Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00433

 

 

 

И-М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/00217 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И-М ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Бод холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 65 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зүмбэрэл, З.Хүслэн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цогтсэргэлэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зүмбэрэл, З.Хүслэн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.Бтой 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр харилцан тохиролцож таван сарын хугацаатай 165 000 000 төгрөгийг И-М ХХК зээлдүүлж. Чингис хаан банк дахь И-М ХХК-ийн 3920010487 тоот данснаас Хаан банк ХХК дахь О.Бын дансанд 165 000 000 төгрөгийг шилжүүлсэн. О.Б уг зээлээс 100 000 000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хаан банк ХХК дахь Б.Цогтсэргэлэнгийн 5076206826 тоот дансанд төлсөн. Үлдэгдэл төлбөр 65 000 000 төгрөгийг төлөөгүй тул уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний И-М ХХК-ийн захирал Б.Цогтсэргэлэнтэй харилцан тохиролцож хамтран ажиллахаар болж 165 000 000 төгрөг авсан. Ажил бүтэмж муутай байсан тул 100 000 000 төгрөгийг буцааж өгсөн. Үлдэгдэл 65 000 000 төгрөгийн төлбөрт Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай газарт байрлах өөрийн эзэмшлийн 2 га газрыг И-М ХХК-д шилжүүлж тооцоо дууссан байхад 3 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Боос зээлийн гэрээний үүрэгт 65 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч И-М ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 485 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 482 950 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 2 500 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч О.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх ШБНТ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг судалж үзвэл уг хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээлд нь О.Бат-Эрдэнэ байх бөгөөд хариуцагч нь уг этгээдийг өөрийн төрсөн дүү гэж тайлбарласан. Мөн О.Бат-Эрдэнэ нь хариуцагчийн өмчлөлийн ШБНТ ХХК-ийг Б.Цогтсэргэлэнгийн даалгавраар өөрийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгүүлсэн гэх тайлбарыг ирүүлсэн байна. Гэвч О.Бат-Эрдэнийн тайлбар баримтаар нотлогдоогүй. ШБНТ ХХК нь И-М ХХК-ийн өмчлөлд очсон гэх хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байна гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Хариуцагчийн тайлбарт дурдсан газарт И-М ХХК амралтын газар байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа. Бүх бичиг баримтыг И-М ХХК-ийн захирал Б.Цогтсэргэлэнд шилжүүлсэн зэрэг тайлбарыг анхаараагүй хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байна гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж талуудын хооронд маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч И-М ХХК нь хариуцагч О.Бод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 65 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч уг төлбөрт газар шилжүүлэн өгсөн гэж маргажээ.

Талуудын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээний харилцаа үүсэж, зээлдүүлэгч И-М ХХК нь зээлдэгч О.Бод 165 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

 

Зээлдүүлэгч И-М ХХК нь зээлийн гэрээгээр тохиролцсон 165 000 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зээлдэгч О.Бод шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан Чингис хаан банк ХХК дахь И-М ХХК-ийн дансны хуулгаар тогтоогдсон ба зээлдэгч уг зээлийн төлбөрөөс 100 000 000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй. /хх-4-5/

 

Харин хариуцагч О.Б нь зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 65 000 000 төгрөгт Налайх дүүрэг, Горхи тэрэлжид байрлах ШБНТ ХХК-ийн эзэмшлийн аялал жуулчлалын зориулалттай 2 га газрыг шилжүүлэн өгсөн гэж тайлбарласан боловч уг газар И-М ХХК-ийн эзэмшилд шилжсэн үйл баримтыг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт үндэслэл бүхий байх бөгөөд хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Хариуцагч О.Б нь зээлийн төлбөр 65 000 000 төгрөгт газар шилжүүлэн өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч О.Боос зээлийн гэрээний үүрэгт 65 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И-М ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/00217 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч О.Бын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 482 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдусгай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.БАЙГАЛМАА