улсын Засгийн газрын 2020.11.18-ны өдрийн 183 дугаар тогтоолын 8-д “Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021.07.01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монголбанк /Б.Лхагвасүрэн/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-д тус тус зөвлөсүгэй” гэж заасан зохицуулалт зээлийн гэрээний оролцогчдын зөвшөөрлөөр тэдний эрхийг зөрчихгүйгээр зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүй өөрчлөлт оруулахыг зөвлөсөн агуулгатай байна.
Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 8.2-т “Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд талууд харилцан тохиролцож шийдвэрлэх, ...бичгээр үйлдэнэ” гэж харилцан тохиролцсон болно.
22. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-т “Хуульд заасан тохиолдолд Засгийн газар энэ хуульд нийцүүлэн гаргасан, иргэний эрх зүйн хэм хэмжээ агуулсан, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актыг хэрэглэж болно”, мөн зүйлийн 3.6-д “Хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг зөвхөн хуулийн хэм хэмжээг нөхөн зохицуулсан тохиолдолд хэрэглэнэ” гэж нарийвчлан заажээ.
Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Засгийн газрын 2020.11.18-ны өдрийн 183 дугаар тогтоолын 8-д заасан зохицуулалтын агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсэн, түүнчлэн зохигчийн маргаанд уг тогтоолыг хэрэглэх нөхцөл бүрдээгүй, талууд харилцан тохиролцож зээлийн гэрээнд өөрчлөлт оруулаагүй байхад ****г зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлсөн алдаа гаргасан байна.
23. Нэгэнт талууд энэ тогтоолын 14 дүгээрт дурдсанаар зээлийн гэрээндээ хэтэрсэн хугацааны хүүг ямар хэмжээнд төлөх талаар тодорхой зааж, тусгасан байх бөгөөд давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг хэрэглэсэн тул нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнийн “...давж заалдах шатны шүүх Монгол Улсын Засгийн газрын 2020.11.18-ны өдрийн 183 дугаар тогтоолыг буруу тайлбарласан...” гэх агуулга бүхий гомдол хангагдана.
24. Анхан болон давж заалдах шатны шүүх “ **** **** **** ****” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж зээлийн гэрээний нийт үүрэгт 62,864,000 төгрөг гаргуулахаар шаардсан байхад үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо тооцооллын алдаа гаргасныг залруулах нь зүйтэй гэж дүгнэв.
25. Иймд дээр дурдсанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1908 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/01939 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар ****гээс 62,584,000 төгрөгийг гаргуулж “ **** **** **** ****” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 280,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнийн гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,934 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
Б.МӨНХТУЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Д.ЦОЛМОН