Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2020/01209

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

             Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан, шүүгч Б.Хишигдаваа, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: М ХХК нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Б.Х-д холбогдох

           Түрээсийн үлдэгдэл төлбөр 778 200 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хохирол 5 071 100 төгрөг гаргуулах  тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагч Б.Х, хариуцагчийн өмгөөлөгч А.Т, гэрч Т.Т/онлайнаар/, гэрч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Х нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс “М” ХХК-ийн өмчлөлийн “Од” дэлгүүрийн барилгад түрээсийн гэрээгээр ажлын байр эзэмшиж байсан бөгөөд түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 778 200 төгрөгийг төлөхгүй байгаа юм байна. Иймд Б.Хэс 778 200 төгрөг гаргуулж “М” ХХК-д олгуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч "М” ХХК-аас Б.Х надад холбогдуулан гаргасан 778 200 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж дараах хариу тайлбарыг гаргаж байна. Би 2002 оноос эхлэн “М”ХХК-ийн “О" худалдааны төвийн зүүн урд жигүүрт талбай түрээслэн ажлын байр бий болгож хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах болсон. Энэ хугацаанд түрээсийн мөнгийг дор дор нь өгсөөр ирсэн. Гэтэл 2020 оны 06 дугаар сард гэнэт түрээслэгч биднийг хөөж гаргасан. Үүнээс болж бүгд ажлын байргүй болсон. Ооо ажлын байргүй, ажилгүй болсон учраас дээрх мөнгийг өгөх боломжгүй, зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Б.Х сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.Х би 2002 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “М” ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сум, Урт булаг багт орших “О” Худалдааны төвд ажлын байр түрээслэн “Хэвлэл”-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулан тогтвор суурьшилтайгаар ажилласаар ирсэн. Ингээд өөрийн үйл ажиллагааг өргөтгөх зорилгоор 2015 оны 9 дүгээр сард тус байгууллагын удирдлагуудтай тохиролцсоны үндсэн дээр худалдааны төвийн баруун хойно байрлах складны зориулалттай ашиглаж байсан ЗО м.кв талбай бүхий битүү өрөөг хогийг нь суллан цэвэрлэж “Хэвлэлийн цех байгуулах зорилгоор засварлаж 64 см зузаан хана бүхий арматур төмрөөр хүчитгэсэн ханыг цөмлөн гаднаас орох хаалга ба шат 120 смх60 см хэмжээ бүхий вакум цонх зэргийг гаргаж дотор талбайг ажлын байраар ашиглах тохиромжтой байдлаар засварлан тохижуулсан. Ингээд би тус худалдааны төвд хоёр ажлын байртайгаар тогтвортой үйл ажиллагаа явуулсаар ирсэн бөгөөд түрээсийн төлбөрийг зохих ёсоор төлсөөр ирсэн. Гэтэл 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “Энэ худалдааны төв зарагдсан. Та нар түрээслэн байгаа талбайгаа яаралтай суллаж өг” гэж түрээслэгч биднийг гэнэт хөөснөөр бид ажлын байргүй болсон. Тухайн үед урд талын ажлын байр болон хойд талын өрөөнд байнгын үйл ажиллагааны чиглэлээр ажиллуулж байсан хүнд жинтэй овор бүхий үнэтэй төхөөрөмжүүдийг их хэмжээний зардал гарган өөр газарт аваачиж тавин хэвлэлийн үйл ажиллагаа үндсэндээ зогссон. Би цаашид энэ ажлын байруудад тогтвортой үйл ажиллагаа явуулах зорилготой байсан, их хэмжээний зардал хөрөнгө гарсан тул хохирлоо нэхэмжлэх зайлшгүй шаардлага гараад байна. Дээрх ажлын байруудыг засварлахад миний зүгээс дараах барилгын материалын болон ажиллах хүчний зардал гарсан. Иймд “М” ХХК-аас ажлын байрны талаар гарсан гэм хорын хохирол болох 5 071 100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Хд холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь гэм хорын хохирол төлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргажээ. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд тайлбар гаргаж байна.Үүнд:

  1. “М” ХХК нь Б.Ховор-Эрдэний эд хөрөнгөд гэм хорын хохирол учруулаагүй.
  2. Б.Х нь “М” ХХК-ийн өмчлөлийн байранд хэвлэлийн цех ажиллуулахаар түрээсийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Уг түрээсийн байранд бага зэргийн урсгал засвараа хийгээд л ажиллаж байсан.
  3. “М” ХХК-ийн өмчлөлийн байранд хана цоолж хаалга гаргаж засвар хийх талаар бид тохиролцоогүй байсан. Гэтэл гэнэт гадна талд хаалга гаргачихсан байсан бөгөөд угаасаа дотроосоо ордог хаалга байхад дураараа авирлаж хаалга гаргасан байсныг мэдээд хэрүүл маргаан үүссэн боловч нэгэнт хаалга хийгдчихсэн эргэж янзлах боломжгүй болсон учраас арга буюу орхижээ. Энэ хаалга хийсэн явдал 2015 он биш түүнээс бүүр өмнө хийгдсэн бараг 10 гаруй жил болсон юм байна. Тийм учраас түүний сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Б.Хд холбогдуулан түрээсийн үлдэгдэл төлбөр 778 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Б.Х нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчид холбогдуулан хохирол 5 071 100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх бүрэлдэхүүн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

Нэг: Үндсэн нэхэмжлэлийн талаар.

Зохигчид ажлын байр түрээслүүлэх гэрээний дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах О дэлгүүрийн барилгад байрлах 3.4 мкв талбайтай ажлын байрыг сард 187 000 төгрөгөөр, хойд өрөө гэж нэрлэх ажлын байрыг сард 150 000 төгрөгөөр тус тус түрээслүүлдэг байсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэрээ байгуулан ажиллаж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэрээний сунгалт хийсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан ажлын байр түрээслүүлэх гэрээгээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тОорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Хариуцагч Б.Х 2020 оны 7 сар хүртэл тус байранд байрлаж үйл ажиллагаагаа явуулж байсан тул түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөр 778 200 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тОруулж байна.

Хариуцагч Б.Х 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр уг байрнаас гарсан тоног төхөөрөмжөө гаргасан үйл ажиллагаа явуулахгүй байгаа тул төлбөрийн үлдэгдэлийг хариуцан төлөхгүй гэж тайлбарлаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд Б.Х 2020 оны 07 дугаар сард түрээсийн байранд байрлаж байсан болохыг нотолсон баримтаа нэхэмжлэгч өөрөө тОорхойлж гаргаж өгөх үүрэгтэй юм. Харин хариуцагчийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл үйл ажиллагаагаа явуулж байсан тухай тайлбар, түрээсийн төлбөрийн үлдэгдэл байгааг хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргийг харгалзан  хариуцагч Б.Хэс түрээсийн төлбөрийн үлдэгдэл 147 666.66 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 630 533.34 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн түрээсийн тооцооноос /хх 7/ хариуцагч нь 5 дугаар сард 57 800 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 89 866.66 төгрөг нийт 147 666.66 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь нотлогдож байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, мөн хуулийн 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан ажлын байр түрээслүүлэх тухай гэрээ хуульд заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус гэрээ боловч хариуцагч нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгийг ашиглаж үйл ажиллагаа явуулж ашиг олсон тул хэлэлцэн тохирсон үнийг тооцон төлөх үндэслэлтэй.

Хоёр: Сөрөг нэхэмжлэлийн талаар.

Хариуцагч Б.Х нь нэхэмжлэгч М ХХК-тай 2002 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах О дэлгүүрийн барилгад байрлах ажлын байрыг түрээслэж байсан ба 2015 оны 9 дүгээр сард складны зориулалттай ашиглаж байсан 30 мкв талбай бүхий өрөөг засан сайжруулж өөрийн хөрөнгөөр засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Засварын ажлын хөлсөнд 2 000 000 төгрөг, барилгын материалд 3 071 100 төгрөг нийт 5 071 100 төгрөгийн зардал гарсан бөгөөд уг зардлыг хохиролд тооцож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ: нэгдүгээрт “М” ХХК нь Б.Ховор-Эрдэний эд хөрөнгөд гэм хорын хохирол учруулаагүй, хоёрдугаарт Б.Х нь “М” ХХК-ийн өмчлөлийн байранд хэвлэлийн цех ажиллуулахаар бага зэргийн урсгал засвар хийгээд л ажиллаж байсан. Харин ч зөвшөөрөлгүйгээр хана цоолж хаалга цонх гаргасан. Энэ явдал 2015 онд биш түүнээс бүүр өмнө хийгдсэн 10 гаруй жил болж байгаа асуудал. Гэрч Л.Оюунгэрэлээс хуурамч баримт бүрдүүлж өгсөн болох нь мэдүүлгээр нотлогдож байна. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж тайлбарлаж байна.

Зохигчид ажлын байр түрээслүүлэх гэрээний дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах О дэлгүүрийн барилгад байрлах ажлын байрыг хариуцагч нь 2002 оноос хойш түрээслэн ажиллуулдаг байсан бөгөөд ажлын байрны засварыг 2015 оны 9 дүгээр сард өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн үйл ажиллагаагаа явуулж байсан болох нь хариуцагчийн тайлбар, гэрч Т.Түмэнбаярын мэдүүлгээр нотлогдож байна.

Хариуцагч Б.Х засварын ажлын хөлсөнд 2 000 000 төгрөг төлсөн. Энэ нь битүү байсан өрөөнд хаалга, цонх гаргах, агуулах байсан өрөөг засварлаж ажлын өрөө бэлдсэн тул материалын зардалд 3 071 100 төгрөг төлсөн гэж тайлбарладаг.

Хаалга, цонх гаргаж засварын ажил хийсэн болох нь зохигчдын тайлбар, мэдүүлгээр болон хэрэгт авагдсан гэрэл зураг, гэрч Т.Түмэнбаярын мэдүүлгээр нотлогдож байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ажлын хөлсний 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгч “М” ХХК-иас гаргуулан хариуцагч Б.Хд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас барилгын материалын зардал 3 071 100 төгрөгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Гэрч Л.Оюунгэрэлийн ...миний шавь Б.Х манайхаар вакум хаалга хийлгэж байсан. Зарлагын баримт хэрэгтэй гэхээр нь гарын үсэг зурсан ЭПО ХХК-ний хоосон зарлагын баримтыг өгсөн. Манайх барилгын материалын дэлгүүр ажиллуулахаа больсон гэх мэдүүлгээр нотлох баримтаар ирүүлсэн зарлагын баримт няцаагдаж байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас барилгын материалын зардал 3 071 100 төгрөгийг  хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй.

Иймд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хэсэгчилэн хангагдсан хэмжээгээр харилцан тооцож нэхэмжлэгч “М” ХХК-иас нийт 1 852 333.34 төгрөг гаргуулан хариуцагч Б.Хд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 630 533.34 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3 071 100 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт зохигчдын урьдчилан төлсөн 23 227 төгрөг, 96 100 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогО хэвээр үлдээж, хариуцагч Б.Хэс 5 080 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д, нэхэмжлэгч “М” ХХК-иас 44 587.33 төгрөг гаргуулан хариуцагч Б.Хд олгохоор заалаа.  

Сонгогдсон иргэдийн төлөөлөгч Н.Оюунтунгалаг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй боловч хэргийн зохигчид түүний эзгүйд хурлыг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгч Н.Оюунтунгалагийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 492 дугаар зүйлийн 492.1.1, 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-иас нийт 1 852 333.34 төгрөг гаргуулан хариуцагч Б.Хд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 630 533.34 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3 071 100 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар зохигчдын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23 227 төгрөг, 96 100 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Хэс 5 080 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д, нэхэмжлэгч “М” ХХК-иас 44 587.33 төгрөг гаргуулан хариуцагч Б.Хд олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Л.АРИУНЦЭЦЭГ

                     ШҮҮГЧИД                                       Б.ХИШИГДАВАА

                                                                            Р.ҮҮРИЙНТУЯА