Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00096

 

Т- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02971 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т- ХХК-ийн хариуцагч Ш- СӨХ-д холбогдуулан гаргасан ус, дулааны төлбөрт 24 533 545 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхжин, хариуцагчийн төлөөлөгч Д.Цэцэгмаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйлчилгээг, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4-12.2.8-д заасан үйлчилгээг үзүүлдэг ба Ус сувгийн удирдах газартай цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээг, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулан ажиллаж байна. Бид үйл ажиллагааныхаа хүрээнд Баянгол дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ш- СӨХ-тэй ОСНАА-н байгууллага, СӨХ-ийн хамтран ажиллах аж ахуйн гэрээг байгуулан Голден парк-2 хотхоны 301, 303 дугаар байрнуудыг халуун, хүйтэн, цэвэр, бохир ус, дулаанаар ханган, холбогдох засвар үйлчилгээг үзүүлэн ажилладаг. Ш- СӨХ болон манай компани нь дээрх гэрээгээр тус СӨХ-ийг хариуцдаг орон сууцны байрнуудын дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний засвар үйлчилгээ, орон сууцны хэвийн үйлчилгээ, дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт хэвийн үйл ажиллагааг хангахад хяналт тавьж хамтран ажиллахаар тохиролцсон юм. Ийнхүү Ш- СӨХ нь 2013 оноос хойш манай компаниас үйлчилгээ авч эхэлсэн боловч 2013 оны 10 дугаар сараас эхлэн төлбөрөө хугацаанд нь, бүрэн төлөхгүй байсаар өнөөдрийг хүрч, төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа болно. Ингээд 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Ш- СӨХ нь нийт 22 499 931 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байх бөгөөд бид Ш- СӨХ-өөс ашиглалт, үйлчилгээний төлбөрөө төлж барагдуулахыг удаа дараа шаардаж, албан бичиг хүргүүлэхээс гадна биечлэн уулзсанаас гадна тус СӨХ нь өөрсдөө 2016 онд төлбөр төлөх үүрэгтэй болохоо зөвшөөрч албан хүсэлтүүдийг амаар, бичгээр гаргаж байсан боловч 2017 оноос хойш төлбөр төлөх талаар ямар ч арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрлээ. Ш- СӨХ нь оршин суугч иргэдээс ашиглалт, үйлчилгээний төлбөрийг авч байгаа атлаа Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.6 дах хэсэгт зааснаар үйлчилгээ үзүүлж буй байгууллагад нь төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байх ба манай компанийг хохироосоор байгаа ба бид оршин суугч иргэдийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж, дундын өмчлөлийн талбайн халаалт, цэвэр, бохир, халуун усны төлбөрийг холбогдох төрийн байгууллагуудад нь СӨХ-ны өмнөөс төлж, үйлчилгээгээ тасралтгүй үзүүлж хохирсоор байна. Иймд ОСНАА-н байгууллага, СӨХ-ийн хамтран ажиллах аж ахуйн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны дундын эзэмшлийн хэрэгцээний халуун, цэвэр, бохир ус, халаалт, төлбөрт үйлчилгээний төлбөр болох нийт 24 533 545 төгрөгийг Ш- СӨХ-өөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь халуун ус, бохир усны төлбөр манай байгууллагын хариуцах ёстой төлбөр биш юм. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасан. Тиймээс энэ нь оршин суугчдын өмч юм. Т- ХХК нь тусгай зөвшөөрөл байхгүй, нэхэмжлэгчийн зүгээс тооцоо нийлсэн актыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг баримтыг хуурамчаар үйлдсэн, манайхтай тооцоо нийлсэн акт үйлдээгүй. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, төлбөрийг оршин суугч айлуудаас авах ёстой. СӨХ байгуулагдсанаас хойш, оршин суугчдаас төлбөрийг авч байсан, давхар манай байгууллагаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Т- ХХК нь 2013-2019 он хүртэл иргэдээс авсан мөнгийг манайхаас давхар нэхэмжилж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгт ямар ч гарын үсэг байхгүй, Т- ХХК гэсэн тамгатай хуурамч нотлох баримтууд байна, яагаад өмнө нэхэмжлээгүй хирнээ хугацааг нь дууссаны дараа нэхэмжилж байгаа юм. Манайхаас нэхэмжлэх ёсгүй төлбөрийг үндэслэлгүйгээр нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Ш- сууц өмчлөгчдийн холбооноос 24 533 545 /хорин дөрвөн сая таван зуун гучин гурван мянга таван зуун дөчин таван/ төгрөгийг гаргуулан Т- ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317 302 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш- сууц өмчлөгчдийн холбооноос 280 618 /хоёр зуун наян мянга зургаан зуун арван найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхжин нь Т- ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ууганбаатарын гэр бүлийн хүн байх тул, нөлөөллийн болон ашиг сонирхлын зөрчилтэй гэх үндэслэлтэй учир хууль зөрчсөн. Мөн санхүүгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, дэлгэрэнгүй бүртгэлийн огноо засвартай материалыг шүүх үнэлсэн. Тус контор нь хариуцсан газартаа үүргээ гүйцэтгэж байгаагийн төлөө, холбогдох хууль дүрмийг мөрдөөгүй, жил болгон сунгаагүй гэрээг үндэслэн, хураагдаагүй төлбөрийг нэхэмжилсэн. Ямар төлбөрийг, яаж зохицуулах тухай мөрдөөгүй, 1 жилийн хугацаа нь дууссан, жил болгон шинэчлэх ёстой 2013 оны гэрээг шинэчлэн байгуулаагүй. Т- ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах зэрэг бусад үйлчилгээг холбогдох байгууллагуудтай хийсэн гэрээнүүдийн дагуу гүйцэтгэж ирсэн нь тухайн тусгай зөвшөөрөлтэй байгууллагын үүрэг, хариуцлага билээ. Гэвч энэ байгууллага нь 2013 оноос манайхыг хариуцан одоог хүртэл үйлчилгээгээ хангалтгүй гүйцэтгэж, оршин суугчид болон СӨХ-г байнга хохироосоор байна. Энэ асуудлаар холбогдох байгууллагуудын нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 дугаар сарын 11-ний 292 дугаар тогтоолоор батлагдсан аж ахуйн харилцааны дүрмийг баримталдаггүй. Т- ХХК нь 2013 оноос 2019 оны 7 дугаар сар хүртэл Голден парк 2 хотхоны оршин суугчдаас хогны мөнгө 2 500 төгрөг орон сууцны өрхөөс 2 000 төгрөг авах журамтай ч/ авч ирсэн боловч тус хотхоны 3 блок байрны нийт 688 өрхийг, хот тохижилтын гэрээт компанид тусгасан өрхийн тоондоо оруулаагүй учир төлөөгүй байдаг. Манай хотхон тухайн гэрээнд заагдсан хотхонуудад орсон ч өрхийн нийт тоонд ороогүй байдаг. Энэ зөрчлөө оршин суугчдын ус, халаалтын төлбөрөөс суутгах чиглэл холбогдох байгууллагаас өгүүлсэн ч зөрчлөө арилгалгүй оршин суугчдыг хохироосоор байна. Үйлчилгээ, мэргэжлийн чадвараар маш тааруу, харьяалагддаг хотхонуудынхаа СӨХ-дыг байнга дарамталж, төлбөрийг хүссэнээрээ давхардуулан нэхэмжилж, байгууллагын дансыг нь хаалган, төлүүлдэг учраас харьяалагддаг бүх СӨХ-д Т- ХХК-ийн орон сууцны контороос татгалзахыг хүсдэг ч дийлддэггүй, СӨХ болон оршин суугчдын эрх ашиг байнга зөрчигддөг. Манай хотхоны нийт өрхөөс орцны дулааны төлбөр гэж 2013 оноос авч байсан 800 төгрөгөө 2016 оны 10 дугаар сараас 1 300 төгрөг болгон авч ирсэн банкны баримтууд хавтаст хэргийн 97, 98, 119 дүгээр талд байгаа. Т- ХХК орцны дулааны төлбөр авсан талаарх баримт байгаа атал давхардуулан нэхэмжилсэн байдаг. Манайх оршин суугчдаас тухайн төлбөрийг авдаггүй нь үүгээр нотлогдож байгаа болно. Эрчим хүчний зохицуулах хорооноос аж ахуйн харилцааны дүрмийг үндэслэн төлбөр тооцно гээд, зөрчлөө арилгах албан тоот явуулсан байдаг. Хэргийн 160 дугаар талд Эрчим хүчний зохицуулах хороонд Ш- СӨХ-өөс гаргасан гомдлын дагуу шалгаж тогтоосон тооцоогоор талбайн хэмжээг буруу тогтоосныг тусгасан байдаг. Манай СӨХ-нд харьяалагддаг 16 давхар, 2 дугаар байр, 301 дүгээр байр, орц 1-5, 6-8 давхар хоорондын шатны эргэлт дээр халаалттай, 303 дугаар байр 1-12 давхар хоорондын шатны эргэлт дээр халаалттай. Үүнийг сүүлд Т- ХХК-иас өөрсдөө явж бичлэгээр баталгаажуулж шүүхэд өгсөн боловч, хуучин нэхэмжлэлдээ тусгасан дундын эзэмшлийн нийт талбайгаар дүгнэсэн дүнгээрээ нэхэмжилсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2013-2016 онд иргэдээс авсан мөнгийг нэхээгүй гэж шүүх хурал дээр хэлсэн ч 2013 оны 11 дүгээр сараас 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх төлбөр гэж үндэслэлгүйгээр, давхардуулан нэхэмжилж шийдвэрлүүлж байгаа нь тангараг өргөсөн хуульч, өмгөөлөгчийн хувьд хэтэрхий ёс зүйгүй байна. Шүүгч сүүлийн шүүх хурал дээр хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5 000 000 төгрөгт эвлэрэх саналтай байна гэснийг /хурлын тэмдэглэлд байгаа/ илтээр гуйвуулан, мөн манайх 2014, 2015 оны төлбөр 5 000 000 төгрөг л төлнө гэж хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа зэргээс дүгнэхэд гэж шүүхийн шийдвэрт ташаа тэмдэглэсэн. Шүүгч 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч байгууллагаас авч хэрэглэсэн ус, дулааны төлбөрийн үлдэгдлийн хэмжээгээр Ш- СӨХ-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна. Иймд Ш- СӨХ-өөс 2013 оны 11 дүгээр сараас 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөр 24 533 545 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв гэжээ. Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэсэн байх тул Ш- СӨХ нь Т- ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй учир бид хариуцахгүй. Оршин суугчдын төлсөн банкны баримтаар нотлогдоод байгаа төлбөрийг давхардуулан нэхэмжилж, оршин суугчдаас дундын өмчлөлийн талбайн ус, дулааны төлбөр хураах тусгай зөвшөөрлийн эрхгүй, өмчлөгч биш байхад, төвлөрөөгүй төлбөрийг төлүүлэхээр, харин ч нотлох баримтын үндэслэлгүйгээр төрийн бус байгууллагыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж шүүх алдаатай шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Т- ХХК нь хариуцагч Ш- СӨХ-д холбогдуулан 2013 оны 10 дугаар сараас 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх ус, дулааны төлбөрт нийт 24 533 545 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хамтран ажиллах аж ахуйн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Т- ХХК нь орон сууцны барилгуудад халуун, хүйтэн ус, дулаан түгээх, хариуцагч Ш- СӨХ нь төлбөрийг нэхэмжлэлийн дагуу гэрээнд заасан хугацаанд барагдуулахаар тохиролцсон байна. /хх-ийн 8-10-р тал/

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8 дах хэсэгт зааснаар сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний засвар, үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх эрхтэй бөгөөд хариуцагч Ш- СӨХ нь энэхүү эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч Т- ХХК-тай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдах авах гэрээ байгуулан, халуун, хүйтэн ус, дулааны үйлчилгээ авч байсан үйл баримтын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Талуудын байгуулсан гэрээний хугацаа 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр дууссан байх боловч нэхэмжлэгч Т- ХХК нь одоог хүртэл хариуцагч Ш- СӨХ-ийн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк-2 хотхон, 301, 303 дугаар байруудад халуун, хүйтэн, ус дулааны үйлчилгээг үзүүлж байгааг талуудын хэн аль нь тайлбарласан байна.

Хариуцагч Ш- СӨХ-нд 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт 24 533 545 төгрөгийн өр үүссэн болох нь хэрэгт авагдсан ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэл, нэхэмжлэх, төлбөрийн даалгавар, хариуцагч байгууллагын 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 001/022 дугаар албан бичиг зэргээр тогтоогдсон байх тул хариуцагч Ш- СӨХ нь ашигласан хугацааны үйлчилгээний төлбөрийг нэхэмжлэгч Т- ХХК-д төлөх үүрэгтэй. /хх-ийн 33, 35-42, 47-54-р тал/

 

Хариуцагч татгалзалдаа болон давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч компанийг ус, дулааны төлбөр тооцох талбайн хэмжээг батлагдсан зургаас зөрүүтэй тооцсон гэж маргасан бөгөөд давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-т зааснаар Эрчим хүчний зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага байх бөгөөд тус байгууллага нь хэрэглэгчийн гомдлыг үндэслэн, дүгнэлт гаргаж, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Т- ХХК-д албан бичиг хүргүүлсэн байна.

 

Дээрх албан бичигт нэхэмжлэгч Т- ХХК-ийг орон сууцны дундын өмчлөлд хамаарах автозогсоол, орц, шатны хонгилын халаалтын төлбөр тооцох талбайн хэмжээг батлагдсан зургаас зөрүүтэй, сар бүр өөр хэмжээгээр тооцон, СӨХ-өөс 9 671 845 төгрөгийг илүү нэхэмжилсэн талаар тэмдэглэжээ. /хх-ийн 79-80-р тал/

 

Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 292 дугаар тогтоолоор баталсан аж ахуйн харилцааны дүрмийн 5.1.1-т ... барилгын эзлэхүүн талбай, зураг төслийн тооцоот хүчин чадал, хүний тоо нь дулааны эрчим хүчний төлбөр тооцооны үндэслэл болох талаар зохицуулсан байх тул дээрх мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн, нэхэмжлэлийн шаардлагаас 9 671 845 төгрөгийг хасч, хариуцагчийн татгалзлыг энэ хэмжээгээр тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Т- ХХК нь гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацааны үйлчилгээний төлбөрийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан хамтран ажиллах аж ахуйн гэрээний хугацаа дуусч, хариуцагч Ш- СӨХ нь гэрээ байгуулалгүй, үйлчилгээ авч буй үйл баримт тогтоогдсон тул мөн хугацааны үйлчилгээний төлбөрийг төлөх үүрэгтэй. Мөн тогтмол төлөгдөх төлбөртэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Иймд хариуцагч Ш- СӨХ-өөс 14 861 700 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Т- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 9 671 845 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасанд тус тус нийцэх юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02971 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Ш- СӨХ-өөс 14 861 700 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Т- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 9 671 845 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дах заалтын ... 280 618 /хоёр зуун наян мянга зургаан зуун арван найман/ ... гэснийг 232 258 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 280 618 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Г.ДАВААДОРЖ