Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2021/00207

 

 

 

 

 

 

 

 

2021          01           19                                       101/ШШ2021/00207

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: тоот, РД:У, Т.С-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

            Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн .. 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2020 оны 09-р сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.С  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018-10-01-ний өдрийн 0 дугаар захирамжаар Т.С , Б.Н нараас 30.659.777 төгрөгийг гаргуулж, К ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдан Т.С  миний өмчлөлийн орон сууцны үнэлгээнд талуудаас санал аваад зөрсөн учир шинжээчээр “Баян модот” ХХК-г томилон үнэлгээг хийлгэсэн. Гэтэл тус шинжээч нь манай орон сууцыг 73.599.300 төгрөгөөр үнэлсэн бөгөөд зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэж байна. Учир нь манай орон сууц байрлал сайтай, талбай том, 2 тагтай, талбай том коридортой 40 м.кв биш 80-90 м.кв талбайтай, 1 м.кв-ын зах зээлийн ханш нь 1.000.000 төгрөг юм. Баянзүрх дүүрэг, тоотод байрлах 2 өрөө орон сууцыг “Баян модот” ХХК-ийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү  гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О-с шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0дүгээр захирамжаар Т.С , Б.Н нараас 30.469.528 төгрөгийг гаргуулж К ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа явуулж төлбөр төлөгч Т.С , Б.Н нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн  тоотод байрлах 40 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу “Баян модот” ХХКомпаниар үнэлгээ тогтоолгоход 73.599.300 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэлгээг өмчлөгч болон төлбөр төлөгч нарт 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн . тоот мэдэгдлээр 2020 оны 09 дүгээр сарынд 25-ны өдөр гардуулан өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.С  хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн тоот 40 м.кв талбайтай, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10-р сарын 01-ний өдрийн дүгээр шийдвэрээр Т.С , Б.Н нараас 30.469.528 төгрөгийг гаргуулж К ББСБ ХХК-д олгох, төлбөрөө төлөөгүй тохиолдолд Т.С ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн тоот 40 м.кв талбайтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч Т.С , Б.Н нар нь төлбөрийг төлөөгүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар 2018-11-02-ны өдрийн тоот шүүхийн гүйцэтгэх хуудсыг бичсэн байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэх тухай 2019-02-13-ны өдрийн 19260495 тоот тогтоолыг гаргаж, шүүхийн шийдвэрт заасан үүргээ биелүүлэхийг мэдэгдэж тэмдэглэл үйлджээ.

2019 оны 05 сарын 24-ний өдөр эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг гаргаж, эд хөрөнгө хураах 2020-09-09-ний өдрийн тоот тогтоол үйлдэж, шүүхийн шийдвэрт заасан үүргийг 2020 оны 09 сарын 18-ны өдрийг хүртэл биелүүлэх хугацаа тогтоож, үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Т.С , Б.Н нарт мэдэгджээ. /хх-ийн 49 тал/

Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчөөс үнийн санал авах ажиллагааг хийсэн байна. /хх-ийн 55-60 тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020 оны 09 сарын14-ний өдрийн -р тогтоолоор Баян-Модот ХХК-ийг шинжээчээр томилж, төлбөр төлөгч Т.С ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоохыг даалгажээ.

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэн хураагдсан төлбөр төлөгч Т.С , Б.Н нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна.

Шийдвэр гүйцэтгэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхээс өмнө шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, хөрөнгийн үнэлгээний тайланг Баян-Модот ХХК гаргаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлжээ. /хх-ийн 61, 63 тал/

Уг тайланд “...Баянзүрх дүүргийн  тоот 40 м.кв талбайтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээний дүн 73.599.277,65 төгрөг” гэж үнэлсэн. /хх-ийн 65-76 тал/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч Т.С , Б.Н нарт 2020 оны 09 сарын 24-ний өдөр хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг хүргүүлж, төлбөр төлөгч Т.С  үнэлгээг эс зөвшөөрч, шинжээч үнэлгээг хийхдээ үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэтэрхий доогуур үнэлсэн гэж үзэж, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах гомдлыг 2020 оны 09 сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч Т.С нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Баянзүрх дүүргийн  тоот 40 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- гэрчилгээтэй 2 өрөө орон сууц 80-90 м.кв талбайтай зах зээлийн үнэ 1 м.кв-ын ханш нь 1.000.000 төгрөг байгаа гэж тайлбарлаж байх боловч үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилсон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.6-д заасны дагуу  явагдсан байна. Мөн шинжээчээр томилогдсон Баян-Модот ХХК эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон үйл ажиллагаа нь “Шүүхийн шинжилгээний тухай хууль”, “Хөрөнгийн үнэлгээний тухай хууль”-д заасан журмын дагуу хийгдсэн байх ба хөрөнгийн үнэлгээний тайлан ”Хөрөнгийн үнэлгээний тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д “хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх”, 9.2.3-т “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх” шаардлагыг хангасан байна. Уг үнэлгээг хүчингүй болгох үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул үнэлгээг хүчингүй болгуулах тухай Т.С ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                              

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн тоот 40 м.кв талбайтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах Т.С ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА