Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00561

 

 

 

 

 

 

 

 

Л.Ргийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/00215 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Ргийн хариуцагч Б.Зд холбогдуулан гаргасан 2 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.К, хариуцагч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагчтай 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 2 750 000 төгрөгийг хүүгүй, 4 сарын хугацаатай 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Б.З нь зээлийн төлбөрөө төлөөгүй. Иймд Б.Згаас 2 750 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 12 дугаар сард ангийн эгч болох Л.Ргаас ангийн таван охины хамт тус бүр 1 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн. Үүнээс хойш эргүүлэн төлж буцаан зээлсээр одоо 650 000 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байгаа. 2018 оны 6 дугаар сард нэхэмжлэгчээс 2 750 000 төгрөгийг нэхсэн. Тухайн үед эмнэлэгт ээжийгээ сахиж байсан тул гэрээнд гарын үсэг зурсан. Миний бие 650 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Згаас зээлийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Рд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 750 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28 550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг зөрчиж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч Л.Р болон хариуцагч Б.З нар 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Г.Наранчимэгт хандаж, 1238 бүртгэлийн дугаартай 2 750 000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу Б.З төлбөрийг төлөх ёстой хугацаандаа төлөөгүй удаасан учир шүүхэд хандсан. Иргэний хуулийн 282 дугаар 282.4 дах хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 2 750 000 төгрөгийг зээлдэгч, хариуцагч Б.Зд нотариатчийн хажууд бэлнээр тоолж өгсөн буюу нотариатч үүнийг гэрчилснээр зээлдэгчид шилжүүлэн өгсөн гэж үзнэ. Бэлнээр тоолж өгсөн нь үнэн болохыг нотариат гэрчилсэн. Нотариат нь Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дах хэсэгт заасны дагуу төлбөр шилжүүлсэн болохыг гэрчилсэн. Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.7, 46.2 дах хэсэгт тус тус заасны дагуу нотариатаас талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг нягталсны дагуу гэрчилсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлага болох 2 750 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Л.Р нь хариуцагч Б.Зд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 750 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч 650 000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 1238 дугаартай зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, Л.Ргаас Б.Зд 2 750 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлж, уг гэрээний 3.1-т Зээлийн хугацаа нь зээлдэгч зээлийг хүлээн авсан үеэс эхлэн тоологдохоор харилцан тохиролцсон байна. /хэргийн 3 дугаар тал/ Энэ гэрээг байгуулсан үйл баримтад зохигчид маргаагүй, харин зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх нь маргааны зүйл болжээ.

           

            Нэхэмжлэгчээс дээрх зээлийн гэрээний дагуу 2 750 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.       Тодруулбал, нэхэмжлэгчээс “2 750 000 төгрөгийг нотариатчийн хажууд тоолж өгсөн буюу нотариатч гэрчилснээр зээлдэгчид шилжүүлсэн” гэж тайлбарлаж байх боловч нотариатч нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг гэрчилснээс биш мөнгийг бэлнээр хүлээж авсан тухай гэрчлээгүй байна. Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд 2 750 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосон байна. Иймээс шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн гомдол хуулийн үндэслэлгүй.

 

            Харин хариуцагч Б.З нь “2014 онд Л.Ргаас 1 000 000 төгрөгийг зээлж, үүнээс 350 000 төгрөгийг төлж, одоо 650 000 төгрөгийг үлдэгдэлтэй байгаа, ...2-3 жил болсон тул хүүтэйгээ нийлүүлээд 2 750 000 төгрөгийг нэхсэн, ...гэрээ хийе гэж хэлсэн” гэж шүүхэд тайлбарлажээ. Нэхэмжлэгч уг тайлбарыг баримтаар үгүйсгээгүй байна. Анхан шатны шүүх уг тайлбарыг үндэслэн хариуцагчийг “350 000 төгрөгийг төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй” гэж дүгнэн түүнээс 1 000 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь талуудын мэтгэлцэх зарчимд нийцжээ. Энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/00215 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ч.ЦЭНД

 

                                   ШҮҮГЧИД                          А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                              С.ЭНХТӨР