Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2021/00658

 

2021 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2021/00658

 

 

 

А.У-ын  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2021/00465 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А.У-ын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т  холбогдох

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/01493 дугаартай шийдвэрээр Н.Пүрэвдоржоос 56 285 000 төгрөгийг гаргуулж, Амар капитал ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдан А.У-а миний өмчлөлийн орон сууцны үнэлгээнд талуудаас санал аваад зөрсөн учир шинжээчээр Баян модот ХХК-ийг үнэлгээг хийлгэхээр томилж манай орон сууцыг 107 702 100 төгрөгөөр үнэлсэн. Энэ нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэж байна. Учир нь манай орон сууц хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг, хотын төвөөс буюу Сүхбаатарын талбайгаас 2 километр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс 600 метр зайтай. Барилгын чанар өндөр, дулаан, доторх зохион байгуулалт сайтай, сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төвүүд төвлөрсөн дэд бүтэц сайтай. Уг орон сууцыг 210 000 000 төгрөгөөр үнэлж байна. Эдийн засгийн хувьд ашигтай буюу зах зээлийн үнэлгээнд хамгийн өндрөөр үнэлэгдэх хүчин зүйлүүдийг үнэлгээ гаргахдаа тооцоолоогүй тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батзориг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1493 дугаар шийдвэрээр Н.Пүрэвдоржоос 56 285 000 төгрөгийг гаргуулж Амар капитал ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Н.Пүрэвдоржид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан А.У-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204016324 дугаартай Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 40 дүгээр байрны 71 тоот хаягт байрлах 61,2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 20260039/01 дугаартай тогтоолоор битүүмжилж, 20260039/03 дугаартай тогтоолоор хурааж талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 9/494 дүгээр тогтоолоор Баян модот ХХК-иар тогтоолгоход 107 720 200 төгрөгөөр үнэлж, мэдэгдлийг өгсөн. Баян модот компанийн үнэлгээг үндэслэлтэй гэж үзэж байгаа, нэхэмжлэгч зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх тайлбарыг гаргаж байгаа хэдий ч нотлох баримтыг ирүүлээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 40 дүгээр байрны 71 тоот 61,2 м.кв талбайтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204016324 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах А.У-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.У-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэн А.У-а миний өмчлөлийн орон сууц болох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 40 дүгээр байрны 71 тоот хаягт байрлах 61,2 м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг, дотоод зохион байгуулалт сайтай, барилгын чанар өндөр, сургууль, цэцэрлэгт ойрхон, дэд бутэц сайн, 210 гаран сая төгрөгийн үнэ, цэнэтэй юм. Энэхүү нөхцөл байдлаас харахад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон "Баян модот" ХХК нь дээрх хуулийн зүйл заалтуудыг зөрчиж үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт дордуулан үнэлсэн болох нь тодорхой байгаа. Энэхүү нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой. Иймд шийдвэрийг өөрчилж гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч А.У-а хариуцагч НШШГГ-т холбогдуулж, Баян модот ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн БЗД-ОС-20/10/2 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

 

Бяянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/01493 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1525 дугаар магадлалаар Н.Пүрэвдоржоос 56 285 000 төгрөгийг гаргуулж Амар капитал ББСБ ХХК-д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 40 дүгээр байрны 71 тоотод байрлах, А.У-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204016324 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн ба шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна./ хх-ийн 47-53 /

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 20260039/01 тоот тогтоолоор нэхэмжлэгч А.У-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204016324 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 40 дүгээр байрны 71 тоот 61,2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 20260039/03 тоот тогтоолоор хураажээ. / хх-ийн 56, 58, 61 /

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.У-а үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд санал болгох доод үнийг 210 000 000 төгрөгөөр үнэлэх үнийн санал ирүүлсэн бол төлбөр авагч Амар капитал ББСБ ХХК шинжээч томилж, зах зээлийн үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 9/494 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Баянмодот ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 40 дүгээр байрны 71 тоот 61,2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэ, цэнийг 107 720 200 төгрөгөөр тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ. / хх-ийн 67-75 /

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Баянмодот ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн БЗД-ОС-20/10/2 дугаартай үнэлгээг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн, нэхэмжлэгч А.У-а нь мөн хуулийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааны дотор буюу 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гомдлын шаардлага гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт зааснаар гомдолд ямар аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргаж байгаа, тухайн шийдвэр, үйл ажиллагаа ямар хууль тогтоомжид харшилж байгаа, түүнийг хууль бус гэж үзсэн үндэслэл, нотолгоог заах үүрэгтэй.

Нэхэмжлэгч А.У-а тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа нотлоогүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Үнэлгээ гаргасан Баянмодот ХХК-ийн шинжээч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу орлогын болон зах зээлийн хандлагын аргыг хослуулан хэрэглэж, үнэлгээг гаргахдаа тухайн орон сууц нь Нарантуул, Сандэй худалдааны төв үйлчилгээндээ ойрхон байгааг хөрөнгийн үнэ цэнэд нөлөөлөх орчинд харгалзан үзсэн талаар үнэлгээний тайланд тусгасан байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2021/00465 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжпэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Н.БАТЗОРИГ