Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 06

 

О.Днэхэмжлэлтэй, хариуцагч

Б.Нд холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2020/01329 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: О.Днэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Нд холбогдох ,

 

 “Зээлийн гэрээний үүрэгт 6.778.750 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэг, хариуцагч Б.Н, нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

Нэхэмжлэгч О.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:  

Миний бие О.Д нь Б.Нд 14.251.000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 2 хоногийн хугацаатай, өдрийн 1 хувийн хүүтэйгээр 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан болно. Тэгээд Б.Н нь мөнгөө өгөх боломжгүй байна гээд гэрээний хугацаагаа сунгаж, хүүгээ өөрчлөөд 10 хувь болгоод 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 1 сараар сунгаж гарын үсгээ зурсан юм. 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хүүнд 700.000 төгрөг өгсөн. 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүүнд 1 995 000 төгрөг, үндсэн мөнгөнөөс 10.005.000 төгрөгийг тус тус төлсөн байна. /Дансаар 12.000.000 төгрөг шилжүүлснээс үндсэн мөнгө хүүнд суутгасан/. Үндсэн мөнгөний үлдэгдэл 4.250.000 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 1 сараар гэрээгээ дахин сунгасан боловч одоогийн байдлаар нэг ч төгрөг төлөөгүй байх тул шүүхэд хандаж байна. Иймд Б.Нэс үндсэн мөнгөний үлдэгдэл 4.250.000 төгрөг, 1 сарын хүү 425.000 төгрөг, алданги 2.103.750 төгрөг, нийт 6.778.750 төгрөгийг нэхэмжилж байгаа болно гэв.

Хариуцагч Б.Н 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсан боловч хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй.

Хариуцагч Б.Н шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Миний бие О.Дас мөнгө зээлж авсан нь үнэн. Үндсэн зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлөх хүсэлтэй. Харин алдангийн төлбөрийг зөвшөөрөхгүй. Миний төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасаагүй. О.Дтай эвлэрүүлэн зуучлал дээр эвлэрэх боломжтой байсан бөгөөд тэрээр их ширүүн хүн байсан гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2020/01329 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Нэс 2 752 644 /хоёр сая долоон зуун тавин хоёр мянга зургаан зуун дөчин дөрөв/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 026 106 /дөрвөн сая хорин зургаан мянга нэг зуун зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 123.410 /нэг зуун хорин гурван мянга дөрвөн зуун арав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Нэс 58.992 /тавин найман мянга есөн зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Дд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч Б.Н нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ болон үндсэн мөнгө, хүүгээ цаг хугацаандаа өгч чадахгүй байсан учраас гэрээний сунгалтын талаар маргаагүй. Өөрөөр хэлбэл гэрээний сунгалтыг хүлээн зөвшөөрч өөрийн гараар бичиж, гарын үсгээ зурсан тухайгаа хэлдэг. Шүүх хурал дээр үндсэн зээлийн үлдэгдэл, хүүг төлөхийг зөвшөөрдөг. Мөн хариуцагч Б.Н нь нэхэмжлэлийн хувийг гардан авснаар хуулийн хугацаандаа хариу тайлбар гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.4-д хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж үзсэнийг шүүх үнэлсэнгүй. Талууд харилцан тохиролцож, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 2 хоног өдрийн 1%-ийн хүүтэйгээр, хэрвээ гүйцэтгээгүй тохиолдолд 0.5%-ийн алданги төлөхөөр зээлийн гэрээ байгуулаад энэ хугацаанд үндсэн мөнгө болон хүүгээ өгч чадахгүй байдал үүссэн учир гэрээндээ өөрчлөлт оруулж, баталгаажуулан хүүгээ 10%, 1 сарын хугацаатайгаар тус тус сунгасан байдаг. /2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 27 хүртэл/ тэгээд 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр сунгалтын хүү гээд 700.000 төгрөгийг Б.Н төлсөн байна. /Зээлдэгч Номин-Эрдэнэ зээлийн гэрээгээ үргэлжлүүлээд өөрийн гараар сунгалтыг гарын үсгээ зурж баталгаажуулсан/ Үүнээс хойш буюу 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 10 хүртэл дахин 1 сараар, 10% хүү төлөхөөр сунгалт хийхээр зөвшилцөж Б.Н өөрийн гараар бичиж, гарын үсгээ дахин баталгаажуулж зурсан байдаг. 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 12.000.000 төгрөг дансаар шилжүүлснээс нэхэмжлэгч О.Д нь хүүндээ 1.995.000 төгрөг, үндсэн мөнгөнөөс 10.005.000 төгрөг тус тус суутгаад нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар үндсэн мөнгөнөөс 4.250.000 төгрөг үлдсэнийг шүүх хуралд дээр хариуцагч Б.Н хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлдэг. Гэтэл шүүх гэрээний сунгалтыг үндэслэлгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 42.2., мөн 196.1.2 дахь заалтыг үндэслэлгүйгээр  үгүйсгэж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 42.2-д хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Мөн хуулийн 196.1.2-д гэрээг бичгээр байгуулахаар хульд заасан буюу талууд тохиролцсон бол нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн гарын үсэг зурж баталгаажуулсан бол гэрээ байгуулсанд тооцно гэж заасан байдаг. Шүүх зээлийн гэрээг анх байгуулсан хэлбэрээр гэрээг сунгахдаа дахин байгуулах ёстой гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Хуульд ийм зохицуулалт *******. Монгол Улсын дээд шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай зөвлөмжөөр өмнө нь үүссэн зээлийн гэрээний харилцааны тооцоонд үндэслэж шинэ гэрээ байгуулах эсхүл гэрээний үүргийг дахин баталгаажуулах, гэрээний хугацаа хүүгийн хэмжээг өөрчлөх, алданги төлөхөөр харилцах тохиролцох зэргээр гэрээг шинэчлэх, нэмэлт гэрээ байгуулах нь ихсэх хандлагатай байгааг дурдаж дээрх тохиолдолд гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох нь Иргэний хуулийн 189.1-д заасантай харшлахгүйг заажээ. Талууд мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн эсэх шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд зээлийн гэрээгээр шаардах эрхтэйг дурдсан байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01329 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

           Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

           Нэхэмжлэгч  О.Д “Зээлийн гэрээний үүрэгт 6.778.750 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Н “...үндсэн зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлөхийг зөвшөөрч байна. алдангийн төлбөрийг  төлөхийг зөвшөөрөхгүй..“ гэх тайлбар гаргаж, мэтгэлцжээ.

          Шүүх хариуцагч Б.Нэс зээлийн төлбөр -2.752.644 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас 4.026.106  төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

           Хариуцагч Б.Н  2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж  14.251.000  төгрөгийг 2 хоногийн хугацаатай, өдрийн 1 хувийн хүүтэй зээлж авсан, хариуцагч нийт 12.700.000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй байна.

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд талууд зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр  5 дугаар сарын 27-наас 6 дугаар сарын 27 хүртэл 1 /нэг/ сараар 10% сунгав. Хүү төлөхгүйгээр сунгав, 7 дугаар сарын 10-ны өдөр  Зээлийн гэрээг 5 дугаар сарын 27-наас 7 сарын  хүртэл  10-ны өдрийг хүртэл 42 хоногийн хүү  1 сарын 10 хувиар тооцож 1.995.000 хүү, үндсэн мөнгөнөөс 10.005.000 төгрөг төлөв, үлдэгдэл 4.250.000 төгрөгийг 10 хувиар тооцож 2020.08.10 хүртэл гэрээг сунгав гэжээ.

            Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7.-т зааснаар хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан  үеэс шинэ хугацааг тоолох ба  талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр сунгагдсан, энэ хугацаанд  хүү төлөхгүйгээр  тохиролцсон  гэж үзэхээр байна. Учир нь зээлийн  гэрээг сунгасан тухай баримтанд сараар гэсний дараа 10% гэж бичсэн нь зээлийн хүү гэж үзэхэд эргэлзээтэй, харин хүү төлөхгүйгээр сунгав гэж бичигдсэн нь ямар нэг алдаагүй бичигдсэн байх тул  зээлийн хүү 10 хувиар сунгагдсан гэж үзэх боломжгүй юм.  /хх-ийн 3 тал/   

            Талууд зээлийн хугацааг 1 сараар сунгахдаа  зээлийн хүү төлөхгүйгээр тохиролцсон байх тул шүүх 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагчийн төлсөн нийт 12.700.000 төгрөгнөөс үндсэн зээл, 2 өдрийн  хүүг хасаж  үндсэн зээлийн үлдэгдэл 1.835.096 төгрөг, алданги 917.548 төгрөг нийт 2.752.644 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч О.Дд олгож шийдвэрлэсэн нь хуульд  нийцжээ.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хүртэл сунгагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэгийн  гаргасан “...2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл дахин 1 сараар, 10% хүү төлөхөөр сунгалт хийхээр зөвшилцөж Б.Н өөрийн гараар бичиж, гарын үсгээ дахин баталгаажуулж зурсан. 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 12.000.000 төгрөг дансаар шилжүүлснээс нэхэмжлэгч О.Д нь хүүндээ 1.995.000 төгрөг, үндсэн мөнгөнөөс 10.005.000 төгрөг тус тус суутгаад 4.250.000 төгрөг төлүүлэхээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэх давж заалдсан гомдол  үндэслэлгүй байна.

             Иймд анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт  хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2020/01329 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч О.Дулсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 123.410 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                 С.УРАНЧИМЭГ

                                                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ