Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 212/МА2018/00069

 

    Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын

          нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч  Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 264 дүгээр шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлах, тус аймгийн Онцгой байдлын газрын нэхэмжлэлтэй, Т.Е-нд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У, хариуцагч Т.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшиж байгаа 876 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай.

Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн нэхэмжлэлд: “Иргэн Т.Е нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэдлийн 12495 м.кв газраас 4000 м.кв газрыг хувьдаа өмчилж авсан байсан тул түүний одоогийн хашаа татаж эзэмшиж байгаа 4876 м.кв газрыг бүхэлд нь Онцгой байдлын газрын мэдэлд шилжүүлэн өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргаж улмаар Т.Ед газар эзэмшүүлсэн Өлгий сумын Засаг даргын 46 дугаар захирамж, аймгийн Засаг даргын 677 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхээс Т.Е нь төрийн байгууллагын газрыг хууль бусаар өөртөө шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд шүүхэд хандаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг гаргасан. Тийм учраас Т.Е-ы эзэмшиж буй 4876 м.кв газрыг бүхэлд нь нэхэмжилснийг өөрчилж, түүний хууль бус илүү эзэмшиж байгаа 876 м.кв газрыг Онцгой байдлын газрын мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргаж өгнө үү. Т.Е-ы Онцгой байдлын газрын мэдлийн 876 м.кв газрыг илүү эзэмшиж байгаа нь Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 110/Ш32016/0124 дугаартай шинжээч томилох захирамжаар гаргасан шинжээч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Х.Ө-ы 01 дүгээр дүгнэлтээр давхар тогтоогдож байна.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Нэхэмжлэгч Онцгой байдлын газар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 876 м.кв газрыг хариуцагч Т.Е миний бие 2002 оноос эзэмшиж байгаа бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.1, 75.2.2-т заасныг тус тус зөрчиж нэхэмжлэл гаргасан учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 84 тоот тогтоолын хянавал хэсэгт “Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2002 оны захиргааны актыг 2004 оноос хойш мэдэх боломжтой байсан атлаа эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй, 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзлээ”. Анхан шатны шүүхээс "...ердийн харьяаллын шүүхэд газрын асуудлаар нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоологдохоор байна гэсэн дүгнэлт хийсэн нь буруу болжээ.” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасанчлан Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн тогтоолоор хөөн хэлэлцэх хугацааг хэтэрсэн гэж нотлох баримтаар үнэлсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Иргэний хэргийн шүүх дахин үнэлэхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Онцгой байдлын газар нь тухайн газрыг 15 жил ашиглаагүй учир Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу 2 жил дараалан ашиглаагүй нөхцөлд газар эзэмших эрх хүчингүй болох учир эзэмших эрх нь дуусгавар болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч Онцгой байдлын газар нь 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 01 шинжээчийн дүгнэлтийг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн боловч энэхүү шинжээчийн дүгнэлтийг Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 84 дүгээр тогтоолоор нотлох баримтаар үнэлсэн. Тухайн шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 37 шийдвэртэй захиргааны хэргээс хуулбарлан авсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа учир дахин нотлохгүй. Иймд шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаас хасаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

           

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 264 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.2, 90 дугаар зүйлийн 90.2-ийг тус тус баримтлан хариуцагч Т.Е-ны хууль бус эзэмшлээс 876 м.кв газрыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн давж  заалдах гомдолд: “Уг хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 264 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 19/203 албан тоотоор давж заалдах гомдол гаргасан. Гомдлыг Онцгой байдлын газрын даргын эзгүйд орлож байсан Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Б.Анхбаярын гарын үсэгтэй, байгууллагын тамгатай, албан бланкаар шүүхэд хүргүүлсэн. Уг гомдлыг хүлээн авсан шүүгч Б.Мангилик нь Иргэний хэрэгт оролцож байгаагүй, Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Б.Анхбаяр гомдол гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасныг үндэслэн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 1577 дугаартай давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гаргасан. Анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 264 дүгээр шийдвэрээр Онцгой байдлын газрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Энэ нь төрийн байгууллагын газрын нэхэмжлэлийн асуудал учраас Онцгой байдлын газрын дарга эрх хэмжээнийхээ хүрээнд давж заалдах шатны шүүхэд хэнийг итгэмжлэлээр оролцуулах эсэхийг хараахан шийдээгүй байсан тул Онцгой байдлын газрын удирдлагууд давж заалдах гомдлыг хуулийн хугацаанд гаргасан болно.

Тухайн үед Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан нь Улаанбаатар хотод томилолтоор ажилласан тул Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 264 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлын хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай хэтрүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д заасныг үндэслэн давж заалдах гомдлын хугацааг сэргээлгэх тухай хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг хүлээж авсан шүүгч Б.Мангилик нь 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 1665 дугаартай захирамж гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэдэгт хамаарагдахгүй гэж хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэр гаргасан байна. Түүний дараа 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сум дундын анхан шатны шүүхэд давж заалдах хугацааг сэргээж өгөх талаар дахиж гомдол гаргасан боловч хүлээн авсан шүүгч К.Бүлдирген нь “гомдол гаргах эрхгүй захирамжид гомдол гаргасан байна” гэж 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 1663 дугаартай захирамжаар гомдлыг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг гаргасан байна.

Цаашид шүүхэд гомдол гаргах боломжгүй болсон тул 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Монгол улсын шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргасан. Шүүхийн ёс зүйн хорооноос 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр сахилгын хэрэг үүсгэн шалгаж шийдвэрлэсэн. Шүүгчийн ёс зүйн хорооноос гаргасан шийдвэрийг үндэслэн Сум дундын анхан шатны шүүхэд “Давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэх” тухай гомдлыг дахиж гаргаснаар Сум дундын анхан шатны шүүхээс 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр тус шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 264 дүгээр шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай хэтрүүлсэн байна гэж үзээд давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээсэн болно.

Иргэн Т.Е нь Баян-Өлгий аймгийн Гал түймэртэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаанд албан тушаалаа урвуулан ашиглаж, 1994 оны 11 дүгээр сарын 11-нд батлагдсан Газрын тухай хуулийн /тухайн үед хүчин төгөлдөр байсан/ 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, 2002 оны 6 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан /одоо хүчин төгөлдөр байгаа/ Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, төрийн байгууллага болох Гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэдлийн 12495 м2 газраас 4000 м2 газрыг хувьдаа өмчилж авсан байсан тул түүний одоогийн хашаа татаж эзэмшиж байгаа 4876 м2 газрыг бүхэлд нь Онцгой байдлын газрын мэдэлд шилжүүлэн өгөхийг хүсэж, Т.Ед газар эзэмшүүлсэн Өлгий сумын Засаг даргын 46 дугаар захирамж, аймгийн Засаг даргын 677 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах тухай хүсэлтийг Захиргааны хэргийн шүүхэд гаргасан. Захиргааны хэргийн шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 110/ШШ2016/0037 дугаартай шийдвэрээр Өлгий сумын Засаг даргын 46 дугаар захирамж, аймгийн Засаг даргын 677 дугаар захирамжуудыг хүчингүй болгож, хуулийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй тухай хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан боловч 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхээс “Т.Е нь төрийн байгууллагын газрыг хууль бусаар өөртөө шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд шүүхэд хандаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг гаргасан байна.

Захиргааны хэргийн шүүхэд давж заалдах эрхгүй болсон тул Иргэний хэргийн шүүхэд Т.Еы эзэмшиж буй 4876 м2 газрыг бүхэлд нь нэхэмжилснийг өөрчилж, түүний хууль бус илүү эзэмшиж байгаа Онцгой байдлын газрын мэдлийн 876 м2 газрыг буцааж авах шийдвэр гаргаж өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргасан боловч Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар нь эзэмшил бүхий газраас 876 м2 газрыг хууль бусаар эзэмшиж байсан бусдын эзэмшлээс шаардах, эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг хариуцагчаас шаардах эрхтэй боловч 2002 оноос хойших хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй мөртлөө 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Т.Ед холбогдуулан иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа явдал нь Иргэний тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т 75.2.2-т заасныг тус тус зөрчиж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна” гэж 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 264 дугаартай шийдвэр гаргасан болно. Хуулийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байгаа нь дараах хүндэтгэн үзэх шалтгаантай байна. Үүнд:

1. Т.Е нь 2002 онд “Гал түймэртэй тэмцэх хэлтэс”-ийн даргаар ажиллаж байх хугацаанд Төрийн байгууллагын мэдлийн 30 жилийн хугацаатай эзэмшиж байсан 12495 м2 газраас 4876 м2 газрыг хууль бус эзэмшиж, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн нь Цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон болно. Т.Е нь 2004 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр “Гал түймэртэй тэмцэх хэлтэс”-ийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж улмаар тус хэлтсийн орлогч даргаар томилогдон 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл ажилласан тул үйлдсэн гэмт хэргээ бусдад мэдэгдэлгүйгээр хуулийн хөөн хэлэлцэх хугацааг санаатай өнгөрөөсөн байна.

2. Т.Еы            дараа “Гал түймэртэй тэмцэх хэлтэс”-ийн даргаар 2004 оны 4 дүгээр сарын 05-аас томилогдож 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл ажилласан Ж.Өмирбекийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгт “намайг байгууллагын даргаар томилогдох үед Т.Е нь байгууллагын баруун талын газрыг эрх бүхий этгээдийн шийдвэрээр эзэмшдэг гэж танилцуулсан, хуульд заасан журмаар уг газрыг эзэмшдэг байх гэж ойлгосон, энэ талаар гарсан шийдвэрүүдийг үзээгүй, Т.Е нь байгууллагын эзэмшлийн газрыг авсан гэдгийг мэдээгүй, уг газрыг Т.Ед эзэмшихийг зөвшөөрсөн хэрэг биш юм” гэж мэдүүлж байгаагаас үзэхэд байгууллагын дарга Ж.Өмирбек нь түүний хууль бус газар эзэмшсэн тухай мэдээгүй, мэдэх, нэхэмжлэл гаргах боломж олгоогүй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай байна. Ж.Өмирбекийн дараа 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Онцгой байдлын хэлтсийн даргаар дэд хурандаа Б.Энхжаргал томилогдож газрын гэрчилгээ, материалуудыг судалж үзсэнээр Т.Еы хууль бус Онцгой байдлын хэлтсийн газрыг эзэмшиж байгаа тухай мэдмэгц 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Дээрх байдлаас үзэхэд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол эрх зөрчигдсөн тухай мэдсэн үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно” гэж заасан тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзэж байгаа тул Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 264 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, иргэн Т.Еы хууль бус эзэмшиж байгаа 876 м2 газрыг Онцгой байдлын газрын мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргаж өгөхийг хүсэж гомдол гаргав.” гэжээ.

           

Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: “Уг гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Онцгой байдлын газар нь нэхэмжлэлд 12495 м2 газар эзэмших ёстой гэх боловч Захиргааны хэргийн шүүхэд нотлогдоогүй. 2013 онд Онцгой байдлын газрын даргаар Б.Энхжаргал томилогдож газрын гэрчилгээ материалуудыг судалж үзээд шүүхэд хандсан гэдэг нь огт үндэслэлгүй. Миний бие хэлтсийн даргын үүрэгт ажлаас 2004 онд чөлөөлөгдсөн ба түүнээс хойш хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Өмирбек нь 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжаар 7350 м2 газар эзэмшүүлснийг хүлээн зөвшөөрч улмаар газар эзэмших эрхийн 0065604 дугаартай гэрчилгээг 2007 оны 7 оны 02-ны өдөр кадастрт оруулан баталгаажуулан авч, газрын албатай газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа олгосон кадастрын зургийг нуун дарагдуулж, Онцгой байдлын газрын хүсэлтээр кадастрын зураггүй удаа дараа газрын хэмжилт хийлгүүлэн намайг илүү эзэмшлийн газартай гэдгийг нотлох гэж оролдсон. Гэвч миний бие Онцгой байдлын газар эзэмшил газрын хэмжээг тогтоож авснаас хойш 2 сар 16 хоногийн дараа буюу 2007 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр аймгийн Засаг даргын 392 дугаар захирамжийн хавсралтын 89-т бичигдсэнээр газар эзэмших эрхийн 0065920 гэрчилгээ авсан. Ж.Өмирбекийн арван хэдэн жилийн дараа мэдэн будилж шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг нь нотлох баримтаар үнэлэгдэхгүй ба энэ нэхэмжлэлийн эхлэлийг өөрөө тавьсныг мартаагүй байх ёстой. Цагдаагийн байгууллагаар албан тушаалаа урвуулан ашиглан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй, газар эзэмшиж байгааг 2014 он хүртэл нуун дарагдуулсан гэдэг нь огт үндэслэлгүй мөн дээрх газар эзэмших гэрчилгээг хэн хэрхэн авсан гэдэг нь тодорхой байгаа тул ойлгомжтой.Уг эзэмшлийн газар нь Онцгой байдлын газраас тусгаарлагдсан хашаатай Жандана хоршоо үйл ажиллагаа явуулж байсан.Төрийн байгууллагын хашаанд хувийн хоршоо үйл ажиллагаа явуулахгүй байх учиргүй. 2004 оноос хойш байгууллагын газар, өмч хөрөнгөд дарга, нябо нар эзэн болж газар эзэмших гэрээг баталгаажуулж 2007 онд шинэчлэн авсан байдаг. Бүх шатны шүүх хуралд 2014 оноос хойш Онцгой байдлын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У, М.Ерболат нар оролцож байсан ба давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг газрын орлогч гаргасныг анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзсан байдаг.Үүнийг шүүх хууль дүрмийн дагуу шийдвэрлэсэн гэж бодож байна. Онцгой байдлын газрын 2014 оны 4 дүгээр сард шүүхэд гаргасан энэхүү нэхэмжлэлийг шат шатны шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэсэн ба Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 12 дугаар сарын 09- ний өдрийн 802, мөн 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 565 тогтоолоор тус тус анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй шийдвэрүүд байв.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар нь хариуцагч Т.Е-д холбогдуулан хууль бусаар эзэмшиж байгаа 876 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Анхан шатны шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 64 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 565 дугаартай тогтоолд заасан үндэслэлүүд арилаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  38 дугаар зүйлийн 38.6-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

            Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт  зааснаар Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 352 дугаар шүүгчийн захирамжийн 1 дэх заалтаар Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрыг шинжээчээр томилсон байна. Улмаар Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын  газрын мэргэжилтэн Ж.Е, Б.Е, Х.Ө нар нь 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр шинжээчийн дүгнэлт гаргасныг хэрэгт хавсаргажээ.

            Шүүхийн шинжилгээний тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт шүүхийн шинжилгээ хийх нийтлэг журмыг хуульчилсан бөгөөд шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаар хийлгэх журмыг 8 дугаар зүйлд, шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх журмыг 9 дүгээр зүйлд тус тус нарийвчлан зохицуулжээ.

Шинжээч томилох тухай шүүгчийн захирамжаас үзвэл, анхан шатны шүүх шинжээчээр Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрыг томилж, тодорхой хүнийг шинжээчээр томилоогүйгээс гадна шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай шийдвэр гаргасны дараа шинжилгээ хийхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй, тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, хэргийн оролцогч нартай ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэх, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай шүүгчийн захирамжийг гардуулан, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулахаар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заажээ. Гэтэл анхан шатны шүүх хуульд заасан дээрх ажиллагааг явуулаагүй байна.

Хэргийн 1 дүгээр хавтасны 200-201 дүгээр талд авагдсан 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийг гаргаж байсан Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын  газрын мэргэжилтэн Х.Ө нь хэргийн 2 дугаар хавтасны 97-98 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлтийг дахин гаргасан байна.

Үүнээс дүгнэвэл, анхан шатны шүүх Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан ажиллагааг хуульд заасан журмаар явуулаагүйгээс тухайн маргаантай асуудлаар буюу маргаан бүхий газрын талаар урьд нь дүгнэлт гаргаж байсан Х.Ө нь 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 01 дугаартай дахин шинжээчийн дүгнэлт гаргаж, уг дүгнэлтэд нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээдийн эзэмшиж буй газрын хэмжээ зөрүүтэй, эргэлзээтэй байх тул тухайн шинжээчийн дүгнэлтийн хөндлөнгийн, эргэлзээгүй, үнэн бодитой байх шинжийг үгүйсгэх, эргэлзэх үндэслэл болжээ.

Маргаан бүхий газарт шүүх 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр үзлэг хийсэн боловч үзлэгийг хариуцагч Т.Е-ы эзэмшил газарт хийж, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын эзэмшил газарт үзлэг хийгээгүйгээс нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газрын хэмжээг нарийвчилж тогтоогоогүй, магадлалд заасан үндэслэлүүд арилаагүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 264 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                                                Д.КӨБЕШ