Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00384

 

 

 

 

 

 

 

 

 

 

БНХАУ-ын иргэн Ж Ю Р--ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/04120 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ж Ю Р--ы хариуцагч И Э Э-Олон Улсын дунд сургууль ХХК-д холбогдуулан гаргасан, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, түүний өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: И Э Э-олон улсын дунд сургууль ХХК-ийн захирлын 2019-06-06-ны өдрийн 72 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Тушаалд Монгол улсын Боловсролын тухай хуулийн 44.2.1-т багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих, 44.3-т багш нь суралцагчийн бие махбодод халдах, тэдэнд сэтгэл санааны дарамт үзүүлэх, хувийн нууцыг нь задруулахыг хориглоно, 44.4-т багш нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхдээ багшийн ёс зүйн дүрмийг баримталж ажиллана гэх заалтуудыг зөрчсөн, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан" гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна. Тухайн тушаалыг гаргах болсон шалтгаан нь түүний сургуулийн сурагч Фан Сивей-гийн ээж нь багштай хувийн таарамжгүй харилцаатай болсны улмаас сургуулийн захиргаанд гомдол гаргасан байдаг ба үндэслэлгүйгээр худал гомдол гаргасан этгээдийг хуулийн байгууллагаар шалгуулахаар нэхэмжлэгчийн зүгээс гомдол гаргасан. Дээрх хэргийг шалгаж, эцэслэн шийдвэрлэсэн эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байтал сургуулийн захиргаанаас ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Учир нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгуулахад Фан Сивей нь сургуулийн захиргаанд худал гомдол гаргасан тухайгаа хүлээн зөвшөөрч багш Ж Ю Р--аас уучлалт гуйснаар зөрчлийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн ноцтой зөрчил гаргасан гэх нөхцөл нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр няцаагдаж байна.

Мөн иргэд хоорондын маргаанд байгууллага буюу сургууль оролцож 2019-06-06-ны өдөр ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гаргасан. Дээрх эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрээр ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь байгууллагын нэр хүндэд харш сөргөөр нөлөөлж болох зөрчил дутагдал гаргасан, сурагчид дарамт үзүүлсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, өмнө ажиллаж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Нэхэмжлэгчийн хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрээр түүний нэг сарын үндсэн цалин 1,848,000 төгрөг тул 18 сар 10 хоногийн цалинд нийт 34,135,698 төгрөгийг гаргуулж өгнө үү үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Хятад хэлний багш Ж Ю Р--ыг ажлаас чөлөөлсөн нөхцөлийн тухайд өнгөрсөн хичээлийн жилд Хятад улсын иргэн Фан Сивей-г тус сургуулийн Ай Би Олон Улсын ахлах ангийн хөтөлбөрт өөрийн нэр дээр батлан даан сургахаар гэрээ хийж, төлбөрийг төлж мөн сургуулиас Фан Сивей-н визний хүсэлтэд зориулж албан бичиг зэргийг бүрдүүлэн авч байсан. Гэвч 2019 оны 2 дугаар сард сурагч Фан Сивей ахлах ангийн хичээлийн эрхлэгч Жак Меадов-д хандан Хятад хэлний Ж Ю Р- багш өөрийнх нь паспортыг барьцаалан мөнгө нэхээд байгаа иймээс гадны сургуулийн тэтгэлэг болон шалгалтад бүртгүүлж чадахгүй байгаа, Ж Ю Р--ы байранд түүний хүүгийн хамт нэг өрөөнд сарын 2,000 юанаар түрээслэн амьдардаг байсан ч хэт их хүнтэй, тав тухгүй чимээ их тул хичээлээ ч хийх боломжгүй байдаг учир 18 нас хүрээд тэднийхээс нүүсэн, 6 дугаар сард сургуулиа төгстлөө өөр газар байрлаж байгаа зэргээ мэдэгдсэн байдаг. Ж Ю Р- түүнээс түрээсийн мөнгө нэхээд бичиг баримтыг нь барьцаалаад өгөхгүй байгаа тухай хэлэхдээ түүний бичсэн гар утсан дээрх захианууд болон ярианы бичлэгийн хэсгийг сонсгож, бид Хятад хэл мэдэхгүй тул орчуулан бидэнд үзүүлсэн. Хичээлийн эрхлэгч, захирал нар ярилцаад нэг талыг барьж асуудалд хандахгүй байсан нь дээр мөн сурагчийн эцэг, эхээс нь албан ёсны гомдол ирээгүй тул Ж Ю Р- багшийн олон жил ажилласан зэргийг харгалзан тухайн үед энэ асуудалд ямар нэгэн арга хэмжээ авалгүй орхисон.

Иймд ажил олгогчийн зүгээс Ж Ю Р--ы асуудлаар удирдах ажилтнуудын хүрээнд удаа дараа уулзалт, хурал хийж, хэлэлцсэн бөгөөд цаашид итгэл хүлээлгэж хамтран ажиллах, ажилд нь эргүүлэн томилж багшаар ажиллуулах нөхцөл боломжгүй бөгөөд холбогдох хууль тогтоомжийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Сурагч Фан Сивей-н ээж Хятад улсын иргэн Сүн Юй Инг нь сургуулийн захиргаа, удирдлагуудад албан ёсоор гомдол, хүсэлт ирүүлсэн бөгөөд энэхүү гомдол нь сурагч Фан Сивей-д хамааралгүй юм. Багш Ж Ю Р--ы талаар сургууль болон сургуулийн цахим орчин, нийтэд гүтгэж, худал мэдээлэл тараасан зүйл байхгүй. Сурагч Фан Сивей-гийн хувийн бичиг баримт, гадаад паспортыг барьцаалсан. Ж Ю Р--ы хамаарал бүхий этгээд нь цагдаагийн ажилтантай хамт сурагч Фан Сивей-гийн гэрийг сахиж, дагаж мөрдөн, сургуулийн орчноос баривчилж, сурагчийн нэр төрд халдсан. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг хувийн зорилгодоо ашиглаж, сурагчийг айлган сүрдүүлэх, дарамтлах арга хэрэгсэл болгосон байж болзошгүй нөхцөл байдал үүсгэсэн.

Улмаар Ж Ю Р--ы хүсэлтийн дагуу Цагдаагийн байгууллага сурагч Фан Сивейг буюу Монгол хэл мэдэхгүй гадаадын иргэнийг албан ёсны өмгөөлөгч, орчуулагчгүйгээр шалгуулах ажиллагаа явагдсан.

Багш Ж Ю Р- нь сургуулийн захирлын нэр төрийг ашиглаж, сурагчийн эцэг эхээс их хэмжээний мөнгө хувьдаа авсан, сургуулийн нэр хүндийг хууль бусаар орлого олох эх үүсвэр болгож байгууллагын нэр хүндэд харш үйлдэл гэж үздэг. Тухайн үед сурагч Фан Сивейгийн асран хамгаалагч байсан атлаа багшийн ёс зүйгүй үйлдэл гаргасан, сурагчтай бүдүүлэг үг хэллэг ашиглаж, зүй бусаар удаа дараа харьцаж, сурагчийн сурах эрхэд хүндрэл учруулах эрсдэл үүсгэн сэтгэл санааны дарамт үзүүлсэн, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам-ыг дагаж мөрдөлгүй, байгууллагын соёл, мэргэжлийн ёс зүйг үл хүндэтгэж, зан харцаа, ёс суртахууны доголдол гаргасан зэрэг үйлдэл нь хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Мөн багш Ж Ю Р--ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө ажил олгогч талаас ажилласан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын мөнгийг холбогдох хуулийн дагуу тооцон олгож, санхүүгийн эцсийн тооцоог хийсэн гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч И Э Э-олон улсын дунд сургууль ХХК-д холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 34,135,698 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай Ж Ю Р--ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж Ю Р--аас 398,828 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж маргаан бүхий үйл баримтыг хариуцагч талаас гаргасан, нотолгооны шаардлагад нийцэхгүй баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон нотлох баримтаар үнэлсэн.

Нэг. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон Багш Ж Ю Р- сурагч Фан Сивэй нарын хоорондын амин хувийн маргааныг сургуулийн сургалтын үйл ажиллагаанд хамааруулсанд эргэлзэж байна. Нэхэмжлэгч нь БНХАУ-ын иргэн Фан Сивэй-г эцэг эхийн хүсэлтээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг "И Э Э-олон улсын дунд сургууль" ХХК-ийн сургуульд суралцах бололцоогоор хангаж, улмаар өөрийн орон сууцанд хүүхдийнхээ хамт амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Гэвч Фан Сивэй нь багш Ж Ю Р--ы итгэлийг хөсөрдүүлж, амьдарсан орон сууцны төлбөрийг төлөхөөс татгалзсанаас тэдний хооронд маргаан үүсэж асуудал цагдаагийн байгууллагаар шалгагдах, цагдаагийн байгууллагаас И Э Э-олон улсын сургууль ХХК-тай харилцах гэм мэт БНХАУ-ын хоёр иргэний хооронд иргэний зүйн харилцааны асуудлаар үүссэн маргааныг тус сургуулийн багш, суралцагч хоёрын хоорондох сургалтын үйл ажиллагаанд хамааруулан шүүх дүгнэлт хийсэн ба шүүх хуралдааны үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Заяа "...Бид энэ асуудал сургуулиас гадуурх багш, сурагчийн харилцаа гэж..." хэлсэн тайлбар бий. Бодит байдалд дээрх үйл явдлууд тус сургуулийн сургалтын үйл ажиллагаанд хамааралгүй.

Тиймээс хариуцагч "И Э Э-Олон улсын дунд сургууль" ХХК-ийн захирал Грэмхилл 2019 оны 06-р сарын 06-ний өдрийн 72 тоот тушаал гаргахдаа Боловсролын тухай хуулийг баримтлан нэхэмжлэгч Ж Ю Р-ыг ажлаас халах үндэслэлгүй байсан, мөн хоёр иргэн хоорондын маргааныг хариуцагчийн сургалтад хамааруулсан дүгнэлтийг шүүхээс хийж хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн. Бодит үйл баримтууд болсон процесс тус дунд сургуулийн сургалтад ямар хохирол учирсан, ямар үндэслэлээр Ж Ю Р--ыг боловсролын тухай хууль тогтоомж зөрчсөн бэ гэдэгт шүүх дүгнэлт хийх ёстой байх.

Хариуцагч талаас гаргаж өгсөн хурлын тэмдэглэл гэх баримтууд нь нэг талын давуу байдлаа ашиглаж үйлдсэн эргэлзээтэй нотлох баримтыг шүүх үнэлж Ж Ю Р--ыг буруутгасанд гайхаж байна. Шүүхэд ирүүлсэн 3 удаагийн тэмдэглэлд нэхэмжлэгчийн гарын үсэг, танилцсан, зөвшөөрсөн үйл ажиллагаа байдаггүйг дурдъя.

Хоёр. Анхан шатны шүүх И Э Э-олон улсын дунд сургууль ХХК-ийн 2019 оны 06-р сарын 02-ны өдрийн 72 тоот тушаалд нэхэмжлэгч Ж Ю Р- сахилгын ноцтой ямар зөрчил гаргасныг нэрлэн дурдаагүй, түүнийг хэрхэн нотолсон нь тодорхойгүй, тус сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 6-р зүйлийн 2.Й-д "ажилтнууд хооронд болон сурагчид, тэдний эцэг эхчүүдтэй харьцахдаа хандлага, ёс зүйн зөрчил гаргасан, хоёр ба түүнээс дээш удаа хамт ажиллаж буй ажилтан, сурагчдыг сэтгэлзүйн дарамтад оруулсан" гэсэн заалтыг зөрчсөн. Ажлаас чөлөөлөх 72 дугаар тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 43-р зүйлийг зөрчиж ажилтны ажил өгч авалцах хугацааг тогтоогоогүй, 2019 оны 06-р сарын 02-ны өдөр хүртэл багшилсан Ж Ю Р--д ээлжийн амралт олгоогүй, ээлжийн амралт эдлэх бололцоог бүрдүүлэхгүйгээр ажлаас халсан нь гэх нөхцөл байдлууд зохих нотлох баримтаар тогтоогдсон зэрэгт ямар ч үнэлэлт дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэгчийг яаж буруутгах вэ гэдэг хандлагатай байсан болно. Шүүх дурдсан нөхцөл байдлуудад ямар нэг байдлаар дүгнэлт хийхийг эрмэлзсэн бол нөхцөл байдал өөр байдлаар харагдах нь тодорхой. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч И Э Э-олон улсын дунд сургууль ХХК нь Ж Ю Р- сурагч Фан Сивэй-г дарамталж ёс зүйн зөрчил гаргав гэдэг нэг зүйлээр буруутгаж ажлаас халсан нь өөрийнхөө хөдөлмөрийн дотоод журмын 6-р зүйлийн 2-ийн Й заалтаа зөрчсөн нь тодорхой. Энэхүү байдлыг анхан шатны шүүх анхаарсангүй анхан шатны шүүх хуралдааны үед энэ бүх байдлыг өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч тодорхой тайлбарлан мэтгэлцсэн болно.

Шүүх хуралдааны процесс хуулиар тогтоосон журмыг зөрчиж нэхэмжлэгч талаас гаргаж буй тайлбар үндэслэлүүдэд дүгнэлт хийгээгүй, зохигчдын эвлэрэн хэлэлцэх, нэхэмжлэлийн шаардлагын зарим үндэслэл, хариуцагчийн тайлбарын нотолгооны баримтуудыг нэг бүрчлэн судлаагүй зэргээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийг шүүх зөрчсөн бөгөөд бидний ойлголтоор шүүх хуралдаан эхлэхээс өмнө Жан Юн Рун-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох бодлого, зорилгыг шүүх бүрэлдэхүүн агуулжээ гэж санагдсан. Үндэслэл нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүх талаас нь судлан шинжилж, үнэлээгүйд оршино. Нэхэмжлэгч Ж Ю Р- сурагч Фан Сивэй-н паспортыг барьцаалж хохироосон гэх ямар ч нотолгоогүй зүйлээр нэхэмжлэгчийг буруутгасан гэх мэт зохимжгүй уйл ажиллагаануудаар тодорхойлогдох болно Цагдаагийн байгууллагын шалгалтаар Ж Ю Р- иргэн Фан Сивэй-г дарамтлаагүй нь тогтоогдсон уг сурагч уучлалт гуйсан тухай баримтыг шүүх анхаарч зээгүй, үнэлээгүй болно.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хэргийг хянаж Ж Ю Р--ыг ажлаас үндэслэлгүй халсан И Э Э-олон улсын дунд сургууль-ийн 2019 оны 06-р сарын 06-ны өдрийн 72 тоот тушаалыг хууль бусад тооцож түүнийг өмнөх ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах зэргээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулсан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ж Ю Р- /Zhang Yongrong/ ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан Хятад хэлний багшийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 38,790,549 төгрөг гаргуулах, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч И Э Э-олон улсын дунд сургууль ХХК бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Ж Ю Р- /Zhang Yongrong/ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан тухай анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч Ж Ю Р- /Zhang Yongrong/ нь анх 2015 оны 06 сарын 10-ны өдөр И Э Э-олон улсын дунд сургууль ХХК-д Хятад хэлний багшаар томилогдож /1хх 124-арын нүүр/, улмаар тус сургуулийн захирлын 2019 оны 06 сарын 06-ны өдрийн 72 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна. /1хх 35/

 

Дээрх тушаал нь Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.1, 44.3, 44.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 6.3.2 (а), 6.3.2 (й), Хөдөлмөрийн гэрээний 5.2.3, 14.1.1, 14.1.4-т заасныг үндэслэсэн байх ба уг тушаалд ...Байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол, хэвийн үйл ажиллагаа, нэр хүндэд харш бөгөөд сөргөөр нөлөөлж болох зөрчил, дутагдал гаргаж, сурагчид сэтгэл санааны дарамт үзүүлж, хариуцсан ажлын чиглэлээр дагаж мөрдөх хууль тогтоомж, багшийн ёс зүйг зөрчиж, хөдөлмөрийн харилцааг зогсоох хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан... хэмээн дурджээ. /1хх 35/

 

Зөрчлийн хэргийг шалгах явцад нэхэмжлэгч Ж Ю Р- /Zhang Yongrong/-аас Цагдаагийн байгууллагад өгсөн ...Фан Сивей /Fan Siwei/ нь суралцах хугацаандаа... манай гэрт сарын 2,000 юань төлөөд түрээсээр суухаар тохирсон... Манай сургуулийн сурагч Фан Сивей /Fan Siwei/-н ээж болох Сүн Юү Яань нь намайг ... их хэмжээний мөнгө залилан авч, сургуульд авилга өгч хүүхдийг нь оруулсан гэж 2019 оны 05 сарын 19-ний өдөр манай сургуулийн захиргаанд өргөдөл гарган... гэсэн мэдүүлэг /1хх 63/, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өгсөн ... хүүхдийн сургуулийн 2019 оны төлбөрийг хийх гэж ээж нь надруу өгсөн... /1хх 173/, ...Фан Сивейгийн асран хамгаалагч байсан учраас ээж нь надруу мөнгө шилжүүлсэн... /1хх 174/, ... Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр очоод нэг хүүхэд намайг гүтгэсэн талаар болсон явдлаа хэлэхэд... /1хх 174/ гэсэн тайлбар, шүүхийн үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал /2хх 22/, сурагч Фан Сивей /Fan Siwei/-н эх Сүн Юу Яань /Sun Yuying/-ы сургуулийн захиргаанд гаргасан гомдол /2хх 34/, хариуцагч талын хариу тайлбар /1хх 19-29/ зэрэг нотлох баримтыг харьцуулан үзэхэд:

а/. И Э Э-олон улсын дунд сургууль-ийн багш Ж Ю Р- /Zhang Yongrong/ тус сургуулийн сурагч Фан Сивей /Fan Siwei/-г гэртээ төлбөртэй суулгасан;

б/. И Э Э-олон улсын дунд сургууль-ийн багш Ж Ю Р- /Zhang Yongrong/ тус сургуулийн сурагч Фан Сивей /Fan Siwei/-гийн эх Сүн Юу Яань /Sun Yuying/-аас мөнгө өөрийн дансаар шилжүүлэн авсан;

в/. Тус сургуулийн сурагч Фан Сивей /Fan Siwei/-гийн эх Сүн Юу Яань /Sun Yuying/-ы зүгээс 2019 оны 05 сарын 19-ний өдөр сургуулийн захиргаанд гомдол гаргасан;

г/. И Э Э-олон улсын дунд сургууль-ийн багш Ж Ю Р- /Zhang Yongrong/ нь 2019 оны 05 сарын 31-ний өдөр өөрийг нь гүтгэсэн хэмээн сурагч Фан Сивей /Fan Siwei/-г Цагдаагийн байгууллагаар шалгуулсан;

д/. И Э Э-олон улсын дунд сургууль-ийн багш Ж Ю Р- /Zhang Yongrong/ тус сургуулийн сурагч Фан Сивей /Fan Siwei/-тай ёс бус хэллэгээр харьцсан зэрэг үйл баримт тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ж Ю Р- /Zhang Yongrong/-ы өөрийн багшилдаг сургуулийн сурагч Фан Сивей /Fan Siwei/-г гэртээ хариу төлбөртэй суулгасан, сурагч Фан Сивей /Fan Siwei/-н эх Сүн Юу Яань /Sun Yuying/-аас өөрийн хувийн дансаар мөнгө шилжүүлэн авсан, сурагч Фан Сивей /Fan Siwei/-тэй хувийн асуудлаар хоорондын таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар сурагч Фан Сивей /Fan Siwei/-г Цагдаагийн байгууллагаар шалгуулсан зэрэг үйлдэл нь багшийн ёс зүйд нийцэхгүй үйлдэл гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж, улмаар Хөдөлмөрийн гэрээ-ний 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил /1хх 87/ гаргасан үндэслэлээр ажилтан Ж Ю Р- /Zhang Yongrong/-ыг ажлаас чөлөөлсөн хариуцагч байгууллагын захирлын 2019 оны 06 сарын 06-ны өдрийн 72 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч тал нь Цагдаагийн байгууллагад зөрчлийн хэрэг шалгах явцад суралцагч Фан Сивей /Fan Siwei/ нь гүтгэсэн болохоо хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан хэмээн тайлбарлаж байх боловч энэхүү үйл баримт нь Ж Ю Р- /Zhang Yongrong/-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэл болохгүй гэж үзэв. Учир нь хөдөлмөрийн гэрээний харилцаа болон зөрчлийн хэрэг хянан шалгах харилцаа нь тус тусдаа хуулийн зохицуулалттай, тусдаа харилцаа юм.

 

Иймд хариуцагч И Э Э-олон улсын дунд сургууль ХХК-д холбогдуулан гаргасан Ж Ю Р- /Zhang Yongrong/-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар нэхэмжлэгч Ж Ю Р- /Zhang Yongrong/-ээс улсын тэмдэгтийн хураамж гаргуулан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Тодруулбал, ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан эсэх тухай маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх учиртай.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/04120 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж Ю Р- /Zhang Yongrong/-ы шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.НЯМБАЗАР