Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2021/00217

 

2021 01 20

101/ШШ2021/00217

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: И.М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Б-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 65,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.З, З.Х, хариуцагч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И.М ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: И.М ХХК-ийн ерөнхий захирал Б.Ц би эхнэрийн хамаатан О.Б-той 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр амаар харилцан тохиролцож таван сарын хугацаатай 165,000,000 төгрөгийг зээлдүүлэхээр болж И.М ХХК-ийн Чингис Хаан банкны ...тоот данснаас 165,000,000 төгрөгийг О.Б-ын өөрийн эзэмшлийн Хаан банкны дансанд шилжүүлсэн юм. О.Б нь Б.Ц миний Хаан банкны ...тоот дансанд 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зээлээсээ 100,000,000 төгрөг төлсөн. Энэ өдрөөс хойш үлдэгдэл төлбөрийг удаа дараа нэхэж шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл О.Б нь зээлийн үлдэгдэл төлбөр 65,000,000 төгрөгийг төлөлгүй И.М ХХК-ийг хохироох болсон юм. Иймд О.Б-оос зээлийн үлдэгдэл төлбөр 65,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. И.М ХХК-ийн зүгээс О.Б-оос зээлийн үлдэгдэл төлбөр болох 65,000,000 төгрөгийг гаргуулахаар, тэмдэгтийн хураамжид 482,999 төгрөгийг төлсөн болно. Иймд хариуцагч О.Б-оос 65,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.З нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 65 000 000 төгрөг гаргуулна. Нэхэмжлэгч нь 2017.01.16-нд хариуцагчид 165 сая төгрөг зээлүүлсэн. Улмаар 100 саяыг төлсөн. Үлдэгдлийг төлөөгүй тул гаргуулна. Газрыг шилжүүлж авсан баримтгүй, шилжүүлсэн гэх баримтгүй. Хэлцэл 2 талын зөвшөөрлөөр хийгдэнэ. Нэг тал нь өрөндөө тооцсон гэх боломжгүй. Талууд тохиролцсон зүйлгүй. Үүнээсээ болж маргаан үүссэн гэв.

 

Хариуцагч О.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Б миний бие хүргэн ах болох И.М ХХК-ийн захирал Б.Ц-тэй амаар харилцан тохиролцож хамтран ажиллахаар болж 165,000,000 төгрөг авсан юм. Ингээд миний ажил бүтэмж муутай байсан тул 100,000,000 төгрөгийг буцааж өгсөн. Улмаар үлдэгдэл 65,000,000 төгрөгтөө би өөрийн эзэмшлийн Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай газарт 2 га газартай ...ШБ ХХК-ийг И.М ХХК-д шилжүүлж өгсөн юм. Иймээс бид хоёрын хооронд тооцоо дууссан гэж ойлгож байгаа бөгөөд уг газар дээр И.М ХХК нь өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа болно.

165 сая төгрөгийг Хаан банкны дансаараа авсан. Гэхдээ энэ нь зээл биш. Хүргэн ахтайгаа хамтарч бизнес хийхээр хөрөнгө оруулалт байсан. Хувийн дансанд нь 100 саяыг өгсөн. Би өмнө нь компаниа өгсөн авлагатай байсан тул өрөндөө тооцъё гээд үл ойлголцол үүссэн. 3 жилийн дараа ингэж байгаа нь ойлгомжгүй байна. 3 жилийн хугацаанд маргаан байгаагүй. Гэнэтхэн л шүүхийн асуудал үүссэн. Би 2 га газартай компаниа өгөөд, үйл ажиллагаа явж байгаа. Ажилтных нь тайлбарыг хэрэгт өгсөн гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И.М ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 65,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч О.Б нь 165,000,000 төгрөг авч, 100,000,000 төгрөг буцаан төлсөн талаар маргаагүй боловч зээлийн гэрээний харилцаа биш, үлдэх төлбөрийг хуулийн этгээдийн өмчлөх эрх шилжүүлэх замаар төлсөн гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.

 

Хариуцагч нь 165,000,000 төгрөгийг зээл биш хөрөнгө оруулалт гэж маргасан боловч өөрийн тайлбарыг нотлоогүй, шүүхэд ямар нэг баримт ирүүлээгүй. Гэвч 165,000,000 төгрөг авч, 100,000,000 төгрөгийг буцаан төлсөн талаар зохигч хэн аль нь маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч И.М ХХК-ийн Чингис хаан банк дахь дансны хуулганд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 165,000,000 төгрөгийг зээл өгөв О.Б-д гэсэн утгатай зарлагын гүйлгээ бичигдсэн, мөн И.М ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтад 100,000,000 төгрөгийг О.Б зээл төлөв гэсэн бичилт хийгдсэн байна. /хэргийн 5, 4 дүгээр тал/ Эдгээрээс зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь 165,000,000 төгрөг өгч, улмаар 100,000,000 төгрөгийг буцаан авсан гэж тайлбарласан.

Хариуцагч нь үлдэх 65,000,000 төгрөгийг хуулийн этгээдийн өмчлөх эрх шилжүүлэн өгсөн буюу худалдах, худалдан авах гэрээний үүрэгт тооцож төлж барагдуулсан гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.З нь энэ талаар тохиролцсон зүйл байхгүй, хэрэгт хуулийн этгээд шилжүүлсэн баримт байхгүй гэж маргаж байна.

 

Хэргийн 39 дүгээр талд байх ШБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг судалж үзвэл уг хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь О.Б байх бөгөөд хариуцагч нь уг этгээдийг өөрийн төрсөн дүү гэж тайлбарласан. Мөн О.Б нь хариуцагчийн өмчлөлийн ШБ ХХК-ийг нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх Б.Ц-ийн даалгавраар өөрийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгүүлсэн гэх тайлбарыг ирүүлсэн байна. /хэргийн 38 дугаар тал/ Гэвч О.Б-ийн тайлбар баримтаар нотлогдоогүй.

Эдгээрийг харьцуулан үзвэл ШБ ХХК нь нэхэмжлэгч И.М ХХК-ний өмчлөлд очсон гэх хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байна. Улмаар хариуцагч нь үлдэх 65,000,000 төгрөгийг хуулийн этгээдийн өмчлөх эрхийг шилжүүлэх замаар төлөхөөр тохиролцож, хэлцэл биелэгдсэн гэх тайлбараа нотолж чадаагүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Харин үндсэн болон сөрөг нэхэмжлэлээр хуулийн этгээдийн өмчлөх эрх шилжүүлсэнтэй холбоотой шаардлага гаргаагүй тул энэхүү асуудлын талаар шүүх дүгнэлт өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч О.Б-оос зээлийн гэрээний үүрэгт 65,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч И.М ХХК-д олгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 485,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 482,950 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 2,500 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД