Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2023/00004

 

“Х ” ХХК-ийн Завхан салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 140/ШШ2022/00319 дүгээр шийдвэр,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 205/МА2022/00011 дүгээр магадлалтай,                                                                                                                                  

“Х ” ХХК-ийн Завхан салбарын нэхэмжлэлтэй,

Б ид холбогдох

2018.08.08-ны өдрийн ЗГ/201843786740 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 6,323,255.07 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 84,817.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 199.69 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд хандсаны улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг, нийт 6,438,242.60 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн Завхан салбар нь хариуцагч Б-д холбогдуулан 2018.08.08-ны өдрийн ЗГ/201843786740 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 6,323,255.07 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 84,817.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 199.69 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд хандсаны улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг, нийт 6,438,242.60 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 140/ШШ2022/00319 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б оос зээлийн гэрээний төлбөрт 6,408,242.60 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ны Завхан салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас эвлэрүүлэн зуучлалд хандаж байсан улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөгт холбогдох хэсэг, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчаас 117,482 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ны Завхан салбарт олгож шийдвэрлэжээ.

3. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 205/МА2022/00011 дүгээр магадлалаар: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 319 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Б ийн давж заалдах гомдлыг хангаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Х” ХХК-ийн Завхан салбарын нэхэмжлэлтэй, Б-д холбогдох зээлийн төлбөр гаргуулах тухай иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан 2018.08.08-ны өдрийн ЗГ/201843786740 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, хариуцагч Б оос зээлийн төлбөр 6,438.242,60 төгрөгийг гаргуулах тухай “Х” ХХК-ийн Завхан салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Зээлдэгч Б  нь Х ны Завхан салбарын тооцооны төвөөс 2018.08.08-ны өдөр ЗГ/201843786740 дугаартай зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 6,964,228.37 төгрөг дээр нэмэгдүүлэн 800,000 төгрөг буюу нийт 7,764,228.37 төгрөгийн зээлийг авсан бөгөөд зээлийг авахад Б  нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр орохыг хүлээн зөвшөөрч цаашид уг зээлийг төлөгдөж дуусах хүртэл хугацаанд гарсан аливаа эрсдэлийг бүрэн хариуцаж дуусгах үүрэг хүлээсэн бөгөөд зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний үүргийг хүлээх болсон тул зээлийн гэрээний үүргийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй юм. Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан байх бөгөөд Б ийн хувьд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохгүй, гарын үсэг зурахгүй эрх нь байсан тэгэхээр өөрсдөө үр дагаврыг нь ойлгож, харилцан тохиролцож зөвшөөрсний үндсэн дээр гэрээ байгуулсан. Иймд Б  зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч мөн тул зээлийн гэрээний үүргийг хариуцах хууль зүйн үндэслэлтэй. Уг зээлийг Б , Б  нарт олгосон бөгөөд хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, зээлийн гэрээний нөхцөлүүд, үндсэн зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нарын зээлийн хүсэлт, талуудын тайлбараар нотлогддог. Б  нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохыг хүлээн зөвшөөрч цаашид уг зээлийг төлөгдөж дуусах хүртэл хугацаанд гарсан аливаа эрсдэлийг бүрэн хариуцна гэдгээ зээлийн гэрээ байгуулах үед илэрхийлсний үндсэн дээр хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, Б  нь зээл авахдаа хамтран үүрэг гүйцэтгэнэ гэдгээ ойлгож, зээлийн төлбөрийг төлж барагдуулахаа өөрөө ухамсарлаж, зээлийг төлөх хүсэл зоригоо илэрхийлсэн байдаг. Х ны Завхан салбар нь хамтран үүрэг гүйцэтгэгч Б оос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж, 242.2-т “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар үүснэ” гэж, 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасны дагуу шаардах эрхтэй. Түүнчлэн зээлдэгч Б  нь 2019.06.05-ны өдөр нас барсан бөгөөд зээлдэгч нь нас барснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох талаарх тохиролцоо, заалтууд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд огт байхгүй болно. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд... үүрэг гүйцэтгэгч нас барсан бол түүний үүрэг дуусгавар болох тухай хуулийн заалтыг тухайн маргаантай харилцаанд буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх магадлалдаа хамтран үүрэг гүйцэтгэгч Б оос үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг түүнээс шаардах эрхээ хэрхэн хэрэгжүүлсэн талаар огт үнэлж дүгнээгүй, нэхэмжлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгчээс зээлийн төлбөрийг нэхэмжилж байхад зөвхөн Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан шийдвэрлэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэт явцуу хуулийн заалтын хүрээнд иргэний хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхэд хүргэж байна. Зүй нь Иргэний хуулийн 242 дугаар зүйл, түүн дотроо 242.3 дах заалтуудыг шүүх зайлшгүй хэрэглэх, үнэлж дүгнэх байсан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан байхад дээрх зарчмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн бодитой үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй, талуудын хооронд үүссэн харилцаанд өрөөсгөл дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Иймд Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.09.28-ны өдрийн 205/МА2022/00011 дугаартай магадлалд зохих өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар гомдлыг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

7. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн Завхан салбараас хариуцагч Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон хохиролд 6,438,242.60 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

9. Хоёр шатны шүүх өөр шийдэл гаргаж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хуулийн агуулгаас зөрүүтэй хэрэглэсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

10. Хэргийн үйл баримтаас үзэхэд, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн Завхан салбар болон Б , Б  нарын хооронд 2018.08.08-ны өдөр ЗГ/201843786740 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, 7,764,228.37 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэйгээр, 48 сарын хугацаатай зээлэхээр, зээлийн үүргийн гүйцэтгэлийг  хангуулахаар гэр болон зурагт барьцаалахаар харилцан тохиролцсон, гэрээнд заасан мөнгийг банк нь Б-ын дансанд шилжүүлсэн, зээлдэгч нар гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогджээ.

11. Б  нас барсан тул нэхэмжлэгч нь хамтран зээлдэгч буюу хариуцагч  Б оос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан, харин хариуцагч  “хамтран зээлдэгч гэж зээлийн үүргийг хүлээхгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан байна.  

12. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “...талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр, гэрээнд Б  хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан тул мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь мөн зүйлийн 242.3-ын дагуу зээлийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу төлөгдөөгүй байгаа үндсэн зээл 6,323,225.07 төгрөг, зээлийн үндсэн хүү 84,817.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 199.69 төгрөг, нийт 6,408,242.60 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж уг шаардлагыг хангаж, харин барьцааны зүйлийг гэр, зурагт гэж бичсэн боловч зээлийн хувийн хэрэгт энэ нь тодорхой бус, эвлэрүүлэн зуучлахад хандахдаа 30,000 төгрөг төлсөн гэж уг мөнгийг хохирол гэж шаардсан, гэхдээ энэ талаар баримт хэрэгт авагдаагүй гэсэн үндэслэлээр эдгээр шаардлагыг хэрэгсэхгүй болгов.” гэж дүгнэсэн.

13. Харин давж заалдах шатны шүүх “...банк нь зээлдэгч Б-ын цалинг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр тодорхойлж, цалингаас шууд төлүүлэхээр заасан, банк гэрээний үүргийг буцаан төлөх нөхцөлийг цалин гэж тодорхойлсон атлаа хариуцагчийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцуулсан нь хуульд нийцээгүй, үүргийн гүйцэтгэл Б-ын хувийн байдалтай салшгүй холбоотой ба тэрээр нас барснаар дуусгавар болно, тэрээр өмнө авсан зээлээ хаах зорилгоор хүсэлт гаргаж зээлийг авсан, түүний хүсэлтээр Б  зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч энэ үйл явдал нь өөртөө хууль зүйн үр дагавар үүсгэхгүй, дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл...” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 14. Дээрхээс үзвэл, анхан шатны шүүх “хариуцагч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж зааснаар “хамтран үүрэг гүйцэтгэгч мөн” тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3.-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасны дагуу шаардах эрхтэй” гэж дүгнэсэн бол,  давж заалдах шатны шүүх “зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн гэрээнд шаардлага хангаагүй хариуцагчийг хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д нийцэхгүй, энэ утгаараа хариуцагчийг “хамтран зээлдэгч биш” гэж үзэн, тухайн тохиолдолд үндсэн зээлдэгч Б  нас барсан тул Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2.-т “үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч ... нас барсан...” гэж зааснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримтад хоёр шатны шүүх холбогдох хуулийг зөрүүтэй хэрэглэсэн байна.

15. Хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж үзлээ.

16. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр зээлийн гэрээг нэхэмжлэгч “хууль зөрчиж байгуулсан” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, улмаар хариуцагчийг хамтран зээлдэгч биш гэж дүгнэсэн нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний бодит үйл баримтыг үгүйсгэсэн, хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн тохиолдолд зээлдэгч Б  нас барснаар түүний хувьд зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсноос бус хамтран үүрэг гүйцэтгэгч хариуцагч Б ийн хувьд гэрээний үүрэг дуусгавар болохгүй юм.

17. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр байгуулах ба мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасны дагуу банкнаас олгох зээлийн гэрээг бичгээр байгуулна. Энэхүү бичгийн гэрээнд хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээний талууд нь гэр бүлийн гишүүд, зээлийг өрхийн хэрэглээний журмаар авсан үйл баримт тогтоогдсон, уг гэрээг хариуцагчийн хувьд хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь үндэслэлгүй, хариуцагчийн нөхрийн хамт зээл авсан хүсэл зоригийг үгүйсгэх нөхцөл тогтоогдоогүй байна.   

18. Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан “хамтран үүрэг гүйцэтгэгч” гэснийг зээлийн гэрээний хувьд “хамтран зээлдэгч” гэж ойлгох ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний агуулга, нөхцөлөөс үзвэл зээлдэгч нарын хэн аль нь зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчийн өмнө үүргийг бүхэлд нь гүйцэтгэх, нэхэмжлэгч нь зээлдэгч нарын хэн алинаас нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжтой байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч нь зээлийн болон хуулийн зохицуулалтын дагуу төлөөгүй байгаа үндсэн зээлийг, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

19. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 205/МА2022/00011 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 140/ШШ2022/00319 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 117,482 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                     

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                               Н.БАЯРМАА

                                                                                            Б.МӨНХТУЯА

                                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                            Д.ЦОЛМОН