Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2018/0666

 

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2018/0666

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г ХХК,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын Г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, Н.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сайханзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г******* ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газар, Залаатын баруун богино аманд аялал жуулчлалын зориулалтаар 1 га газар ашиглах эрхтэй болж улмаар 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газраас 2016/0079 тоот газар ашиглах гэрчилгээг 5 жилийн хугацаатайгаар олгож, гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байжээ.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар манай газар ашиглах эрхийг Усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж буй гэсэн үндэслэлээр цуцалсан болохыг Б******* газрын захиргааны 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 434 дүгээр албан бичгээс олж мэдлээ. Уг албан бичгийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр тус газраас өөрийн биеэр очиж авсан.

Дээрх тушаалаар манай газар ашиглах эрхийг цуцлахдаа манай компанид мэдэгдэх ямар ч ажиллагаа хийгээгүй бөгөөд шууд манай газар ашиглах эрхийг зөрчин цуцалсан учир зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна. Манай компанийн хувьд дээрх газрыг хууль тогтоомжид заасны дагуу ашиглах эрхийг авч, гэрээ байгуулан, гэрчилгээний дагуу ашиглах эрхтэй байсан бөгөөд тушаалд дурдсан голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн ямар ч үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд ямар ч хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй байхад ийнхүү цуцалсанд гомдолтой байна.

Захиргааны хэргийн шүүхээс маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянах ёстой. Маргаан бүхий захиргааны актад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт ...тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол газар ашиглах эрх дуусгавар болно гэж заасныг баримталсан байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт ...Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болно гэж заасан. Тус захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянахад тус захиргааны актад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг бариагүй байхад Газрын тухай хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа болон бусад нөхцөлүүдийг шууд хамаатуулж ярих боломжгүй.

Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль нь нарийвчилсан зохицуулалтгүй. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийг баримтлан төлбөр төлөөгүй, 2 жил дараалан тухайн газраа ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцлах бол Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтална. Гэтэл хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг баримталсан атлаа одоо Газрын тухай хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, 2 жил дараалан газраа ашиглаагүй гэх зэргээр маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дурдагдаагүй асуудлаар тайлбар хийж байгаа нь үндэслэлгүй юм

Хариуцагчаас маргаан бүхий актыг гарсны дараа Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу хаяглагдсан этгээдэд захиргааны актыг хүргэх ажиллагааг хийгээгүй. Нэхэмжлэгч компанийн захирал мэдэгдлийг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас өөрөө очиж авсан. Мэдэгдлийг хүлээж авсан өдрөөсөө хойш 30 хоногийн дотор тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Өөрөөр хэлбэл хариуцагчаас мэдэгдлийг ямар нэгэн байдлаар шуудангаар явуулсан зүйл байхгүй. Тэгэхээр шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

Мөн маргаан бүхий актыг гаргахаас өмнө нөхцөл байдлыг тодруулах, нотлох баримтыг цуглуулах, оролцогчийг сонсох ажиллагаа явуулах ёстой. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлээд байгаа Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь заалт нь нэгэнт гаргасан актыг мэдэгдэхэд хамаарна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас аж ахуйн нэгжүүдийн газар ашиглах эрхийг цуцалсан мэдэгдлүүд нь 2018 оны 4 дүгээр сарын 04, 5 дугаар сарын 02-ны өдрүүдэд буюу маргаан бүхий акт гарснаас хойших хугацаанд хийгдсэн байгаа. Тэгэхээр үүнийг хаяглагдсан этгээдэд мэдэгдсэн гэж үзэхгүй. Мөн маргаан бүхий акт гарахаас өмнөх мэдэгдлүүд Г******* ХХК-д огт ирээгүй.

Мөн нэхэмжлэгч компаниас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчилсөн зүйл байхгүй. Одоогийн байдлаар судалгаа, шинжилгээ хийх, хөрөнгө оруулалтын асуудал шийдвэрлэх шатандаа явж байгаа.

Г******* ХХК эзэмшлийн газартаа мод үржүүлэг, амралтын газрын цогцолбор хийх төсөлтэй. Тус төсөлтэй холбоотой байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан байдлын үнэлгээ хийлгээд явж байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сары 29-ний өдрий А/76 дугаар тушаалын Г******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, Н.Э******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч Г******* ХХК-ийн газар эзэмших эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/76 дугаар тушаалаар цуцалсан. Г******* ХХК-ийн газар эзэмших эрхийг тус тушаалын 4 дүгээр хавсралтад заасан үндэслэлээр цуцалсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно. гэж заасан. Мөн Г******* ХХК-д олгосон газар нь Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горим, дэглэмийг зөрчиж олгосон газар. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт ... газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан.

Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 301 дугаар албан бичгээр Г******* ХХК-д мэдэгдэж сонсох ажиллагаа хийсэн. Тус албан бичиг нь хэрэгт авагдсан байгаа. Мөн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Газар ашиглах эрх цуцлах тухай 313 дугаар албан бичгийг нэхэмжлэгч компанид хүргүүлсэн.

Мөн маргаан бүхий захиргааны актыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, телевиз, сонин, сэтгүүл, сайтуудаар гаргасан. Тухайн үедээ хэвлэлийн бага хурлаар усны нөөц, уулын төлөв байдал алдагдуулах үндэслэлээр 28 аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг цуцлах болсон талаар мэдэгдэл хийсэн. Энэ тухай баримтууд хэрэгт авагдсан.

Түүнчлэн нэхэмжлэгч Г******* ХХК нь 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай зүгээс нэхэмжлэгч компанийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байгаа. Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт ...Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй., Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт ...Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан байдаг. Энэ маргаан нь газартай холбоотой маргаан учир Газрын тухай хуулийн дагуу 10 хоног гэсэн зохицуулалтаар явна. Тэгэхээр нэхэмжлэгч компанийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт ...Захиргааны актыг мэдэгдвэл зохих этгээд 20 буюу түүнээс дээш тооны байх тохиолдолд төлөөлөгчид, төлөөлөгч байхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж болно. гэж зааснаар маргаан бүхий актыг 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээллэсэн. Маргаан бүхий акт нь нийт 28 иргэн, аж ахуйн нэгжид хамааралтай байгаа. Тийм учраас маргаан бүхий актыг нийтэд мэдэгдсэн гэж үзэж байна.

Г******* ХХК тухайн газарт хөрөнгө зарцуулсан гэж харагдахгүй байгаа. Мөн тусгай хамгаалалттай газар нутагт байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ ерөнхий үнэлгээний дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Хуульд зааснаар байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтийг үндэслэж тухайн иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах эрх олгодог. Гэтэл Г******* ХХК нь анх газар ашиглах эрх авахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй бөгөөд энэ талаар хэрэгт материал авагдаагүй байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч компанид газар ашиглах эрх олгосон тушаал нь хууль бус байсан.

Мөн Г******* ХХК-ийн газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/76 дугаар тушаалаар цуцалсан. Г******* ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зорилтод нийцэхгүй байсан. Дархан цаазат газарт хориглосон үйл ажиллагаа хийх эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн.

Мөн Г******* ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 3 удаа мэдэгдэл хүргүүлсэн. Эхний мэдэгдэл нь тухайн газрын байгалийн төлөв байдал өөрчлөгдөж байгаа учир газар ашиглах эрхийг дуусгавар болгохыг мэдэгдсэн мэдэгдэл байсан. Хоёр дахь мэдэгдлээр маргаан бүхий актыг хүргүүлсэн. Г******* ХХК-ийн хувьд байгалийн төлөв байдлыг өөрчлөх, нөхцөл байдал үүссэн учир газар ашиглах эрхийг нь цуцалсан.

Г******* ХХК нь тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд холбогдох газраас нь үзлэг, шалгалт хийхэд тухайн газар дээр үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байсан. Учир нь бусад иргэн, аж ахуйн нэгжийн эрхийг зөрчсөн, орц, гарцгүй, дархан цаазат газрын өвөрмөц тогтцыг алдагдуулсан нөхцөл байдалтай байсан.

Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2016 оны сайдын тушаалууд эрсдэлтэй, тооцоолол, судалгаа муутай байсан. Тус тушаал, шийдвэрийг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа болон холбогдох байгууллагуудаас чиглэл өгсний дагуу цэгцэлж байгаа гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г******* ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын Г******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалаар Г******* ХХК-д Б******* дүүргийн нутаг дэвсгэр Богдхан уулын дархан цаазат газар Залаатын баруун богино нэртэй газарт 1 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэжээ[1].

Улмаар 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Б******* дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Залаатын баруун богино аманд 1.0 га газрыг 5898265 тоот улсын тусгай хамгаалалтай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ олгожээ.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Монгол улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А-235 дугаар тушаалын хэрэгжилт, Усны нөөцийн хомсдол үүсэхээс сэргийлэх, голын бургас сүйтгэх, уулын өндөр налуу газарт байгалийн унаган төрх алдагдуулах эрсдэл бүхий иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтыг Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэний дотор Г******* ХХК-д ашиглуулсан газар хамаарч байна[2].

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл дээрх судалгааг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 27 дугаар зүйлийн 27.1, 36 дугаар зүйлийн 36.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэг, ... ийг баримтлан ..уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж байна гэж Г******* ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгожээ[3].

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно. гэж заажээ.

Нэхэмжлэгч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас /хуучин нэрээр/ Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэж, байгаль орчны менежментийн төслийг боловсруулан ирүүл гэсэн шаардлагын[4] дагуу эдгээр баримтуудыг батлуулжээ.

Г******* ХХК-ийн Мод үрэслүүлэг, аялал жуулчлал, амралтын газар байгуулах төсөл-ийн 2016 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний 2-р бүлгийн 2.1-д Төслийн үйл ажиллагаанаас үүдэн газрын гадаргуу болон газар зүйн хэв шинж байгалийн унаган төрхөөсөө өөрчлөгдөн эвдрэх ба 10000,4 м2 талбайн хөрс, ургамлын нөмрөг барилгын үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрч доройтохоор байна. Төслөөс газрын гадарга болон хэвлийд үзүүлэх гол сөрөг нөлөөлөл нь урт хугацааны хүчтэй нөлөөлөл юм. Зарим нөлөөлөл нь төслийн барилгын ажил дуусах хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Голлох сөрөг нөлөөллийг дараах байдлаар тодорхойлон үзүүлэв. Үүнд: Тус аялал жуулчлал, спортын цогцолборыг байгуулах төслийн үйл ажиллагаанаас 10000,4 м2 талбай шууд сөрөг нөлөөлөлд эрчимтэй өртөнө, Ландшафт, гео-орчин, экологийн тэнцвэртэй байдалд шууд ба дам байдлаар төслийн барилгын ажил дуусах хүртэлх хугацаанд эрчимтэйгээр нөлөөлнө. Төслийн үр дүнд Залаатын аманд барилга байгууламж, дотоод, гадаад зам, үерийн шуудуу суваг зэрэг техноген нөлөөллүүд үүснэ... гэж тодорхойлсон, ойн захаас 130м-ийн зайд байрлаж байгааг харуулсан зураг, шүүхээс тухайн газар дээр очиж үзсэн үзлэгийн баримт зэргээс үзвэл байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж болохуйц нөхцөл байдал үүсч болохоор байна.

Хэрэгт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас гаргаж өгсөн[5] Г******* ХХК-ийн Мод үржүүлэг, аялал жуулчлалын цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл авагдсан байх бөгөөд уг төсөлд аялал жуулчлалын цэцэрлэгт хүрээлэн гэсэн төсөл байх бөгөөд аялал жуулчлал, амралтын газар байгуулах төслийг тухайн үед төрийн байгууллагад өгөөгүй нь тогтоогдож байна.

Гэтэл нийтийн захиргааны байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтлана, 4.2.6 дахь заалтад бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 4.2.8 дахь заалтад хууль ёсны итгэлийг хамгаалах гэж заасан зарчмыг баримталж ажиллаагүй процессын алдааг шүүх зөвтгөх боломжгүй байна.

Тодруулбал, Захиргааны ерөнхий хууль нь 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлагдаж, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно: 5.1.11 төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага гэсэн байна. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2.Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ. 24.4 Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно, 25 дугаар зүйлийн 25.1 Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна: 25.1.2. оролцогчийг сонсох тайлбар гаргуулах, ...25.1.7 оролцогчийн хүсэлтээр зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах, 26 дугаар зүйлийн 26.1 Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно., 27 дугаар зүйлийн 27.2 Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ... зэргээр заажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 313 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн гэх боловч уг албан бичигт[6] ...Иймд дархан цаазат газрын Залаатын баруун богино аманд ашиглахаар авсан 1.01 га газрын эрхийг цуцлах болсныг үүгээр мэдэгдэж байна гэснээс үзвэл сонсох ажиллагааны мэдэгдэл биш, харин цуцлах болсныг мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр авчээ[7].

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд өмнөх сайд ямар нэгэн судалгаагүйгээр, хориглосон газар замбараагүй газар олгосныг зөвтгөсөн гэж тайлбарлаж байх бөгөөд хэрэв нэхэмжлэгчид анхнаасаа уг газрыг ашиглуулах шийдвэр гаргах ёсгүй байсан гэж хариуцагч үзэж байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4 Захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх хуульд заасан эрхийг эдлүүлж нэхэмжлэгч Г******* ХХК-аас гаргасан зардал болон өнөөдрийн байдлаар газрын төлбөрт төлсөн 11,919,600.00 төгрөгийг[8] хэрхэн шийдвэрлэх зэрэг асуудлыг Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт нь иргэн, хуулийн этгээд тухайн газартаа үйл ажиллагаа явуулснаас хойш тусгай хамгаалалтай газар нутгийн хамгаалалтын горимыг 2 болон түүнээс дээш удаа эсвэл ноцтой зөрчсөн байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгч уг газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа огт явуулаагүй байна. Энэ мэт алдаатай захиргааны актыг шүүх засч хэргийг шийдвэрлэх боломжгүй тул захиргааны байгууллагаар өөрөөр нь алдааг нь засуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн захиргааны байгууллага сонсох ажиллагааг хийгээгүй гэсэн тайлбар үндэслэлтэй, шүүх процессын алдааг зөвтгөх боломжгүй байх тул хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын Г******* ХХК-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх заалтыг тус тус удирдлага болгоно.

ТОГТООХ нь:

  1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.6, 4.2.8, 15 дугаар зүйлийн 15.1.4, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.2, 25.1.7, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын Г******* ХХК-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 сарын хугацаа тоологдохыг мэдэгдсүгэй.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын Г******* ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.
  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
  5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 67-69-р хуудас

[2] Хавтаст хэргийн 70-78-р хуудас

[3] Хавтаст хэргийн 80-83-р хуудас

[4] Хавтаст хэргийн -р хуудас

[5] Хавтаст хэргийн 29-42-р хуудас

[6] Хавтаст хэргийн 79-р хуудас

[7] Хавтаст хэргийн р хуудас

[8] Хавтаст хэргийн 74-р хуудас