Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 14

 

М.Тгийн нэхэмжлэлтэй, хариуцагч

Ж.Мд холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/01310 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.Тгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Тд холбогдох ,

 

 “Гэм хорын хохиролд 1.899.740 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч М.Тгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Т, хариуцагч М.Т, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч М.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр манай гэрт М.Т нь согтуугаар миний хамар руу мөргөж, хамар ясны зүүн хажуу хананы урд хэсгийг цөмлөж хугалсан, хамрын таславчийг мурийлгасан гэмтэл учруулсан. Уг хэрэгтээ Орхон аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/271 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн. Хохирогч М.Т миний бие хамраа засуулах мэс засал хийлгэх зардлыг урьдчилан эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч иргэний журмаар жич нэхэмжил гээд гаргуулж өгөөгүй. Хамрын гэмтлээс амьсгалахад бэрхшээлтэй, хамрын уг хатгуулан, хамар битүүрч хэцүү байсан тул нөхрийнхөө машиныг яаралтай зарж Улаанбаатар хотод эрүү нүүрний Принцесс гоо сайхны эмнэлэгт 2020 оны 08 дугаар сарын 14-нд очиж чихний дээд талын мөгөөрс авч хамрын муруй засуулах,

таславч яс тэгшлэх мэс засал хийлгэсэн. Энэ мэс засал хийлгэсэн төлбөр 1.600.000 төгрөг бөгөөд эм тарианы зардал 153.540 төгрөг, галт тэргээр зорчсон замын зардал 47.700 төгрөг, үзлэг шинжилгээний төлбөр 98.500 төгрөг бүгд 1.899.740 төгрөгийн нийт зардал гарсан. М.Тгээс 1.899.740 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч М.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хамрын сартгар болон хамар өндөрлүүлсэн мэс заслын үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. М.Т далимдуулан гоо сайхны мэс засал хийлгэсэн, энэ талаар Болор-Эрдэнэ хэлэхдээ энэ хүнийг мориноос унаад хамраа гэмтээж байсан гэж надад ярьсан. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд Ариунзул гэх М.Тгийн найз мэдүүлэг өгөхдөө өмнө нь гоо сайхны мэс засал хийлгэнэ гэж хоорондоо ярилцаж байсан гэж мэдүүлэг өгсөн байдаг. Эм тарианы зардлыг бас давхар нэхсэн байна. Т.Жанболат эмч эмчилгээний зардал, эм тариа зэрэг нь хагалгааны зардалд багтсан байдаг гэж хэлсэн. Энэ мөнгө мэс заслын төлбөрт орох учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Хамрын гэмтэл засуулсан гэж Т.Жанболат эмч яриагүй. Амьсгалахад бэрхшээлтэй байсан гэж хэлж байсан. Т.Жанболат эмч мэргэжлийн эмнэлгээр засуулбал зүгээр байдаг гэж надад хэлж байсан. Уг эмнэлэг нь гоо сайхны мэс засал хийдэг эмнэлэг гэж хэлсэн. М.Тгийн хагалгаа нь харагдах талаасаа ч гоо сайхны мэс ажилбар. Эмч гэрчээр оролцохдоо өөрийгөө гэмтлийн эмч гэж хэлж байсан. Т.Жанболат эмчийн танилцуулгад гэмтлийн эмч гэсэн зүйл байгаагүй тул хохирлын төлбөр гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/01310 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч М.Тгээс 1.899.740 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Тд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс хуульд зааснаар чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагч М.Тгээс 45.346 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Т шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

...Принцесс эмнэлэгт хагалгаанд орсон гэдэг бөгөөд хамрын хугарал, мурийлтыг засуулснаас гадна хамрын хоншоорыг шөнтийлгөсөн, хамрын самсааг багасгаж, хамрын нурууг өндөрлөсөн зэрэг хамрын төрөлхийн байдлыг сайжруулах гоо сайхны нэмэлт ажиллагаа хийлгэсэн зардлуудыг нэмж 1.899.740 төгрөг нэхэмжилсэн, хамрын самсааг багасгах, хамар өндөрлөх, үзүүрийг шөнтийлгөх зэрэг нь тус тусдаа тарифтай байна. Би хамрын үзүүрийг нь шөнтгөр болгож, хийлгэхээс өмнөх байдлаас нь өөрчлөөгүй, хамрын самсааг нь би гэмтээгээгүй. М.Т урьд нь найз Ариунзулдаа хамрын гоо сайхны хагалгаа хийлгэх талаараа ярьдаг байсныг эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолд гэрчийн мэдүүлэг нь авагдсан. Мөн Принцесс эмнэлгийн Жанболат эмчтэй очиж уулзахад хамрын цөмрөл, хугарлыг гэмтлийн эмч нар гол төлөв засдаг гэж байсан. Принцесс эмнэлэг нь гэмтлийн эмнэлэг биш гоо сайхны эмнэлэг. Би хамар өндөрлөсөн, сартгарыг нь засаж, үзүүрийг нь шөнтийлгөсөн гоо сайхан болгосон үйлчилгээний төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас 950.000 төгрөгийг багасгаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...Хариуцагч М.Т нь нэхэмжлэгч М.Тгийн хамрыг мөргөж, гэмтэл учруулснаас болж хамрын гэмтлийг хэвийн байдалд оруулах мэс засал хийлгэсэн зардлын зарим хэсгийг төлөх үндэслэлгүй гэж гомдол гаргажээ. Бусдын бие эрхтэнд гэмтэл учруулсан этгээд нь ийнхүү гэмтэл учрахаас өмнөх байдалд нь оруулах сэргээх үүрэгтэй гэдгийг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1.-д тодорхой заажээ. Түүнчлэн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-д бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан бол түүнтэй холбогдож гарсан зардлыг төлөх үүргийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгожээ. Хэргийн материалд хохирогч, нэхэмжлэгч М.Тгийн М.Тд зодуулж, хамар нь гэмтэхээс өмнө үеийн, хамар гэмтсэний дараах үеийн, хамар засуулсны дараах үеийн зургууд нотлох баримтаар авагдсан байгаа. Эдгээр зургууд нь хохирогчийн хамар гэмтэл авахаас өмнөх байдалд сэргэсэн байгааг нотолно. Хамрын мурийлтыг засаж, мэс засал хийсэн эмч шүүх хуралдаанд оролцож мэдүүлэг өгөхдөө гоо сайхны талаас нь урьдын байдалд оруулах мэс засал хийсэн гэж мэдүүлсэн. Нэгэнт эвдэрч хэмхэрсэн эд зүйлийг эвлүүлэхэд ч засал заавал ордог. Хүний нүүрний хэлбэрийг тодорхойлогч гол эрхтэн болох хамрыг гэмтээж гоо сайхныг нь алдагдуулчхаад хэвийн байдалд оруулахад гарсан зардлын зарим хэсгийг төлөхгүй гэж гомдож байгаа хариуцагчийн гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

         Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

       Нэхэмжлэгч М.Т “...гэм хорын хохирол-1.899.740 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч М.Т “...хамрын сартгар болон хамар өндөрлүүлсэн мэс заслын үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, М.Т далимдуулан гоо сайхны мэс засал хийлгэсэн” гэх тайлбар гаргаж, мэтгэлцжээ.

          Хариуцагч М.Т 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч М.Тгийн хамар луу мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож  ял шийтгүүлсэн, шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол-1.600.000 төгрөгийн хохирлыг авч хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч гэм буруутай этгээдээс эрүүл мэндэд учирсан  хохирлоо нэхэмжлэгч эрхтэй.

Нэхэмжлэгч М.Т 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Принцесс  гоо сайхны эмнэлэгт  мэс ажилбар хийлгэхдээ  тухайн үед  гэмтэл авсан  хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтлийг засуулахаас гадна хамрын үзүүрийг имплантанд тохируулан шөнтийлгөх, сартгар хасах, унжууг хасах, хамрын үзүүрийн дээр жижиг мөгөөрс тавих зэрэг гоо сайхны мэс ажилбарыг хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан  “Өөрийн хүсэлтээр  эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах тухай зөвшөөрлийн хуудас”, “Хагалгааны хуудас” “Хамрын хагалгааны явцын тэмдэглэл” зэрэг нотлох баримтуудаар  тогтоогджээ.

         Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч М.Т гэмтлийн улмаас хохирогчид учирсан зайлшгүй хохирлыг төлөх үүрэгтэй.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч М.Т биеийнхээ хамрын хэсэгт 1.600.000 төгрөгний өртөгтэй мэс ажилбар хийлгэсэн, эмчилгээ болон бусад зардалд 299.740 төгрөг зарцуулсан байх боловч тэрээр гэмтлийн улмаас үүссэн хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлтыг засахад уг төлбөрөөс хэдэн төгрөг орж тооцогдсон болох нь тодорхой бус байна.   

         Түүнчлэн нэхэмжлэгч М.Тгийн биед учирсан  хамрын гэмтлийг эмчлэхэд гоо сайхны буюу  хамрын сартгар хасах, унжууг хасах, өндөрлөх зэрэг мэс ажилбар   зайлшгүй шаардлагатай байсан эсэхийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагч М.Тгийн гаргасан “....хамар өндөрлөсөн, сартгарыг нь засаж, үзүүрийг нь шөнтийлгөсөн гоо сайхан болгосон үйлчилгээний төлбөрийг хариуцах үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагаас 950.000 төгрөгийг багасгаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой байна.

          Давж заалдах шатны шүүхээс хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой  байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/01310 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч М.Тгээс 949.870 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 949.870 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд “45.346 төгрөг” гэснийг “27.347 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч М.Тгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 27.350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                 С.УРАНЧИМЭГ

                                                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ