Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2020/02669

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

  

Нэхэмжлэгч: М К  ХХК -ийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Х Б  ХХК  -д холбогдох

 

            Х Б  ХХК болон М К  ХХК-ийн хооронд 2016 оны 12 дугаар саырн 19-ний өдөр байгуулсан Сүхбаатар дүүрэг, 09 дүгээр хороо, 14181, Их тойруу 78 байр, 29 тоот хаягт байршилтай, гэрчилгээний 000214686 дугаартай, улсын бүртгэлийн Ү-2203024963 дугаартай бүртгэлтэй, 38.4 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг борлуулах үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах,  улсын бүртгэлийн Ү-2203024963 дугаарт бүртгэлтэй нэг өрөө орон сууцыг М К  ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагч Х Б  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М К  ХХК нь Х Б  ХХК-аас арилжааны зориулалттай зээл авсан. Зээл төлөлтийн явцад барьцаанд байгаа орон сууцыг Х Б ны өмчлөлд шилжүүлж, үнийн дүнгийн хэмжээгээр зээлийн төлбөрийн хасаж тооцох саналыг гаргасан. Тухайн үед М К  ХХК-ийн дийлэнх хувьцаа эзэмшигч нар гадаад руу яваад эзгүй байсан тул тус компанийн хувьцаа эзэмшигч Д.У  бусад хувьцаа эзэмшигч нарын өмнөөс гарын үсгийг нь дуурайлган зурж, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гэх бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн. Уг бичиг баримтыг үйлдэж өөртөө орон сууц худалдах, худалдан авах хэлцэл хийх эрх олгож, түүнийг үндэслэж нотариат гэрчилсэн байдаг.

Худалдах, худалдан авах хэлцэл батлагдсан тул орон сууцны өмчлөл Х Б  ХХК-ийн нэр дээр шилжсэн. Бусад хувьцаа эзэмшигч нар үйл ажиллагаанд оролцдоггүй байсан учраас тухайн үед мэдээгүй байсан. Дээрх хэлцэл нь эрх бүхий хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр эрх олгосон учраас М К  ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч М.Э  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/01590 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, М К  ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хурлын 12/02 тоот шийдвэрийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн.

Иймд хүчингүй болсон шийдвэрийг үндэслэж гэрээ хэлцэл хийгдсэн учраас Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу 78 дугаар байр, 29 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2203024963 дугаарт бүртгэлтэй, 38,4 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр М К  ХХК-ийг тогтоож өгнө гэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х Б  нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр М К  ХХК-тай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 189, 195 дугаар зүйлд заасны дагуу харилцан тохиролцсоны үндсэн дээр мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3.хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус заасны дагуу хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байдлаар, эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэйгөөр буюу М К  ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12/02 дугаартай шийдвэрийг үндэслэн байгуулсан.

Тус гэрээг нотариатч нь Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсэгт хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийж байгаа гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүнийг хуулийн дагуу төлөөлж байгаа этгээдийн эрх хэмжээ нь гэрээ, дүрэм, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрт тусгагдсан эсэхийг шалгана гэж заасны дагуу шалгаж гэрчилсэн. Улсын бүртгэлийн байгууллага нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж, хөлөг онгоц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ, 12 дугаар 12.4.1 дэх хэсэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч хянан үзэх, эрхийн улсын бүртгэлд бүртгэх, бүртгэхээс татгалзах, эсхүл мэдүүлгийг хүлээж авахаас татгалзах тухай шийдвэр гаргах гэж тус тус заасны дагуу хянан үзсэний үндсэн дээр Х Б ны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн.

Дээр дурьдсаны дагуу Д.У  нь компанийг төлөөлөх эрхгүй байхдаа гэрээ байгуулсан гэх нөхцөл байдлыг Х Б  ХХК-ийн хувьд мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бөгөөд Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно гэж заасны дагуу Х Б  нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу 78 дугаар байр, 29 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2203024963 дугаарт бүртгэлтэй, 38,4 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Д.У  нь хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гэсэн баримт бичгийг хууль зөрчин үйлдэж, гарын үсгийг нь дуурайлган зурсан, уг хууль бус бичиг баримтыг ашиглан маргаан бүхий орон сууцыг зах зээлийн үнээс хямдаар Х Б  ХХК-д шилжүүлэн өгснөөр их хэмжээний алдагдалд оруулсан гэсний дагуу М К  ХХК нь өөрт учирсан гэж үзэж буй хохирлоо Д.У ээс шаардах нь логик уялдаа холбоотой байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг нь төлнө гэж заасны дагуу аль хэдийн Х Б  ХХК-ийн өмчлөлд шилжсэн үл хөдлөх хөрөнгийг буцаах боломжгүй тул Д.У ээс орон сууцны үнийг шаардан төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

М К  ХХК нь Х Б  ХХК-аас мөнгө зээлж авсан. Орон сууц худалдсан тухайн мөнгө нь М К  ХХК-ийн зээл рүү орсон. Иймээс Х Б  ХХК нь ямар нэгэн хууль зөрчөөгүй, өмчлөх эрхийг шударгаар олж авсан. Улсын бүртгэлийн газар холбоотой бүх бичиг баримтыг нь нягталж шалгаад өмчлөх эрхийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч тал Д.У  гэх хүнийг буруутай гэж үзэж байгаа бол хуулийн байгууллагад хандахыг зөвлөсөөр ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.           

   ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М К  ХХК  нь хариуцагч Х Б  ХХК-д холбогдуулан Х Б  ХХК болон М К  ХХК-ийн хооронд 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, улсын бүртгэлийн Ү-2203024963 дугаарт бүртгэлтэй нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр М К  ХХК-ийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан үр дагавар арилгах буюу Сүхбаатар дүүрэг, 09 дүгээр хороо 14181, их тойруу 78 байр, 29 тоот хаягт байршилтай, гэрчилгээний 000214686 дугаартай, улсын бүртгэлийн Ү-2203024963 дугаарт бүртгэлтэй 38.4 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг М К  ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах гэж тодруулсан болно.

 

Хариуцагч нь гэрээ хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

 

Х Б  ХХК болон М К  ХХК-ийн хооронд 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу барьцаанд байсан М К  ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 09 дүгээр хороо 14181, их тойруу 78 байр, 29 тоот хаягт байршилтай, гэрчилгээний 000214686 дугаартай, улсын бүртгэлийн Ү-2203024963 дугаарт бүртгэлтэй 38.4 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг Х Б  ХХК нь 53,468,006 төгрөгт тооцон худалдан авч, М К  ХХК-ийн зээлээс 53,468,006 төгрөгийг хасаж тооцохоор тохиролцож гэрээ байгуулжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгч М К  ХХК нь “...Х Б  ХХК-д холбогдуулан Х Б  ХХК болон М К  ХХК-ийн хооронд 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулах хувьцаа эзэмшигчдийн хурлын 12/02 дугаар шийдвэрт бусад хувьцаа эзэмшигчдийн гарын үсгийг дуурайган зурж, уг гэрээг байгуулах эрхийг хууль бусаар олж авсан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1590 дүгээр шийдвэрээр М К  ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12/02 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, хариуцагч Х Б  ХХК-ийн төлөөлөгч нь “ Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаа хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрх шилжсэн. Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д зааснаар хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийж байгаа гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүнийг хуулийн дагуу төлөөлж байгаа этгээдийн эрх хэмжээ нь гэрээ, дүрэм, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрт тусгагдсан эсэхийг шалгана гэж заасны дагуу гэрчилсэн. Д.У  төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан гэж Х Б  мэдээгүй. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзнэ. Д.У  компанийг төлөөлөх эрхгүй байхдаа гэрээ байгуулсан гэх нөхцөл байдлыг Х Б  мэдээгүй, уг үл хөдлөх эд хөрөнгөний өмчлөх эрхийг шударгаар олж авсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг тус тус тайлбарласан.

 

Д.У  нь М К  ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гарын үсгийн дуурайлган зурсан нь тогтоогдсон тул М К  ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн  хурлын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12/02 дугаар шийдвэрийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1590 тоот шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 

М К  ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн  хурлын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12/02 дугаар шийдвэрээр Сүхбаатар дүүрэг, 09 дүгээр хороо 14181, их тойруу 78 байр, 29 тоот хаягт байршилтай, гэрчилгээний 000214686 дугаартай, улсын бүртгэлийн Ү-2203024963 дугаарт бүртгэлтэй 38.4 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг Х Б  ХХК-д худалдаж, зээлээс суутгал хийх зөвшөөрлийг олгосон ба уг хувьцаа эзэмшигчдийн шийдвэрт үндэслэн Д.У  нь Х Б  ХХК болон М К  ХХК-ийн хооронд 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-д гарын үсэг зурж, байгуулсан болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж заажээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1590 тоот шийдвэрээр Д.У т олгосон эрхийг хүчингүй болгосон тул дээрхи хувьцаа эзэмшигчдийн хурлаас Д.У т “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулах эрхийг олгоогүй байх тул зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн хувьд  ямар нэгэн хууль зүйн үр дагавар үүсэхгүй, мөн гэрээ байгуулахаас өмнөх байдалд харилцан буцах хуулийн зохицуулалттай.

 

М К  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой шаардах эрх үүснэ гэхээсээ илүүлтэйгээр мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар үр дагавар арилгах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу Х Б  ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн Сүхбаатар дүүрэг, 09 дүгээр хороо 14181, их тойруу 78 байр, 29 тоот хаягт байршилтай, гэрчилгээний 000214686 дугаартай, улсын бүртгэлийн Ү-2203024963 дугаарт бүртгэлтэй 38.4 м.кв талбайтай нэг өрөө орон сууц Мөнхзамбала ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, М К  ХХК-ийн зээлээс хасч тооцсон 53,468,006 төгрөг нь зээлийн гэрээний үүрэгт тооцогдох, мөн Х Б  ХХК-ийн Сүхбаатар дүүрэг, 09 дүгээр хороо 14181, их тойруу 78 байр, 29 тоот хаягт байршилтай, гэрчилгээний 000214686 дугаартай, улсын бүртгэлийн Ү-2203024963 дугаарт бүртгэлтэй 38.4 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны эрх сэргээх үндэслэлтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д зааснаар Х Б  ХХК болон М К  ХХК-ийн хооронд 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” -г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож,  тус хэлцлээр шилжүүлсэн Сүхбаатар дүүрэг, 09 дүгээр хороо 14181, их тойруу 78 байр, 29 тоот хаягт байршилтай, гэрчилгээний 000214686 дугаартай, улсын бүртгэлийн Ү-2203024963 дугаарт бүртгэлтэй 38.4 м.кв талбайтай нэг өрөө орон сууц М К  ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийн Х Б  ХХК-д даалгаж, М К  ХХК-ийн зээлээс хасч тооцсон 53,468,006 төгрөгийн Мөнхзабала  корпораци ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт тооцох, Х Б  ХХК-ийн Сүхбаатар дүүрэг, 09 дүгээр хороо 14181, их тойруу 78 байр, 29 тоот хаягт байршилтай, гэрчилгээний 000214686 дугаартай, улсын бүртгэлийн Ү-2203024963 дугаарт бүртгэлтэй 38.4 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны эрхийг сэргээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 425,290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Х Б  ХХК-аас 425,290 төгрөг гаргуулан М К  ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР