Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/01268

 

 

“Т ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                   

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02971 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 96 дугаар магадлалтай,

“Т ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Ш ” СӨХ-д холбогдох

Ус, дулааны төлбөрт 24,533,545 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг       

Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхжин, хариуцагчийн төлөөлөгч Р.Түмэнжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т ” ХХК нь хариуцагч “Ш ” СӨХ-д холбогдуулан ус, дулааны төлбөрт 24,533,545 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02971 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан “Ш ” сууц өмчлөгчдийн холбооноос 24,533,545 төгрөгийг гаргуулан “Т ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317,302 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ш ” сууц өмчлөгчдийн холбооноос 280,618 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т ” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.   

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 96 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02971 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч “Ш ” СӨХ-өөс 14,861,700 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Т ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 9,671,845 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “... 280,618” гэснийг “232,258” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.08-ны өдрийн 102/ШШ2020/02971 дугаар шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2021.01.08-ны өдрийн 96 дугаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хариуцагчийг 2014.05.01-ний өдрөөс 2020.03.31-ний өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч байгууллагаас авч хэрэглэсэн ус, дулааны төлбөрийн үлдэгдэл 24,533,545 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг залруулан өөрчилсөн боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 14,861,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт нь ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасанд нийцээгүй байна.

4.1. Анхан шатны шүүх хариуцагчийг 2014.05.01-ний өдрөөс 2020.03.31-ний өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч байгууллагаас авч хэрэглэсэн ус, дулааны төлбөрийн үлдэгдэл 24,533,545 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн. Гэтэл нэхэмжлэгч анхан шатны шүүхэд “манай байгууллага 2013-2016 оны хоорондох төлбөрийг нэхэмжлээгүй” гэсэн тайлбар өгсөн мөн хяналтын журмаар гаргасан гомдолдоо хариуцагч 2013-2017 оны 02-р сар хүртэл төлбөрөө төлж байсан” гэсэн тайлбараас анхан шатны шүүхийн 2014 оноос хойш төлбөр төлөөгүй гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй болох нь харагдана. Гэвч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн 3, 4 жилийн зөрүүтэй дээрх дүгнэлтэд залруулга хийгээгүй. Мөн хариуцагч СӨХ нь ус, дулааны төлбөрийг сууц өмчлөгчдөөс авдаг эсэхийг тогтоогоогүй. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө" гэж заажээ. Өөрөөр хэлбэл, ус, дулааны төлбөрийг ус, дулааны үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий байгууллага буюу нэхэмжлэгч “Т ” ХХК-д төлөхөөр заасан. Хавтаст хэргийн 97, 98, 119 дэх талд авагдсан “Ш ” СӨХ-ны хариуцдаг Голден хотхоны 301-р байрны 44 тоотын оршин суугчдын төлбөр төлсөн баримтаас дундын өмчлөлийн эд хөрөнгө орцны дулааны төлбөр 1,300 төгрөг, дулааны үйлчилгээний хураамжид 5,500 төгрөгийг “Т ” ХХК өөрөө авдаг болох нь тодорхой харагдана. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь "хариуцагч нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т заасан эд хөрөнгөд хамаарах ус, дулааны төлбөрийг хангагч байгууллага болох “Т ” ХХК-д бүрэн төлөөгүй болох нь хариуцагч байгууллагын 2016.09.28-ны өдрийн хүсэлт, нэхэмжлэгч байгууллагын 2019.07.02-ны өдрийн нэхэмжлэл, 2016-2018 онд УБДС ХК-д төлсөн мөнгөн дүн, төлбөрийн даалгаврууд, Төрийн банкны орлогын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна” гэжээ. Гэтэл Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т заасны дагуу ус, дулааны төлбөрийг СӨХ төлөх үүрэг хүлээгээгүй. Мөн 2019.08.02-ны өдрийн Эрчим хүчний зохицуулах хорооноос “Ш ” СӨХ-д ирүүлсэн албан бичигт “Цаашид СӨХ нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 292 дугаар тогтоолоор баталж, Захиргааны хэм, хэмжээний улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн "Аж ахуйн харилцааны дүрмийн 5.3.7, 5.3.14-т заасны дагуу авто зогсоолын зориулалттай подвалын болон орцны халаалтын төлбөртэй холбоотой асуудлыг хариуцахгүй байж болно” гэж мэдэгдсэн байна.

4.2. Анхан шатны шүүх дундын эд хөрөнгийн ус, дулааны төлбөрийг СӨХ хариуцах үүргийг хамтран ажиллах гэрээ байгуулсан өдөр буюу 2013.05.01-ний өдөр үүссэн гэж үзжээ. Гэтэл тус гэрээнд дундын өмчлөлийн эд хөрөнгийн ус, дулаан, бохирын мөнгийг СӨХ төлөх нэг ч заалт байхгүй. Тус гэрээний 1.2 дугаар зүйлд “Дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний засвар үйлчилгээ, дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт хамгаалалт хэвийн үйл ажиллагааг хангахад байнгын хяналт тавих, хамтран ажиллаж үйл ажиллагаанд үүсэх аж ахуйн харилцааг зохицуулахад энэхүү гэрээний зорилт оршино” гэжээ. Тодруулбал, энэхүү гэрээгээр “Ш ” СӨХ нь нэхэмжлэгч ОСНАА эрхлэгч “Т ” ХХК-д орон сууцны дундын эд хөрөнгийн ус, дулааны төлбөрийг оршин суугчдаас авч нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээгээгүй. Ус, дулаан, бохир усны төлбөрийг нэхэмжлэх эрх хуульд заасны дагуу ОСНАА-ийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий нэхэмжлэгч “Т ” ХХК хэрэгжүүлдэг. Хариуцагч нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээнд асуудал гарсан тохиолдолд засвар үйлчилгээг нэхэмжлэгч байгууллага тухай бүрд төлбөрөө авч гүйцэтгэдэг. Энэхүү үйлчилгээ нь ус, дулааны төлбөртэй хамааралгүй засварын үйлчилгээ юм. Дээр дурдсанчлан анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8 дах хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.08-ны өдрийн 102/ШШ2020/02971 дугаар шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2021.01.08-ны өдрийн 96 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.08-ны өдрийн 96 дугаар магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

5.1. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “Худалдах, худалдан авах гэрээ”-ний харилцаа үүсэж, гэрээний хугацаа сунгагдаагүй хэдий ч “Ш ” СӨХ нь 2014 оноос хойш үйлчилгээг тасралтгүй авсаар байгаа тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй талаар зөв зүйтэй дүгнэсэн боловч Эрчим хүчний зохицуулах хорооны 2019.12.23-ны өдрийн 5/1796 дугаар албан тоотыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 9,671,845 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь “Т ” ХХК нь Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Голденпарк-2 хотхоны 301, 303-р байруудад 2013 оноос хойш үйлчилгээ үзүүлж байгаа ба тус СӨХ нь ч 2013 оноос 2017 оны 02 дугаар сар хүртэл төлбөрөө төлж байсан. Ингээд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэнтэй холбогдуулан тус СӨХ нь төлбөр төлөхөөс зайлсхийж Эрчим хүчний зохицуулах хороонд гомдол гаргасан ба гомдлын дагуу тус хорооны мэргэжилтэн Э шалгалт хийсэн боловч Голденпарк-2 хотхоны 301, 303-р байруудад орж үзэлгүй огт өөр байрууд руу орсон тухайгаа гэрчээр оролцох үедээ мэдэгдсэн. Ийнхүү бодит байдлыг нягтлан шалгалгүй, талуудаас шаардлагатай нэмэлт нотлох баримтыг гаргуулан авахгүйгээр хэт нэг талыг барьсан дүгнэлт гаргасан тул нэхэмжлэгч нь Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейханд хандаж гомдол гаргасан боловч гомдлыг дээд шатны албан тушаалтан болох дарга нь бус өмнө шалгалт хийсэн Э мэргэжилтэн шалгаж байсан ба гомдлын хариуг тодруулахад “Гомдол гаргаад байвал аудитын шалгалт оруулна, тусгай зөвшөөрөлтэй чинь ярина" гэхчлэн бухимдалтай байгаагаа илэрхийлсэн учир “Т ” ХХК-ийн хувьд тусгай зөвшөөрөл олгогч байгууллагатайгаа маргаан үүсгэхгүй байх үүднээс дараагийн шатны байгууллагад хандаж чадаагүй. Гэсэн хэдий ч нэхэмжлэгчийн зүгээс Эрчим хүчний зохицуулах хорооны 2019.12.23-ны өдрийн 5/1796 дугаар албан тоотоор тогтоосон үйл баримт нь бодит байдалд нийцэхгүй болохыг нотлох зорилгоор хариуцагч СӨХ-ны хариуцдаг Голденпарк-2 хотхоны 301-р байр нь 1-7 давхар хүртэл давхар бүрт, 303-р байр нь 1-10 давхар хүртэл давхар бүрт халаах хэрэгсэлтэй болохыг дуу дүрсний бичлэгээр баталгаажуулан уг бичлэгт үзлэг хийлгэснээс гадна халаах хэрэгсэлтэй давхруудын тоог талууд харилцан хүлээн зөвшөөрсөн болохыг нотлох актыг хуулийн шаардлага хангасан байдлаар гаргаж өгсөн.

5.2. Дээрхээс гадна Эрчим хүчний зохицуулах хороо нь 2016.01.01-ний өдрөөс 2019.09.30-ны өдрийг дуусталх хугацааны төлбөрийн тооцоог харьцуулан үзэж, зөрүүг гаргасан гэх боловч дараах байдлаар алдаатай дүгнэлт хийсэн байдаг тул үүнтэй холбоотой тайлбарыг анхан шатны шүүхэд гаргасан болно. Халаалтын төлбөрийг 50 хувиар тооцох саруудад төлбөр тооцоогүй буюу 2016 оны 5 дугаар сар болон 9 дүгээр сар, 2018 оны 9 дүгээр сар болон 10 дугаар сар, 2019 оны 9 дүгээр сард төлбөр огт тооцоогүй алдаа гаргасан. Тус СӨХ нь зогсоол эзэмшигч иргэдээсээ зогсоолын төлбөрт сар бүр 20,000 төгрөг авдаг нь Төрийн банкнаас ирүүлсэн харилцах дансны хуулгаар нотлогддог бөгөөд хариуцагч нь уг төлбөрт дулааны төлбөр багтсан болохыг хүлээн зөвшөөрдөг атал Эрчим хүчний зохицуулах хороо нь СӨХ-ноос төлбөр нэхэмжилсэн нь буруу гэж төлбөрөө нэгэнт төлсөн иргэдээс давхардуулан төлбөр нэхэмжилж иргэдийг хохироох ёстой мэтээр дүгнэлт гаргасан. Эрчим хүчний зохицуулах хорооны 2019.08.02-ны өдрийн 4/1112 дугаар албан тоотод “... өмчлөгдсөн зогсоолоос бусад хэсгийн талбайн халаалтын төлбөрийг сууц өмчлөгчдийн холбоо хариуцдаг байсан” гэж тайлбарласан байдаг ба тус хорооны тооцоолол хийсэн хугацаанд буюу 2016.01.01-ний өдрийн байдлаар подвалын талбайн зогсоол бүгд өмчлөгчтэй болсон байсан эсэх нь баримтаар тогтоогдоогүй байхад шууд 600 м.кв талбайг зогсоолын зориулалтаар иргэд өмчилсөн байсан мэтээр тооцоолол хийсэн.

5.3. Нэхэмжлэгч талаас дээрх үндэслэл бүхий тайлбарыг анхан шатны шүүхэд гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасанд нийцүүлэн нотлох баримтуудыг харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлснийг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02971 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч “Т ” ХХК-аас хариуцагч “Ш ” СӨХ-нд холбогдуулан 2013.10.15-ны өдрөөс 2019.10.31-ний өдрийг дуустал хугацааны дундын эзэмшлийн хэрэгцээний халуун, цэвэр, бохир ус, халаалт зэрэг үйлчилгээний төлбөрт 24,533,545 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 14,861,700 төгрөг гаргуулж, үлдэх 9,671,845 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өөрчилсөн байна.

8. Нэхэмжлэгчээс “хамтран ажиллах гэрээний үүргийг хангуулж, 24,533,545 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү” гэснийг хариуцагч эс зөвшөөрч “2014, 2015 оны төлбөрт 5,000,000 төгрөгийг төлөх боломжтой, гэрээний хугацаа дууссан, тооцоо нийлээгүй, баримт хуурамч байх тул бусад хэсгийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “... Талуудын хооронд 2013.05.01-ний өдөр хамтран ажиллах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан, уг гэрээгээр “Т ” ХХК нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Голден Парк-2 хотхоны 301, 303 дугаар байруудад халуун, хүйтэн ус, дулааныг тасралтгүй түгээж, ариутгах татуургын шугам сүлжээ, худаг камераар дамжуулан бохир усыг татан зайлуулах, үүнтэй холбоотой бусад үүргийг хүлээх, “Ш ” СӨХ нь дундын өмчлөлийн шугам сүлжээ, тоноглолд засвар үйлчилгээ хийлгэх ба мэргэжлийн байгууллагаас тавигдсан төлбөрийг нэхэмжлэхийн дагуу гэрээнд заасан хугацаанд барагдуулах болон үүнтэй холбоотой бусад эрх, үүргийг хэрэгжүүлэхээр тохирсон байна. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний хугацаа нь 2014.05.01-ний өдөр дууссан, уг хугацаа сунгагдаагүй боловч нэхэмжлэгч нь халуун, хүйтэн ус болон дулаанаар хангах үйлчилгээг үзүүлсээр байгаа, харин хариуцагч 2013 оны 11 сараас эхлэн төлбөрийг сар бүр тогтмол хугацаанд төлөх үүргээ зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон. Иймд хариуцагчаас 2013.11 сараас 2014.05.01-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөрийн үлдэгдлийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр, 2014.05.01-ний өдрөөс 2020.03.31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөрийн үлдэгдлийг уг хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр 24,533,545 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй...” гэж дүгнэсэн.

10. Давж заалдах шатны шүүх дээрх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “... Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу байна. Хариуцагч татгалзал болон давж заалдах гомдолдоо нэхэмжлэгчийг ус, дулааны төлбөр тооцох талбайн хэмжээг батлагдсан зургаас зөрүүтэй тооцсон гэж маргасан. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д зааснаар Эрчим хүчний зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага бөгөөд тус байгууллага нь хэрэглэгчийн гомдлыг үндэслэн дүгнэлт гаргаж, 2019.12.23-ны өдөр нэхэмжлэгч байгууллагад албан бичиг хүргүүлсэн байна. Уг албан бичигт нэхэмжлэгчийг орон сууцны дундын өмчлөлд хамаарах авто зогсоол, орц, шатны хонгилын халаалтын төлбөр тооцох талбайн хэмжээг батлагдсан зургаас зөрүүтэй, сар бүр өөр хэмжээгээр тооцон СӨХ-өөс 9,671,845 төгрөгийг илүү нэхэмжилсэн талаар тэмдэглэжээ. Энэхүү мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн, нэхэмжлэлийн шаардлагаас 9,671,845 төгрөгийг хасах үндэслэлтэй...” гэжээ.

11. Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтад хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэн мэргэжлийн байгууллагын баримтыг үндэслэн хариуцагчийн төлөх төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэснийг хяналтын шатны шүүхээс буруутгахааргүй байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэв.

12. Иймд “давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж үндэслэлгүй шийдвэр гаргасан” гэсэн агуулгатай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн, “хоёр шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн” гэх хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

13. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн зохигчийн гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 96 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 232,259 төгрөг, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 169,700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                     

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.БАНЗРАГЧ

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                               Н.БАЯРМАА

     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Д.ЦОЛМОН