Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2021/00215

 

2021 01 20

101/ШШ2021/00215

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Л.Р-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.З-д холбогдох

2,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Р, хариуцагч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Р нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ладай овогтой Роза би Батаа овогтой Заяатай 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 2,750,000 төгрөгийг хүүгүй 4 сарын хугацаатай 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Батаагийн Заяа нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Иймд Б.З-аас 2,750,000 төгрөг гаргуулж өгнө үү.

Зээлийн гэрээний үүрэгт 2 750 000 төгрөг гаргуулна. 2018 онд бэлнээр уг мөнгийг нотариатаар баталгаажуулж өгсөн. Баримт байхгүй. 2-3 жил буцааж өгөөгүй. 2018.10.18-нд төлөх байсан. Гэвч төлөөгүй. Нотариат тайлбарлаж өгөөд гарын үсэг зурсан гэв.

Хариуцагч Б.З нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, сургуулийн 1803 тоотод оршин суух Батаа овогтой Заяа миний бие 2014 оны 12 дугаар сард А сургуулийн ангийн эгч болох Л.Р-аас сургалтын төлбөр төлж байж он дуусахаас өмнө дүн гарах байсан учир ангийн таван охинтой Л.Р эгчээс бүгд 1 сая, 1 сая төгрөг 10 хувийн хүүтэй зээлсэн байдаг. Үүнээс хойш эргүүлэн төлж буцаан зээлсээр одоо 650,000 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байгаа. Би байнга ээжийгээ сахиж эмнэлгээр явдаг болохоор Л.Р эгч хүлээцтэй хүлээсэн. 2-3 жил болсон болохоор хүүтэйгээ нийлээд 2,750,000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сард нэхсэн байдаг. Би тэр үед 1 дүгээр эмнэлэгт ээжийгээ сахиж байсан болохоор дуудсан өдөр буюу гэрээ хийх өдөр нь очоод би танд үндсэн мөнгөө өгье гэж гуйхад юу ч гэсэн хоёулаа гэрээ хийе эгч нь хөдөө явлаа, найдвартай нь дээр гэхээр нь би хэлснийх нь дагуу л хийсэн. Ингэж шүүх дээрээ тулна гэж бодоогүй юм. 2018 онд сургуулиа төгсөөд ажилд орсон боловч ээжийн биеийн байдлаас болоод бүтэн ажилласан сар байхгүй. Тиймээс үлдэгдэл мөнгөө өгөхгүй удсан. Утсаа унтрааж авахгүй зайлсхийсэн удаагүй. Байнга холбоотой байсан. Сүүлдээ Л.Р эгч мөнгөө нэхэхэд нь ямар ч аргагүйн улмаас за эгч нь чамайг шүүхэд өглөө гомдолгүй биз дээ гэхэд нь зөвшөөрсөн. Тухайн үед зээлж байсан ангийн охин Наранжаргал мөн зээлээ төлөөд эргүүлж ээжтэйгээ мөнгө зээлээд хүү нь явсаар байгаад 10 сая болсон гээд мөн л нотариатаар хүүгүй зээлсэн гэж гэрээ байгуулаад шүүх хурал нь болоод одоо төлөөд явж байгаа гэсэн. Тэгэхдээ Наранжаргалтай гэрээ байгуулахдаа найз залуу гэх Б-тэй гэрээ байгуулсан байдаг. Ингээд харахаар энэ хүн илүү мөнгө нэхээд аваад сурсан байгаа юм. Тиймээс миний бие 650,000 төгрөг өгөх өртэй учир 650,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.

650 000 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй. Би 2 750 000 төгрөг аваагүй. Надаас хүү нь ийм болсон гэж нэхсэн. Хөдөө явах гэж байна гээд гэрээ байгуул гээд гэрээ байгуулуулсан. Гэхдээ би тэр үед 650 000 төгрөг өгнө гэж хэлсэн. Нотариатын хажууд мөнгө өгөөгүй өмнөх зээлийн хүү гэж нэхэж байгаа юм гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Р нь зээлийн гэрээний үүрэгт нийт 2,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.З нь өмнөх зээлийн үлдэгдэл гэж 650,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 1238 бүртгэлийн дугаартай, 2,750,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан байна. /хэргийн 3 дугаар тал/

Хариуцагч нь энэхүү зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй, харин 2014 онд 1,000,000 төгрөг зээлж авсан бөгөөд үлдэх төлбөрийг хүүгийн хамт бодоод 2,750,000 төгрөг болно гээд гэрээнд гарын үсэг зуруулсан гэж маргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн тайлбарыг нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 2,750,000 төгрөг олгосон гэдгээ нотлоогүй бөгөөд баримт байхгүй гэж тайлбарласан. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар дээрх зээлийн гэрээг хүчин төгөлдөр болсон гэж үзэх үндэслэлгүй.

 

Хариуцагч нь хэдийгээр 2018 оны зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй гэж маргасан боловч 2014 онд 1,000,000 төгрөг зээлж, үүнээс 350,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан. Иймд зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Гэвч хариуцагч нь 350,000 төгрөг төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй бөгөөд баримтгүй гэж тайлбарласан. Улмаар нэхэмжлэгч нь буцаан төлөөгүй гэж тайлбарласан тул хариуцагчийг төлбөр төлсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

Эдгээр үндэслэлээр хариуцагчаас 1,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн хөөн хэлэлцэх хугацааны хувьд зохигчид 2018 онд зээлийн гэрээ байгуулсан, хариуцагчийн тухайн үед өмнөх зээлийн үлдэгдэл 650,000 төгрөгийг төлнө гэж хэлсэн гэх тайлбараас үзэхэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дахин шинээр тоологдсон байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.З-аас зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Р-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,750,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД