Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2020/04120

 

                        

 

 

 

            

 

 

2020         12          17                                         101/ШШ2020/04120

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, тоот хаягт оршин суух, пасспортын дугаар:, БНХАУ-ын иргэн Ж-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 1, И ХХК-д холбогдох,

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 18.439.904 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 06-р сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл төлөөлөгч М.Ц-с шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И ХХК-ийн захирлын 2019-06-06-ны өдрийн 72 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Тушаалд Монгол улсын Боловсролын тухай хуулийн 44.2.1-т “багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих, 44.3-т багш нь суралцагчийн бие махбодод халдах, тэдэнд сэтгэл санааны дарамт үзүүлэх, хувийн нууцыг нь задруулахыг хориглоно, 44.4-т багш нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхдээ багшийн ёс зүйн дүрмийг баримталж ажиллана гэх заалтуудыг зөрчсөн, мөн хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан" гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна.

Тухайн тушаалыг гаргах болсон шалтгаан нь түүний сургуулийн сурагч Фгийн ээж нь багштай хувийн таарамжгүй харилцаатай болсны улмаас сургуулийн захиргаанд гомдол гаргасан байдаг ба үндэслэлгүйгээр худал гомдол гаргасан этгээдийг хуулийн байгууллагаар шалгуулахаар нэхэмжлэгчийн зүгээс гомдол гаргасан. Дээрх хэргийг шалгаж, эцэслэн шийдвэрлэсэн эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байтал сургуулийн захиргаанаас ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Учир нь сургуулийн захиргаанд худал гомдол гаргасан Ф /F/-r Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст зөрчлийн тухай хуулийн хуулийн 6.21 зүйлийн 1-т “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн” гэж зааснаар гомдол гаргаж шалгуулахад зөрчлийн хэргийг шалгах явцад Ф /F/ нь сургуулийн захиргаанд худал гомдол гаргасан тухайгаа хүлээн зөвшөөрч багш Ж уучлалт гуйснаар зөрчлийн хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2019-06-05-ны өдрийн 4 хариу мэдэгдэх хуудсаар хааж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн ноцтой зөрчил гаргасан гэх нөхцөл нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр няцаагдаж байна. Мөн хоёр иргэний хоорондын маргаанд байгууллага буюу сургууль оролцож 2019-06-06-ны өдөр ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гаргасан. Дээрх эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрээр ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь байгууллагын нэр хүндэд харш сөргөөр нөлөөлж болох зөрчил дутагдал гаргасан, сурагчид дарамт үзүүлсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, өмнө ажиллаж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Нэхэмжлэгчийн хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрээр нэхэмжлэгчийн нэг сарын үндсэн цалин 1.848.000 төгрөг тул 18 сар 10 хоног, 1.848.000 цалин*18 сар=33.264.000, 1.848.000цалин* 21.2 хоног= 87.169.887 169.8*10=871.698 төгрөг, 33.264.000+871.698=34.135.698 өнөөдрийг хүртэл нийт 34.135.698 төгрөг болж байна. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 34.135.698 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1-д зааснаар хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв. 

Хариуцагч И ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хятад хэлний багш Ж-ыг ажлаас чөлөөлсөн нөхцөлийн тухайд өнгөрсөн хичээлийн жилд Хятад улсын иргэн Ф-г тус сургуулийн А Олон Улсын ахлах ангийн хөтөлбөрт өөрийн нэр дээр батлан даан сургахаар гэрээ хийж, төлбөрийг төлж мөн сургуулиас Ф-н визний хүсэлтэд зориулж албан бичиг зэргийг бүрдүүлэн авч байсан. Гэвч 2019 оны 2 дугаар сард сурагч Ф Ахлах ангийн хичээлийн эрхлэгч Ж-д хандан Хятад хэлний Ж  багш өөрийнх нь паспортыг барьцаалан мөнгө нэхээд байгаа иймээс гадны сургуулийн тэтгэлэг болон шалгалтад бүртгүүлж чадахгүй байгаа, Ж-ын байранд түүний хүүгийн хамт нэг өрөөнд сарын 2000 юанаар түрээслэн амьдардаг байсан ч хэт их хүнтэй, тав тухгүй чимээ их тул хичээлээ ч хийх боломжгүй байдаг учир 18 нас хүрээд тэднийхээс нүүсэн 6 дугаар сард сургуулиа төгстлөө өөр газар байрлаж байгаа зэргээ мэдэгдсэн байдаг. Ж түүнээс түрээсийн мөнгө нэхээд бичиг баримтыг нь барьцаалаад өгөхгүй байгаа тухай хэлэхдээ түүний бичсэн гар утсан дээрх захианууд болон ярианы бичлэгийн хэсгийг сонсгож, бид Хятад хэл мэдэхгүй тул орчуулан бидэнд үзүүлсэн. Хичээлийн эрхлэгч, захирал нар ярилцаад нэг талыг барьж асуудалд хандахгүй байсан нь дээр мөн сурагчийн эцэг, эхээс нь албан ёсны гомдол ирээгүй тул Ж багшийн олон жил ажилласан зэргийг харгалзан тухайн үед энэ асуудалд ямар нэгэн арга хэмжээ авалгүй орхисон.

Иймд ажил олгогчийн зүгээс Ж-ы асуудлаар удирдах ажилтнуудын хүрээнд удаа дараа уулзалт, хурал хийж, хэлэлцсэн бөгөөд цаашид итгэл хүлээлгэж хамтран ажиллах, ажилд нь эргүүлэн томилж багшаар ажиллуулах нөхцөл боломжгүй бөгөөд холбогдох хууль тогтоомжийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...сургуулийн захиргаанд худал гомдол гаргасан сурагч Ф-д холбогдуулан зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлд зааснаар гомдол гаргаж Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгуулж шийдвэрлүүлсэн. Сурагч Ф-н ээж Хятад улсын иргэн С нь сургуулийн захиргаа, удирдлагуудад албан ёсоор гомдол, хүсэлт ирүүлсэн бөгөөд энэхүү гомдол нь сурагч Ф-д хамааралгүй юм. Багш Ж-ы талаар сургууль болон сургуулийн цахим орчин, нийтэд гүтгэж, худал мэдээлэл тараасан зүйл байхгүй.

Сурагч Ф-гийн хувийн бичиг баримт, гадаад паспортыг барьцаалсан. Ж -ы хамаарал бүхий этгээд нь цагдаагийн ажилтантай хамт сурагч Ф-гийн гэрийг сахиж, дагаж мөрдөн, сургуулийн орчноос баривчилж, сурагчийн нэр төрд халдсан. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг хувийн зорилгодоо ашиглаж, сурагчийг айлган сүрдүүлэх, дарамтлах арга хэрэгсэл болгосон байж болзошгүй нөхцөл байдал үүсгэсэн.

Улмаар Ж-ы хүсэлтийн дагуу Цагдаагийн байгууллага сурагч Ф-г буюу Монгол хэл мэдэхгүй гадаадын иргэнийг албан ёсны өмгөөлөгч, орчуулагчгүйгээр шалгуулах ажиллагаа явагдсан.

Цагдаагийн байгууллага дээр аваачиж шалгуулах явцдаа багш Ж болон түүний хамаарал бүхий этгээд нь Сурагч Ф-гийн биед халдах, дарамтлах үйлдлүүд гаргасан талаар сурагч Ф нь сургуулийн захиргаанд цахим шуудан ирүүлж, өөрийн аюулгүй байдлаа хамгаалах үүднээс яаралтай нутаг буцах гэж байгаа талаар мэдэгдсэн. Багш Ж нь сургуулийн захирлын нэр төрийг ашиглаж, сурагчийн эцэг эхээс их хэмжээний мөнгө хувьдаа авсан, сургуулийн нэр хүндийг хууль бусаар орлого олох эх үүсвэр болгож байгууллагын нэр хүндэд харш үйлдэл гэж үздэг. Тухайн үед сурагч Фгийн асран хамгаалагч байсан атлаа багшийн ёс зүйгүй үйлдэл гаргасан, сурагчтай бүдүүлэг үг хэллэг ашиглаж, зүй бусаар удаа дараа харьцаж, сурагчийн сурах эрхэд хүндрэл учруулах эрсдэл үүсгэн сэтгэл санааны дарамт үзүүлсэн, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам-ыг дагаж мөрдөлгүй, байгууллагын соёл, мэргэжлийн ёс зүйг үл хүндэтгэж, зан харцаа, ёс суртахууны доголдол гаргасан зэрэг үйлдэл нь хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Мөн багш Ж -ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө ажил олгогч талаас ажилласан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын мөнгийг холбогдох хуулийн дагуу тооцон олгож, санхүүгийн эцсийн тооцоог хийсэн гэв.

 

Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж нь хариуцагч И ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь өдрүүдэд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа доорхи байдлуудаар өөрчлөн тодруулсан байна. Үүнд:

- 2020-02-11-ний өдөр ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 18.439.904 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах,

- 2020-12-17-ны өдөр ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 34.135.698 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулжээ.

Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, нэхэмжлэгч нь сурагч, түүний ар гэрийнхэнтэй зохисгүй харилцсан, багшийн ёс зүйг зөрчсөн үйлдэл гаргасан гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.

И ХХК-ийн захирлын 2019-06-06-ны өдрийн 72 тоот тушаалаар “Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.1, 44.3, 44.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 6.3.2/а/, 6.3.2 /г/, 6.3.2/й/, Хөдөлмөрийн гэрээний 5.2.3, 14.1.1., 14.1.4 дэх заалтуудыг үндэслэн Хятад хэлний багш Ж овогтой Ю-ыг байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол, хэвийн үйл ажиллагаа, нэр хүндэд харш бөгөөд сөргөөр нөлөөлж болох зөрчил дутагдал гаргаж, сурагчид сэтгэл санааны дарамт үзүүлж, хариуцсан ажлын чиглэлээр дагаж мөрдөх хууль тогтоомж, багшийн ёс зүйг зөрчиж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг нь 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс цуцалжээ. /1 хх-ийн 35 тал/

Нэхэмжлэгч Ж 2019 оны 07-р сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй байна. /1 хх-ийн 1-2 тал/

Нэхэмжлэгч Ж-ы ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Нэхэмжлэгч Ж нь сурагч Ф-ийн асран хамгаалагчаар гэрээ байгуулж И олон улсын сургуулийн ахлах ангийн хөтөлбөрт хамруулан төлбөрийг төлж байсан дээр маргаагүй.

Ингэх явцдаа нэхэмжлэгч Ж нь сурагч Ф-тэй түрээсийн төлбөрөөс үүдэлтэй маргаан үүсгэж мөнгөний барьцаанд түүний бичиг баримтыг барьцаалж мөнгө шаардсанаас сурагч Ф сургуульд бүртгүүлж шалгалт өгөх эрх зөрчигдсөн, уг асуудлаас үүдэлтэйгээр Цагдаагийн байгууллагад Ж сурагч Фд холбогдуулан гомдол гаргаж шалгагдсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. /1хх-ийн 57-81, 52-56, 224-225 тал/   

Ж болон сурагч Ф нарын хооронд үүссэн асуудлыг 2019 оны 2-р сараас эхлэн сургууль удаа дараа авч хэлэлцсэн талаархи тэмдэглэлүүдээс үзэхэд Ж “сурагч Ф-д сэтгэл санааны дарамт үзүүлж, түүний бичиг баримтыг барьцаалсан” байдал нь хариуцсан ажлын чиглэлээр дагаж мөрдөх хууль тогтоомж, багшийн ёс зүйн дүрэмийг зөрчиж байгууллагын нэр хүндэд харш бөгөөд сөргөөр нөлөөлж болох зөрчил гаргасан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч багш Ж болон сурагч Ф нарын хооронд үүссэн асуудлыг сургуулиас удаа дараа авч хэлэлцэж байсан болох нь 2019-02-18-ны өдрийн уулзалтын тэмдэглэл, 2019-05-06, 2019-05-09-ний өдрийн тэмдэглэлээр нотлогдож байна. Нэхэмжлэгч үүн дээр маргаагүй. /1 хх-ийн 52-56, 224-225 тал/

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 398.828 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                              

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И ХХК-д холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 34.135.698 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай Ж-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж-аас 398.828 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.  

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА