Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2020/01310

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.М-д холбогдох

Гэм хорын хохирол 1 899 740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагч Ж.М, хариуцагчийн өмгөөлөгч О.С, иргэдийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч М.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр манай гэрт Ж.М нь согтуугаар миний хамар руу мөргөж, хамар ясны зүүн хажуу хананы урд хэсгийг цөмлөж хугалсан, хамрын таславчийг муруйлгасан гэмтэл учруулсан. Уг хэрэгтээ Орхон аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/271 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн. Хохирогч М.Т миний бие хамраа засуулах мэс засал хийлгэх зардлыг урьдчилан эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч иргэний журмаар жич нэхэмжил гээд гаргуулж өгөөгүй юм. Хамрын гэмтлээс амьсгалахад бэрхшээлтэй, хамрын уг хатгуулан, хамар битүүрч хэцүү байсан тул нөхрийнхөө машиныг яаралтай зарж Улаанбаатар хотод эрүү нүүрний “Принцесс” гоо сайхны эмнэлэгт 2020 оны 08 дугаар сарын 14-нд очиж чихний дээд талын мөгөөрс авч хамрын муруй засуулах, таславч яс тэгшлэх мэс засал хийлгэсэн. Энэ мэс засал хийлгэсэн төлбөр 1 600 000 төгрөг бөгөөд эм тарианы зардал 153 540 төгрөг, галт тэргээр зорчсон замын зардал 47 700 төгрөг, үзлэг шинжилгээний төлбөр 98 500 төгрөг бүгд 1 899 740 /нэг сая найман зуун ерэн есөн мянган долоон зуун дөч/ төгрөгийн нийт зардал гарсан. Иймд Ж.Мгээс 1 899 740 /нэг сая найман зуун ерэн есөн мянган долоон зуун дөч/ төгрөгийн хохиролыг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ж.М 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан боловч хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

Хариуцагч Ж.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байна. Хамрын сартгар болон хамар өндөрлүүлсэн мэс заслын үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. М.Т далимдуулан гоо сайхны мэс засал хийлгэсэн, энэ талаар Болор-Эрдэнэ хэлэхдээ энэ хүнийг мориноос унаад хамраа гэмтээж байсан гэж надад ярьсан. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд Ариунзул гэх М.Тгийн найз мэдүүлэг өгөхдөө “Өмнө нь гоо сайхны мэс засал хийлгэнэ гэж хоорондоо ярилцаж байсан” гэж мэдүүлэг өгсөн байдаг. Эм тарианы зардлыг бас давхар нэхсэн байна. Т.Жэмч эмчилгээний зардал, эм тариа зэрэг нь хагалгааны зардалд багтсан байдаг гэж хэлсэн. Энэ мөнгө мэс заслын төлбөрт орох учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Хамрын гэмтэл засуулсан гэж Т.Жэмч яриагүй. Амьсгалахад бэрхшээлтэй байсан гэж хэлж байсан. Т.Жэмч мэргэжлийн эмнэлгээр засуулбал зүгээр байдаг гэж надад хэлж байсан. Уг эмнэлэг нь гоо сайхны мэс засал хийдэг эмнэлэг гэж хэлсэн. М.Тгийн хагалгаа нь харагдах талаасаа ч гоо сайхны мэс ажилбар. Эмч гэрчээр оролцохдоо өөрийгөө гэмтлийн эмч гэж хэлж байсан. Т.Жэмчийн танилцуулгад гэмтлийн эмч гэсэн зүйл байгаагүй тул хохирлын төлбөр гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Т нь хариуцагч Ж.Мд холбогдуулан гэм хорын хохирол 1 899 740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Ж.М нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Ж.М нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө согтуурсан үедээ М.Ттай маргалдаж, нүүрэн тус газар нь мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/271 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч М.Т шаардах эрхтэй.

Хариуцагч Ж.Мгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Тгийн биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын ясны зүүн хажуу хананы урд хэсэгт бороололт үүсээгүй, цөмөрсөн хугарал үүссэн болох нь зохигчийн тайлбар, эрүүгийн хэрэгт авагдсан шинжээчдийн дүгнэлт, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/271 дугаартай шийтгэх тогтоолоор тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгч М.Тд учирсан гэм хорын хохиролыг хариуцагч Ж.М хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хариуцагч Ж.М ...бид хоёулаа согтуу байсан. Тг мөргөснөө санахгүй байна гэж тайлбарлаж байгаа боловч түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолтой тул гэм буруугийн талаар дахин нотлох шаардлагагүй гэж дүгнэв.

Хариуцагч Ж.М ...М.Т нь хагалгаанд гэмтлийн эмнэлэгт ороогүй, гоо сайхны мэс заслын хувийн эмнэлэгт орсон нь түүний хамрын сартгарыг засах гоо сайхны хагалгаа давхар хийгдсэн. Мэс заслын үнэлгээ нь 3 өөр төрлийн үйлчилгээний нийлбэр дүн, түүний хамрын сартгар, унжууг зассан төлбөрийг хариуцах үндэслэлгүй, эм тарианы төлбөр гоо сайхны хагалгааны зардалд багтдаг гэж гэрч Т.Жмэдүүлсэн тул эм тарианы төлбөрийг хариуцахгүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Хүний эрүүл мэнд гадна халдлагын улмаас бэртэж, гэмтсэн тохиолдолд бүрэн сэргэх боломж тэр бүр байдаггүй бөгөөд гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх, түүнтэй холбогдон гарсан зардлыг төлөх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй гэж заасан бөгөөд Ж.Мгийн буруутай үйлдлийн улмаас М.Т нь өөрийн гоо сайхнаа алдсан, буцаад хэвийн байдалд оруулахад хийгдсэн гоо сайхны мэс ажилбарын төлбөрийг хариуцан төлөх үүрэгтэй. Хэдийгээр уг мэс ажилбарт түүний хамрын сартгар засах болон унжууг хасах ажиллагааг давхар хийсэн боловч “…хамрын ясны цөмөрсөн хугарал, таславчны муруйлтыг засах хагалгаанд цогцоор нь хийх боломжтой үйлчилгээг хийсэн гэсэн гэрч эмч Т.Жанболатын мэдүүлэг зэргийг харгалзан хагалгааны төлбөрийг хариуцагч бүрэн төлөх үндэслэлтэй.

Хамрын хагалгаа хийгдэхээс өмнөх шинжилгээ хийлгэсэн байдал болон уг хагалгаанд орохоор ирж очих тээврийн хөлс, хагалгааны дараа хэрэглэсэн эм тарианы зардал баримтаар нотлогдож байх тул хариуцагч Ж.Мгээс гэм хорын хохиролд нийт 1 899 740 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Тд олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр төлөхөөс хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ж.Мгээс улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт 45 346 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар заалаа.       

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Ж.Мгээс 1 899 740 /нэг сая найман зуун ерэн есөн мянга долоон зуун дөч/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Тд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс хуульд зааснаар чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагч Ж.Мгээс 45 346 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.АРИУНЦЭЦЭГ

                                                      ШҮҮГЧИД                           Б.БЯМБАСҮРЭН

                                                                                                  Р.ҮҮРИЙНТУЯА