Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 139

 

“........” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.........д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/01209 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “........” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.........д холбогдох,

“Түрээсийн үлдэгдэл төлбөр 778.200 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ховор-Эрдэнийн түрээсийн байранд засвар хийсэн зардал 5.071.100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагч Б........., нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

Нэхэмжлэгч “........” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Б......... нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс “........” ХХК-ийн өмчлөлийн Од дэлгүүрийн барилгад түрээсийн гэрээгээр ажлын байр эзэмшиж байсан бөгөөд түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 778.200 төгрөгийг төлөхгүй байгаа юм байна. Иймд Б.........эс 778.200 төгрөг гаргуулж “........” ХХК-д олгуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б......... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Нэхэмжлэгч "“........” ХХК-аас Б......... надад холбогдуулан гаргасан 778.200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж дараах хариу тайлбарыг гаргаж байна. Би 2002 оноос эхлэн “........” ХХК-ийн Од" худалдааны төвийн зүүн урд жигүүрт талбай түрээслэн ажлын байр бий болгож хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах болсон. Энэ хугацаанд түрээсийн мөнгийг дор дор нь өгсөөр ирсэн. Гэтэл 2020 оны 06 дугаар сард гэнэт түрээслэгч биднийг хөөж гаргасан. Үүнээс болж бүгд ажлын байргүй болсон. Одоо ажлын байргүй, ажилгүй болсон учраас дээрх мөнгийг өгөх боломжгүй, зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б......... сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Б......... би 2002 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “........” ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сум, Урт булаг багт орших Од Худалдааны төвд ажлын байр түрээслэн Хэвлэл-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулан тогтвор суурьшилтайгаар ажилласаар ирсэн. Ингээд өөрийн үйл ажиллагааг өргөтгөх зорилгоор 2015 оны 9 дүгээр сард тус байгууллагын удирдлагуудтай тохиролцсоны үндсэн дээр худалдааны төвийн баруун хойно байрлах складны зориулалттай ашиглаж байсан ЗО м.кв талбай бүхий битүү өрөөг хогийг нь суллан цэвэрлэж Хэвлэлийн цех байгуулах зорилгоор засварлаж 64 см зузаан хана бүхий арматур төмрөөр хүчитгэсэн ханыг цөмлөн гаднаас орох хаалга ба шат 120 смх60 см хэмжээ бүхий вакум цонх зэргийг гаргаж дотор талбайг ажлын байраар ашиглах тохиромжтой байдлаар засварлан тохижуулсан. Ингээд би тус худалдааны төвд хоёр ажлын байртайгаар тогтвортой үйл ажиллагаа явуулсаар ирсэн бөгөөд түрээсийн төлбөрийг зохих ёсоор төлсөөр ирсэн. Гэтэл 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Энэ худалдааны төв зарагдсан. Та нар түрээслэн байгаа талбайгаа яаралтай суллаж өг гэж түрээслэгч биднийг гэнэт хөөснөөр бид ажлын байргүй болсон. Тухайн үед урд талын ажлын байр болон хойд талын өрөөнд байнгын үйл ажиллагааны чиглэлээр ажиллуулж байсан хүнд жинтэй овор бүхий үнэтэй төхөөрөмжүүдийг их хэмжээний зардал гарган өөр газарт аваачиж тавин хэвлэлийн үйл ажиллагаа үндсэндээ зогссон. Би цаашид энэ ажлын байруудад тогтвортой үйл ажиллагаа явуулах зорилготой байсан, их хэмжээний зардал хөрөнгө гарсан тул хохирлоо нэхэмжлэх зайлшгүй шаардлага гараад байна. Дээрх ажлын байруудыг засварлахад миний зүгээс дараах барилгын материалын болон ажиллах хүчний зардал гарсан. Иймд “........” ХХК-аас ажлын байрны талаар гарсан гэм хорын хохирол болох 5.071.100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

“........” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.........д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь гэм хорын хохирол төлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргажээ. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд тайлбар гаргаж байна.Үүнд:

“........” ХХК нь Б.Ховор-Эрдэнийн эд хөрөнгөд гэм хорын хохирол учруулаагүй. Б......... нь “........” ХХК-ийн өмчлөлийн байранд хэвлэлийн цех ажиллуулахаар түрээсийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Уг түрээсийн байранд бага зэргийн урсгал засвараа хийгээд л ажиллаж байсан.

 

“........” ХХК-ийн өмчлөлийн байранд хана цоолж хаалга гаргаж засвар хийх талаар бид тохиролцоогүй байсан. Гэтэл гэнэт гадна талд хаалга гаргачихсан байсан бөгөөд угаасаа дотроосоо ордог хаалга байхад дураараа авирлаж хаалга гаргасан байсныг мэдээд хэрүүл маргаан үүссэн боловч нэгэнт хаалга хийгдчихсэн эргэж янзлах боломжгүй болсон учраас арга буюу орхижээ. Энэ хаалга хийсэн явдал 2015 он биш түүнээс бүүр өмнө хийгдсэн бараг 10 гаруй жил болсон юм байна. Тийм учраас түүний сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/01209 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 492 дугаар зүйлийн 492.1.1, 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар нэхэмжлэгч “........” ХХК-аас нийт 1.852.333.34 төгрөг гаргуулан хариуцагч Б.........д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 630.533.34 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3.071.100 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар зохигчдын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23.227 төгрөг, 96.100 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.........эс 5.080 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ““........” ХХК”-д, нэхэмжлэгч “........” ХХК-аас 44.587.33 төгрөг гаргуулан хариуцагч Б.........д олгосугай.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч Б......... нь түрээсийн төлбөрийг ямар нэг шалтгаан заалгүй төлөхгүй, харин би хохирсон хохирол нэхэмжилсэн болохоос түрээсийн төлбөр бүрэн төлсөн тухай ямар нэгэн тайлбар, нотлох баримт гаргаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг багасгасан.

Хариуцагч Б......... нь хуурамч нотлох баримт бүрдүүлсэн нь шүүх хуралдааны үед гэрчийн мэдүүлгээр нотлогдож 3.700.000 төгрөгийг хассан нь зөв боловч засварын ажлын хөлсөнд 2.000.000 төгрөг төлсөн гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу. Хариуцагч Б......... бүргэд хаалга, вакум цонхоо авч явсан, доторх вакум хаалтыг худалдан авагч талд үлдээсэн гэх тайлбарыг шүүх хурал дээр ярьсан бөгөөд нэгэнт хуурамч нотлох баримт үйлдсэн нь тогтоогдож байхад тэрхүү хуурамч баримтыг үндэслээд уг баримтад дурдсан материалуудаар засвар хийсэн гэсэн дүгнэлтийг шүүх хийсэн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл засварын ажлын хөлсөнд 2.000.000 төгрөг төлсөн гэсэн баримт, гэрчийн мэдүүлэгч хуурамч байх магадлалтай.

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б......... шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/01209 дугаартай шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг зөрчөөгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж хариуцагч бөгөөд сөрөг нэхэмжлэгч би үзэж байна.

“........” ХХК-д 2002 оноос хойш тасралтгүй түрээслэн ажиллахдаа тухай бүр нь түрээсийн төлбөрөө төлсөөр ирсэн. Бүтэн 18 жил түрээс төлж ирэхдээ 1 сар ч амарч, өнжиж байгаагүй найдвартай түрээслэгч нь байсаар ирсэн. Гэтэл тус компани гэрээгээ зөрчин 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хөөгдөн гарсан тул үлдэгдэл түрээсийг өгөх үндэслэлгүй гэж үзэж байгаа.

Намайг хуурамч нотлох баримт бүрдүүлсэн нь гэрчийн мэдүүлгээр нотлогдсон гэжээ. Гэрч Оюунгэрэл тухайн баримтыг өөрөө бичиж өгсөн бөгөөд харин ч би өөрийнх нь хүссэнээр гэрчийн оршин байгаа хаягийг нэхэмжлэгчийн төлөөлөгчид хэлж өгсөн бөгөөд тэрээр шүүх хуралдаан болохоос өмнө очиж уулзсан байна лээ. Гэтэл шүүх хуралдаан болох өдөр гэрч сандарсан байдалтай ирсэн. Энэ утгаар нь би нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс гэрчид зохих хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж байгаа. Үүнээс болж миний сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3.700.000 төгрөг хасагдсан. Хэргийн материал дотор ханыг цөмлөсөн, засвар хийсэн болох нь нотлогдсоор байтал гэрчийн үгийг мөн үгүйсгэсэн гомдолдоо “ 2.000.000 төгрөгийг ханган шийдвэрлэсэн нь буруу” гэжээ. Гэтэл энэ засварын ажил нь 2015 оны 09 сард хийгдсэн болох нь гэрэл зураг болон бусад баримтаар нотлогдож байгаа. Намайг бүргэд хаалга, вакум цонх, хаалтаа өөрөө явсан гэж нэхэмжлэгч тал хэлээд байгаа нь уг байранд намайг засвар хийсэн, засвартай холбоотой дээрх зардлууд гарсан болохыг давхар нотолж байна.

Харин би “Од” худалдааны төвөөс гарахдаа хаалга, цонх, хаалт, болон бусад зүйлээ авч яваагүй болно. Одоо байгаа Бозоолой гэх дэлгүүрийн засварыг эхлүүлж байсан хүмүүс түлхүүрийг минь надаас аваад тэр цагаас хойш би уг объект руу нэвтэрч ороогүй. Надад тэднийг авч явах боломж ч байгаагүй. Одоог хүртэл би үндсэн ажлын байргүй байна. Тоног төхөөрөмжүүд минь хашаанд хучаастай байгаа.

Гэрч Оюунгэрэл баримтыг өөрөө бичиж өгсөн бөгөөд түүнтэй нэхэмжлэгчийн төлөөлөгч уулзсан болох нь гэрчид ямар нэгэн байдлаар нөлөөлсөн, хуульд гэрчтэй урьдчилан уулзаж болох эсэх талаар би мэдэхгүй байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/01209 дугаартай шийдвэр нь үндэслэлтэй гэж миний зүгээс үзэж байгаа. Харин нэгэнт нэхэмжлэгчийн төлөөлөгч гомдол гаргасан тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166-р зүйлийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд хянан үзэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх хуулийн шаардлагыг хангаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “........” ХХК нь хариуцагч Б.........эс түрээсийн төлбөр 778.200 төгрөг гаргуулах тухай, хариуцагч Б......... нь түрээсийн байранд засвар хийсэн зардал 5.071.100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан ба зохигчид шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч “........” ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Од дэлгүүрийн байранд байрлах 34 м2 талбайтай ажлын байранд сард 187.000 төгрөгөөр, хойд өрөөг сард 150.000 төгрөгөөр түрээслэхээр хариуцагч Б.........тэй ажлын байр түрээслэх гэрээ байгуулж, хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан ба 2019 оны 06 дугаар сар хүртэл ажилласан 2019 оны 1 дүгээр сараас 6 сар хүртэл түрээсийн төлбөрөө төлөөгүй зэрэг нь хэрэгт үйл баримт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх нотлох баримтаар ирүүлсэн түрээсийн тооцооноос хариуцагч Б......... нь  5 дугаар сард 57.800 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр  89.866.66 төгрөг нийт 147.666 төгрөгийн түрээсийн үлдэгдэлтэй байна гэсэн дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.  

Хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд авагдсан нэхэмжлэгч “........” ХХК-наас гаргаж өгсөн түрээсийн тооцоо гэсэн баримтаар хариуцагч Б......... нь түрээсийн төлбөрт 2020 оны 01 дүгээр сараас 5 сарын түрээсийн төлбөрт  төлөх төлбөрөөс нийт 778.200 төгрөгийг төлөөгүй байх бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д зааснаар түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ гэж заасны дагуу хариуцагч Б......... нь 778.200 төгрөг төлөх үүрэгтэй. Хариуцагч Б......... нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж буй боловч өөрийн татгалзлаа нотлох, шаардлагыг үгүйсгэх нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй байна. Хэдийгээр зохигчдын хооронд хийгдсэн ажлын байр түрээслэх гэрээ нь түрээсийн гэрээнд тавигдах хуулийн шаардлагыг хангахгүй байгаа ч  Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1.-д заасан “...эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүрэг тус тус хүлээнэ”гэж заасны дагуу эд хөрөнгө хөлслөх гэрээний шинжийг агуулсан гэж үзэж, Иргэний хуулийн 287.1., 318.4.-д заасны дагуу 2020 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэл хугацаанд эд хөрөнгийг эзэмшиж, ашиглан үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч “........” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр хариуцагч Б.........эр төлүүлэхээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Харин шүүх Б.Ховор-Эрдэнийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлага, сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг харилцан тооцож, хариуцагчаас 1.221.800 төгрөг гаргуулсан болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/01209 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтанд “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 492 дугаар зүйлийн 492.1.1, 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар нэхэмжлэгч “........” ХХК-наас нийт 1.852.333.34 төгрөг гаргуулан хариуцагч Б.........д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 630.533.34 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3.071.100 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1., 288 дугаар зүйлийн 288.1.1., 288.1.2., 292 дугаар зүйлийн 292.2., 318.4.-т зааснаар нэхэмжлэгч “........” ХХК-наас нийт 1.221.800 төгрөг гаргуулж хариуцагч Б.........д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3.071.000 төгрөг хэрэгсэхгүй болгосугай...” гэж

Шийдвэрийн 2 дахь заалтанд “...зохигчдын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23.227 төгрөг, 96.100 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.........эс 5.080 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “........” ХХК”-д, нэхэмжлэгч “........” ХХК-наас 44.587.33 төгрөг гаргуулан хариуцагч Б.........д олгосугай...” гэснийг “...хариуцагч Б.........эс 23.226 төгрөг гаргуулж “........” ХХК-нд олгож, нэхэмжлэгч “........” ХХК-наас 46.950 төгрөг гаргуулж хариуцагч Б.........д олгосугай...” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид “........” ХХК-нийн төлсөн 44.587 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                            С.УРАНЧИМЭГ