Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2020/ДШМ/11

 

М.А нарт холбогдох 

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх  даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

        прокурор С.Сугар

        шүүгдэгч  М.А, А.Д, Б.Г

        шүүгдэгч Г-ийн өмгөөлөгч Г.Амарсайхан, шүүгдэгч Д-ийн өмгөөлөгч Д.Зулаа, шүүгдэгч А-ын өмгөөлөгч Ж.Цээсүрэн

        нарийн бичгийн дарга Ц.Алтансүх нар оролцов.           

 

Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Г-ийн өмгөөлөгч Г.Амарсайхан, шүүгдэгч Д-ийн өмгөөлөгч Д.Зулаа, шүүгдэгч А-ын өмгөөлөгч Ж.Цээсүрэн нарын давж заалдах гомдлоор тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.А, А.Д, мөн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Г, Ц.Б, О.Б нарт холбогдох эрүүгийн 1830000280230 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 19.. онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл.., эхийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг Амгалангийн .... тоотод оршин суух, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 50000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэж, 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, М.А /РД:........./,

 

Монгол Улсын иргэн, 19... онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, ....настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “СХТ” орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт ачигч ажилтай, ам бүл ....., эх, дүү нарын хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг.... айлын .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, А.Д /РД:........../,

 

Монгол Улсын иргэн, 19... онд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ..., эцэг, эх, эгч, дүү нарын хамт, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар баг Ургах нарангийн 7-12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б.Г /РД:................ /,

 

Монгол Улсын иргэн, 19... онд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ..., эцэг, эмээгийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг Төмөртэйн ... тоотод оршин суух, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан Ц.Б /РД:.........../,

 

 Монгол Улсын иргэн, 19... онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автомашин засварчин мэргэжилтэй, “СХТ” орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт ачигч ажилтай, ам бүл .., эх, эгч, дүү нарын хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг Дөрвөлжийн ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй О.Б /РД:.........../.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.А, Ц.Б,  А.Д, О.Б нар нь бүлэглэн Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Дх” гэх газраас 2019 оны 06 дугаар сард хохирогч М.Х-ийн 1 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж,  2000000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч  М.А, Б.Г, А.Д нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан

- 2017 оны 07 дугаар сарын 14-ний шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Гх” гэх газраас хохирогч Ц.А-ийн 1 үхрийг хулгайлж, 800000 төгрөгийн хохирол учруулсан,

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “ХҮ” гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө хохирогч Б.Б-ийн 2 үхрийг хулгайлж,  2100000 төгрөгийн хохирол учруулсан,

-   2018 оны 12 дугаар сарын 15-ны үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын  8 дугаар багийн нутаг дэвсгэр “Хц” гэх газраас хохирогч Ц.Б-ын 2 үхрийг хулгайлж,  1800000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч   М.А, А.Д, Ц.Б нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан

-  Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Дх” гэх газраас 2019 оны 05 дугаар сард хохирогч М.Х-ийн 1 үхрийг хулгайлж, 1700000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 08 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Дх” гэх газраас хохирогч Г.Э-ийн 1 үхрийг хулгайлж, 2500000 төгрөгийн хохирол учруулсан,

 Шүүгдэгч  М.А, А.Д нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сард Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “АХ” гэх газраас хохирогч Ш.Ц-ийн 2 үхрийг хулгайлж, 3000000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч   А.Д, Б.Г нар нь бүлэглэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “ҮГ” гэх газраас 2018 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө 22 цагийн орчимд хохирогч Ш.Ц-ийн 1 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж  800000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч  Ц.Б, О.Б нар нь бүлэглэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “УД” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө хохирогч Э.Э-ын 3 хонийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж  350000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугар нь шүүгдэгч шүүгдэгч М.А, А.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Г, Ц.Б, О.Б нарын үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор: М.А, А.Д нарыг бүлэглэн олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд,  Б.Г, Ц.Б, О.Б нарыг бүлэглэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ийг 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Ц.Б-г 500 /таван зуун / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б.Г-ийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  А.Д-ийг 2 /хоёр/ жилийн хорих ялаар,  М.А-ыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан  М.А-ын Сүхбаатар аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 23 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 6.9 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан  ялтан М.А-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 1 жилийн хорих ялд энэ тогтоолоор оногдуулсан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн ялтан М.А-ын биечлэн эдлэх  хорих ялыг нийт 3 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар  Б.Г-д оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг,  А.Д-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн  хорих ялыг, М.А-т оногдуулсан 3 /гурван/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  О.Б, Ц.Б нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Ц.Б, О.Б нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, М.Г, А.Д, М.А нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс  цагдан хорьж,  эдлэх ялыг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан  М.А-аас 450 000 төгрөгийг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг ХҮ гэх газар оршин суух хохирогч Б.Б-д,  М.А-аас 600000 төгрөг, А.Д-оос 600 000 төгрөг, М.Г-өөс 600 000 төгрөгийг тус бүр гаргуулж Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг “АХ” гэх газар оршин суух хохирогч Ц.Б-д, ялтан М.А-аас 267000 төгрөг, А.Д-оос 267 000 төгрөг, М.Г-өөс 267 000 төгрөгийг тус бүр гаргуулж Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын  6 дугаар  баг Овоотын 8-2 тоотод оршин суух хохирогч Ц.А-д, ялтан О.Б-өөс 175 000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Э.А” гэх газарт оршин суух хохирогч  Э.Эт  тус тус олгож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Г.Ц-ын эзэмшлийн ..........УНЦ улсын дугаартай Тоёота чезер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 1.200.000 төгрөг, М.А-ын эзэмшлийн huinday Avente XD маркийн машины үнэ 800 000 төгрөг, Ч.А-ийн эзэмшлийн Сонато-2 маркийн ....... СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 700 000 төгрөгийг  ялтан М.А, Б.Г, А.Д, О.Б, Ц.Б нараас хувь тэнцүүлэн тус бүр 540 000 төгрөгийг  гаргуулж  улсын орлого болгож, ялтан М.А, Б.Г, А.Д, О.Б, Ц.Б  нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.А нь хохирогч М.Х-д 1067000 төгрөг, хохирогч Б.Б-д 250 000 төгрөг, хохирогч Ш.Ц-д 1 500 000  төгрөг, хохирогч Г.Э-т 800 000 төгрөг, шүүгдэгч Ц.Б нь хохирогч М.Х-д 1 067 000 төгрөг, Э.Э-т 175 000 төгрөг, Г.Э-т 834 000 төгрөг,  шүүгдэгч А.Д  нь хохирогч Ш.Ц-д 1 900 000 төгрөг, М.Х-д  1 067 000 төгрөг, Б.Б-д 700000 төгрөг, Г.Э-т 834000 төгрөг, шүүгдэгч Б.Г нь хохирогч Ш.Ц-д 400000 төгрөг, Б.Б-д 700 000 төгрөг,   шүүгдэгч О.Б нь хохирогч М.Х-д 500 000 төгрөг тус тус төлсөнийг дурдаж, прокурорын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5/41 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолоор Г.Ц-ын  эзэмшлийн ....... УНЦ улсын дугаартай Тоёота чезер маркийн тээврийн хэрэгсэл  битүүмжилсэнийг хүчингүй болгож,  2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 5/42 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолоор М.А-ын эзэмшлийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг Амгалангийн 3-304 тоотод байх 70м2 талбайтай хувийн сууц, мөн дээрх хаяганд байрлалтай улсын бүртгэлийн ........... дугаартай 739 м2 газрыг тус тус  битүүмжилсэнийг хэвээр үлдээж уг хөрөнгөнөөс М.А-т ногдох хэсгээс хохирлыг гаргуулж тус тус шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г-ийн өмгөөлөгч Г.Амарсайхан давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчимтай нийцээгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоогоогүйд гомдолтой байна. Г мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.А-ийн 1 үхэр, Ц.Б-н 2 үхрийг хулгайлаагүй гэдгээ тогтвортой мэдүүлсээр байхад тэдний үхрийг хулгайлсан гэж дүгнэн яллагдагчаар татаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт шүүх ял оногдуулсан нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгийг тал бүрээс нь бодитой харьцуулж үнэлээгүй нь учир дутагдалтай болжээ. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхийн тулд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзэх учиртай. Г нь хохирогч Б, Ш.Ц нарын 3 үхрийг бусадтай хамтран хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг өөрчлөн хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Д-ийн өмгөөлөгч Д.Зулаа давж заалдах гомдолдоо: Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Д-ийг бусдын олон тооны малыг хулгайлсан үндэслэлээр түүнд 2 жилийн хорих ял оногдуулсан юм. Д нь анх удаагаа бусдад уруу татагдан хулгайн гэмт хэргийг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч нарыг хохиролгүй болгож, төлбөрөө барагдуулсан. Д нь бичиг үсэг, тоо мэдэхгүй, тэрээр өндөр настай ээж, 5 сартай жирэмсэн эхнэрийн хамт амьдардаг. Хохирогч Ц.А-ийн 1 үхэр, Ц.Б 2 үхрийг хулгайлаагүй гэдгээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлдэг боловч энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримтаар нотлоогүй, авагдсан нотлох баримт байхгүй. Ийм учраас  зөвхөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн гэж үзэж яллах нь хууль зөрчсөн үйлдэл гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд тайлбар өгсөн байгаа. Хохирогч Ц.А, Ц.Б нарын үхрийг хулгайлсан гэх үйлдэл нь тогтоогдохгүй байх тул эдгээр үйлдлийг хэрэгсэхгүй болгох, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч нарыг хохиролгүй болгож, төлбөрөө барагдуулсан зэрэг байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А.Д-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч А-ын өмгөөлөгч Ж.Цээсүрэн нарын давж заалдах гомдолдоо: Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч М.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоогоогүй, мөн хуулийн 1.7-д зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй, түүнчлэн хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой. Гэтэл хохирогч Ц.Б, Ц.А нарын үхрийг хулгайлаагүй гэдгээ шүүгдэгч А нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн тогтвортой мэдүүлсээр байхад ямарч нотлох баримтгүйгээр зөвхөн хохирогчийн мэдүүлгээр ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тодорхой заажээ. Иймд М.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял эдлүүлэхээр оногдуулсныг хөнгөрүүлэн, зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул түүнийг хүчингүй болгож,  хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Гийн өмгөөлөгч Г.Амарсайхан, шүүгдэгч Д-ийн өмгөөлөгч Д.Зулаа, шүүгдэгч А-ын өмгөөлөгч Ж.Цээсүрэн нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч М.А нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

          Анхан шатны шүүх нь М.А нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас түүнийг хүчингүй болгох үндэслэл болж байна. Тухайлбал: “М.А нь Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 23 дугаар магадлалаар:  “тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолд М.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх” өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн байна.

          Гэтэл М.А нь тэнссэн хугацаанд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэгт холбогдож, шүүх түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулан  мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шинээр ял оногдуулаагүй атлаа тэнссэн нэг жилийн хугацааг “хорих ял” гэж тооцон нэмж нэгтгэн нийт 3 жилийн хорих ял оногдуулан эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

 

Иймд М.А нарт холбогдох эрүүгийн хэргийг  дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Энэ удаагийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Гийн өмгөөлөгч Г.Амарсайхан, шүүгдэгч Д-ийн өмгөөлөгч Д.Зулаа, шүүгдэгч А-ын өмгөөлөгч Ж.Цээсүрэн нарын давж заалдах гомдлыг шийдвэрлээгүй болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.А нарт холбогдох эрүүгийн 1830000280230 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

Хоёр: Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч М.А, А.Д, Б.Г нарт урьд авсан цагдан хорих, Ц.Б, О.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Гурав. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч,  тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             О.БААТАРСҮХ

 

                       ШҮҮГЧИД                                               С.ОЮУНТУНГАЛАГ   

 

                                                                                   Д.БАЙГАЛМАА