Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2021/00465

 

 

 

 

 

 

 

 

2021          02          05                                        101/ШШ2021/00465

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, тоот, РД:, А.У-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

            Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2020 оны 10-р сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.У-с шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019-05-21-ний өдрийн дугаар шийдвэрээр Н.Поос 56.285.000 төгрөгийг гаргуулж, А  ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдан А.У  миний өмчлөлийн орон сууцны үнэлгээнд талуудаас санал аваад зөрсөн учир шинжээчээр Баян модот ХХК-г үнэлгээг хийлгэхээр томилж манай орон сууцыг 107.702.100 төгрөгөөр үнэлсэн. Энэ нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэж байна. Учир нь манай орон сууц хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг, хотын төвөөс буюу Сүхбаатарын талбайгаас 2 километр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс 600 метр зайтай. Барилгын чанар өндөр, дулаан, доторх зохион байгуулалт сайтай, сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төвүүд төвлөрсөн дэд бүтэц сайтай. Уг орон сууцыг 210.000.000 төгрөгөөр үнэлж байна. Эдийн засгийн хувьд ашигтай буюу зах зээлийн үнэлгээнд хамгийн өндрөөр үнэлэгдэх хүчин зүйлүүдийг үнэлгээ гаргахдаа тооцоолоогүй тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-с шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2019-05-21-ний өдрийн  дугаартай шийдвэрээр Н.П-оос 56.285.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 248.310 төгрөгийг тус тус гаргуулж А  ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн ШШГТХуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Н.Пид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан А.Уянгын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Баянзүрх дүүргийн тоот хаягт байрлах 61.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2020-04-1-ний өдрийн  дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2020-04-30-ны дотор төлж барагдуулахыг мэдэгдсэн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2020-09-03-ны өдрийн дугаартай тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2020-09-29-ний өдөр  тогтоолоор Баян модот ХХК-иар тогтоолгоход 107.720.200 төгрөгөөр үнэлж, тайланг 2020-10-02-ны өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2020-10-02-ны өдрийн албан бичгээр талуудад мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн. Баян модот компанийн үнэлгээг үндэслэлтэй гэж үзэж байгаа, нэхэмжлэгч зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх тайлбарыг гаргаж байгаа хэдий ч нотлох баримтыг ирүүлээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.У  хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн  тоот 61.2 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.  

Тус шүүхийн 2019-05-21-ний өдрийн дугаар шийдвэрээр Н.П-оос 56.285.000 төгрөгийг гаргуулж А  ББСБ ХХК-д олгох, төлбөрөө төлөөгүй тохиолдолд А.У-н өмчлөлийн Баянзүрх дүүргийн  тоот 61.2 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019-08-16-ны өдрийн дугаар магадлалаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтанд “62.292.111 гэснийг 56.285.000” төгрөг, 3 дахь заалтанд “601.579.02 гэснийг 248.310” төгрөг гэж тус тус өөрчлөлт оруулжээ. /хх-ийн 50-52 тал/  

Төлбөр төлөгч Н.П нь төлбөрийг төлөөгүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар 2019-11-сарын 08-ны өдрийн 1413 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн. /хх-ийн 53 тал/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэх тухай 2019-12-09-ний өдрийн  тоот тогтоолыг гаргаж, шүүхийн шийдвэрт заасан үүргээ биелүүлэхийг мэдэгдэж тэмдэглэл үйлджээ. /хх-ийн 55 тал/

2020 оны 04 сарын 01-ний өдөр эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг гаргаж, эд хөрөнгө хураах 2020-09-03-ны өдрийн тоот тогтоол үйлдэж, шүүхийн шийдвэрт заасан үүргийг 2020 оны 09 сарын 16-ны өдрийг хүртэл биелүүлэх хугацаа тогтоож, үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг А.У д мэдэгджээ. /хх-ийн 56, 61 тал/

Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчөөс үнийн санал авах ажиллагааг хийсэн, А.У  нь 210.000.000 төгрөгөөр үнэлэх саналыг гаргасан. /хх-ийн 62-63 тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020 оны 09 сарын 29-ний өдрийн -р тогтоолоор Баян-Модот ХХК-ийг шинжээчээр томилсон ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилсон нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна.

          Шийдвэр гүйцэтгэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхээс өмнө шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, хөрөнгийн үнэлгээний тайланг Баян-Модот ХХК гаргаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлжээ. /хх-ийн 69 тал/

Уг тайланд “...Баянзүрх дүүргийн  тоот 61.2 м.кв талбайтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг үнэлсэн зах зээлийн үнэлгээний дүн 107.720.000 төгрөг” гэж  үнэлсэн. /хх-ийн 70-75 тал/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь А.У д 2020-10-02-ны өдөр хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг хүргүүлж, А.У  шинжээчийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэж, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах гомдлыг 2020 оны 10 сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч А.У, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ орон сууц нь “хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг, Сүхбаатарын талбайгаас 2 км, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс 600 метр зайд байршилтай, барилгын чанар өндөр, дулаан, доторх зохион байгуулалт сайтай, сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төвүүд төвлөрсөн дэд бүтэц сайтай” зах зээлийн үнэлгээг 210.000.000 төгрөг гэж тайлбарлаж байх боловч үндэслэлээ нотлоогүй, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилсон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.6-д заасны дагуу  явагдсан байна. Мөн шинжээчээр томилогдсон Баян-Модот ХХК эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон үйл ажиллагаа нь “Шүүхийн шинжилгээний тухай хууль”, “Хөрөнгийн үнэлгээний тухай хууль”-д заасан журмын дагуу хийгдсэн байх ба хөрөнгийн үнэлгээний тайлан ”Хөрөнгийн үнэлгээний тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д “хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх”, 9.2.3-т “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх” шаардлагыг хангасан байх тул үнэлгээг хүчингүй болгуулах А.У-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                              

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн  тоот 61.2 м.кв талбайтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-  дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах А.У-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.У-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгоусгай.  

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА