Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/01260

 

 

 

“М ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                           

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/02669 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 61 дүгээр магадлалтай,

“М ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Х ” ХХК-д холбогдох

Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцыг өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнзул, Д.Мөнхзул, нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М ” ХХК нь хариуцагч “Х ” ХХК-д холбогдуулан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцыг өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/02669 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д зааснаар “Х ” ХХК болон “М ” ХХК-ийн хооронд 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, тус хэлцлээр шилжүүлсэн Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо 14181, их тойруу 78 байр, 29 тоот хаягт байршилтай, гэрчилгээний 000214686 дугаартай, улсын бүртгэлийн Ү-2203024963 дугаарт бүртгэлтэй 38.4 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг “М ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг “Х ” ХХК-д даалгаж, “М ” ХХК-ийн зээлээс хасаж тооцсон 53,468,006 төгрөгийг “Мөнхзабала корпораци” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт тооцох, “Х ” ХХК-ийн Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо 14181, их тойруу 78 байр, 29 тоот хаягт байршилтай, гэрчилгээний 000214686 дугаартай, улсын бүртгэлийн Ү-2203024963 дугаарт бүртгэлтэй 38.4 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны эрхийг сэргээж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425,290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “Х ” ХХК-аас 425,290 төгрөг гаргуулан “М ” ХХК-д олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 61 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/02669 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.  

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.30-ны өдрийн 61 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийн хүрээнд, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт заасан журмын дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

4.1. Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар. Х  нь 2016.12.19-ний өдөр “М ” ХХК-тай Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 189, 195, 43, 110 дугаар зүйлд заасны дагуу харилцан тохиролцсоны үндсэн дээр хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байдлаар, эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэйгөөр буюу “М ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016.12.16-ны өдрийн 12/02 дугаар шийдвэрийг үндэслэн байгуулсан бөгөөд тус Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг нотариатч нь Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсэгт заасны дагуу шалгаж гэрчилсэн, Улсын бүртгэлийн байгууллага нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 12 дугаар зүйлийн 12.4, 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.1-д тус тус заасны дагуу хянан үзсэний үндсэн дээр Х ны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн болно. Дээр дурдсаны дагуу Д  нь компанийг төлөөлөх эрхгүй байхдаа гэрээ байгуулсан гэх нөхцөл байдлыг Х ны хувьд мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бөгөөд Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу Х  нь Сүхбаатар дүүргийн 9-р хороо, 14181, Их тойруу 78-р байр, 29 тоот хаягт байршилтай, гэрчилгээний 000214686 дугаартай, улсын бүртгэлийн Ү-2203024963 дугаарт бүртгэлтэй, 38,4 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс тус маргааныг шийдвэрлэхдээ дээрх нөхцөл байдлыг үл харгалзан гагцхүү “Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.10-ны өдрийн 183/ШШ2020/01590 дугаар шийдвэрээр Д ийг бусад хувьцаа эзэмшигч нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр “М ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016.12.16-ны өдрийн 12/02 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн” гэх ганцхан нөхцөл байдлыг л үнэлэн маргааныг шийдвэрлэсэн нь нэг талыг барьсан, хариуцагчийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, баримтуудыг үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийг хэрэглээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Хариуцагчийн зүгээс тус Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа эрх бүхий этгээдүүд болох Улсын бүртгэлийн байгууллага, нотариатчийн шалгаж мэдээгүй зүйлийг урьдчилан мэдэж, тооцоолох боломжгүй байсан бөгөөд “Х ” ХХК нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд заасны дагуу шударга өмчлөгч гэж үзэж байгаа талаар тайлбар, нотлох баримт гаргасан, Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо тусгасан, Давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр маргаж байгаа үндэслэл нь энэ болох талаар тайлбарласан боловч Давж заалдах шатны шүүхээс үүнд огт дүгнэлт хийгээгүй, эсхүл яагаад “Х ” ХХК-ийг шударга өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй талаар тайлбар хийлгүйгээр Иргэний хуулийн гэрээ хүчин төгөлдөр бус байх зохицуулалтыг үндэслэн, тухайн харилцаатай холбоотой өөр бусад заалт, зохицуулалтыг хэрэглэлгүйгээр, хүчин төгөлдөр бус гэж дүгнэж байгаа гэрээтэй холбоотойгоор бусдын эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа эсэхийг дүгнэлгүйгээр шийдвэрлэсэн нь Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна. Д  нь “М ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гарын үсгийг дуурайлган зурсан нь тогтоогдсон гэх нөхцөл байдлын хувьд “Х ” ХХК үүнийг мэдэх боломжтой байсан эсэх, эсхүл ийнхүү хуурамч баримт бичиг үйлдэн “М ” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг “Х ” ХХК-д шилжүүлэхэд “Х ” ХХК-ийн зүгээс аливаа үйлдэл хийж, нөлөөлсөн гэх үйл баримт байхгүй байхад бусдын хийсэн буруутай үйл ажиллагааны улмаас “Х ” ХХК-ийн эрх ашиг сонирхлыг хөндөж, өмчлөх эрхийг нь зөрчиж шийдвэрлэсэн. Ийнхүү эрх, ашиг сонирхол зөрчигдөхөөс сэргийлсэн агуулга бүхий хуулийн заалтыг хэрэглээгүй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4.2. Давж заалдах шатны шүүхээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн талаар. Тус маргааныг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтыг баримтлан гэрээ хүчин төгөлдөр бус” гэж дүгнэсэн байхад Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Нэгэнт үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулах үндэслэл болсон нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг шүүхээс хүчингүй болгосон байх тул талуудын байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй” гэж өөр өөр нөхцөл байдалд хэрэглэх 2 өөр хуулийн зохицуулалтыг үндэслэсэн хэрнээ 1 агуулгатай мэтээр тайлбарлаж логик уялдаагүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 17 дугаар тогтоолын 5.7-д “Иргэний хуулийн 56.1.10-т заасан “хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэдэгт хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцлийг хамааруулан ойлговол зохино” гэж тайлбарласан бөгөөд 2 буюу түүнээс дээш тооны хэлцэл байгуулагдсан нөхцөлд тус заалтыг баримтлахаар байна. Гэтэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 1 гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээний хүчин төгөлдөр байдалтай холбоотойгоор талууд маргаж байгаа билээ. Давж заалдах шатны шүүхээс тус нөхцөл байдлыг ч тодруулалгүй Д т эрх олгосон “М ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016.12.16-ны өдрийн 12/02 дугаар шийдвэрийг хэлцэл гэж үзэж, түүнд үндэслэн байгуулсан Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

4.3. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй талаар. Тус маргааныг шийдвэрлэсэн анхан шатны шүүхээс “гэрээ байгуулахаас өмнөх байдалд харилцан буцах хуулийн зохицуулалттай” гэж дүгнэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийг хэрэглэхдээ “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хэлцлээр шилжүүлсэн зүйлийг харилцан буцааж, гэрээ байгуулахаас өмнөх харилцаанд бодитоор шилжих боломжтой эсэхийг тодруулалгүйгээр шийдвэрлэсэн байхад Давж заалдах шатны шүүхээс тус логик уялдаагүй, бодитоор хэрэгжих боломжгүй анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэлт хийгээгүй хэвээр үлдээсэн. Тус маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хувьд “Х ” ХХК нь гуравдагч этгээдтэй гэрээ байгуулан худалдсан бөгөөд өнөөдрийн байдлаар тус хөрөнгийн өмчлөгч нь Х  биш болно. “Х ” ХХК нь өөрийн өмчлөлд байхгүй хөрөнгийг буцаан шилжүүлэх боломжгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрээр гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл байдал үүссэн атал тус нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр бодит байдалд хэрэгжих боломжгүй, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй магадлал гаргасан гэж үзэхээр байна. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт “Х ” ХХК болон “М ” ХХК-ийн хооронд 2016.12.19-ний өдөр байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу барьцаанд байсан “М ” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо 14181, их тойруу 78 байр, 29 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2203024963 дугаарт бүртгэлтэй 38,4 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг “Х ” ХХК нь 53,468,006 төгрөгт тооцон худалдан авч, “М ” ХХК-ийн зээлээс 53,468,006 төгрөгийг хасаж тооцохоор тохиролцож гэрээ байгуулжээ. Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна” гэж дүгнэсэн атлаа “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн хувьд ямар нэгэн хууль зүйн үр дагавар үүсэхгүй, мөн гэрээ байгуулахаас өмнөх байдалд харилцан буцах хуулийн зохицуулалттай” гэж 1 асуудалд эсрэг тэсрэг 2 өөр дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байхад давж заалдах шатны шүүхээс тус нөхцөл байдалд мөн адил эсрэг тэсрэг 2 дүгнэлтийг хийсэн буюу талууд 2016.12.19-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “М ” ХХК нь Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо 14181, Их тойруу 78 дугаар байр, 29 тоот хаягт байршилтай, 38,4 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг 53,468,006 төгрөгт тооцон худалдах, хариуцагч “Х ” ХХК нь тус орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авч, нэхэмжлэгчийн зээлийн төлбөрөөс хасаж тооцохоор харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ зэргээр тогтоогдсон байна” гэж дүгнэж, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд тохиролцоо хийгдсэн болохыг бататган дүгнэсэн атлаа “Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлжээ” гэж дүгнэсэн нь магадлал хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Давж заалдах шатны шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:           

               5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

            6. Нэхэмжлэгч “М ” ХХК нь хариуцагч “Х ” ХХК-д холбогдуулан тус банктай 2016.12.19-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг хэлцлээр шилжүүлсэн Сүхбаатар дүүрэг, 09 дүгээр хороо 14181, их тойруу 78 байр, 29 тоот хаягт байршилтай, гэрчилгээний 000214686 дугаартай, улсын бүртгэлийн Ү-2203024963 дугаарт бүртгэлтэй 38.4 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг “М ” ХХК-ийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “тус компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал Д  нь хувьцаа эзэмшигч Ц г эзгүй байх үед нь хувьцаа эзэмшигчийн шийдвэр гэсэн баримтад гарын үсгийг дуурайлган зурж өөртөө эрх олгон улмаар орон сууцыг худалдан, компанийг их хэмжээний алдагдалд оруулсан, уг хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр гарсан тул худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус” гэсэн агуулгаар тайлбарласан байна.

            Хариуцагч “Х ” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч ”худалдах-худалдан авах гэрээ нь хуульд заасан хэлбэр, агуулгыг зөрчөөгүй, талууд харилцан зөвшөөрч тус компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрт үндэслэн гэрээг бичгээр байгуулж нотариатчаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, гэрээ байгуулсан Д ийг компанийг төлөөлөх эрхгүй, хууль бус хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг ашигласан гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй, уг үйлдлээс компани алдагдал хүлээсэн бол хувьцаа эзэмшигч нь буруутай этгээдээс хохирлоо шаардах боломжтой” гэжээ.

            7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж шийдвэрийг хэвээр үлдээжээ.            

            8. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэх үүргээ бүрэн биелүүлээгүй, маргааны үйл баримт, шаардах эрх, түүний хууль зүйн үндэслэлд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

           Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            9. Хэргийн баримтаас үзвэл, “Х ” ХХК болон “М ” ХХК-ийн хооронд 2016.12.19-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу зээлийн барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгө болох “М ” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 09 дүгээр хороо 14181, их тойруу 78 байр, 29 тоот хаягт байршилтай нэг өрөө орон сууцыг тус банк 53,468,006 төгрөгт тооцон худалдан авах, уг мөнгийг зээлээс хасаж тооцохоор тохиролцсон нь тогтоогдсон, энэхүү   гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна.

            Нэхэмжлэгч “М ” ХХК нь орон сууцыг, хариуцагч “Х ” ХХК нь 53,468,006 төгрөгийг (нэхэмжлэгчийн зээлийн төлбөрт суутгасан) харилцан шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх  2016.12.28-ны өдөр хариуцагчийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгджээ.

          10. Анхан шатны шүүх худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 буюу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх мөн зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэлт хийжээ.

            11. Хэрэгт Д т холбогдуулан гаргасан “М ” ХХК-ийн  хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хүчингүй болгуулах Ц ы нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.10-ны өдрийн 183/ШШ2020/01590 дугаар шийдвэр авагдсан боловч энэ шийдвэр нь “М ” ХХК болон “Х ” ХХК-ийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлийг үүсгэх боломжгүй  байгааг хоёр шатны шүүх анхаараагүй нь учир дутагдалтай байна.

            12. Зохигчийн тайлбар, дээр дурдсан “М ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016.12.16-ны өдрийн хурлын шийдвэрээс үзэхэд “Х ” ХХК-ийн зээлийн барьцаанд байгаа 4 орон сууцыг тус банканд худалдаж, зээлийн төлбөрт суутгах, зээлийн үлдэгдлийг хэвийн ангилалд шилжүүлэхийг шийдвэрлэж, хувьцаа эзэмшигч нарыг төлөөлж уг худалдах-худалдан авах гэрээнд гарын үсэг зурах эрхийг гүйцэтгэх захирал Д т шилжүүлсэн агуулга тусгагдаж, тухайн шийдвэрийг үндэслэн энэхүү маргааны зүйл болсон худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдсон.

            13. Хуулийн этгээд нь удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцох бөгөөд Д  нь нэхэмжлэгч “М ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд гэрээг байгуулсан бөгөөд тус компанийн дүрэмд зааснаар  гүйцэтгэх захирал нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагааг явуулах, хууль болон дүрэмд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх, компанийн эрх ашигт нийцүүлэн ажиллах үүргийг хүлээсэн байна.

            14. Харин дээрх хувьцаа эзэмшигчийн шийдвэр нь хууль бус байснаас, өөрөөр хэлбэл нийт 6 хувьцаа эзэмшигч байдгаас 51 хувийн хувьцаа эзэмшигч Ц ыг эзгүй үед түүний өмнөөс Д  гарын үсэг зурж, хуурамч бичиг баримт үйлдсэнийг тэрээр хүлээн зөвшөөрснөөр шүүх энэхүү шийдвэрийг хүчингүй болгосон нь гүйцэтгэх захирлын буруутай үйл ажиллагааг тогтоосон, уг үйл ажиллагаанаас үүссэн аливаа хариуцлагыг компанийн өмнө түүний хариуцах хариуцлагыг тодорхойлохоос бус, энэ хэргийн зохигчийн буюу “М ” ХХК болон “Х ” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх үндэслэл болохгүй.       

            15. Нөгөө талаар, “Х ” ХХК-ийн хувьд “М ” ХХК-ийн дээр дурдсан хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр нь хууль бусаар үйлдэгдсэн гэдгийг мэдэж байсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд энэ тохиолдолд тус банкны зүгээс хэлцлийг бүрэн эрх олгогдсон этгээдтэй байгуулж байна гэж ойлгож хийсэн гэж үзнэ.

            Иймээс зохигчийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ нь  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-т заасан “зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн“, эсхүл “хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан  хүчин төгөлдөр бус хэлцэл”-ийн аль алины агуулгад хамаарахгүй, иймээс хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэх үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/02669 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 61 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул “Х ” ХХК-д холбогдох 2016.12.16-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, орон сууцыг өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгахыг хүссэн “М ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 425,290 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.   

 

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                                Н.БАЯРМАА

                                                                                                    Г.БАНЗРАГЧ

     С.СОЁМБО-ЭРДЭНЭ                                                                       

      Д.ЦОЛМОН