Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 131

 

С.........ы нэхэмжлэлтэй,

хариуцагч Д.........д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2020/01216 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.........ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.........д холбогдох,

“1.963.000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, “3.547.800 төгрөг “гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй  иргэний хэргийг,

Нэхэмжлэгч С.........ы гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С......... хариуцагч Д........., нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

Нэхэмжлэгч С......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

 Миний бие 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хулс төвийн ........, ........ нартай ахмадын нийтийн цэнгээнт бүжиг, сургалтыг сарын 800.000 төгрөгөөр тохирч барьцаа 1.000.000 төгрөг өгч гэрээ хийсэн. 2019 оны 06 дугаар сард бүжгийн заалны шал муудсан байсан учир цоорсон пакетийг сольж шинээр пилта авч ажлын хөлс 1.000.000 төгрөгөөр наалгасан. 2020 оны 06 дугаар сар дуустал ажиллахаар 3.550.000 төгрөг зардал түрээслэгч би өөрөө гаргаж пилта сольсон. Тэгтэл 2020 оны 01 дүгээр сараас корона гарч үйл ажиллагаа зогссон. Тэгээд 7 дугаар сараас ажиллаж байтал 8 дугаар сард 2 хоногийн дотор гар өөр хүмүүст өндөр үнээр түрээслэх боллоо гээд хөөж гаргасан. Ийм учир Хулс төвийн ........ эхнэр ........ нараас барьцааны мөнгөний үлдэгдэл 700 000 төгрөг пилта, ажлын хөлс 1 000 000 төгрөг, ажилласан сарын дутуу 10 хоног 263 000 төгрөг нийт 1.963.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д......... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Иргэн С.........тай анх 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Хулс төвийн 2 дугаар давхарт 180 мкв талбайг Ахмадын бүжгийн кпубын зориулалтаар ашиглахаар гэрээ байгуулж 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Ингэж үйл ажиллагаа явуулж эхлэх үедээ С.........ы зүгээс хүйтэн байна гэсний дагуу манайх гэрээний үүргээ биелүүлж, паар буюу дулааны магистралыг сольж, цонх, хаалга, 00-ийн өрөөг бүрэн засварлаж хүлээлгэн өгч миний зүгээс бидний хооронд байгуулагдсан гэрээний 1.3-т заасан үүргээ биелүүлж, улмаар гэрээнд заасан үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн. Энэ үед шалны паркет нь бүтэн байсан ба эвдрэл, гэмтэлтэй тухайд асуудал яригдаагүй үйл ажиллагаа явуулж байсан. Үүнээс хойш 6 сарын дараа шалны паркет муудсан гэхээр нь очиж харахад бүжгийн үйл ажиллагаа нь эмэгтэй хүний өндөр өсгийтэй гутал, эрчүүдийн хатуу ултай гуталд цоорч, муудсан байсан. Нэгэнт паркет муудсан тул солих шаардлагатай болж С.........тай уулзаж, улмаар миний эхнэр ........, ........ы кассчин Энхдорж нарын хамт байлцаж паркетан шалыг плитагаар солихоор болж, улмаар плитаны үнийг С......... гаргаж, миний хувьд плита наах цавууг хариуцаж авч өгөх, тус ажлын хөлсийг С......... өөрөө гаргаж хийлгэхээр болсон. Үүнийг түүнийг кассчин Энхдорж, миний эхнэр ........ нар мэднэ. Нэгэнт С......... плитаны үнийг гаргаж байгаа учраас миний хувьд түрээсийн төлбөрийг 4 сарын хугацаанд авахгүйгээр плитаны үнэнд тооцохоор тохиролцож, улмаар миний тооцоо хийдэг дэвтэрт тооцоогоо бичиж гарын үсгээ С......... өөрөө зурсан. Хуучин паркетан шалыг плитагаар сольсны дараа зарим паркет ашиглаж болохоор байсныг С......... өөрөө аваад явсан. Уг ажлыг 2-3 хоногт хийж дуусгаад 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэхэд үйл ажиллагаа нь хэвийн явагдаж эхэлсэн. Миний хувьд плита наах цавууг 783.000 төгрөгөөр авч өгөх, 4 сарын /2019 оны 06 дугаар 2019 оны 10 сар хүртэлх/ хугацаанд түрээсийн төлбөрийг буюу 3.200.000 төгрөгийг пилтаны үнэнд тооцож, төлбөр авахгүй байхаар тохиролцсоны дагуу төлбөр аваагүй. 2020 оны 01 дүгээр сараас ковид-19 өвчин гарсан ба С......... үйл ажиллагаа явуулаагүй гээд 2020 оны 02 дугаар сараас эхлээд 2020 оны 06 дугаар сарыг хүртэл 4 сарын хугацаанд гэрээнд заасан түрээсийн төлбөрийг төлөөгүй /уг төлбөрийг ковид-19-тэй холбогдуулан хойшлуулсан байсан/ ба уг төлбөрт нь дулааны төлбөр багтсан байхаар гэрээнд заасан. Бидний хооронд байгуулсан гэрээний 1.4-т заасны дагуу С......... үүргээ биелүүлээгүй өдийг хүрч байна. Бидний хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2020 оны 06 дугаар сарын 20-нд дууссан ба уг хугацааг дуусах үед миний зүгээс сунгахгүй гэдэг саналаа С.........д хэлж, С......... ч өөрөө ашиг муутай, хүмүүс ирэхгүй байна, танайх өөр хүн хайж байгаарай, гэхдээ бүжиг оруулж болохгүй, өөр чиглэлээр түрээслэх хүн байвал оруулаарай гээд дараагийн түрээслэгч олдтол хэсэгтээ өмнөх гэрээнийхээ дагуу үйл ажиллагаа явуулж байхаар тохиролцсон. Үүний дагуу миний бие 2020 оны 08 дугаар сарын 05-нд ........ болон Энхдорж нарыг өрөөндөө дуудаад түрээслэх хүн олдлоо гэж хэлж, улмаар С......... 2020 оны 09 дүгээр сарын 05 гэхэд суллаж өгөхийг зөвшөөрсөн. Энэ үед нь би 00-ийг хаалга эвдэрсэн, 00-ийн бочкины таг алга болсон байна, бүжгийн заалны вакум хаалганы цоож нь эвдэрсэн, бариул нь хугарсан байгаа тул сольж, засаж өгөөрэй, боломжгүй бол чиний барьцааны мөнгөний үлдэгдлээс би гаргаад засаж болно шүү гэж хэлж байсан. Ингээд 2020 оны 09 дүгээр сарын 04-ний хооронд хамгийн сүүлийнхээ төхөөрөмжийг зөөж миний талбайг суллаж өгсөн ба энэ нь манай хяналтын камерын бичлэгт хадгалагдаж байна. Энэ үедээ эвдэрсэн зүйлсийг солиогүй, засаагүй гараад явсан болно. С......... нь бүжгийн үйл ажиллагаагаа 2020 оны 07 дугаар сараас эхлэн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 2 сар тасралтгүй явуулсан. С......... 2020 оны 01 дүгээр сард түрээсийн төлбөрөө бүрэн төлж чадахгүй байсан тул бэлнээр 500.000 төгрөгийг төлж, барьцааны мөнгө болох 1.000.000 төгрөгнөөс 300.000 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцож авахыг зөвшөөрсөн тул барьцааны мөнгөнөөс нь 300.000 төгрөгийг хасч түрээсийн төлбөрт авсан. Мөн 2019 оны 07 дугаар сард манай Хулс төвийн 0 давхарт байрлах заалыг өөрөө эхний ээлжинд 500.000 төгрөгөөр 1 сар ашиглаж караокены зориулалтаар дараагийн түрээслэгч иртэл ажиллуулж үзэхийг хүссэн ба мөнгөгүй байгаа тул барьцаа 1.000.000 төгрөгөөс суутгуулъя гэсний дагуу 1 сарын хугацаанд тус талбайг түрээслэн барьцаа мөнгөнөөсөө 500.000 төгрөгийг суутгуулж ашигласан. Тэгтэл архидалт их болоод зодоон цохион гараад, мөн хүн их ирэхгүй, ашиггүй байна гэхээр нь бид тохиролцоод 1 сар ажиллуулаад өөрийн хүсэлтээрээ тус заалыг чөлөөлж буцааж хүлээлгэж өгсөн. Ийнхүү барьцааны мөнгөнөөс нь бүжгийн талбайн үлдэгдэл түрээсэнд 300.000 төгрөгийг 1 удаа, караокены заалны 500.000 төгрөгийг 1 удаа суутгуулж, барьцаа мөнгө нь 200.000 төгрөг үлдсэн. Одоо энэ үлдэгдэл төлбөрийг өгч болох боловч бүжгийн талбайн 2020 оны 08 дугаар сараас 9 дүгээр сарын 04-ний өдрийн хоорондох цахилгааны мөнгө, усны мөнгө нийт 62.800 төгрөгний үлдэгдэл, эвдэрсэн эд зүйлсийг засах, солих үүргээ С......... биелүүлэхгүй орхиод явсан байгаа тул уг зардалд суутгаж авна. Мөн С......... нь нэхэмжлэлдээ ажилласан сарын дутуу хоног гэж 10 хоногийн түрээсийн төлбөр 263.000 төгрөгийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие 1 сарын өмнө түрээсийн талбайг суллаж өгөхийг мэдэгдсэн, үүний дагуу ........ 2020 оны 09 дүгээр сарын 04-нд суллаж, түлхүүрээ хүлээлгэж өгч, улмаар миний бие дараагийн түрээслэгчийг оруулсан болно. Иймээс 2020 оны 08 дугаар сараас 09 дүгээр сарын түрээсийн зарим хэсгийг буцаан өгөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д......... шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Иргэн С.........тай анх 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Хулс төвийн 2 дугаар давхарт 180 мкв талбайг Ахмадын бүжгийн клубийн зориулалтаар ашиглахаар гэрээ байгуулж 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Ингэж үйл ажиллагаа явуулж эхлэх үедээ С.........ы зүгээс хүйтэн байна гэсний манай зүгээс гэрээний үүргээ биелүүлж, паар буюу дулааны магистралыг сольж, цонх, хаалга, 00-ийн өрөөг бүрэн засварлаж хүлээлгэн өгч миний зүгээс бидний хооронд байгуулагдсан гэрээний 1.3-т заасан үүргээ биелүүлж, улмаар гэрээнд заасан үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн. Энэ үед шалны паркет нь бүтэн байсан ба эвдрэл, гэмтэлтэй тухайд асуудал яригдаагүй үйл ажиллагаа явуулж байсан. 2020 оны 01 дүгээр сараас ковид-19 өвчин гарсан ба С......... үйл ажиллагаа явуулаагүй гээд 2020 оны 02 дугаар сараас эхлээд 2020 оны 05 дугаар сарыг хүртэл 4 сарын хугацаанд гэрээнд заасан түрээс төлөөгүй ба уг төлбөрт нь дулааны төлбөр багтсан байхаар гэрээнд заасан. Бидний хооронд байгуулсан гэрээний 1.4-т заасны дагуу С......... үүргээ биелүүлээгүй өдийг хүрч байна. 2020 оны 09 дүгээр 04-ний өдөр хамгийн сүүлийнхээ төхөөрөмжийг зөөж миний талбайг суллаж өгсөн.

Ингэж түлхүүр хүлээлгэн өгөхдөө 2020 оны 08 дугаар сараас 9 дүгээр сарын 04-ний өдрийн хоорондох цахилгааны мөнгө, усны мөнгө нийт 62.800 төгрөгийн үлдэгдэл, эвдэрсэн эд зүйлсийг засах, солих, 2020 оны 02 дугаар сараас 06 дугаар сар хүртэлх 4 сарын хугацааны түрээсийн төлбөр төлөх үүргээ үүргээ С......... биелүүлэхгүй орхиод явсан. Иймээс С.........аас бүжгийн талбай түрээсийн төлбөрт 2020 оны 02 дугаар сараас 06 дугаар хүртэлх 4 сарын сар бүрийн 800.000 төгрөгөөр тооцож, нийт 3.200.000 төгрөг, 2020 оны 08 дугаар сараас 09 дүгээр сарын хоорондох ус, цахилгааны мөнгө 62.800 төгрөг, 00-ийн өрөөний хаалганы үнэ 80.000 төгрөг, 00-ийн бочкины таг нь олдохгүй байгаа тул бочки бүтнээр нь солих үнэ 150.000 төгрөг, бүжгийн талбайн хаалганы цоож, бариулын үнэ 55.00 төгрөг нийт 3.547.800 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгч С......... сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Дашийн ........гийн шаардлагатай нийцэхгүй байна. Тог, усны мөнгөө төлсөн. /10 хоног үлдсэн/ 00-ийн бочкины таг, анх биднийг ороход байхгүй байсан. Хаалганы бариул хос 20 төгрөг дэлгүүрт байдаг. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас, хорио цээрийн дэглэм тогтоосон үед, аж ахуй нэгж компанид улс нөхөн олговор олгосон байгаа. Дээр нь бидэнд гэрээ хийж түрээслүүлсэн талбайг гэрээнд дүрэм зөрчиж сонгуулийн штаб ухуулах байр болгож мөнгө завшсан. Ийм учир дахин мөнгө өгч чадахгүй. Барьцаалуулсан мөнгөө нэхэмжилсэн мөнгөн дүнтэйгээ гаргуулж авъя. Маш хохирсон. Ядаж нэхэмжилсэн мөнгөө гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2020/01216 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч Д.........гээс 283.030 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.........д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 1.617.170 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3.485.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар зохигчдын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46.358 төгрөг, 71.715 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.........гээс 11.025 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.........д, нэхэмжлэгч С.........аас 4.550 төгрөг гаргуулан хариуцагч Д.........д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С......... шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2020/01216 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нь заалны түрээслэх хугацаанд барьцаалуулсан мөнгөний үлдэгдэл 500.000 төгрөгийг ямар ч зөвшөөрөлгүй баар 10 хоног ажилласан, гэсэн  хуурамч бичиг баримтыг шалгуулж, үлдэгдэл барьцаалуулсан 500.000 төгрөгөө Д.........гээс гаргуулж, хохирлоо барагдуулмаар байна. ” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч С......... нь хариуцагч Д.........д холбогдуулан барьцаа мөнгөний үлдэгдэл 700.000 төгрөг плита наасан ажлын хөлс 1.000.000 төгрөг, дутуу ажилласан 10 хоногийн хөлс 263.000 төгрөг нийт 1.963.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Д......... нь нэхэмжлэгч С.........аас бүжгийн талбайн түрээсэнд өгсөн 3.200.000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд ус цахилгааны төлбөр 62.800 төгрөг, ариун цэврийн өрөөний хаалганы үнэ 80.000 төгрөг, суултуурын бочкины үнэ 150.000 төгрөг, бүжгийн талбайн хаалганы бариулын үнэ 55.000 төгрөг нийт 3.547.800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргаж, зохигчид үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй маргажээ.

Нэхэмжлэгч С......... нь хариуцагч Д.........гийн өмчлөлийн Хулс төвийн 2 дугаар давхарт байрлах бүжгийн талбайг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 6 сарын хугацаатай 1.000.000 төгрөгийн түрээс төлөхөөр 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай сарын 800.000 төгрөгийн түрээс төлөхөөр тус тус гэрээ байгуулж, барьцаанд 1.000.000 төгрөгийг хариуцагч Д.........д өгсөн, 2020 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөрөөс 300.000 төгрөг дутуу төлсөн, бүжгийн талбай шаардлага хангахгүй байсан учраас плита наасан ажлын хөлсөнд 1.000.000 төгрөг өгсөн, 2020 оны 01 дүгээр сараас 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Ковид-19 халдварт өвчин гарсны улмаас ажиллаагүй зэрэг үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Харин 2020 оны 08 сарын 10-нд түрээсийн төлбөр бүтэн төлсөн байхад ажиллуулахгүй 10 хоног дутуу ажиллуулсан төлбөрт 263.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж тайлбараа дэмжиж оролцжээ.

Хариуцагч С......... нь бүжгийн талбай түрээслүүлсэн барьцаанд 1.000.000 төгрөг авсан үйл баримтын талаар маргаагүй. Харин 1.000.000 төгрөгөөс 2019 оны 07 дугаар сард 0 давхарт байрлах өрөөг караокены зориулалтаар ашиглаж, 500.000 төгрөг төлөхөөр тохирсон,  түрээсэлсэн 500.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын түрээсийн дутуу төлбөр 300.000 төгрөг нийт 800.000 төгрөгийг суутган тооцож, 200.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэсэн тайлбар гарган мэтгэлцжээ.

Шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 318.3., 318.4.,-т зааснаар талуудын хооронд байгуулсан талбай түрээслэх гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй тул хүчин төгөлдөр бус гэрээ гэж дүгнэн нэхэмжлэгчээс нийт гарсан зардал болох 3.550.000 төгрөгөөс /2.550.000 төгрөгөөр плита худалдаж авсан, 1.000.000 төгрөг ажлын хөлсөнд өгсөн/ түрээсийн төлбөрт тооцсон 3.200.000 төгрөгийг хасаж үлдэх 350.000 төгрөгөөс үйл ажиллагаа явуулаагүй 5 сард ноогдох 145.830 төгрөгийг хариуцагч Д.........гээс гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хөл хорио тогтоосонтой холбоотойгоор бүжгийн үйл ажиллагаа 2020 оны 02 дугаар сараас 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл явагдаагүй тул 4 дүгээр сарын түрээсийн төлбөр 3.200.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, хариуцагч, нэхэмжлэгч нарын хооронд эд хөрөнгө хүлээлгэж өгсөн, хэрхэн яаж муутгасан нь нотлох баримтаар нотлогдоогүй гэсэн дүгнэлтийг тус тус хийж, нэхэмжлэлийн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлэж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 318 дугаар зүйлд нийцжээ.

Нэхэмжлэгч С.........ы давж заалдсан гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2020/01216 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.........ы давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар С.........ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.650 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                            С.УРАНЧИМЭГ