| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 149/2018/00149/И |
| Дугаар | 49 |
| Огноо | 2018-08-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 49
“******* *******”-ны Зүүнхараа салбарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 149/2018/00149/И
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч,
Ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид Д.Буянжаргал
Г.Давааренчин
Оролцогчид
Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Жаргал
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 181 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдлоор “******* *******”-ны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй *******д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 8.703.483,90 төгрөг гаргуулах тухай” мөн *******гийн сөрөг нэхэмжлэлтэй “******* *******”-ны Зүүнхараа салбарт холбогдох “110.289 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******”-ны Зүүнхараа саобар анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч *******, хамтран зээлдэгч ******* нар нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ******* *******ны Мандал тооцооны төвөөс нэмэлтээр тэтгэвэрийн зээлийн гэрээ байгуулж 8.567.544 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 1.5%-ийн, жилийн 18%-ийн хүүтэй зээлсэн. ...*******гээс зээлийн үндсэн төлбөрийн өр 7.961.434,57 төгрөг, зээлийн хүүгийн өр 742.049,33 төгрөг нийт 8.703.483,90 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний ээж ******* нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээгээр ******* *******наас 01 сарын тэтгэвэр болох 301.700 төгрөгийг зээлж авсан ба миний бие энэ гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан. Тухайн үед ээж маань элэгний хорт хавдартай байсан болохоор эмчилгээндээ мөнгөө зарцуулсан. Нэмж гаргасан зээлийн гэрээн дээр би гарын үсэг зурж хамтран үүрэг гүйцэтгэгчээр орсон. Би эндээс мөнгө хүлээж авсан гэсэн ямар ч баримт байхгүй. Ээж маань өөрөө эм тариагаа зохицуулдаг байсан. Одоо би тодорхой эрхэлсэн ажилгүй 2 хүүхэдтэйгээ өрх толгойлон амьдарч байгаа болохоор надад тогтмол орлого байхгүй. Мөн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай ээж өвчний учраас нас барсан. Нас барсан сар ба түүний дараа сар буюу 11 дүгээр сарынх нь тэтгэвэр нийгмийн даатгалаас шилжиж орж ирсэн дансны хуулганаас нь харагддаг юм байна лээ. Энэ мөнгийг тэтгэврийн зээлд нь ******* суутгасан ба зээлийн гэрээгээр нэмж авсан үүргийг гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Тийм учраас би нэхэмжилсэн мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.
Хариуцагч ******* анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие нь 2 нас, 10 насны 2 хүүхэдтэй өрх толгойлсон ганц бие эмэгтэй юм. Засгийн газраас баталсан хүүхдэд мөнгө олгох журмын дагуу 2 хүүхдийн тус бүр 20000 төгрөг, цалинтай ээж хөтөлбөрийн дагуу 0-3 насны хүртэлх хүүхэдтэй эхчүүдэд олгож буй 50000 төгрөгийн халамжийн мөнгийг сар бүр өөрийн дансаар дамжуулан авдаг. Энэ мөнгийг авч буй данс ******* дугаартай энгийн хугацаагүй хадгаламжийн дансыг ******* ******* 2017 оны 11 дүгээр сараас хойш зарлагын гүйлгээг нь зогсоон миний данснаас мөнгө гаргахгүй байсан. Гэтэл энэ дансанд орсон миний 2 хүүхдийн мөнгө болох 60149 төгрөг, цалинтай ээжийн 50140 төгрөг нийт 110289 төгрөгөөр намайг шүүхэд хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргахдаа *******наас төлөх ёстой Улсын тэмдэгтийн хураамжийн мөнгийг төлүүлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгохоор заасан байтал хариуцагч миний дансан дахь мөнгөн хөрөнгөөс төлүүлсэн байна. Тиймээс иргэн миний хуулийн дагуу авбал зохих 110289 төгрөгийг ******* *******наас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн тухайд *******гийн нас барсан ээжийн тэтгэврийн зээлийг нэхэмжлэхдээ 154.205 төгрөгний тэмдэгтийн хураамжийг хамтран зээлдэгч болох *******гийн нэр дээр ******* өөрөө авлага үүсгэж тэмдэгтийн хураамжийг төлсөн. Бид *******гийн төрсөн эгч *******гаас ярилцаад төлөөд өгөөч гэж гуйсан. Гэтэл ******* дүү *******гийн нэр дээр хүүхдийн мөнгөний хугацаагүй хадгаламж байгаа түүнээс нь аваад төлүүлчих би *******д хэлсэн байгаа өөрөө мэдэж байгаа гэсний үндсэн дээр бид тэр мөнгийг авч тэмдэгтийн хураамжаа төлсөн. Тэрнээс бид нар дураараа шууд *******гийн данснаас аваагүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. Bottom of Form
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүх хэргийг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 181 дугаартай шийдвэрээр:
- Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гээс үндсэн зээл 7.961.434 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 742.049,33 төгрөг, бүгд 8.703.483,90 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* *******ны Зүүнхараа салбарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар ******* *******ны Зүүнхараа салбараас 110.289 төгрөгийг гаргуулж *******д олгож,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154.205 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 154.205 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* *******ны Зүүнхараа салбарт олгож, *******гийн сөрөг нэхэмжлэлдээ Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, ******* *******ны Зүүнхараа салбараас 4550 төгрөг гаргуулан *******д олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Хариуцагч түүний өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* *******наас Зүүн хараа салбарын харьяа Мандал тооцооны төвийн захирал *******д итгэмжлэл олгосон байх боловч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Зүүн хараа салбарын захирал ******* нэхэмжлэл гаргасан байна. Өөрөөр хэлбэл шүүх төлөөлөх эрхгүй этгээдийн нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан гэрээг ирүүлсэн. Уг гэрээгээр 301700 төгрөгийг нэмэлтээр олгосон байхад хамтран зээлдэгчээр уг гэрээнд л ******* гарын үсэг зурсан байхад өмнөх гэрээний үүргийг шаардаж, нэхэмжлэгчийн амаар гаргасан тайлбарт үндэслэн нотлох баримтгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө.” гэж заасан байхад нэхэмжлэгч талаас нэхэмжлэл гаргахдаа хариуцагч ******* миний тус ******* дахь дансанд байршиж байсан хүүхдийн мөнгөөр төлүүлсэн нь дээрх хуулийн заалтыг мөрдөөгүй, тэмдэгтийн хураамж төлөгдөөгүй байхад шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаад маш их гомдолтой байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буруу ойлгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хөтлөн явуулсан нь хэрэгт ач холбогдол бүхий зарим баримт авагдаагүй, хэргийг үйл баримтыг үнэн зөв тодруулаагүйгээр хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл болж, цаашлаад шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шүүхийн шийдвэр гарах нөхцөл болсон гэж үзэж байна. Тухайлбал: өмнөх зээл буюу 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс өмнөх тэтгэврийн зээлийн гэрээ, тус гэрээний дагуу зээлдэгч нь ******* байсан эсэх, ******* нь өмнөх зээлийн үүргийг шилжүүлэн авсан нөхцөл байдал бий эсэх, талаар холбогдох баримтыг тодруулаагүй байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад нэхэмжилж буй 8.567.544 төгрөгийг зээлдэгчид бэлнээр эсхүл бэлэн бусаар шилжүүлэн өгсөн баримт огт байхгүй байгаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан эсэх, Банкны эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэг Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэсэн заалтыг баримтлаагүй зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүх хэргийг тал бүрээс нь үнэн зөв шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.
Үүнд: Нэхэмжлэгч “******* *******” нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамжийг хариуцагч *******гийн зөвшөөрөлгүйгээр түүний *******ны хадгаламж дахь данснаас өөрийн байгууллагын шүүхэд гаргах тэмдэгтийн хураамжийг төлүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг зөрчсөн,
- нэхэмжлэгч ******* ******* нь тухайн байгууллагыг төлөөлөх эрхийг ******* *******ны “Зүүн хараа” салбарын харьяа Мандал тооцооны төвийн захирал *******д олгосон атал “Зүүн хараа” салбарын захирал ******* шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулалгүй түүний нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэргийг хянан шийдвэрлэсэн,
- нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагч ******* 2017 оны 09 сарын 06-ны өдрийн гэрээгээр хамтран зээлдэгчээр оролцсон гэж тайлбарласан атлаа зээлдэгч *******ын урьд авсан зээлийг батлан даасан хэмээн тайлбарлаж байгаа бөгөөд түүний нэхэмжлэлийн агуулга болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар хэрэгт авагдсан нотлох баримт хоорондоо зөрүүтэй байхад шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн,
- нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан хүсэлтийг шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн тухай хурлын тэмдэглэлд тусгасан атлаа хэрэгт хүсэлт шийдвэрлэсэн тухай эрх зүйн акт хэрэгт хавсаргаагүй зэрэг зөрчил гаргажээ.
Иймд анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлүүдийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул хэргийн шийдэл болон хариуцагчийн давж заалдах гомдолд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 181 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 154.205 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ
Г.ДАВААРЕНЧИН