Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 205/МА2020/00010

 

******* банкны Завхан салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч:

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

Заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр

Шүүгчид:

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах

шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч: Б.*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******

Нарийн бичгийн дарга: М.Пүрэвдорж нар оролцов.

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 42 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.*******ын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны Завхан салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.*******, Б.******* нар нь тус банкны Завхан салбарын Яруу тооцооны төвөөс 2018 оны 08-р сарын 08-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ байгуулан 6,964,228.37 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмэлт 800,000 төгрөгийн зээлийг авч нийт 7,764,228.37 төгрөгийн зээлийг сарын 1,7 хувийн хүүтэй, 48 сарын хуагцаатай өрхийн хэрэглээний зориулалтаар зээлсэн.

Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1-д заасан нөхцөлийг зөрчин зээлийг хугацаандаа төлөөгүй улмаас зээлийн хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул, банк зээлийн гэрээний 5.1.5, 5.1.7-д заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.

Иймд банк зээлийн гэрээний 4.2.2, 4.2.4, 5.1.5 заалтыг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. 2018 оны 8-р сарын 8-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,

2. З үндсэн зээлийн үлдэгдэл 6,323,255.07 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 84,817.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 199.69 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 177,482 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж /эвлэрүүлэн зуучлалд төлсөн/ 30000 төгрөг, нийт 6,615,724 төгрөгийг гаргуулах,

3. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.  

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний нөхөр Б.******* нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ******* дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, 48 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй нийт 7,622,855.28 төгрөгийн цалингийн зээлийг ******* банкны Завхан салбараас авсан.

Би нөхрийнхөө гуйлтын дагуу хамтран зээлдэгчээр тус зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч тус зээлсэн мөнгөнөөс нэг төгрөг ч аваагүй юм. Учир нь бид хувийн таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа өөр газар амьдардаг байсан. Би нэг гэрт хамт амьдардаг байснаа бодоод түүний гуйлтыг зөвшөөрсөн ба авсан зээлээ юунд зарцуулсан талаар мэдэхгүй. Намайг *******баатар хотод байх үед нөхөр Б.******* нь зуурдаар 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нас барсан.

Талийгаач нь Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын тамгын газарт галчийн ажил эрхэлдэг байсан ба өөрийн олсон цалин хөлс, орлогоосоо банкны өр зээлээ төлдөг байсан. Миний бие талийгаачтай тусдаа амьдарч байсан болохоор банкны өрөнд нийт хэдэн төгрөг төлсөн талаар мэдэхгүй.

******* банк нь зээлийн гэрээний 2.1.2-т "Зээлийг цалингийн зээл зориулалтаар ашиглана. Энэ нь банкны ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ МNТ төрлийн бүтээгдэхүүн болно гэж зээлийн төрлөө тодорхойлсон байна. Гэтэл зээл авсан үндсэн зээлдэгч нас барсан байхад цалин орлогогүй хамтран зээлдэгч надаас зээлийг төлүүлэхээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй юм.

Учир нь талийгаач нь сар бүрийн цалин хөлсөө барьцаалан ******* банкнаас 7,622,855.28 төгрөгийн зээл авсан бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга нь талийгаачийн цалин хөлс байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл шагнал, урамшууллаас бүрддэг ба ажилтны хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгогддог хөдөлмөрийн хөлс юм. Ийнхүү хөдөлмөр эрхлэх, үүний төлөө цалин хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх ба нөгөө талаар өөрийн орлогоо барьцаалж, цалингийн зээл авах нь хүний хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэдэг юм.

Монгол Улсын Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т Үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болно гэж заасан.

Зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүрэг зээлдэгч нас барснаар дуусгавар болох нь нэхэмжлэлийн үндэслэл болж буй зээлийн гэрээ болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтанд тодорхой тусгагдсан байна.

Миний бие хамтран зээлдэгч гэж гэрээнд заагдсан боловч зээлийг авч зарцуулаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин хөлс байхгүй, 3 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйгээс тус цалингийн зээлийн үлдэгдэл төлбөр 6,323,255.07 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 84,817.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 199.69 төгрөг нийт 6,408,242.60 төгрөгийн гаргуулахаар нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна.

Иймд ******* банкны Завхан салбарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* банкны зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа бичгээр гаргаж хэрэгт хавсаргасан байгаа нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцож байна. Зээлийн гэрээнд үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгч нар нь адил үүрэг хүлээх учраас уг зээлийн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд гэрээнээс үүсэх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй. Б.******* нь зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурахгүй, хамтран зээлдэгчээр оролцохгүй байх бүрэн боломжтой байсан. Гэтэл зээлийн гэрээнд хамтран зээлдэгч гарын үсэг зурж, гэрээнд заасан үүргээ зөрчсөн тохиолдолд гарах үр дагаврыг бүрэн ухамсарлаж, харилцан тохиролцож, зөвшилцсөний улмаас уг гэрээнд дээр гарын үсэг зурсан байна. Хэрвээ ******* зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй байсан бол гэрээний шаардлагыг биелүүлэх нөхцөл байдал үүсэхгүй байсан. Тийм учраас хамтран зээлдэгч гэрээнд заасан үүргээ үнэнч шударгаар биелүүлэх үүрэг хүлээсэн байна. Иймээс Б.******* нь гэрээнд заасан зээлийн үлдэгдлээ бүрэн барагдуулах шаардлагатай байна. Үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгч нар нь цалингийн ирээдүйн орлогоо барьцаалан өрхийн хэрэглээний зээл авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үндсэн зээлдэгч нас барснаар зээлийн гэрээ дуусгавар болох талаар зохицуулалт байхгүй. Банк эдгээр зээлдэгч нарын аль нэгнээс нь зээлийг шаардах эрхтэй. Мөн төлбөрийн нөхцөл дээр харилцан тохиролцох боломжтой гэсэн тайлбар гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийг төлөөлж шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагч Б.******* нь бичиг, үсэг мэдэхгүй, тодорхой эрхэлсэн ажил байхгүй, 2018 оноос хамтран амьдарч байсан ******* гэдэг хүнээсээ салаад тусдаа Завхан аймгийн Улиастай сумд ээжийнхээ хамт амьдарч хүүхдээ Улиастай сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд сургаж байсан. Одоо тогтмол ажил хийж олсон орлого байхгүй, хувийн мал хөрөнгө байхгүй, ээжийнхээ гэрт амьдарч байгаа. *******аас авч хоцорсон гэр нь одоо хураалгаастай байж байгаа. Тэжээгчээ алдсны тэтгэмж 180,000 төгрөг 7, 8 дугаар сард олгогдсоныг ******* банкнаас зээлийн төлбөрт суутгаад авсан байсан. Зээлийн гэрээ дээр барьцаа хөрөнгө бол цалин гэж байгаа гэвч үндсэн зээлдэгч нас барсан байна. Тийм учраас Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар тухайн үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зардлагдсан бол түүнийг дуусгавар болно гэж заасан. ******* банкны зүгээс *******ын цалинг барьцаалж олгосон зээл учраас хувь хүний хэрэг. Гэрээнд зааснаар тухайн хувь хүн нь нас бараад цалингийн орлого байхгүй учраас энэ хүний цалингийн зээл нь дуусгавар болсон гэж үзэж байна. Тийм учраас нас барснаас нь хойш 6-10 сар хүртэлх хүүг төлөх боломжгүй учраас үндсэн зээлдэгч нас барж цалингийн орлого байхгүй болсон. Зээлийн гэрээнд барьцаалсан хөрөнгө болох гэр байгааг ав гэж хэлж байсан. Тийм учраас зээлийн төлбөрийг Б.*******оос нэхэмжлэх үндэслэл байхгүй. Иймд ******* банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 242.11, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ******* тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч ******* овогт аагийн *******оос 3,204,121.30 төгрөгийг гаргуулж ******* банкны Завхан салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,204,121.30 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдод нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулсугай.

3. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 177,482 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******оос 66216 төгрөгийг, улсын төсвийн оролого буюу 100090000941 тоот данснаас 66216 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 42 дугаар шийдвэрийг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч танилцаад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж дараах давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүхээс хариуцагч Б.******* банкны зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан тул хамтран үүрэг гүйцэтгэгч, мөн зээл хүсэгчийн анкет болон өргөдөлд гарын үсэг зурсан тул цалин барьцаалсан биш өрхийн хэрэглээний зээл гэж тус тус буруу дүгнэсэн. Учир нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу банк нь зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар зээлдэгчид шилжүүлэх үүргийг хүлээдэг ба дээрх зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хамтран үүрэг гүйцэтгэгч Б.*******ид бодитойгоор шилжүүлсэн гэх баримт хавтаст хэрэгт байхгүй болно.

******* банкны Завхан салбарын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээний 2.1.3-т зээлдэгчийн ******* банк дахь тоот төгрөгийн дансанд зээлийг бэлэн бусаар шилжүүлэн олгосонд тооцно гэж заасан. Гэтэл тус зээлийн мөнгөн хөрөнгийг бэлэн бусаар шилжүүлсэн ******* банк дахь тоот төгрөгийн дансны эзэмшигч нь үндсэн зээлдэгч, талийгаач Б.*******ын цалингийн данс байх ба хариуцагч Б.******* нь тус банкны дансны эзэмшигч биш юм. Нэхэмжлэгч нь тус зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч Б.******* хүлээн авсан гэдгийг баримтаар нотлоогүй байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Түүнчлэн мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан тооцно гэж заасан ба шүүхээс зээлийн гэрээний дагуу 800.000 төгрөгийн мөнгөн хөрөнгө, мөн өмнө зээлийн үлдэгдэл болох 6.964.228.37 төгрөгийг хариуцагч Б.*******ид бодитойгоор шилжүүлсэн эсэх, нэхэмжлэгч тус мөнгөн хөрөнгийг шаардах эрхтэй эсэхийг тодруулахгүйгээр зөвхөн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан тул хамтран үүрэг гүйцэтгэгч гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын 50 хувь болох 3.204.121.30 төгрөгийг хариуцагч Б.*******оос гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу юм.

******* банк Завхан салбарын 2018 оны ******* тоот зээлийн гэрээ нь өрхийн хэрэглээний зээл биш харин цалин барьцаалсан зээл болох нь зээлийн гэрээний дараах заалтаас тодорхой харагдана. Зээлийн гэрээний 2.1.2-т Зээлийг цалингийн зээл зориулалтаар ашиглана. Энэ нь банкны Цалингийн зээл MNT төрлийн бүтээгдэхүүн болно мөн гэрээний 2.1.5.1-д Зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахаас өмнө ажил олгогчтой байгуулсан түүний хөдөлмөрийн гэрээ, контракт түүнтэй адилтгах гэрээ... цуцлагдсан, дуусгавар болсон тохиолдолд зээлийн хүүг банкны тухайн үед мөрдөгдөж байгаа цалингийн зээлийн хүүнд үл маргах журмаар шилжүүлэн тооцно, мөн тус гэрээний 3.2.2 болон 2.4.2-т цалингийн зээлийн хувьд банк гэрээний 2.4.1-т заасан хуваарийг үл харгалзан зээлдэгчийн дансанд цалин орсон тухай бүрт зээлийн төлбөрийг суутгана гэж тус тус зааснаас харахад энэхүү зээл нь цалин барьцаалсан цалингийн зээл төрлийн бүтээгдэхүүн байна.

Гэтэл шүүхээс хариуцагч Б.******* зээл хүсэгчийн анкет болон өргөдөлд гарын үсэг зурснаар зээлдэгч Б.******* дан ганц цалингийн зээлээ барьцаалж зээл авсан гэх дээрх нөхцөл үгүйсгэгдэж байна, мөн Б.*******ыг хаана ямар ажил эрхэлдэг, хэдий хэмжээний цалин хөлс авдаг болох нь зээлийн гэрээ болон хавсралтанд огт тусгагдаагүй байгаа учраас үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч Б.*******ын хувийн байдалтай салшгүй холбоотой гэж үзэх хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэжээ.

******* банкны Завхан салбарын 201843787640 дугаарын Барьцааны гэрээнд талийгаач Б.*******ын цалингийн орлого болон түүний эзэмшлийн гэр болон зурагт барьцаалсан байгаа ба цалин орлогын тоо хэмжээг 1 гэж тодорхойлсон байгааг шүүх анхаарсангүй.

Үндсэн зээлдэгч, талийгаач Б.******* нь Завхан аймгийн Яруу сумын Чандмань багийн Засаг даргын тамгын газарт галч хийдэг байсан ба энэ тухайгаа 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ******* банкинд гаргасан өргөдөл дээрээ дурдсан. Нөгөө талаас хариуцагч Б.******* нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, цалин орлогогүй талаар нэхэмжлэгч нь огт маргаагүй юм. Гагцхүү үндсэн зээлдэгч Б.*******ын цалингийн орлогыг барьцаалж зээл олгосон ба энэ барьцааны гэрээнд цалингийн орлого 1 гэж тодорхойлсоноос тодорхой харагдана.

Хариуцагч Б.******* нь бичиг үсэг мэдэхгүй, тодорхой эрхэлсэн ажил байхгүй, 2018 оноос хамтран амьдарч байсан Б.*******аас салаад тусдаа Завхан аймгийн Улиастай сумд ээжийнхээ гэрт хүүхдүүдийн хамт амьдарч байгаа. Энэ нь Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Засаг даргын Б.******* нь ам бүл 4, хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, мал хөрөнгөгүй, амьжиргааны түвшингөөс доогуур орлоготой өрх гэсэн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4/1064 дугаар тодорхойлолтоос мөн харагддаг.

Иймд ******* банк нь талийгаачийн Б.*******ын сар бүрийн цалингийн орлогыг барьцаалан зээл олгосон нь нотлогдож байгаа ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга нь зөвхөн талийгаачийн цалин хөлсний орлого байсан юм. Хөдөлмөр эрхлэх, үүний төлөө цалин хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх ба нөгөө талаас өөрийн орлогоо барьцаалж, цалингийн зээл авах нь хүний хувийн байдалтай салшгүй холбоотой үүрэг юм.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасны дагуу Үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болно гэж заасан.

Гэтэл зээл авсан үндсэн зээлдэгч нас барж, үүрэг дуусгавар болсон байхад цалин орлогогүй, мал, эд хөрөнгөгүй, өөрийн цалингийн орлогоо барьцаалж зээлийн мөнгөн хөрөнгийг өөртөө шилжүүлж аваагүй, *******ын барицаанд тавьсан гэр, зурагтыг өвөлж аваагүй Б.*******ыг хариуцагчаар тооцож зээлийн 50 хувийг төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь буруу юм.

Мөн Түүнчлэн, талийгаачийн хүүхдүүдийн тэжээгчээ алдсны тэтгэмж 180.000 төгрөг 2019 оны 7, 8 дугаар сард олгогдсныг ******* банк зээлийн төлбөрт суутган авсан байсан ба буцааж өгөөгүй, мөн зээлийн үндсэн төлбөрөөс хасаагүй юм. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцаад, хаан банкны зээлийн гэрээнүүд, түүний эргэн төлөлт болон зээл судалсан материалуудыг нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлтийг шүүх хуралдаан болохоос 2 хоногийн өмнө гаргасан боловч шүүх хүсэлтийг шүүх хуралдаан дээр шийдвэрлэхдээ албан томилолтоор өөр орон нутагт ажиллаж байсан нөхцөл байдлыг харгалзан үзэхгүй, хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй гэж дүгнэн хүсэлтийг хүлээж аваагүй, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Завхан аймаг сум дундын Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 42 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааны товыг мэдэгдэхийг хүсье гэжээ.  

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Завхан аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 42 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Зээлдэгч ******* нь ******* банкны Завхан салбараас удаа дараа зээл авахад Б.******* нь *******тай хамтран зээлдэгч болж гэрээнд заасны дагуу үндсэн зээлдэгчийн адил үүрэг хүлээнэ гэдгийг мэдэж хүсэл зорилгынхоо дагуу гарын үсэг зурж баталгаажуулсан гэж үзэж байна. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан байдаг. Зээлдэгч *******, ******* нар нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр зээл авч хамтран үүрэг гүйцэтгэгч ******* гэрээнд заасан нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байдаг. Мөн зээлдэгч ******* нь зээл авах өргөдөл дээрээ хүүхдийн хичээлийн хэрэглэгдэхүүн сургалтын материалыг авна гэх зориулалтаар зээл авсан байдаг. Иймд зээлдэгч ******* нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч учраас гэрээний үүргээ зөрчсөнөөс үүсэх хариуцлага Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу бие даан хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь ******* банкны Завхан салбар нь хамтран үүрэг гүйцэтгэгч *******оос зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэх Иргэний хуулийн 242.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, мөн хуулийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус тус заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шаардах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 242.3, 242.11-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хамтран үүрэг гүйцэтгэгчээр ******* нь оролцоогүй тохиолдолд тухайн зээл олгогдохгүй байсан. Зээлдэгч нас барснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох буюу талууд гэрээнд үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой гэж үзэх үндэслэлээр тохиролцоогүй болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Мөн хэргийн болсон үйл баримтад өрөөсгөл дүгнэлт хийж Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчдээр хамтран үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэхийг шаардахыг зохицуулсан зээлийн гэрээний харилцааг зохицуулсан болохыг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзэхийг хүсч байна.

Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 42 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Б.******* нь бичиг үсэг мэдэхгүй тул миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 42 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч байгаа. ******* банкнаас авсан зээлийн гэрээнд ******* нь зөвхөн гарын үсэг зурсныхаа төлөө хариуцагчаар татагдаад явж байгаа. ******* нь уг зээлсэн мөнгөнөөс ямар ч мөнгө төгрөг авч хэрэглээгүй байдаг. Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу банканд зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг хуульд заасан журмын дагуу тодорхой хугацаагаар зээлдэх, шилжүүлэх үүргийг хүлээж байгаа. Зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хамтран зээлдэгч *******ид шилжүүлсэн гэх баримт хавтаст хэрэгт байхгүй байгаа. ******* банкны Завхан салбарын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээний 2.1.3-т зээлдэгчийн ******* банк дахь тоот төгрөгийн дансанд зээлийг бэлэн бусаар шилжүүлэн олгосонд тооцно гэж заасан. Гэтэл тус зээлийн мөнгөн хөрөнгийг бэлэн бусаар шилжүүлсэн ******* банк дахь тоот төгрөгийн дансны эзэмшигч нь үндсэн зээлдэгч, талийгаач Б.******* юм. *******ид ******* банкинд эзэмшдэг данс огт байхгүй. Нэхэмжлэгч нь тус зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч Б.******* хүлээн авсан гэдгийг баримтаар нотлоогүй байгаа. Тийм учраас Б.******* нь энэ зээлээс огт мөнгө аваагүй юм. Түүнчлэн мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан тооцно гэж заасан ба шүүхээс зээлийн гэрээний дагуу 800.000 төгрөгийн мөнгөн хөрөнгө, мөн өмнө зээлийн үлдэгдэл болох 6.964.228 төгрөгийг хариуцагч Б.*******ид бодитойгоор шилжүүлсэн эсэх, нэхэмжлэгч тус мөнгөн хөрөнгийг шаардах эрхтэй эсэхийг тодруулахгүйгээр зөвхөн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан тул хамтран үүрэг гүйцэтгэгч гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын 50 хувь болох 3.204.121 төгрөгийг хариуцагч Б.*******оос гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу юм. ******* банк Завхан салбарын 2018 оны ******* тоот зээлийн гэрээ нь өрхийн хэрэглээний зээл биш харин цалин барьцаалсан зээл болох нь зээлийн гэрээний дараах заалтаас тодорхой харагдана. Зээлийн гэрээний 2.1.2-т Зээлийг цалингийн зээл зориулалтаар ашиглана. Энэ нь банкны Цалингийн зээл MNT төрлийн бүтээгдэхүүн болно мөн гэрээний 2.1.5.1-д Зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахаас өмнө ажил олгогчтой байгуулсан түүний хөдөлмөрийн гэрээ, контракт түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон тохиолдолд зээлийн хүүг банкны тухайн үед мөрдөгдөж байгаа цалингийн зээлийн хүүнд үл маргах журмаар шилжүүлэн тооцно, мөн тус гэрээний 3.2.2 болон 2.4.2-т цалингийн зээлийн хувьд банк гэрээний 2.4.1-т заасан хуваарийг үл харгалзан зээлдэгчийн дансанд цалин орсон тухай бүрд зээлийн төлбөрийг суутгана гэж тус тус зааснаас харахад энэхүү зээл нь цалин барьцаалсан цалингийн зээл төрлийн бүтээгдэхүүн байна. Гэтэл шүүхээс хариуцагч Б.******* зээл хүсэгчийн анкет болон өргөдөлд гарын үсэг зурснаар зээлдэгч Б.******* дан ганц цалингийн зээлээ барьцаалж зээл авсан гэх дээрх нөхцөл үгүйсгэгдэж байна. Мөн Б.*******ыг хаана ямар ажил эрхэлдэг, хэдий хэмжээний цалин хөлс авдаг болох нь зээлийн гэрээ болон хавсралтанд огт тусгагдаагүй байгаа учраас үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч Б.*******ын хувийн байдалтай салшгүй холбоотой гэж үзэх хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэжээ. ******* банкны Завхан салбарын 201843787640 дугаарын Барьцааны гэрээнд талийгаач Б.*******ын цалингийн орлого болон түүний эзэмшлийн гэр болон зурагт барьцаалсан байгаа ба цалин орлогын тоо хэмжээг 1 гэж тодорхойлсон байгааг шүүх анхаарсангүй. Үндсэн зээлдэгч, талийгаач Б.******* нь Завхан аймгийн Яруу сумын Чандмань багийн Засаг даргын тамгын газарт галч хийдэг байсан ба энэ тухайгаа 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ******* банкинд гаргасан өргөдөл дээрээ дурдсан. Нөгөө талаас хариуцагч Б.******* нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, цалин орлогогүй талаар нэхэмжлэгч нь огт маргаагүй юм. Гагцхүү үндсэн зээлдэгч Б.*******ын цалингийн орлогыг барьцаалж зээл олгосон ба энэ барьцааны гэрээнд цалингийн орлого 1 гэж тодорхойлсноос тодорхой харагдана. Хариуцагч Б.******* нь бичиг үсэг мэдэхгүй, тодорхой эрхэлсэн ажил байхгүй, 2018 оноос хамтран амьдарч байсан Б.*******аас салаад тусдаа Завхан аймгийн Улиастай сумд ээжийнхээ гэрт хүүхдүүдийн хамт амьдарч байгаа. Энэ нь Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Засаг даргын Б.******* нь ам бүл 4, хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, мал хөрөнгөгүй, амьжиргааны түвшингөөс доогуур орлоготой өрх гэсэн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/1064 дугаар тодорхойлолтоос мөн харагддаг.

Иймд ******* банк нь талийгаачийн Б.*******ын сар бүрийн цалингийн орлогыг барьцаалан зээл олгосон нь нотлогдож байгаа ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга нь зөвхөн талийгаачийн цалин хөлсний орлого байсан юм. Хөдөлмөр эрхлэх, үүний төлөө цалин хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх ба нөгөө талаас өөрийн орлогоо барьцаалж, цалингийн зээл авах нь хүний хувийн байдалтай салшгүй холбоотой үүрэг юм. Энэ талаар Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасны дагуу Үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болно гэж заасан. ******* нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нас барсан талаар албан ёсны баримтыг шүүхэд өгсөн байгаа. Гэтэл зээл авсан үндсэн зээлдэгч нас барж, үүрэг дуусгавар болсон байхад цалин орлогогүй, мал, эд хөрөнгөгүй, өөрийн цалингийн орлогоо барьцаалж зээлийн мөнгөн хөрөнгийг өөртөө шилжүүлж аваагүй, *******ын барьцаанд тавьсан гэр, зурагтыг өвөлж аваагүй Б.*******ыг хариуцагчаар тооцож зээлийн 50 хувийг төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь буруу юм. Мөн Түүнчлэн, талийгаачийн хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж 180.000 төгрөг 2019 оны 7, 8 дугаар сард олгогдсоныг ******* банк зээлийн төлбөрт суутган авсан байсан ба буцааж өгөөгүй, мөн зээлийн үндсэн төлбөрөөс хасаагүй юм. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцаад, хаан банкны зээлийн гэрээнүүд, түүний эргэн төлөлт болон зээл судалсан материалуудыг нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлтийг шүүх хуралдаан болохоос 2 хоногийн өмнө гаргасан боловч шүүх хүсэлтийг шүүх хуралдаан дээр шийдвэрлэхдээ албан томилолтоор өөр орон нутагт ажиллаж байсан нөхцөл байдлыг харгалзан үзэхгүй, хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй гэж дүгнэн хүсэлтийг хүлээж аваагүй, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Завхан аймаг сум дундын Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 42 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

ҮНДЭСЛЭХ нь 

Давж заалдах шатны шүүх нь хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч ******* банкны Завхан салбар нь хариуцагч Б.*******оос зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн төлбөр 640.8242.60 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Б.*******тай барьцаат зээлийн гэрээ байгуулан 7.764.228.37 төгрөгийн зээлийг сарын 1.7 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, зээлдүүлсэн ба гэрээнд хамтран зээлдэгчээр Б.******* гарын үсэг зуржээ. 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

Дээрх гэрээнд зээлдэгч, хамтран зээлдэгч нь зээлийн төлбөрийг цалин, түүнтэй адилтгах орлогоор төлөх, банк Б.*******ын цалинг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр тодорхойлж, цалингаас шууд төлүүлэхээр заажээ. Үүнээс үзвэл банк зөвхөн Б.*******ын цалин орлогыг үндэслэн түүний хүсэлтээр зээл олгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. 

Банк гэрээний үүргийг буцаан төлөх нөхцөлийг цалин гэж тодорхойлсон атлаа Б.*******ийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцуулсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т заасантай нийцээгүй байна. 

Түүнчлэн хамтран зээлдэгч болох Б.*******ийн орлого, эд хөрөнгө тухайн гэрээнд барьцаалагдаагүйгээс гадна тэрээр орлого олдог эсэх, олдог бол хэдий хэмжээний орлоготой болох нь тодорхойгүй, зээлийн гэрээ болон хэрэгт үүнтэй холбоотой ямар нэг баримт авагдаагүй байна. 

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болдог. 

Дээрх зохицуулалтаас үзэхэд Б.******* нас барснаар түүний цалингын зээлийн үүрэг дуусгавар болох тул дуусгавар болсон гэрээний үүргийг тухайн цалинг авддаггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тодорхой орлого, эд хөрөнгөө барьцаалаагүй этгээдэд хамааруулах боломжгүй юм. 

Шүүх хариуцагч Б.*******ийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч биш гэж үзсэн учраас нэхэмжлэгчийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагууд хариуцагч Б.*******ид хамааралгүй болно. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь 

1. Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 42 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1,453.2, 240 дүгээр зүйлийн 240.1.2, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ******* банкны Завхан салбарын хариуцагч Б.*******ид холбогдуулан гаргасан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн төлбөр 6.323.255 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.216 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР 

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Ж.БАТТОГТОХ