Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 130/ШШ2020/01280

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Онцгой байдлын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Т  Ед холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б аймгийн Онцгой байдлын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц, хариуцагч Т.Е, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хундыз оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бусаар эзэмшиж байгаа 876 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай.

Нэхэмжлэгч Б аймгийн Онцгой байдлын газар шүүхэд гаргасан /нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн/ нэхэмжлэлдээ: Иргэн Т.Е нь 1994 оны 11 дүгээр сарын 11-нд батлагдсан Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, төрийн байгууллага болох Гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэдлийн 12495 м.кв газраас 4000 м.кв газрыг хувьдаа өмчилж авсан байсан тул түүний одоогийн хашаа татаж эзэмшиж байгаа 4876 м.кв газрыг бүхэлд нь Онцгой байдлын газрын мэдэлд шилжүүлэн өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргаж улмаар Т.Ед газар эзэмшүүлсэн Ө сумын Засаг даргын 46 дугаар захирамж, аймгийн Засаг даргын 677 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхээс Т.Е нь төрийн байгууллагын газрыг хууль бусаар өөртөө шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд шүүхэд хандаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг гаргасан байна. Тийм учраас Т.Еы эзэмшиж буй 4876 м.кв газрыг бүхэлд нь нэхэмжилснийг өөрчилж, түүний хууль бус илүү эзэмшиж байгаа 876 м.кв газрыг Онцгой байдлын газрын мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргаж өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргаж байна. Т.Еы Онцгой байдлын газрын мэдлийн 876 м.кв газрыг илүү эзэмшиж байгаа нь Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 110/Ш32016/0124 дугаартай шинжээч томилох захирамжаар гаргасан шинжээч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Х.ӨмирЖы 01 дүгээр дүгнэлтээр давхар тогтоогдож байна гэв.

Нэхэмжлэгч Б аймгийн Онцгой байдлын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Иргэн Т.Е нь Газрын тухайн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг зөрчиж Гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэдлийн 12495 метр квадрат газраас 4000 метр квадрат газрыг хувьдаа өмчилж авсан байсан тул түүний одоогийн хашаа татаж эзэмшиж байгаа 4876 метр квадрат газрыг бүхэлд нь Онцгой байдлын газрын мэдэлд шилжүүлэн өгөхийг хүсэж урьд нь нэхэмжлэл гаргасан. Т.Ед газар эзэмшүүлсэн Ө сумын Засаг даргын 46 дугаар захирамж, аймгийн Засаг даргын 677 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгоод 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Захиргааны шүүхээс Т.Ед хууль бус газар эзэмшсэн болох нь тогтоогдсон боловч нэхэмжлэгч хуульд заасан үндэслэлээр шүүхэд хандаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан. Хариуцагч Т.Еы эзэмшсэн 4876 метр квадрат газрыг бүхэлд нь нэхэмжилснийг өөрчилж, түүний хууль бусаар эзэмшиж байгаа 876 метр квадрат газрыг Онцгой байдлын газрын мэдэлд шилжүүлж шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна. Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 124 дугаартай шинжээч томилох захирамжаар гаргасан шинжээч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Х.ӨмирЖы 01 тоот дүгнэлтээр давхар тогтоогдож байна. Иймд Т.Еы хууль бусаар эзэмшиж байгаа 876 метр газраас албадан чөлөөлж Онцгой байдлын газрын мэдэлд шилжүүлж шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Т.Е шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Онцгой байдлын газар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 876 м.кв газрыг хариуцагч Т.Е миний бие 2002 оноос эзэмшиж байгаа бөгөөд Монгол Улсын Иргэний тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 75.2.2-т Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна" гэснийг зөрчсөнөөс гадна мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэснийг тус тус зөрчиж нэхэмжлэл гаргасан учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

1. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Захиргааны Хэргийн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 84 тоот тогтоолын хянавал хэсгийн Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2002 оны захиргааны актыг 2004 оноос хойш мэдэх боломжтой байсан атлаа эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй, 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзлээ. Анхан шатны шүүхээс "...ердийн харьяаллын шүүхэд газрын асуудлаар нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоологдохоор байна гэсэн дүгнэлт хийсэн нь буруу болжээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ. Тийм учраас Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Захиргааны Хэргийн шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 84 дүгээр тогтоолоор Хөөн хэлэлцэх хугацааг хэтэрсэн гэж нотлох баримтаар үнэлсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Иргэний хэргийн шүүх дахин үнэлэхгүй гэж үзэж байна.

2. Маргаан бүхий 876 м.кв газрыг 2002 оноос эхлэн Т.Е миний бие эзэмшиж байгаа тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу 2 жил дараалан ашиглаагүй нөхцөлд газар эзэмших эрх хүчингүй болох учир нэхэмжлэгч Онцгой байдлын газар нь тухайн газрыг 15 жил ашиглаагүй учир эзэмших эрх нь дуусгавар болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч Онцгой байдлын газар нь 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 01 шинжээчийн дүгнэлтийг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн боловч энэхүү шинжээчийн дүгнэлтийг Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Захиргааны Хэргийн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 84 дүгээр тогтоолоор нотлох баримтаар үнэлсэн. Тухайн шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч Онцгой байдлын газар нь Б аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 37 шийдвэртэй захиргааны хэргээс хуулбарлан авсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа учир дахин нотлохгүй. Иймд шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаас хасаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Е шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2014 онд тийм газар эзэмшиж байсан гэсэн боловч 2018 онд гэрчилгээ авсан байна. Захиргааны шүүхээр явж байхдаа ийм гэрчилгээ гарч ирээгүй байсан одоо хаанаас гарч ирэв гэдэгт гайхаад байна. Хоёрдугаарт Б аймгийн Засаг даргын 392 дугаар захирамжаар Онцгой байдлын газарт 2007 онд 7350 метр квадрат газар эзэмшүүлсэн гэчхээд Захиргааны хэргийн шүүхэд очиход үг үсгийн болон кадастрын зураг дээр алдаа байна гээд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас тийм дүгнэлт гаргаж байсан. Нэгэнт надтай холбоотой миний албан тушаалтай холбоотой нэхэмжлэл гаргаж байгаа юм байна. Би 2004 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Миний тухайн үед өгсөн газрын гэрчилгээгээр энэ байгууллага бүхэл бүтэн 3 жил явсан. Газрыг зүгээр эзэмшдэггүй гэрээгээр эзэмшдэг. 3 жил гэрээгээр эзэмшчихээд 2007 онд 07 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн газарт авто засварыг оролцуулаад цаад талд нь хашаалсан талбайг оролцуулж өөрсдөө зөвшөөрч 7350 метр квадрат газрыг авсан байдаг. Тэгээд ямар ч нотлох баримтгүйгээр Т.Е манай газраас хууль бусаар газар эзэмшиж байна гэж нэхэмжилж байна. Тэгэхэд 2007 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр буюу 2 сарын дараа би өөрийн эзэмшлийн газраа тогтоож авсан. Надаас өмнө газраа тогтоож авсан байгууллагын газрын хажуугаас би өөрийн эзэмшлийн газрыг тогтоож авч байхад яаж би илүү газар эзэмших вэ. Тэгээд тэр нотлох баримт нь надад байгаа. Тухайн үед газрын даамал үйлдэж хяналт шалгалт хийж хийсэн кадастрын зураг надад байгаа. Үүнийг үгүйсгэх боломжгүй. Хэрэв би хууль зөрчсөн байвал надаас өмнө авсан кадастрын зургаа гаргаж ирээрэй. Би тэгвэл зөрчсөн байвал газрыг өгчихье. Тэрнээс биш энд нэг илүүл газар байна гэх үгээр хүний эрхэнд халдаж болохгүй. Нэгэнт маргаан үүсгэчхээд хэд хэдэн удаа газрыг өсгөөд багасгаад яваад байгаа нь хууль тогтоомжийн дагуу шийдэж болох байх. Хэрэв газрын маргаанаар шүүхэд хандсан бол шүүх шийдэх ёстой аль эсвэл газар олгосон этгээд бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэх ёстой. Би хэд хэдэн удаа захирамж гаргуулаад бусдад газар шилжүүлээд явж байгаа юм чинь эд нар өөрсдийн газраа хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд ч би 2013 онд н.Д гэдэг хүнд газар шилжүүлэхдээ газрын алба миний газрын кадастрыг хянаж үзээд Т.Еы газар мөн байна гэж үзэж шилжүүлсэн. Тухайн үед Онцгой газрын газар байсан бол яагаад өөр хүнд шилжүүлдэг юм. Үүнийг бас бодож үзэх хэрэгтэй. Тэгээд яагаад надтай ингэж холбоод нэхэмжлэл гаргаад байгааг би ерөөсөө ойлгохгүй байгаа. Цаана нь ямар хүсэл зориг явж байгааг ойлгохгүй байна. Юмыг нотлох баримттай шаардмаар юм. Би одоо ингээд 6 дахь жилдээ ширэгдээд явж байна. Тухайн газарт байгаа өмч хөрөнгөө барьцаалж чадахгүй явж байна. Ямар нэгэн зар зээлийн эргэлтэд оруулж чадахгүй байгаа. Тэгсэн мөртлөө нэг байгууллага хэд хэдэн удаа дураараа захирамж гаргуулаад газраа шилжүүлээд явж байдаг. Харин иргэн хүн хохироод явж байдаг. Тэгээд миний эрх зөрчигдөж байна гэж үзэж байна. Үүнийг шүүх анхаарах хэрэгтэй. Миний гаргаж өгсөн нотлох баримтад кадастрын зургийн дагуу л эзэмшиж байгаа. Хэрэв уг зургаар би Онцгой байдлын газрыг эзэмшиж байгаа бол би чөлөөлж өгье гэхдээ би хэний ч газрыг хууль зөрчиж эзэмшээгүй учраас би юу гэж нэхэмжлэлийг хүлээх вэ гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.А шүүхэд гаргасан хүсэлтэд: Нэхэмжлэгч тал болох аймгийн Онцгой байдлын хэлтсийн 1563 м.кв эзэмшил газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас хүү Ж.Д бид хоёрын хууль ёсны эзэмшил газар болох 416 м.кв талбайд холбогдох хэсгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Т.Е бид харилцан хүсэл зоригоо илэрхийлэн, тохиролцсоны үндсэн дээр түүний Б аймгийн Засаг даргын 348 тоот захирамжийн дагуу эзэмшсэн 0198993 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 4000 м.кв талбай эзэмшил газраасаа 416 м.кв талбай газрыг нь нотариатаар гэрчлүүлсэн хүчин төгөлдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авсан тул Б аймгийн Засаг даргын Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай дугаар 677 тоот захирамж гарч, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтэд хуульд заасны дагуу дурдсан гэрээ, хураамж төлсөн баримт бусад холбогдох материалуудыг бүрэн хавсарган бүрдүүлж өгсний үндсэн дээр хүү Ж.Дд 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 000476573 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон болно. Улмаар тэр газарт хашаа татаж, 2 давхар байшин барьсан ба 2014 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр 000201395 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ нь хүү Ж.Д бид хоёрын нэр дээр гарсан. Мөн Засаг даргын дугаар 677 тоот захирамжид Т.Еы 4000 м.кв талбайгаас 22416 м.кв нь хасагдсан тул үлдэж байгаа 3584 м.кв талбай газарт шинэ газар эзэмших гэрээ хийх, эрхийн гэрчилгээ олгож, өөрчлөлтийг улсын бүртгэлд тусган бүртгүүлэх, хувийн хэрэг нээхийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт үүрэг болгосон байсан. Үүнээс үзэхэд манай эзэмшсэн газар болох 416 м.кв талбай нь Т.Еы 4000 м.кв талбай газраас хасагдсан болох нь тодорхой харагдаж байна. Хариуцагчид эзэмшүүлсэн 4000 м.кв талбай газрын Засаг даргын захирамжид холбогдуулан түүнийг хүчингүй болгуулах тухай Захиргааны хэргийн шүүхэд гомдол гараагүй нь тус захирамж хууль зүйн үндэслэлтэй, эзэмшүүлсэн газар нь хууль ёсны эзэмшил хэвээр байх тул байршлын хувьд Т.Еы эзэмшлийн координатын 3 цэгээс дотогш буюу 4000 м.кв талбай бүхий газарт багтах манай эзэмшлийн 416 м.кв талбай газар ч мөн л хууль ёсны эзэмшил гэсэн дүгнэлт гарах юм. Манай эзэмшлийн 416 м.кв талбай газар нь хариуцагчийн эзэмшиж буй 4000 м.кв талбайн дотогш байршилтай гэдэг нь Ж.Ды /000/ эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зургаас хараг. Иймд манай эзэмшлийн 416 м.кв талбай газар нь аймгийн Онцгой байдлын хэлтсийн буюу нэхэмжлэгч талын газар нутагт огт хамаарагдахгүй болно.

2. Аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаар 677 тоот захирамжийн хуулийн үндэслэлийн тухайд: Хуулийн зохицуулалтаас үзвэл Газар эзэмших хууль ёсны эрхтэй этгээд болох газар эзэмших эрх шилжүүлэгч Т.Е, газар эзэмших эрх хүлээн авагч хүү Ж.Д нарын хэн алиных нь газар эзэмших эрх шилжүүлэхийг зөвшөөрсөн хүсэлт, нотариатаар гэрчлүүлсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, хураамж төлсөн баримт зэрэг хүсэлтэд хавсаргавал зохих бүх баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүрдүүлэн өгсөн тул үүний дагуу аймгийн Засаг дарга хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаар 677 тоот захирамжаар Т.Еаас Ж.Дд газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

3. Нэхэмжлэгч болох Онцгой байдлын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд; Тус хэргийн маргааны зүйл болж буй хариуцагч нь хууль ёсоор эзэмшүүлсэн 4000 м.кв талбай газраас гадна нэхэмжлэгч талын буюу Онцгой байдлын хэлтсийн хууль ёсны эзэмшлийн гэх 1563 м.кв газрыг үндэслэлгүйгээр илүү эзэмшиж байгаа эсэхийг тогтоох нь хэргийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарахад ач холбогдолтой юм. Харин манай эзэмшлийн 416 м.кв талбай газрыг хариуцагчийн хууль ёсны эзэмшлийн 4000 м.кв газраас эзэмшүүлсэн тул уг маргааны зүйлд хамааралгүй болж байна. Хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар манай хууль ёсны эзэмшлийн 416 м.кв талбай газар нь нэхэмжлэгчийн чөлөөлүүлэхийг шаардаж буй 1563 м.кв газрын байршилд хамааралгүй болох нь, мөн хариуцагч Т.Еы эзэмшлийн 4000 м.кв талбай газар болон түүнээс шилжүүлэн авсан манай эзэмшлийн 416 м.кв талбай газар нь хууль ёсны болох нь хангалттай хэмжээнд бүрэн нотлогдож байгаа гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Онцгой байдлын хэлтсийн албадан чөлөөлүүлэхийг хүссэн 1563 м.кв талбай газрын нэхэмжлэлийн шаардлагаас манай эзэмшлийн буюу хүү Ж.Ды нэр дээр бүртгэгдсэн 416 м.кв талбай газарт холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Онцгой байдлын газрын нэхэмжлэлийг миний бие яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна вэ гэхээр би 2013 онд Т.Еаас хууль эрхийн актын дагуу 677 дугаар захирамжаар газрыг гэрчилгээ авсан гэж ойлгож байгаа. Т.Еы 3 дугаар координатын цэгийн дотогш газрын дагуу 416 метр квадрат газрыг эзэмшиж байгаа. Сүүлд ертөнцийн зүгээс хойд тал руугаа сунгасан байгаа. Онцгой байдлын газар ч гэсэн сунгасан би ч гэсэн адилхан сунгасан. Тэр нь сүүлийн хэмжилтээр 600 хэдэн метр квадрат болж байгаа. Онцгой байдлын газар Т.Еы 3 дугаар цэгээс дотогш олгогдсон н.Д, Ж.А нарт холбогдох газарт ямар нэгэн гомдол байхгүй зөвшөөрөөд байгаа. Нэгэнт миний газар дээр ямар нэгэн маргаан байхгүй байхад гуравдагч этгээдээр би заавал ингэж яваад байх шаардлага байгаа юм уу. Хэрэв Онцгой байдлын газар миний газрыг хууль бусаар авсан гэж буруутгахгүй бол энэ хэргээс намайг чөлөөлж өгөхийг хүсэж байна. Миний бие энэ хүсэлтээ урьд өмнө ч гэсэн гаргаж байсан. Тэр хүсэлтээ дахиж гаргаж байна. Миний эзэмшилд байгаа 416 метр квадрат газар Онцгой байдлын газар биш Т.Еы газар гэдгийг нотолж захирамж гаргуулсан байгаа. Үүнийг Онцгой байдлын газар ч гэсэн хүлээн зөвшөөрсөн байгаа. Хэрэв Т.Еаас заавал 800 метр квадрат газар авах хүсэлттэй байвал миний газар энэ газарт орохгүй байх тул энэхүү хэрэгт намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтээ дахин гаргаж байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б аймгийн Онцгой байдлын газар нь хариуцагч Т.Ед холбогдуулан хууль бусаар эзэмшиж байгаа 876 м.кв газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Т.Е нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримтыг хэмжээнд дүгнэж хийж, нэхэмжлэлийг хянан шийдвэрлэнэ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Б аймгийн Гал түймэртэй тэмцэх алба /одоогийн Онцгой байдлын газар/-д 1999 оны 03 дугаар сарын 19-ний өдөр №00000 дугаартай Газар эзэмших гэрчилгээгээр Б аймгийн Ө сумын нутаг дэвсгэрт 12495 м.кв талбайтай газрыг 30 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж байсан байна.

Улмаар Б аймгийн Ө сумын Засаг даргын 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 46 дугаартай захирамжийн 1 дэх заалтаар аймгийн Гал түймэртэй тэмцэх хэлтэс (одоогийн Онцгой байдлын газар)-ийн 12495 м.кв талбайтай газрын 4000 м.кв талбайтай газрыг хасаж үлдсэн 8495 м.кв талбайтай газрыг эзэмшүүлэн, 2 дахь заалтаар Гал түймэртэй тэмцэх хэлтсийн эзэмшлийн газраас хасагдсан 4000 м.кв талбайтай газрыг Ж  хоршооны эзэмшилд олгосон байна.

-2007 оны 07 дугаар сарын 02-ны өдөр олгосон №0065604 дугаартай Газар эзэмших гэрчилгээгээр нэхэмжлэгч Б аймгийн Онцгой байдлын газар нь Б аймгийн Ө сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 031304071 дугаар бүхий 7350 м.кв газрыг 50 жилийн хугацаатай төрийн байгууллагын зориулалтаар эзэмшүүлсэн байна.

-Б аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/575 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжийн 1 дүгээр заалтаар Ө сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт Ө сумын Засаг даргын 2002 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 46 тоот захирамжийн дагуу эзэмшиж байгаа газрыг кадастрын зургийн дагуу 7694.2 м-аар тогтоож улсын бүртгэлийн 270001025 дугаартай, 9005889 регистртэй аймгийн Онцгой байдлын газарт төрийн байгууллагын зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Энэхүү захирамжийн 2 дахь заалтаар энэ захирамж гарсантай холбогдуулан 031304071 нэгж талбар бүхий 0065604 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсон байна.

-Б аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/718 дугаартай Эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт оруулан газар эзэмшүүлэх тухай захирамжаар Ө сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай улсын бүртгэлийн 270001025, регистрийн 9005889 дугаартай аймгийн Онцгой байдлын газрын эзэмшил газрын хэмжээг 6454 м-аар тогтоож төрийн байгууллагын зориулалтаар 58 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

-Захирамжийн 3 дахь заалтаар энэ захирамж гарсантай холбогдуулан аймгийн Онцгой байдлын газарт газар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/575 дугаар захирамж болон 000433955 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон байна.

2018 оны 12 дугаар сарын 31-ны өдөр олгосон №000000047 дугаартай Газар эзэмших гэрчилгээгээр нэхэмжлэгч Б аймгийн Онцгой байдлын газар /9005889/-т аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн А/718 тоот шийдвэрийг үндэслэн, Б аймгийн Ө сумын 13 дугаар баг, Эрүүл мэнд-1, 101 тоот байрлах, нэгж талбарын 8312017014 дугаар бүхий 6454 /0.6454/ м.кв газрыг 57 жилийн хугацаатай төрийн байгууллагын зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Ж  хоршооны эзэн М.Т нь 2008 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх гэрээ болон 2008 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ-гээр Ж  хоршооны эзэмшлийн 4000 м.кв газрыг Т.Ед шилжүүлсэн байх ба улмаар аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 тоот захирамжаар газар эзэмших эрхийг сэргээж Ж  ХХК-нд 4000 м.кв газрыг эзэмшүүлсэн байна.

Б аймгийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 348 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамжийн 1 дэх заалтаар ... Ж  ХХК-ний Ө сумын 5 дугаар багт орших 4000 м.кв газрын газар эзэмших эрхийг Ө сумын 2 дугаар багийн иргэн, РД:0000 Т овогт Тий Ед зориулалтаар нь шилжүүлэн, 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр олгосон №000 дугаартай Монгол Улсын Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр хариуцагч Т.Е нь Б аймгийн Ө сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 348 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 000 дугаар бүхий 4000 м.кв газрыг 29 жилийн хугацаатай үйлдвэр, Ө сумын 5-р баг, Онцгой байдлын хэлтсийн баруун залгаад худалдаа үйлчилгээ, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Б аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 677 тоот шийдвэрийг үндэслэн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр олгосон №000 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Т.Е нь Б аймгийн Ө сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 677 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 000 дугаар бүхий 3584 м.кв газрыг 24 жилийн хугацаатай, Ө сумын 13-р баг, Онцгой байдлын хэлтсийн баруун залгаад худалдаа үйлчилгээ, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Б аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 677 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамжийн 1 дэх заалтаар Ө сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт Онцгой байдлын хэлтсийн баруун талд залгаа байршилтай /хуучин 5-р баг/ иргэн Т.Еы 000 дугаартай 4000 м.кв талбайтай эзэмшлийн газраас 416 м.кв газрыг Ө сумын 3 дугаар багт оршин суух иргэн рд:000 Е овогт Жын Дд 24 жилийн хугацаагаар худалдаа үйлчилгээтэй амины орон сууцны зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлж, 2 дахь заалтаар аймгийн Засаг даргын Т.Ед газар эзэмшүүлсэн 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 348 тоот захирамжийн холбогдох хэсэг болон 0198993 тоот газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгон, 3 дахь заалтаар иргэн Ж.Д болон 3584 м.кв газартай иргэн Т.Е нарт шинээр газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгож, өөрчлөлтийг улсын бүртгэлд тусган бүртгэхийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгасан байна.

2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгосон №000476573 дугаартай Монгол Улсын Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Ж.Д нь Б аймгийн Ө сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 677 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 0000 дугаар бүхий 416 м.кв газрыг 24 жилийн хугацаатай, Ө сумын 13-р баг, Онцгой байдлын хэлтсийн баруун залгаад худалдаа үйлчилгээтэй амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Эдгээр нотлох баримтаар нэхэмжлэгч Б аймгийн Онцгой байдлын газар нь 1999 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу 12495 м.кв газрыг эзэмших эрхтэй байсан бөгөөд Б аймгийн Ө сумын Засаг даргын 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 46 дугаар захирамжаар уг газраас 4000 м.кв газрыг хасаж Ж  хоршоонд шилжүүлж, нэхэмжлэгч Б аймгийн Онцгой байдлын газрын эзэмших газрын хэмжээ 8495 м.кв болгон багасгасан байна.

Улмаар нэхэмжлэгч Б аймгийн Онцгой байдлын газрын эзэмших газрын хэмжээ 2007 оны 07 дугаар сарын 02-ны өдөр олгосон №0065604 дугаартай Монгол Улсын Газар эзэмших гэрчилгээгээр нэхэмжлэгч Б аймгийн Онцгой байдлын газар нь Б аймгийн Ө сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 031304071 дугаар бүхий 7350 м.кв газар, Б аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/718 дугаартай Эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт оруулан газар эзэмшүүлэх тухай захирамжаар Ө сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай улсын бүртгэлийн 270001025, регистрийн 9005889 дугаартай аймгийн Онцгой байдлын газрын эзэмшил газрын хэмжээг 6454 м-аар тогтоож төрийн байгууллагын зориулалтаар 58 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б аймгийн Онцгой байдлын газар нь Б аймгийн Ө сумын нутаг дэвсгэрээс 6454 м.кв газрыг, хариуцагч Т.Е нь 3584 м.кв газрыг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Ж.А нь 416 м.кв газар эзэмших ёстой байна.

2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2019/а1 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

- А. Ө сумын Засаг даргын 1999 оны 00000 дугаартай эзэмших гэрчилгээгээр Гал түймэртэй тэмцэх албад 12495 м.кв газрыг эзэмшүүлсэн боловч тухайн үед хэмжилт боловсруулалт хийгдээгүй, нэгж талбарын эргэлтийг цэг тавигдаагүй тодорхой бус, газрын мэдээллийн санд ороогүй, одоогийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын архивт гэрчилгээний загвар байгаа боловч газрын хэмжилт, кадастрын зураг байхгүй учраас 12495 м.кв газрын байршил, хил заагийг тогтоох боломжгүй байна.

- Б. Нэхэмжлэгч Онцгой байдлын газрын 12495 м.кв газрын байршил хил зааг тодорхой бус байна. 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 46 дугаартай захирамжаар Ж  хоршоонд олгосон 4000м.кв газрын эргэлтийн цэг тавигдаагүй тодорхой бус, үүний дараа 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 тоот захирамжаар Онцгой байдлын газарт 7350 м.кв газрыг олгосон боловч газрын кадастрын зураг байхгүй, мөн уг захирамжаар Ж  хоршоонд 4000 м.кв газрыг олгож газрын кадастрын зургийг Газрын асуудал хариуцсан А.Ермек үйлдэж 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хянагдсан байна.

Б аймгийн Онцгой байдлын газар, Т.Е, Ж.Д, Онцгой байдлын газраас шилжүүлэн авсан Цамба-2 орон сууцны одоогийн байгаа хашаалсан талбай, объектууд хэмжилтээр Онцгой байдлын газрын хашаа 6413 м.кв, Цамба 2 орон сууцны хашаа 1502 м.кв /6413+1502=7915 м.кв/, Т.Еы хашаа 5174 м.кв, Ж.Ды хашаа 639 м.кв, нийт 13728 м.кв байна.

- В. Аймгийн Засаг даргын 2013 оны А/677 дугаар захирамжаар иргэн Т.Ед эзэмшүүлсэн 3584 м.кв газраас баруун талаараа шугам сүлжээ бүхий газар 770 м.кв-аар илүү, зүүн талаараа 880 м.кв-аар кадастрын зурагт зааснаар илүү, урьд талаараа 60 м.кв-аар кадастрын зурагт зааснаас дутуу байрласан байна.

- Г. Т.Еы эзэмшиж байсан 4000 м.кв газраас 416 м.кв газрын Аймгийн засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/677 дугаар захирамжаар Ж.Дд шилжүүлэн эзэмшүүлж 000476573 тоот гэрчилгээ, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн кадастрын зургийг үйлдсэн байна. Ж.Ды одоогийн хашаалсан талбайн хэмжээ нь 639 м.кв байна. Эзэмшлийн 416 м.кв газарт нэмж 223 м.кв газарт хойшоо буюу засмал зам руу хашаагаа сунгасан байна. Ж.Ды 416 м.кв талбай нь Онцгой байдлын эзэмшлийн талбайтай давхцаагүй ба Т.Еы эзэмшлийн 4000 м.кв талбайтай бүрэн давхцаж байна.

Д. Т.Еы одоогийн хашаалсан талбай бүхий газраас дайран өнгөрсөн Цахилгааны шугам бүхий газрын хэмжээг Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2.2-т заасны дагуу 10 кв хүртэлх шугам Хүн оршин суудаг газраар өнгөрөх нөхцөлд шугамын захын утаснаас хоёр тийш 2 метрээр хамгаалалтын бүс тогтооно гэж зааснаар тогтооход 406 м.кв байна.

- З. Аймгийн Засаг даргын 2017 оны А/718 захирамжаар Онцгой байдлын газарт 6454 м.кв газрыг эзэмшүүлсэн ба уг газар нь Т.Е, Ж.Д нарын хашаалсан талбайтай одоогийн байдлаар давхцаагүй байна.

Урьд нь Онцгой байдлын эзэмшил газраас 1449 м.кв газрыг Цамбагарав констракшн ХХК-ийн Цамба -2 орон сууцад шилжүүлэн эзэмшүүлсэн ба тухайн газарт 8 давхар орон сууц баригдсан байна. Дээрх захирамжаар Онцгой байдлын газарт инженерийн шугам сүлжээ бүхий газартай давхцуулан 1246 м.кв газрыг шинээр нэмж эзэмшүүлсэн ба тухайн газарт хашаа татагдаж харуулын байр, палкаар 1 давхар байшин баригдсан байна гэжээ.

Шинжээч нарын дээрх дүгнэлт болон маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас хариуцагч Т.Е нь гэрчилгээгээр эзэмшүүлсэн газраас зүүн талаараа 880 м.кв газрыг илүү эзэмшиж байгаа нь тогтоогдож байгаа боловч тухайн илүү байгаа газар нь нэхэмжлэгч Б аймгийн Онцгой байдлын газрын эзэмшлийн газар болох нь тогтоогдохгүй байна.

Б аймгийн Онцгой байдлын газрын эзэмших ёстой 7350 м.кв газрын байршил тодорхойгүй, одоогийн байдлаар Б аймгийн Онцгой байдлын газрын хашаалсан талбай 6413 м.кв байх ба Б аймгийн Онцгой байдлын эзэмшил газраас 1449 м.кв газрыг Цамба гарав констракшн ХХК-ийн Цамба-2 орон сууцад шилжүүлэн эзэмшүүлсэн бөгөөд тухайн газарт 8 давхар орон сууц баригдаж хашаалсан талбайн хэмжээ 1502 м.кв газрыг нэмэхэд нийт 7915 м.кв газар эзэмшиж байна.

Шинжээчийн дүгнэлтэд аймгийн Засаг даргын 2017 оны А/78 дугаар захирамжаар Б аймгийн Онцгой байдлын газарт 6454 м.кв газрыг эзэмшүүлсэн ба уг газар нь Т.Е, Ж.Д нарын хашаалсан талбайтай одоогийн байдлаар давхцаагүй байна гэж дурдсанаас үзэхэд Т.Еы илүү эзэмшиж байгаа 880 м.кв газар нь Б аймгийн Онцгой байдлын газрын эзэмшил газар гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хавтаст хэрэгт гаргаж өгсөн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр олгосон №000000024 дугаартай Газар эзэмших гэрчилгээгээр нэхэмжлэгч Б аймгийн Онцгой байдлын газар /9005889/-д сумын Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 117 тоот шийдвэрийг үндэслэн, Б аймгийн Ө сумын 6 дугаар баг, Жаргал-3, 304 тоот байрлах, нэгж талбарын 8312018653 дугаар бүхий 15511.0 /1.5511/ м.кв газрыг 30 жилийн хугацаатай төрийн захиргааны байгууллагын зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Энэхүү маргаан бүхий газар нь А бүсэд хамаарагдаж байгаагийн хувьд хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий газар бөгөөд, уг газрыг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д зааснаар бусдад эзэмшүүлэх шийдвэрийг аймгийн Засаг дарга гаргахаар хуульчилсан байна.

Гэтэл уг газрыг Ө сумын Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн захирамжаар олгосон шийдвэр нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн, хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж шийдвэр гаргасан байх тул хууль бус байна.

Дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нэхэмжлэгч Б аймгийн Онцгой байдлын газар нь нийт 21,965 м.кв газар эзэмшдэг /6454+15511/ нь хуулийн дагуу эзэмшдэг газрын хэмжээнээс илүү байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил, 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна, 90 дүгээр зүйлийн 90.2-т шударга эзэмшигч өөрийн эзэмшлээс алдсан эд хөрөнгөө гурван жилийн дотор шинэ эзэмшигчээс буцаан шаардах эрхтэй гэж тус тус заасан байна.

Энэ нэхэмжлэлийн шаардлага нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрээний үүрэгтэй холбоогүй бөгөөд нэхэмжлэгч Б аймгийн Онцгой байдлын газрын эзэмшил газрын хэмжээтэй холбоотой маргаан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жилийн дотор шаардлага гаргах хугацаа хамаарна.

Хавтаст хэрэгт авагдсан хэргийн оролцогчдын тайлбар болон нотлох баримтуудаас үзэхэд маргаан бүхий газрын бодитой эзэмшиж байгаа газар нь эрх бүхий этгээдийн шийдвэр дэх газрын хэмжээнээс зөрүүтэй байх тул мэргэжлийн шинжээчийн тусламжтайгаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн эзэмшил газрын хэмжээ байршлыг тогтоолгохоор шүүхээс шинжээч томилсон байна.

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШЗ2019/00305 дугаартай шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээчид Байгаль орчин, газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Ждаурен, Газрын төлбөр татвар үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Баатар, Э ХХК-ийн кадастрын инженер З.Б нар нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2019/а1 дүгнэлтийг гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1-т заасны дагуу Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШЗ2019/00305 дугаартай шүүгчийн захирамжид заасан ажил үүргийг гүйцэтгэсэн ажлын хөлс 360000 төгрөг гарсан болох нь шинжээч нарын шүүхэд гаргасан 2019 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн нэхэмжлэх баримт болон хүсэлтээр тогтоогдож байх тул шинжээчдийн ажлын хөлс, геодезийн хэмжилтийн хөлс нийт 360000 төгрөгийг нэхэмжлэгч Б аймгийн Онцгой байдлын газраас гаргуулан шинжээч нарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар, Т овогт Тий Еы хууль бус эзэмшлээс 876 м.кв газрыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Б аймгийн Онцгой байдлын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Т овогт Тий Еы хууль бус эзэмшлээс 876 м.кв газрыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Б аймгийн Онцгой байдлын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1-т заасны дагуу шинжээчдийн ажлын хөлс, геодезийн хэмжилтийн хөлс нийт 360000 /гурван зуун жаран мянган/ төгрөгийг нэхэмжлэгч Б аймгийн Онцгой байдлын газраас гаргуулан шинжээч нарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН