Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2020/01329

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.Дын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Нд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг нийт 6 778 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э, хариуцагч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч О.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие О.Д нь Б.Нд 14 251 000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 2 хоногийн хугацаатай, өдрийн 1 хувийн хүүтэйгээр 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан болно. Тэгээд Б.Н нь мөнгөө өгөх боломжгүй байна гээд гэрээний хугацаагаа сунгаж, хүүгээ өөрчлөөд 10 хувь болгоод 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 1 сараар сунгаж гарын үсгээ зурсан юм. 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хүүнд 700 000 төгрөг өгсөн. 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүүнд 1 995 000 төгрөг, үндсэн мөнгөнөөс 10 005 000 төгрөгийг тус тус төлсөн байна. /Дансаар 12 000 000 төгрөг шилжүүлснээс үндсэн мөнгө хүүнд суутгасан/. Үндсэн мөнгөний үлдэгдэл 4 250 000 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 1 сараар гэрээгээ дахин сунгасан боловч одоогийн байдлаар нэг ч төгрөг төлөөгүй байх тул шүүхэд хандаж байна. Иймд Б.Нэс үндсэн мөнгөний үлдэгдэл 4 250 000 төгрөг, 1 сарын хүү 425 000 төгрөг, алданги 2 103 750 төгрөг, нийт 6 778 750 төгрөгийг нэхэмжилж байгаа болно гэв.

Хариуцагч Б.Н 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсан боловч хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбараа  ирүүлээгүй.

Хариуцагч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О.Дас мөнгө зээлж авсан нь үнэн. Үндсэн зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлөх хүсэлтэй. Харин алдангийн төлбөрийг зөвшөөрөхгүй. Миний төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасаагүй. О.Дтай эвлэрүүлэн зуучлал дээр эвлэрэх боломжтой байсан бөгөөд тэрээр их ширүүн хүн байсан гэв. 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Д нь хариуцагч Б.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 6 778 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Б.Н зээлийн үндсэн төлбөр 4 250 000 төгрөг болон хүүний төлбөр 425 000 төгрөгийг зөвшөөрч алдангийн 2 103 750 төгрөгийг эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

Зохигчид 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулж, 14 251 000 төгрөгийг 2 хоногийн хугацаатай, өдөрт нэг хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэй байхаар тохирч энэ өдрөө нэхэмжлэгч О.Д өөрийн Хаан банкны 5090587244 дугаарын данснаас хариуцагч Б.Номин-Эрдэнийн 5176189283 дугаарын дансанд 14 250 094 төгрөгийг шилжүүлсэн байна.

Хариуцагч Б.Н мөнгөө хугацаанд нь төлөх боломжгүй болсон тул зээлийн гэрээг сунгах хүсэлт гаргаж, талууд хугацаагаа нэг сараар сунгаж, сард 10 хувийн хүүтэй байхаар тохирч анх байгуулсан зээлийн гэрээний доод зайнд энэ талаар бичсэн болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн зээлийн гэрээгээр нотлогдож байна.

Мөн 2020 оны 07 дугаар сарын 10-нд гэрээ сунгалт гээд 2020 оны 05 дугаар сарын 27-ноос 07 дугаар сарын 10 хүртэл 42 хоногийн хүү 1 сарын 10 хувиар тооцож 1 995 000 төгрөг, үндсэн мөнгөнөөс 10 005 000 төгрөг төлөв. Үлдэгдэл 4 250 000 төгрөгийг 10 хувиар тооцож 2020 оны 08 дугаар сарын 10-ныг хүртэл сунгав гэсэн бичилтийг гэрээний арын хэсэгт бичсэн байна.

Хариуцагч Б.Н 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 700 000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 12 000 000 төгрөгийг нэхэмжлэгч О.Дд өгсөн талаар болон зээлийн гэрээ байгуулагдсан, сунгалт хийгдсэн, мөнгө шилжүүлсэн талаар талууд маргаагүй.

Зээлдүүлэгч О.Д нь зээлдэгч Б.Номин-Эрдэнийн өмчлөлд 14 250 094 төгрөг шилжүүлсэн, зээлдэгч Б.Н шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд төлөх үүрэг хүлээсэн шинжээс нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд нэхэмжлэгч О.Д шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан байх бөгөөд талууд байгуулсан зээлийн гэрээндээ хугацаа, хүү, алдангийн талаар тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээг хуульд заасан хэлбэрээр буюу бичгээр байгуулсан байх тул нэхэмжлэгч хариуцагчаас гэрээгээр тохирсон хугацааны хүү, алданги шаардах эрхтэй, мөн гэрээнд талууд өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлж гарын үсэг зурсан байх тул гэрээ Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Зээлдүүлэгч нь зээлийн гэрээг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл сунгасан зээлийн үлдэгдэл төлбөр 4 250 000 төгрөг, 1 сарын хүүний төлбөр 425 000 төгрөг, алданги 2 103 750 төгрөг, нийт 6 778 750 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байгаа бол хариуцагч гэрээний хугацааг сунгасан, тодорхой хэмжээний мөнгө төлсөн тул алдангийн төлбөрийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Талууд харилцан тохиролцож 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл нэг сараар сунгаж, хүүг 10 хувь байхаар тохирсон байна. Мөн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэрээний сунгалтыг хийхдээ 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тус тус сунгасан байна.

 Гэвч талуудын гарын үсэг зурсан гэрээний сунгалт гэх баримтыг үндэслэн хариуцагч Б.Н нь сарын 10 хувийн хүүтэй, 0.5 хувийн алданги төлөхөөр үүрэг хүлээсэн байна гэж дүгнэх боломжгүй юм. Тодруулбал: талууд зээлийн гэрээг анх байгуулсан хэлбэрээр гэрээний тухайн нөхцлийг тохирч дахин байгуулах ёстой.

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д зааснаар гэрээ байгуулах санал гаргаж, мөн хуулийн 195.2-д зааснаар гэрээний гол нөхцлийн талаар тусган 196 дугаар зүйлийн 196.1.2-д зааснаар нэг баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсанаар гэрээ байгуулагдсанд тооцох ёстой. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулаагүй бол үүрэг үүсэхгүй тул гэрээний сунгалтыг үндсэн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээний нэг адил байгуулж, нөхцлийг харилцан тохиролцох ёстой байжээ. Гэтэл 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нэг сараар сунгав гэсэн атлаа 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хүү тооцов гэж бичсэн байгаа нь зээлийн гэрээний сунгалтыг хуульд заасан хэлбэрээр байгуулаагүй гэж үзнэ.

Гэрээний сунгалтыг үндсэн гэрээний нэг адил үйлдэж, гэрээнд заасан нөхцөл хэвээр байгаа, эсхүл өөрчлөгдсөн эсэх, гэрээг ямар хугацаатай сунгаж байгаа болох, дээрх нөхцлийг талууд хүлээн зөвшөөрсөн эсэх талаар зааж, гарын үсэг зурснаар сая гэрээг сунгагдсан гэж үзэх бөгөөд хариуцагчийн хүсэлтээр гэрээний үүрэг биелүүлэх хугацааг хойшлуулж байсан байдал нь сунгалт гэж үзэх үндэслэл болохгүй.

Зохигчдын хооронд анх байгуулсан гэрээ хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан тул нэхэмжлэгч О.Дамбын шилжүүлсэн үндсэн зээлийн төлбөр 14 250 094 төгрөг, 2 хоногийн хүүний төлбөр 285 002 төгрөг, үүнээс хариуцагч Б.Н хугацаандаа үүргээ гүйцэтгээгүйгээс төлөх алдангийн төлбөр 3 781 987 төгрөг /131 хоног/ болох боловч хариуцагчийн төлсөн 12 700 000 төгрөгийг хасч тооцвол, хариуцагч Б.Н нь зээлийн үндсэн төлбөрт 1 835 096 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 917 548 төгрөгийн алдангийн төлбөр, нийт 2 752 644 төгрөгийг хариуцан төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч Б.Нэс 2 752 644 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 026 106 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 123 410 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 58 992 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Нэс 2 752 644 /хоёр сая долоон зуун тавин хоёр мянга зургаан зуун дөчин дөрөв/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 026 106 /дөрвөн сая хорин зургаан мянга нэг зуун зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 123 410 /нэг зуун хорин гурван мянга дөрвөн зуун арав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Нэс 58 992 /тавин найман мянга есөн зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Дд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                    Л.АРИУНЦЭЦЭГ