Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 17

 

Д.Бүрэнжаргалын нэхэмжлэлтэй

                                                           иргэний хэргийн тухай                     

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 497 дугаар шийдвэртэй.

Увс аймаг, Улаангом сум, 6 дугаар баг, 1 дүгээр гудамжны 26 тоотод оршин суух, 1992 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОО92011505, Борлууд овогт Дамирангийн Бүрэнжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Бүрэнжаргал, хариуцагч Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Нэхэмжлэгч Д.Бүрэнжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие АШУҮИС-ийг сувилагч мэргэжлээр төгсөж, 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвд ариутгагч, бэлтгэмэлчээр дарга Д.Батболдтой 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гэрээ байгуулан ажиллаж байсан.

2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр байгууллагын дарга солигдож Я.Алтангэрэл дарга болсноор хөдөлмөрийн гэрээг 3 сараар буюу 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрийн ажилд ороогүй байсан өдрөөс эхлэн өөрчилсөн. Мөн ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас урьдчилан өгөлгүйгээр ажлаас халсан тушаал гаргасан. Миний бие ажлаас халагдах үед жирэмсэн бөгөөд 29-30 недельтэй байсан. Би ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/24 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Алтангэрэл шүүхэд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.....нэхэмжлэгчийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/24 дүгээр тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Д.Бүрэнжаргалыг ажилд томилсон тухай 2018 оны Б/04 дүгээр тушаал нь анхнаасаа хуульд нийцэхгүй тушаал гэдэг нь үндэслэл болгосон хууль, эрх зүйн актгүй шийдвэр гэдгээр тодорхойлогдож байна.

Иргэнийг ажилд авах тухай асуудал нь ажил олгогч, иргэний хооронд хөдөлмөрийн харилцааг үүсгэх анхдагч нөхцөл болох ба Хөдөлмөрийн тухай хуульд үндэслэн тушаал гаргах ёстой байсан. Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалыг үндэслэн иргэнийг ажилд авсан нь хуульд нийцэхгүй, анхнаасаа эрх зүйн хувьд хүчингүй тушаал байсан.

Мэргэжлийн үнэмлэхтэй, ажлын дадлага туршлагатай хүний хийдэг ажилд ажлын туршлагагүй ажилтан авч ажиллуулсан нь байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож 3 сараар байгуулсан ба тус гэрээний хугацаа дуусмагц ажлын байраа орхих тухай ажилтанд хэлсэн, ажилтан өөрөө ч хүлээн зөвшөөрч гэрээндээ гарын үсгээ зурж баталгаажуулсан. Энэ гэрээнийхээ дагуу тушаал гаргаж ажлаас нь чөлөөлсөн.

Нэхэмжлэгч нь миний бие жирэмсэн бөгөөд тухайн үед 29-30 недельтэй байсан нь өрхийн эмчийн тодорхойлолтоор тогтоогдож байна гэж байна. Энэ асуудлын тухайд анх ажилд томилогдож байхдаа эмчийн хяналттай, жирэмсэн байсан төдийгүй Хөдөлмөрийн тухай хуульд дагалдангаар, туршилтын хугацаагаар ажиллуулах тухай зохицуулалт байсаар байхад Эрүүл мэндийн газрын даргын орон тоо, бүтэц баталсан тушаал үндэслэж иргэнийг ажилд авсан нь хуульд нийцэхгүй байна.

Д.Бүрэнжаргалыг ажилд томилогдохоос өмнө Г.Амарсанаа гэх хүн уг ажилд ажиллаж байсан ба түүнийг ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гарахад тэрээр эс зөвшөөрч Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 3 шатны шүүхийн шийдвэр түүний талд гарсан тул буцаан ажилд нь томилох шаардлага бий болсон.

Манай байгууллага нь ариутгагч, бэлтгэмэлчийн 2 орон тоотой бөгөөд нэг орон тоон дээр Ш.Дахинбаяр ажиллаж байгаа, нөгөө орон тоон Г.Амарсанаагийн ажлын байр юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж, 11.2-т шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд нэгэнт 3 шатны шүүхийн шийдвэр гарсан бол ажилд нь буцаан томилох үүрэгтэйгээ ухамсарласан явдал юм.

Манай байгууллагад илүү орон тоо байхгүй, батлагдсан орон тооноос илүү цалингийн сан байхгүй учраас бололцооны дагуу өөр ажил олж өгөх ямар ч боломжгүй юм. Цаашид ажил гарвал эхний ээлжинд Д.Бүрэнжаргалыг ажилд авахаар нөөц ажилтны санд бүртгэж авсан болно.

Иймд Д.Бүрэнжаргалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг үндэслэж ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан ба тушаал нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 497 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвд холбогдох, нэхэмжлэгч Борлууд овогт Дамирангийн Бүрэнжаргалын ариутгагч, бэлтгэмэлчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Бүрэнжаргал нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: “Д.Бүрэнжаргал би Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 497 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийг жирэмсэн байсан эсэх нь хөдөлмөрийн гэрээг цуцлахтай хамааралгүй гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Энэ утгаар нь анхан шатны шүүхийг Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1-д "Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно" гэж заажээ.

Миний бие нь ажилд анх томилогдох үедээ, мөн ажлаас чөлөөлөгдөх үедээ ч жирэмсэн байсан бөгөөд дээрх хугацаанд миний ажиллаж байсан Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төв татан буугдаагүй, орон тоо хасагдаагүй, цөөрүүлээгүй би өөрөө ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5-д заасан эд хөрөнгийн болон сахилгын зөрчил гаргаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1 дэх заалтыг надад хамааралгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаанд жирэмсэн байсан учраас өөрийгөө Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд заасан "жирэмсэн эмэгтэйг ажлаас халахыг хориглоно" гэсэн заалтад хамаарна гэж үзэж байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 36.1-ийг хэрэглэж байгаа тохиолдолд тус хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг хэрэглэж болохгүй гэж хориглосон, хязгаарласан хуулийн заалт байхгүй байна. Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 497 дугаар шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Бүрэнжаргал нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, хариуцагч Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.Бүрэнжаргал нь ариутгагчийн ажлаас 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр халагдсан Г.Амарсанаагийн оронд ажилд орсон болох нь тогтоогдсон ба Г.Амарсанааг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 490 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон тул ажил олгогч Г.Амарсанааг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/ 11 дүгээр тушаалаар ажилд нь буцаан томилжээ.   

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүүрэгтэй. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд ажил олгогч түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгөх ёстой.

Ийнхүү ажлаас буруу халагдсан Г.Амарсанааг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн томилохдоо түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон   Д.Бүрэнжаргалыг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй бөгөөд түүнийг ажлаас буруу халсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн тогтоогдсон ажилтны эрхэлж байсан ажил албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах асуудал ажил олгогчийн санаачилга, хүсэл зориг, хөдөлмөрийн гэрээний хугацаа зэргээс шалтгаалахгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхтэй холбоотойгоор хийгдэж байгаа ажиллагаа юм.

Хариуцагч Зоонозын өвчин судлалын төвийн даргын тушаалаас үзвэл Г.Амарсанааг ариутгагчийн албан тушаалаас чөлөөлөөд, ажилд эгүүлэн томилохдоо ариутгагч бэлтгэмэлчийн ажилд томилсон мэт боловч энэ нь нэг албан тушаал болох нь зохигчдын тайлбар болон Зоонозын өвчин судлалын төвийн орон тоо, бүтэцийг баталсан Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/13 дугаар тушаалын хавсралтаар нотлогдож байгаа ба энэ талаар зохигчид маргаангүй байна.

Анхан шатны шүүх хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх Д.Бүрэнжаргалын ажлаас үндэслэлгүй халагдсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хариуцагчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “ ... шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгөх” үүргээ биелүүлэхэд саад болохгүй болохыг дурьсугай.

Нэхэмжлэгчийн гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураажинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

            1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 497 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Бүрэнжаргалын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “ шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Н.ТУЯА

 

ШҮҮГЧИД                               М.НЯМБАЯР

 

                                                                                    Н.МӨНХЖАРГАЛ