Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 497

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сумын 6 дугаар баг, 1-р гудамжны 26 тоотод оршин суух, 1992 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОО92011505, Б овогт Д-ийн Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.А, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие АШУҮИС-ийг сувилагч мэргэжлээр төгсөж, 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвд ариутгагч, бэлтгэмэлчээр дарга Д.Б-ой 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гэрээ байгуулан ажиллаж байсан. 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр байгууллагын дарга солигдож Я.А дарга болсноор миний хөдөлмөрийн гэрээг 3 сараар буюу 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрийн ажилд ороогүй байсан өдрөөс эхлэн өөрчилсөн. Мөн ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас урьдчилан өгөлгүйгээр ажлаас халсан тушаал гаргасан. Миний бие ажлаас халагдах үед жирэмсэн бөгөөд 29-30 недельтэй байсан. Би ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/24 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож  өгнө үү” гэв. 

Хариуцагч Я.Алтангэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Б-ын нэхэмжлэлтэй 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/24 дүгээр тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Д.Б-ыг ажилд томилсон тухай 2018 оны Б/04 дүгээр тушаал нь анхнаасаа хуульд нийцэхгүй тушаал гэдэг нь үндэслэл болгосон хууль, эрх зүйн актгүй шийдвэр гэдгээр тодорхойлогдож байна. Иргэнийг ажилд авах тухай асуудал нь ажил олгогч, иргэний хооронд хөдөлмөрийн харилцааг үүсгэх анхдагч нөхцөл болох ба Хөдөлмөрийн тухай хуульд үндэслэн тушаал гаргах ёстой байсан. Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалыг үндэслэн иргэнийг ажилд авсан нь хуульд нийцэхгүй, анхнаасаа эрх зүйн хувьд хүчингүй тушаал байсан. Мэргэжлийн үнэмлэхтэй, ажлын дадлага туршлагатай хүний хийдэг ажилд ажлын туршлагагүй ажилтан авч ажиллуулсан нь байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож 3 сараар байгуулсан ба тус гэрээний хугацаа дуусмагц ажлын байраа орхих тухай ажилтанд хэлсэн, ажилтан өөрөө ч хүлээн зөвшөөрч гэрээндээ гарын үсгээ зурж баталгаажуулсан. Энэ гэрээнийхээ дагуу тушаал гаргаж ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь миний бие жирэмсэн бөгөөд тухайн үед 29-30 недельтэй байсан нь өрхийн эмчийн тодорхойлолтоор тогтоогдож байна гэж байна. Энэ асуудлын тухайд анх ажилд томилогдож байхдаа эмчийн хяналттай, жирэмсэн байсан төдийгүй Хөдөлмөрийн тухай хуульд дагалдангаар, туршилтын хугацаагаар ажиллуулах тухай зохицуулалт байсаар байхад Эрүүл мэндийн газрын даргын орон тоо, бүтэц баталсан тушаал үндэслэж иргэнийг ажилд авсан нь хуульд нийцэхгүй байна. Д.Б-ыг ажилд томилогдохоос өмнө Г.А гэх хүн уг ажилд ажиллаж байсан ба түүнийг ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гарахад тэрээр эс зөвшөөрч Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 3 шатны шүүхийн шийдвэр түүний талд гарсан тул буцаан ажилд нь томилох шаардлага бий болсон. Манай байгууллага нь ариутгагч, бэлтгэмэлчийн 2 орон тоотой бөгөөд нэг орон тоон дээр Ш.Д ажиллаж байгаа, нөгөө орон тоон Г.А-ийн ажлын байр юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж, 11.2-т шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд нэгэнт 3 шатны шүүхийн шийдвэр гарсан бол ажилд нь буцаан томилох үүрэгтэйгээ ухамсарласан явдал юм. Манай байгууллагад илүү орон тоо байхгүй, батлагдсан орон тооноос илүү цалингийн сан байхгүй учраас бололцооны дагуу өөр ажил олж өгөх ямар ч боломжгүй юм. Цаашид ажил гарвал эхний ээлжинд Д.Быг ажилд авахаар нөөц ажилтны санд бүртгэж авсан болно. Иймд Д.Б-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг үндэслэж ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан ба тушаал нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвд холбогдуулан ариутгагч, бэлтгэмэлчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан хугацааны дотор ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хуулинд нийцсэн байна. 

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Миний бие Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвд дарга Д.Б-ой 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Байгууллагын дарга солигдож Я.А дарга болсноор миний хөдөлмөрийн гэрээг 3 сараар буюу 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрчилсөн. Мөн ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас урьдчилан өгөлгүйгээр ажлаас халсан тушаал гаргасан. Миний бие ажлаас халагдах үед жирэмсэн бөгөөд 29-30 недельтэй байсан. Иймд ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна” гэж тодорхойлжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож 3 сараар байгуулсан ба тус гэрээний хугацаа дуусмагц ажлын байраа орхих тухай ажилтан өөрөө ч хүлээн зөвшөөрч гэрээндээ гарын үсгээ зурж баталгаажуулсан. Д.Б-ыг ажилд томилогдохоос өмнө Г.А гэж хүн уг ажлын байранд ажиллаж байсан ба түүнийг ажлаас нь чөлөөлсөн шийдвэрийг Г.А эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 3 шатны шүүхийн шийдвэрээр түүнийг ажилд эгүүлэн томилсон.  Манай байгууллага нь ариутгагч, бэлтгэмэлчийн 2 орон тоотой бөгөөд нэг орон тоон дээр Ш.Д ажиллаж байгаа, нөгөө орон тоон Г.А-ийн ажлын байр юм. Ингээд шүүхийн шийдвэрээр Г.А-г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, түүний оронд ажиллаж байсан Д.Б-ыг ажлаас нь чөлөөлсөн. Иймд Д.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргажээ.

 

Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/24 дүгээр “Д.Б-ыг ажлаас халах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 23.2.3, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтуудыг баримтлан Д.Б-ыг ариутгагч, бэлтгэмэлчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

 

Д.Б-ыг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь ариутгагч, бэлтгэмэлчээр ажиллаж байсан Г.А-г 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлснийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 490 дүгээр шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч гомдол гаргасан боловч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүх, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажил олгогч нь ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй юм.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т ”Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж заасан байх ба “бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэх заалт нь байгууллагын бүтцэд ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих боломжтой гэж үзнэ.

 

Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь ариутгагч, бэлтгэмэлчийн 2 орон тоотой бөгөөд уг орон тоон дээр Ш.Д, Г.А нарын ажлын байр бөгөөд шүүхийн шийдвэрээр Г.А-г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсноор түүний оронд ажиллаж байсан Д.Б-ыг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Б нь тухайн үед Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан Д.Б-ой 2 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацаа 2020 оны 2 дугаар сарын 01-ний өдөр дуусах байсан боловч байгууллагын дарга солигдож Я.А дарга болсноор уг гэрээний хугацааг өөрчилж 3 сараар тогтоосон байх ба энэхүү хугацааг зөвшөөрч Д.Б нь хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зуржээ.

 

Мөн ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр буюу аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн, ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй юм.

 

Түүнчлэн шүүхийн шийдвэрээр Г.А урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилогдсоноор түүний оронд ажиллаж байсан Д.Б-ыг ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь жирэмсэн байсан эсэх нь түүний хөдөлмөрийн гэрээг цуцлахтай хамааралгүй байх тул нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцдэг нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй байна.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвд холбогдох, нэхэмжлэгч Б овогт Д-ийн Б-ын ариутгагч, бэлтгэмэлчийн  ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Б нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдснийг дурдсугай. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ