Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2020/01216

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Ж нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Л-д холбогдох,

1 963 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 3 547 800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Ж, хариуцагч Д.Л, гэрч С.Э, С.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хулс төвийн Лхамхүү, Унартай ахмадын нийтийн цэнгээнт бүжиг, сургалтыг сарын 800 000 төгрөгөөр тохирч барьцаа 1 000 000 төгрөг өгч гэрээ хийсэн. 2019 оны 06 дугаар сард бүжгийн заалны шал муудсан байсан учир цоорсон пакетийг сольж шинээр пилта авч ажлын хөлс 1 000 000 төгрөгөөр наалгасан. 2020 оны 06 дугаар сар дуустал ажиллахаар 3 550 000 төгрөг зардал түрээслэгч би өөрөө гаргаж пилта сольсон. Тэгтэл 2020 оны 01 дүгээр сараас корона гарч үйл ажиллагаа зогссон. Тэгээд 7 дугаар сараас ажиллаж байтал 8 дугаар сард 2 хоногийн дотор гар өөр хүмүүст өндөр үнээр түрээслэх боллоо гээд хөөж гаргасан. Ийм учир “Хулс” төвийн Л эхнэр Унараас барьцааны мөнгөний үлдэгдэл 700 000 төгрөг пилта, ажлын хөлс 1 000 000 төгрөг, ажилласан сарын дутуу 10 хоног 263 000 төгрөг нийт 1 963 000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Д.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн С.Жтай анх 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Хулс төвийн 2 дугаар давхарт 180 мкв талбайг Ахмадын бүжгийн кпубын зориулалтаар ашиглахаар гэрээ байгуулж 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Ингэж үйл ажиллагаа явуулж эхлэх үедээ С.Жы зүгээс “хүйтэн байна” гэсний дагуу манайх гэрээний үүргээ биелүүлж, паар буюу дулааны магистралыг сольж, цонх, хаалга, 00-ийн өрөөг бүрэн засварлаж хүлээлгэн өгч миний зүгээс бидний хооронд байгуулагдсан гэрээний 1.3-т заасан үүргээ биелүүлж, улмаар гэрээнд заасан үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн. Энэ үед шалтны паркет нь бүтэн байсан ба эвдрэл, гэмтэлтэй тухайд асуудал яригдаагүй үйл ажиллагаа явуулж байсан. Үүнээс хойш 6 сарын дараа шалны паркет муудсан гэхээр нь очиж харахад бүжгийн үйл ажиллагаа нь эмэгтэй хүний өндөр өсгийтэй гутал, эрчүүдийн хатуу ултай гуталд цоорч, муудсан байсан. Нэгэнт паркет муудсан тул солих шаардлагатай болж С.Жтай уулзаж, улмаар миний эхнэр Уранбилэг, Жаргалсайханы кассчин Энхдорж нарын хамт байлцаж паркетан шалыг плитагаар солихоор болж, улмаар плитаны үнийг С.Ж гаргаж, миний хувьд плита наах цавууг хариуцаж авч өгөх, тус ажлын хөлсийг С.Ж өөрөө гаргаж хийлгэхээр болсон. Үүнийг түүнийг кассчин Энхдорж, миний эхнэр Унар мэднэ. Нэгэнт С.Ж плитаны үнийг гаргаж байгаа учраас миний хувьд түрээсийн төлбөрийг 4 сарын хугацаанд авахгүйгээр плитаны үнэнд тооцохоор тохиролцож, улмаар миний тооцоо хийдэг дэвтэрт тооцоогоо бичиж гарын үсгээ С.Ж өөрөө зурсан. Хуучин паркетан шалыг плитагаар сольсоны дараа зарим паркет ашиглаж болохоор байсныг С.Ж өөрөө аваад явсан. Уг ажлыг 2-3 хоногт хийж дуусгаад 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэхэд үйл ажиллагаа нь хэвийн явагдаж эхэлсэн. Миний хувьд плита наах цавууг 783 000 төгрөгөөр авч өгөх, 4 сарын /2019 оны 06 дугаар 2019 оны 10 сар хүртлэх/ хугацаанд түрээсийн төлбөрийг буюу 3 200 000 төгрөгийг пилтаны үнэнд тооцож, төлбөр авахгүй байхаар тохиролцсоны дагуу төлбөр аваагүй. 2020 оны 01 дүгээр сараас ковид-19 өвчин гарсан ба С.Ж үйл ажиллагаа явуулаагүй гээд 2020 оны 02 дугаар сараас эхлээд 2020 оны 06 дугаар сарыг хүртэл 4 сарын хугацаанд гэрээнд заасан түрээсийн төлбөрийг төлөөгүй /уг төлбөрийг ковид-19-тэй холбогдуулан хойшлуулсан байсан/ ба уг төлбөрт нь дулааны төлбөр багтсан байхаар гэрээнд заасан. Бидний хооронд байгуулсан гэрээний 1.4-т заасны дагуу С.Ж үүргээ биелүүлээгүй өдийг хүрч байна. Бидний хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2020 оны 06 дугаар сарын 20-нд дууссан ба уг хугацааг дуусах үед миний зүгээс сунгахгүй гэдэг саналаа С.Жд хэлж, С.Ж ч өөрөө ашиг муутай, хүмүүс ирэхгүй байна, танайх өөр хүн хайж байгаарай, гэхдээ бүжиг оруулж болохгүй, өөр чиглэлээр түрээслэх хүн байвал оруулаарай гээд дараагийн түрээслэгч олдтол хэсэгтээ өмнөх гэрээнийхээ дагуу үйл ажиллагаа явуулж байхаар тохиролцсон. Үүний дагуу миний бие 2020 оны 08 дугаар сарын 05-нд Жаргалсайхан болон Энхдорж нарыг өөрөөндөө дуудаад “түрээслэх хүн олдлоо” гэж хэлж, улмаар С.Ж 2020 оны 09 дүгээр сарын 05 гэхэд суллаж өгөхийг зөвшөөрсөн. Энэ үед нь би 00-ийг хаалга эвдэрсэн, 00-ийн бочкины таг алга болсон байна, бүжгийн заалны вакум хаалганы цоож нь эвдэрсэн, бариул нь хугарсан байгаа тул сольж, засаж өгөөрэй, боломжгүй бол чиний барьцааны мөнгөний үлдэгдлээс би гаргаад засаж болно шүү гэж хэлж байсан. Ингээд 2020 оны 09 дүгээр сарын 04-ний хооронд хамгийн сүүлийнхээ төхөөрөмжийг зөөж миний талбайг суллаж өгсөн ба энэ нь манай хяналтын камерын бичлэгт хадгалагдаж байна. Энэ үедээ эвдэрсэн зүйлсийг солиогүй, засаагүй гараад явсан болно. С.Ж нь бүжгийн үйл ажиллагаагаа 2020 оны 07 дугаар сараас эхлэн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 2 сар тасралтгүй явуулсан. С.Ж 2020 оны 01 дүгээр сард түрээсийн төлбөрөө бүрэн төлж чадахгүй байсан тул бэлнээр 500 000 төгрөгийг төлж, барьцааны мөнгө болох 1 000 000 төгрөгнөөс 300 000 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцож авахыг зөвшөөрсөн тул барьцааны мөнгөөс нь 300 000 төгрөгийг хасч түрээсийн төлбөрт авсан. Мөн 2019 оны 07 дугаар сард манай Хулс төвийн 0 давхарт байрлах заалыг өөрөө эхний ээлжинд 500 000 төгрөгөөр 1 сар ашиглаж караокены зориулалтаар дараагийн түрээслэгч иртэл ажиллуулж үзэхийг хүссэн ба мөнгөгүй байгаа тул барьцаа 1 000 000 төгрөгөөс суутгуулъя гэсний дагуу 1 сарын хугацаанд тус талбайг түрээслэн барьцаа мөнгөнөөсөө 500 000 төгрөгийг суутгуулж ашигласан. Тэгтэл архидалт их болоод зодоон цохион гараад, мөн хүн их ирэхгүй, ашиггүй байна гэхээр нь бид тохиролцоод 1 сар ажилуулаад өөрийн хүсэлтээрээ тус заалыг чөлөөлж буцааж хүлээлгэж өгсөн. Ийнхүү барьцааны мөнгөнөөс нь бүжгийн талбайн үлдэгдэл түрээсэнд 300 000 төгрөгийг 1 удаа, караокены заалны 500 000 төгрөгийг 1 удаа суутгуулж, барьцаа мөнгө нь 200 000 төгрөг үлдсэн. Одоо энэ үлдэгдэл төлбөрийг өгч болох боловч бүжгийн талбайн 2020 оны 08 дугаар сараас 9 дүгээр сарын 04-ний өдрийн хоорондох цахилгааны мөнгө, усны мөнгө нийт 62 800 төгрөгний үлдэгдэл, эвдэрсэн эд зүйлсийг засах, солих үүргээ С.Ж биелүүлэхгүй орхиод явсан байгаа тул уг зардалд суутгаж авна. Мөн С.Ж нь нэхэмжлэлдээ ажилласан сарын дутуу хоног гэж 10 хоногийн түрээсийн төлбөр 263 000 төгрөгийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие 1 сарын өмнө түрээсийн талбайг суллаж өгөхийг мэдэгдсэн, үүний дагуу Жаргалсайхан 2020 оны 09 дүгээр сарын 04-нд суллаж, түлхүүрээ хүлээлгэж өгч, улмаар миний бие дараагийн түрээслэгчийг оруулсан болно. Иймээс 2020 оны 08 дугаар сараас 09 дүгээр сарын түрээсийн зарим хэсгийг буцаан өгөх үндэслэлгүй тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Д.Л шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн С.Жтай анх 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Хулс төвийн 2 дугаар давхарт 180 мкв талбайг Ахмадын бүжгийн клубын зориулалтаар ашиглахаар гэрээ байгуулж 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Ингэж үйл ажиллагаа явуулж эхлэх үедээ С.Жы зүгээс “хүйтэн байна” гэсний манай зүгээс гэрээний үүргээ биелүүлж, паар буюу дулааны магистралыг сольж, цонх, хаалга, 00-ийн өрөөг бүрэн засварлаж хүлээлгэн өгч миний зүгээс бидний хооронд байгуулагдсан гэрээний 1.3-т заасан үүргээ биелүүлж, улмаар гэрээнд заасан үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн. Энэ үед шалтны паркет нь бүтэн байсан ба эвдрэл, гэмтэлтэй тухайд асуудал яригдаагүй үйл ажиллагаа явуулж байсан. 2020 оны 01 дүгээр сараас ковид-19 өвчин гарсан ба С.Ж үйл ажиллагаа явуулаагүй гээд 2020 оны 02 дугаар сараас эхлээд 2020 оны 05 дугаар сарыг хүртэл 4 сарын хугацаанд гэрээнд заасан түрээс төлөөгүй ба уг төлбөрт нь дулааны төлбөр багтсан байхаар гэрээнд заасан. Бидний хооронд байгуулсан гэрээний 1.4-т заасны дагуу С.Ж үүргээ биелүүлээгүй өдийг хүрч байна. 2020 оны 09 дүгээр 04-ний өдөр хамгийн сүүлийнхээ төхөөрөмжийг зөөж миний талбайг суллаж өгсөн. Ингэж түлхүүр хүлээлгэн өгөхдөө 2020 оны 08 дугаар сараас 9 дүгээр сарын 04-ний өдрийн хоорондох цахилгааны мөнгө, усны мөнгө нийт 62 800 төгрөгний үлдэгдэл, эвдэрсэн эд зүйлсийг засах, солих, 2020 оны 02 дугаар сараас 06 дугаар сар хүртлэх 4 сарын хугацааны түрээсийн төлбөр төлөх үүргээ үүргээ С.Ж биелүүлэхгүй орхиод явсан. Иймээс С.Жаас бүжгийн талбай түрээсийн төлбөрт 2020 оны 02 дугаар сараас 06 дугаар хүртлэх 4 сарын сар бүрийн 800 000 төгрөгөөр тооцож, нийт 3 200 000 төгрөг, 2020 оны 08 дугаар сараас 09 дүгээр сарын хоорондох ус, цахилгааны мөнгө 62 800 төгрөг, 00-ийн өрөөний хаалганы үнэ 80 000 төгрөг, 00-ийн бочкины таг нь олдохгүй байгаа тул бочки бүтнээр нь солих үнэ 150 000 төгрөг, бүжгийн талбайн хаалганы цоож, бариулны үнэ 55 000 төгрөг нийт 3 547 800 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.

Нэхэмжлэгч С.Ж сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Дашийн Лгийн шаардлагатай нийцэхгүй байна. Тог, усны мөнгөө төлсөн. /10 хоног үлдсэн/ 00-ийн бочкины таг, анх биднийг ороход байхгүй байсан. Хаалганы бариул хос 20 төгрөг дэлгүүрт байдаг. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас, хорио цээрийн дэглэм тогтоосон үед, аж ахуй нэгж компанид улс нөхөн олговор олгосон байга. Дээр нь бидэнд гэрээ хийж түрээслүүлсэн талбайг гэрээнд дүрэм зөрчиж сонгуулийн штаб ухуулах байр болгож мөнгө завшсан. Ийм учир дахин мөнгө өгч чадахгүй. Барьцаалуулсан мөнгөө нэхэмжилсэн мөнгөн дүнтэйгээ гаргуулж авъя. Маш хохирсон. Ядаж нэхэмжилсэн мөнгөө гаргуулах хүсэлтэй байна гэв.

 Шүүх зохигчдын тайлбар болон гэрчүүдийн мэдүүлэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Ж нь хариуцагч Д.Лд холбогдуулан барьцааны мөнгөний үлдэгдэл 700 000 төгрөг, плита наасан ажлын хөлс 1 000 000 төгрөг, дутуу ажилласан 10 хоногийн мөнгө 263 000 төгрөг нийт 1 963 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Д.Л нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцэж байх ба  бүжгийн талбайн түрээсийн төлбөрт /2020 оны 02 дугаар сараас 06 дугаар хүртлэх 4 сарын сар бүрийн 800 000 төгрөгөөр тооцож/ 3 200 000 төгрөг, 2020 оны 08 дугаар сараас 09 дүгээр сарын хоорондох ус, цахилгааны төлбөр 62 800 төгрөг, ариун цэврийн өрөөний хаалганы үнэ 80 000 төгрөг, ариун цэврийн бочкины таг нь олдохгүй байгаа тул бочки бүтнээр нь солих үнэ 150 000 төгрөг, бүжгийн талбайн хаалганы цоож, бариулны үнэ 55 000 төгрөг нийт 3 547 800 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

Нэг: Үндсэн нэхэмжлэлийн талаар.

Нэхэмжлэгч С.Ж нь хариуцагч Д.Лгийн өмчлөлийн Хулс төвийн хоёрдугаар давхарт байрлах бүжгийн талбайг анх 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаатай, сард 1 000 000 төгрөгийн төлбөртэй байхаар түрээслэсэн бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаатай, сард 800 000 төгрөг байхаар талбай түрээслэх тухай гэрээ байгуулсан байна.

Гэрээ байгуулахдаа барьцааны төлбөр болгож 1 000 000 төгрөгийг хариуцагч Д.Лд өгсөн бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөрөөс 300 000 төгрөгийг дутуу төлсөн тул барьцааны мөнгөнөөс суутгуулж 700 000 төгрөг үлдсэн, бүжгийн талбайн паркетан шал шаардлага хангахгүй байсан тул пилтан шалаар солих болсон. Пилтаг өөрөө авч түүний ажлын хөлсөнд 1 000 000 төгрөг төлсөн. 2020 оны нэгдүгээр сараас ковид-19 өвчин гарсан тул 6 сарын 25-ны өдөр хүртэл бүтэн ажиллаагүй. 8 дугаар сарын 10-нд түрээсийн төлбөр төлсөн атал бүтэн ажиллуулахгүй гаргасан тул 10 хоног дутуу ажилласан төлбөрт 263 000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэгч С.Ж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч Д.Л нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Манай бүжгийн талбайг С.Ж нь 2018 оны 12 дугаар сараас түрээслэж байсан бөгөөд анх 1 000 000 төгрөгөөр тохирсон байсныг 800 000 төгрөг болгож бууруулсан ба ковед-19 өвчин гарсантай холбогдуулан сүүлд 700 000 төгрөг хүртэл болгож бууруулсан. 1 000 000 төгрөгийн барьцааны мөнгөнөөс 2020 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөрийн дутуу 300 000 төгрөг, 2019 оны 07 дугаар сард манай 0 давхарт байрлах өрөөг караокены зориулалтаар түрээслэх болсон бөгөөд төлбөрт 500 000 төгрөгийг тус тус суутгуулж 200 000 төгрөг үлдсэн байгаа. Гэхдээ эд зүйл эвдсэн учир уг мөнгөнөөс нь суутган тооцно. Шалны асуудлаар бид харилцан тохирч пилтаны цавууг би авч өгсөн. Харин пилтаг өөрөө авахаар болж түрээсийн 4 сарын төлбөрт тооцуулсан. Ажлын хөлсийг гэрээнд заасны дагуу С.Ж урсгал засвар хийх үүргийн дагуу гүйцэтгэсэн. Түрээсийн төлбөр сар бүр 800 000 төгрөг байхаар тохирч төлбөрийг тухайн сарын 10-ны өдрөөс хэтрүүлэлгүй төлөхөөр тохирсны дагуу л төлбөрөө төлсөн. Дутуу ашигласан хоног байхгүй, гэрээний хугацаа 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр дууссан харин ч 9 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл байсан гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж,

Мөн хуулийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан байна.

Талуудын хооронд байгуулсан талбай түрээслэх тухай гэрээ нь хуулийн дээрхи заалтыг зөрчсөн байх тул хүчин төгөлдөр бус гэрээ байна.

Гэхдээ нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл /коронавирус цар тахалын үед ажиллаагүй хугацааг тооцохгүйгээр/ Хулс төвд бүжгийн үйл ажиллагааг явуулж байсан тул энэ хугацааны хэлэлцэн тохирсон төлбөрийг хариуцан төлөх үүрэгтэй бөгөөд ажиллаж байсан хугацааны төлбөрөө бүрэн төлсөн гэж үзнэ.

Харин С.Ж нь бүтэн жил ажиллах гэрээний дагуу тогтвортой үйл ажиллагаа явуулна гэж пилтан шалыг өөрийн хүч хөдөлмөрөөр засварласан боловч цар тахал гарсантай холбоотой 5 сар үйл ажиллагаа явуулаагүй. Бүжгийн үйл ажиллагааг хэвийн явуулахад паркетан шалны доголдол нөлөөлсөн тул аргагүйн эрхэнд шалыг пилта болгож өөрчилсөн, уг шал нь Хулс төвд үлдэж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчээс гарсан нийт зардал болох 3 550 000 төгрөг /2 550 000 төгрөгөөр пилта худалдаж авсан, 1 000 000 төгрөгийн ажлын хөлс/-өөс түрээсийн төлбөрт тооцсон 3 200 000 төгрөгийг хасч, үлдэх 350 000 төгрөгөөс үйл ажиллагаа явуулаагүй 5 сард ногдох 145 830 төгрөгийг хариуцагч Д.Лгээс гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.    

Барьцаа 1 000 000 төгрөг байршуулсан, 2020 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөрийн дутуу 300 000 төгрөгийг суутгасан эсэх талаар талууд маргаагүй, үлдэгдэл төлбөрийн талаар маргаж байгаа бөгөөд 2019 оны 07 дугаар сард караокены үйл ажиллагаа эрхлэхээр Хулс төвийн 0 давхарын өрөөг сард 500 000 төгрөгөөр түрээслэсэн тул төлбөрийг уг мөнгөнөөс тооцон суутгасан талаар хариуцагч Д.Л болон гэрч С.Унар мэдүүлдэг. Нэхэмжлэгч С.Ж болон гэрч С.Э нар нэг сар түрээсийн үйл ажиллагаа эрхлээгүй бөгөөд бичиг баримтын зөрчилтэй, тусгай зөвшөөрөлгүй, агааржуулалт муу, стандартын шаардлагад үл нийцсэн тул 10 хоног болоод гарсан гэж тайлбарладаг.

Хулс төвийн 0 давхарт өөрийн тоног төхөөрөмжөөр караоке ажиллуулах талаар нэхэмжлэгч С.Ж хүсэлт гаргаж, 2019 оны 07 дугаар сард ажиллуусан бөгөөд түүнийг хариуцагч Д.Л албадан ажиллуулаагүй бөгөөд зөвшөөрөл байгаа эсэхийг хянах, караокены стандартад нийцэж байгаа эсэхэд дүгнэлт хийх боломжтой байсан түүний бизнесийн үйл ажиллагааны эрсдэл хариуцагч Д.Лд хамааралгүй тул барьцаа мөнгөний үлдэгдэл 200 000 төгрөгийг хариуцагч Д.Лгээс гаргуулах нь зүйтэй байна.

Зохигчид бүжгийн талбайн түрээсийн төлбөрийг сард 800 000 төгрөг байхаар тохирсон бөгөөд төлбөрөө сар бүрийн 10-ны өдрийн дотор төлдөг гэсэн тайлбар, гэрч С.Уийн мэдүүлгээр нотлогдож байна. Нэхэмжлэгч С.Ж 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн төлбөр төлсөн нь 08 дугаар сарын төлбөр төлсөн гэж үзнэ.

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 345 830 төгрөг /200 000+145 830/-ийг хангаж,  1 617 170 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хоёр: Сөрөг нэхэмжлэлийн талаар.

Хариуцагч Д.Л нь нэхэмжлэгч С.Жд холбогдуулан 2020 оны 02 дугаар сараас 06 дугаар сар хүртлэх 4 сарын бүжгийн талбайн түрээсийн төлбөрт 3 200 000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын ус, цахилгааны төлбөрт 62 800 төгрөг, ариун цэврийн өрөөний хаалганы үнэ 80 000 төгрөг, ариун цэврийн бочкины таг нь олдохгүй байгаа тул бочки бүтнээр нь солих үнэ 150 000 төгрөг, бүжгийн талбайн хаалганы цоож, бариулны үнэ 55 000 төгрөг нийт 3 547 800 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч С.Ж үйл ажиллагаа явуулаагүй тул 4 сарын төлбөр 3 200 000 төгрөг төлөх үндэслэлгүй, ус, цахилгааны төлбөрийг цаг тухай бүрт төлдөг тул төлөх төлбөргүй, ариун цэврийн өрөөний хаалга эвдлээгүй тул хуулга наах боломжтой, бүжгийн өрөөний хаалганы бариулын зах зээлийн үнэ 15 000-20 000 төгрөг байдаг тул сольж өгөх боломжтой, харин суултуур анхнаасаа таггүй байсан тул хариуцан төлөх үүрэггүй гэж тайлбарлаж байна.

Дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахал гарсантай холбогдуулан Монгол улсын хэмжээнд коронавируст халдвар /ковид-19/ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдсан бөгөөд уг тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хөл хорио тогтоож, үйлчилгээний байгууллагууд богиносгосон цагаар ажиллах, зарим байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох журам гарсан нь нийтэд илэрхий юм.

Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор бүжгийн үйл ажиллагаа 2020 оны 2 дугаар сараас 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл явагдаагүй байх тул 4 сарын түрээсийн төлбөр 3 200 000 төгрөгийг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Тодруулбал зохигчдын хооронд байгуулагдсан талбай түрээслэх тухай гэрээ хүчин төгөлдөр бус тул гэрээний 1.4 дэх заалтын дагуу шаардах эрхгүй гэж үзнэ.

Хариуцагч Д.Л, нэхэмжлэгч С.Ж нарын хооронд эд хөрөнгө хүлээлцсэн акт байхгүй, эд хөрөнгө ямар чанар байдалтай хүлээлгэж өгсөнийг хэрхэн яаж муутгасан болох нь холбогдох баримтаар нотлогдохгүй байх тул  ариун цэврийн өрөөний хаалганы үнэ 80 000 төгрөг, ариун цэврийн бочкины таг нь олдохгүй байгаа тул бочки бүтнээр нь солих үнэ 150 000 төгрөг, бүжгийн талбайн хаалганы цоож, бариулны үнэ 55 000 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгч С.Ж ариун цэврийн өрөөний хаалганы хуулга наах, бүжгийн талбайн хаалганы бариулыг сольж өгөхөд татгалзах зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан бөгөөд өөрийг нь үйл ажиллагаа явуулж байхад эдгээр эд зүйлс эвдэрч, муудсан талаар хүлээн зөвшөөрсөн тул дээрхи эд эд зүйлийг өөрийн хөрөнгөөр засан сайжруулах нь зүйтэй болохыг шүүхийн шийдвэрт дурдав.

Хулс төвд үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжтэй хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны төлбөр тооцоог дараа сард нь хийдэг талаархи талуудын тайлбар мэдүүлэг, эрх бүхий байгууллагаас ирүүлсэн нэхэмжлэх, С.Ж 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Хулс төвийн бүжгийн талбайг чөлөөлсөн тухай тайлбар мэдүүлгээс үндэслэн 2020 оны 08 дугаар сард хэрэглэсэн усны төлбөр болон цахилгааны төлбөр нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 62 800 төгрөгийг нэхэмжлэгч С.Ж хариуцан төлөх үндэслэлтэй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 62 800 төгрөгийг хангаж, 3 485 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг харилцан тооцож хариуцагч Д.Лгээс 283 030 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Жд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 1 617 170 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3 485 000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт зохигчдын урьдчилан төлсөн 46 358 төгрөг, 71 715 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Лгээс 11 025 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Жд олгож, нэхэмжлэгч С.Жаас 4 550 төгрөг гаргуулан хариуцагч Д.Лд олгохоор заалаа.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч Д.Лгээс 283 030 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Жд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 1 617 170 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3 485 000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар зохигчдын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46 358 төгрөг, 71 715 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Лгээс 11 025 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Жд, нэхэмжлэгч С.Жаас 4 550 төгрөг гаргуулан хариуцагч Д.Лд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.АРИУНЦЭЦЭГ