Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2022/01213

 

 

 Б гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                          

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03501 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 00005 дугаар магадлалтай,                                                                                                                                   

Б гийн нэхэмжлэлтэй

Н д холбогдох

2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ихбаяр, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б  нь хариуцагч Н д холбогдуулан 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03501 дүгээр ши  йдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Н ээс 2,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ээс 54,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б д олгож шийдвэрлэжээ.  

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 00005 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03501 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Н ээс 1,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б д олгож, нэхэмжлэлээс 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 2 дах заалтын “...54,950 төгрөг” гэснийг “...38,950 төгрөг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Би Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.09-ний өдрийн 101/ШШ2020/03501 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.25-ны өдрийн 00005 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч, шүүх хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч байгаа үндэслэл нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой авч үзээгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүйгээс хууль буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тодруулбал, шүүх магадлалдаа "... Дамжуулан түрээслэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх буюу үйлчилгээ явуулах боломжтой лангууны зориулалт бүхий хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй тул хариуцагч 1,500,000 төгрөгийг хууль бус үндэслэлээр шилжүүлэн авсан гэж үзнэ." гэжээ. Гэтэл хариуцагч Н  би үндсэн түрээслэгч Д тай харилцан тохиролцсоны үндсэн дээр уг лангууг дамжуулан түрээслэх талаар түүнээс зөвшөөрөл авсан. Ийнхүү тохиролцсон учир нэхэмжлэгч надтай тохирсон ёсоор уг лангууг 5 сарын хугацаанд чөлөөтэй ашиглаж, хэрэглэсэн. Олсон үр шимээ ч авсан. Нэхэмжлэгч Б  надад "... Дүнжингарав худалдааны төв дэх лангуугаа ашиглахгүй бол лангууг чинь түрээсэлье." гэж хэлж, анх санал гаргасан. Түүний саналыг хүлээн авч, энэ үндсэн дээр би лангуугаа дамжуулан түрээсэлсэн. Дүнжингарав худалдааны төвийн лангуу нь орлого сайтай, ашигтай ажлын байр юм. Би уг лангууг нэхэмжлэгчид дамжуулан түрээслэхдээ нөхцөлөө түүнтэй тодорхой ярилцаж тохиролцсон ба үүнд лангууг тохижуулахтай холбоотой гарсан зардал 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцаж төлөхөөр тохиролцсон. Бидний хооронд ингэж тохиролцсон нь хууль ёсны гэж үзэж байна. Нэхэмжлэгч лангуу ажиллуулснаас хойших хугацааны эрсдэлийг хариуцахаар надтай тохиролцсон ба ингэхдээ лангууны тохижилтын зардлыг төлнө гэж нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч, энэ зардлын хүрээнд надад 1,500,000 төгрөг өгсөн. Б  нь тохирсон ёсоор 5 сарын хугацаанд лангууг ажиллуулаад дараа нь надад мэдэлдэлгүй уг лангууг цааш өөр хүнд түрээсэлсэн байсныг хожим нь би мэдээд түүнтэй уулзаж, энэ асуудлаар багагүй маргасан. Тэр үед Б  надаас гуйж, эрсдэлээ хариуцна гэдгээ ч хэлж байсан. Гэтэл цаад хүн нь үндсэн түрээслүүлэгчид өгөх түрээсийн хөлсөө өгөхгүй хугацаа хэтрүүлснээс энэхүү маргаан үүссэн нь надад огт хамааралгүй асуудал тул аливаа эрсдэлийг би хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна. Би Б д гэрээний нэр, эрхийг 2,000,000 төгрөгөөр шилжүүлж өгнө гэж огт хэлээгүй байтал тийм эрх надад байхгүй нь тодорхой юм. Шүүх түүний баримтаар нотлогдоогүй, ор үндэсгүй хүдал тайлбарыг шийдвэрийнхээ үндэслэл болгосонд гомдолтой байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах гомдол гаргаж байгааг хүлээн авна үу гэжээ.

5. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.25-ны өдрийн 00005 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсгийг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нь тус хэргийг шийдвэрлэхдээ талуудаас гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад бодитой, эргэлзээгүй талаас нь үнэлэлт дүгнэлт өгч чадаагүйн зэрэгцээ давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож илт үндэслэл муутай шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны зүйл, тэрэнд хамаарах нотлох баримт, талуудаас гаргасан тайлбар зэрэгт үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэлт хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримт үнэлэх журмыг маш зөвөөр хэрэгжүүлж үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Миний бие Дүнжингарав худалдааны төвд лангуу түрээслэхээр танил ах Н тэй уулзаж түүний түрээсэлж байсан тус худалдааны төвийн 573, 574 дугаартай 2 лангууг түүний оронд түрээслэхээр болсон. Өөрөөр хэлбэл, би энэхүү лангууг Н ээс бус Н ийн оронд түрээсэлсэн юм. Тиймээс миний бие Н д анхнаасаа түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй байхад түрээсийн гэрээний нэр шилжүүлэх зорилгоор өгсөн 2,500,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг нь Н д төлсөн түрээсийн төлбөр гэж Н ийн тайлбарт үндэслэн дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт маш буруу юм. Түрээсийн төлбөрийг Дүнжингарав худалдааны төвийн кассад тушааж байсан 5 сарын кассын баримт хавтаст хэрэгт бий. Мөн давж заалдах шатны шүүх миний шилжүүлсэн 2,500,000 төгрөгийг түрээсийн гэрээний нэр шилжүүлэх зорилгоор өгсөн болохоо баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн атлаа 1,000,000 төгрөгийг лангууны түрээсэнд авсан гэх хариуцагчийн тайлбарыг нотлогдсон мэтээр дүгнэж, хариуцагчийн тайлбарт үндэслэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь хариуцагч нь 2,500,000 төгрөгийн талаар анхан шатны шүүхэд гаргасан тайлбар, анхан шатны журмаар хэргийг хэлэлцэж эхлэхэд гаргасан тайлбар болон давж заалдах шатны журмаар гаргасан гомдол зэрэгтээ өөр өөр байдлаар дурдсан байхад давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргаж буй тайлбаруудаас яг аль үнэн болохыг мөн адил тогтоогдоогүй тул 1,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн түрээсийн төлбөр гэж дүгнэсэн нь буруу болсон.

Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн талаар: Өмнө нь дурдсанчлан Дүнжингарав худалдааны төвийн 573, 574 дугаартай 2 лангууг миний бие Н ээс огт түрээслээгүй бөгөөд гагцхүү түүний оронд тус 2 лангууг түрээсэлсэн билээ. Гэтэл давж заалдах шатны шүүх намайг тухайн 2 лангууг Н ээс түрээсэлсэн мэтээр дүгнэж Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасныг үндэслэж шийдвэрлэсэн буруу бөгөөд ийнхүү давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж илт үндэслэлгүй шийдвэр гаргасан. Ийнхүү магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.25-ны өдрийн 00005 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих  үндэслэлтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч Б  нь хариуцагч Н д холбогдуулан 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй маргасан байна.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.           

9. Хэргийн баримтаас үзэхэд, Дүнжингарав худалдааны төвийн 0573, 0574 тоот 2 лангууны өмчлөгч нь “Дүнжингарав” ХХК, үндсэн түрээслэгч нь Д  гэдэгт зохигч маргаагүй ба эдгээр 2 лангууг Д  Н д, Н  нь Б д тус тус дамжуулан түрээсэлсэн, Б  Н д барьцааны 2,000,000 төгрөг, лангууны тохижилт болон түрээсийн гэрээний нэр шилжүүлэх гэсэн утгаар 2,500,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөгийг өгч лангууг 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 4 сар хүртэл 5 сарын хугацаанд түрээслэн Д гийн нэр дээрх түрээсийн үүрэгт сар тутамд 990,000 төгрөг, нийт 4,950,000 төгрөгийг Дүнжингарав худалдааны төвд төлсөн нь тогтоогджээ.

10. Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 323.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслэгч түрээсэлсэн эд хөрөнгийг гагцхүү түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр дамжуулан түрээсэлж болох бөгөөд хэрэгт түрээслэгч Д  Дүнжингарав худалдааны төвөөс, Н  Д гаас тус тус дамжуулан түрээслэх зөвшөөрөл авсан тухай баримт байхгүй боловч энэ талаар маргаан гараагүй байна.

11. Нэхэмжлэгч Б  нь Н д шилжүүлсэн 4,500,000 төгрөгөөс  лангуу тохижуулсан зардал 1,000,000 төгрөг, түрээсийн гэрээг нэр дээр шилжүүлэх 1,500,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөгийг буцаан шаардсан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэв.

Учир нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ... бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй.

Хариуцагч Н  нь Дүнжингарав худалдааны төвийн хөрөнгийг өмчлөгчийн  өмнөөс бусдад түрээслүүлэх эрх бүхий этгээд бишээс гадна өөрөө эдгээр лангууг Д гаас дамжуулан түрээсэлж байсан тул түрээсийн гэрээний эрхийг олж өгөх агуулгатай зардал болон лангуу тохижуулсан зардал гэж нэхэмжлэгчээс нийт 2,500,000 төгрөг авсан нь үндэслэлгүй юм.

12. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулахдаа, “нэхэмжлэгч нь 2,500,000 төгрөгийг түрээсийн гэрээг нэр шилжүүлэх зориулалтаар хариуцагчид шилжүүлсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй, үүнээс 1,000,000 төгрөгийг хариуцагч нь лангууны түрээсэнд авсан гэж тайлбарласан бөгөөд нэгэнт Иргэний хуулиар дамжуулан түрээслэхийг хориглоогүй тул 5 сарын түрээсэнд 1,000,000 төгрөгийг суутган тооцсоныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна ...” гэсэн нь үндэслэл муутай болжээ.

Давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ ямар үндэслэлээр 1,000,000 төгрөгийг 5 сарын түрээсийн төлбөр гэж үзсэнээ тодорхой заагаагүй нь (түрээсийн төлбөрт 4,950,000 төгрөг төлөгдсөн) ойлгомжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хангаж магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй.

13. Хариуцагч Н  нэхэмжлэлд дурдсан 2,500,000 төгрөгийг “түрээсийн төлбөр, эсхүл лангууг дамжуулан түрээсэлсэн хөлсөнд авсан, мөн лангууны тохижилт“ гэсэн өөр өөр утгаар тайлбарласан ба түүний гомдлыг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул хангахгүй орхив.                                                                                                                                      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 00005 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03501 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3, 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 28,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                                Н.БАЯРМАА

                                                                                                     Б.МӨНХТУЯА

     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                    Д.ЦОЛМОН