Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2021/00519

 

2021 02 10

101/ШШ2021/00519

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, шүүгч Б.Цолмонгэрэл, шүүгч Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Т ХХК

Хариуцагч: Д.Б нарт холбогдох 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Д.Ө

Хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчихгүй байх, хувьцаа эзэмшигчийн хурлын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаар тогтоолын хавсралт, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар тогтоолд заасан Д.Т, Д.Ө нарын эзэмшлийн хувьцааны тоо, хэмжээнд компанийн дүрэмд заасан хэмжээгээр өөрчлөлт оруулахыг тус тус хариуцагч Б.Т ХХК-д даалгах, 2019 онд олгосон ногдол ашгийн зөрүүнд 19,499,220 төгрөг, 2020 онд олгосон ногдол ашгийн зөрүүнд 11,407,500 төгрөг, нийт 30,906,720 төгрөгийг хариуцагч Б.Т ХХК-с гаргуулах, хариуцагч Д.Б-оос олгогдоогүй ногдол ашгийн алданги буюу гэм хорын хохиролд 15,453,360 төгрөг гаргуулах, Б.Т ХХК-ийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаагүй болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, Б.Т ХХК-ийн 1999 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн үүсгэн байгуулсан гэрээ, дүрмээр тогтоосон хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хувь хэмжээнд өөрчлөлт оруулаагүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагч нарын төлөөлөгч Б.Э, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Р.Б иргэдийн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1. Хувьцаа эзэмшигч Д.Тгийн эрхийг зөрчихгүй байхыг Б.Т ХХК-д даалгах, 2. Б.Т ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019.06.03-ны өдрийн ... тоот тогтоолын хавсралт, 2020.05.04-ний өдрийн ... тоот тогтоолд заасан Д.Т, Д.Ө нарын эзэмшлийн хувьцааны тоо, хэмжээнд компанийн дүрэмд заасан хэмжээгээр өөрчлөлт оруулахыг Б.Т ХХК-д даалгаж, олговол зохих ногдол агийн зөрүү 30,906,720 төгрөгийг Б.Т ХХК-аас гаргуулах, 3. Алданги 15,453,360 төгрөгийг гүйцэтгэх захирал Д.Боос гаргуулах, 4. Б.Т ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2014.04.01-ний өдөр хуралдуулаагүй болохыг тогтоолгох тухай.

Д.Т, Д.Б нар Б.Т ХХК-ийг 1999 оны 03 дугаар сарын 25-ны өдөр анх үүсгэн байгуулсан. Тус компани гурван хувьцаа эзэмшигчтэй ба хувьцаа эзэмшигч Д.Б, Д.Ө нар нэг гэр бүлийн, ашиг сонирхол нэгтэй этгээдүүд юм. Б.Т ХХК-ийн гүйцэтгэх захирлаар хувьцаа эзэмшигч Д.Б өөрийгөө томилж, компанийн засаглалыг хэрэгжүүлэх нэрийн дор бусад хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг дутуу өгөх, өр авлага үүсгэх байдлаар хаах, компанийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй байх, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцуулалгүйгээр асуудлыг шийдвэрлэх зэргээр хууль бус ажиллагааг явуулсаар ирлээ. Тухайлбал Д.Б, Д.Ө нар 2016 онд хувьцаа эзэмшигч Д.Т намайг хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцуулалгүйгээр хуралдаж, дэд захирлын албан тушаалаас маань чөлөөлж, Д.Быг компанийн захирлаар томилж, улмаар компанийн дүрмийг шинэчилж, улсын бүртгэлд бүртгүүлж байсан. Тухайн үед миний бие шүүхэд хандсанаар Д.Бын дээрх үйл ажиллагааг хууль бус болохыг шүүх тогтоож, зөрчигдсөн эрхийг минь сэргээж байсан болно. Гэтэл Д.Б дээрх хууль бус үйл ажиллагаагаа зогсоох нь байтугай хувьцаа эзэмшигч Д.Т, Д.Ө нарыг тус бүр 5 хувийн хувьцаагаа ямар ч үндэслэлгүйгээр өөртөө шилжүүлэхийг шаардаж, улмаар хувьцаа эзэмшигч Д.Т миний 40 хувийн ногдол ашгийг дур мэдэн хасаж 30 хувь болгосон тул тухайн асуудлаар миний бие тус шүүхэд хандсан боловч Б.Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б хувьцаа эзэмшигч Д.Өийг төөрөгдүүлж өөрийнхөө хуульчид итгэмжлэл олгуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргаснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.03-ны өдрийн ....дүгээр шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэвч хувьцаа эзэмшигч Д.Ө түүний өмнөөс нэхэмжлэл гаргасныг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсанаар дараах нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргаж байна.

Нэг. Хувьцаа эзэмшигч Д.Тгийн эрхийг зөрчихгүй байхыг Б.Т ХХК-д даалгах шаардлагын тухайд: Хувьцаа нь Үнэт цаасны тухай хуульд заасны дагуу компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилдэг. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т хувьцаа эзэмшигчийн эрхийг Компанийн тухай хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд..., 3.5-д Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ, 16 дугаар зүйлийн 16.1-д компанийн дүрэм нь түүнийг үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг мөн гэж тус тус заасан байдаг. Компанийн хувьцаа эзэмшигчдийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хурлын А/419 тоот тогтоолоор баталсан компанийн дүрэмд зааснаар Д.Б 40%, Д.Т 40%, Д.Ө 20%-ийн хувьцааг тус тус эзэмшдэг. Компанийн дүрэмд тусгаснаар хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 1,885,054,753.3 төгрөг ба нэг бүр нь 996,69 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1,950,000 ширхэг энгийн хувьцаа байна. Үүнээс Д.Т 780,000 ширхэг, Д.Б 780,000 ширхэг, Д.Ө 390,000 ширхэг хувьцааг тус тус эзэмшдэг болно. Дээрх компанийн дүрэм өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ба хувьцаа эзэмшигч Д.Тгийн зүгээс хувьцаагаа худалдах, хувьцаа эзэмших эрхээ шилжүүлэх талаар компанид мэдэгдэж байсан удаагүй, компанийн дүрэмд хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй атал Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд Д.Тгийн эзэмшлийн 780,000 ширхэг хувьцааг бусад хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагын зүгээс дур мэдэн 585,000 болгож өөрчилсөн нь ойлгомжгүй бөгөөд хууль зөрчсөн үйлдэл юм. Иймд хувьцаа эзэмшигч Д.Тгийн эрхийг зөрчихгүй байхыг Б.Т ХХК-д даалгаж өгнө үү.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.07-ны өдрийн .... дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа нэхэмжлэгчийн өмчлөлийн хувьцааны хувь хэмжээг багасгасан гэх боловч багасгаж улсын бүртгэлд бүртгэл хийгдсэнээс эрх нь зөрчигдсөн эсэх нь тодорхойгүй байна гэжээ. Б.Т ХХК-ийн 2021.06.15-ны өдрийн хурлын .... тоот тогтоолоор баталсан дүрэм хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ба нэхэмжлэгчийн хувьд компанийн дүрэмд заасан хувьцааны хувь хэмжээнд өөрчлөлт оруулсан гэж маргаагүй. Харин Компанийн гүйцэтгэх захирал эрх хэмжээгээ хэтрүүлж Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд хувьцаа эзэмшигчдийн хувьцааны тоо хэмжээнд өөрчлөлт оруулж, ногдол ашгийг дутуу хуваарилсан тул компанийн зүгээс хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчихгүй байхыг Б.Т ХХК-д даалгах шаардлагыг шүүхэд гаргасан болно.

Хоёр. Б.Т ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019.06.03-ны өдрийн ... тоот тогтоолын хавсралт, 2020.05.04-ний өдрийн ... тоот тогтоолд заасан Д.Т, Д.Ө нарын эзэмшлийн хувьцааны тоо, хэмжээнд компанийн дүрэмд заасан хэмжээгээр өөрчлөлт оруулахыг Б.Т ХХК-д даалгаж, олговол зохих ногдол агийн зөрүү 30,906,720 төгрөгийг Б.Т ХХК-аас гаргуулах шаардлагын тухайд:

1. Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д хувьцаа эзэмшигчдийн хурал ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг гаргах бөгөөд уг шийдвэрт хувьцаа бүрд ногдох ашгийн хэмжээг заана гэж заасны дагуу тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаар 2018 оны жилийн хуримтлагдсан ногдол ашгаас нэгж хувьцаанд 72.92 төгрөг, нийт 149,994,000 төгрөгийг, үүнээс Д.Бод 59,997,600 төгрөг, Д.Тд 59,997,600 төгрөг, Д.Өөд 28,438,800 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэж хувьцаа эзэмшигчдийн хурлын гараар бичсэн протоколд бүх хувьцаа эзэмшигч гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэтэл 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ногдол ашигт 40,498,380 төгрөгийг надад дансаар шилжүүлсэн бөгөөд 19,499,220 төгрөгийг дутуу шилжүүлсэн.

2. Мөн Б.Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020.05.04-ний ээлжит хурлаар тус компанийн 2019 оны жилийн хуримтлагдсан ногдол ашгаас нэгж хувьцаанд 45 төгрөг, нийт 87,750,000 төгрөгийг хуваарилахаар шийдвэрлэхдээ мөн л компанийн дүрэм болон хууль зөрчиж хувьцаа эзэмшигч Д.Тгийн 40 хувийн ногдол ашгийг 30 хувиар тооцож 35,100,000 төгрөг хуваарилах ёстой атал 23,692,500 төгрөгийг хуваарилахаар шийдвэрлэсэн болно. Өөрөөр хэлбэл 11,407,500 төгрөгийн ногдол ашгийг надад дутуу хуваарилсан. Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д хувьцаа эзэмшигчдийн хурал ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг гаргана гэж заасан атал хувьцаа эзэмшигч Д.Б, Д.Ө нар хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдахаас 1 сарын өмнө ногдол ашгийг өөрсдийн дансаар шилжүүлэн авсан нь тус компанийн гүйцэтгэх удирдлага, ашиг сонирхол нэгтэй этгээдүүдэд хувьцаа эзэмшигчдийн хурлаас давсан эрх мэдэлтэй байж хуулиас гадуур үйл ажиллагаа явуулдаг болохыг тодорхой харуулж байна. Компанийн удирдлагын зүгээс ямар үндэслэлээр ногдол ашгийн хэмжээг өөрчилсөн талаар тайлбар өгөх, улмаар хууль бус үйлдлээ залруулахыг шаардаж компанийн гүйцэтгэх захирал Д.Бод албан бичиг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл надад огт хариу ирүүлээгүй бөгөөд Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлаас тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах эрхээ зөрчигдсөн гэж үзэж байна. Иймд Б.Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019.06.03-ны өдрийн А/1901 тоот тогтоолын хавсралт, 2020.05.04-ний өдрийн 20/02 тоот тогтоолд заасан Д.Т, Д.Ө нарын эзэмшлийн хувьцааны тоо, хэмжээнд компанийн дүрэмд заасан хэмжээгээр өөрчлөлт оруулахыг Б.Т ХХК-д даалгаж, Д.Тгийн эзэмшлийн хувьцаанд ногдох 2019 оны ногдол ашгийн зөрүү 19 499 220 төгрөг, 2020 оны ногдол ашгийн зөрүү 11 407 500 төгрөг, нийт 30 906 720 төгрөгийг Б.Т ХХК-с гаргуулж өгнө үү.

Гурав. Алданги гаргуулах шаардлагын тухайд: Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.11-д зааснаар компани ногдол ашгаа хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хувьцаа эзэмшигчийн нэхэмжлэлээр алданги төлөх бөгөөд үүнээс компанид учирсан хохирлыг тухайн компанийн гүйцэтгэх удирдлага нөхөн төлнө гэж заасны дагуу алданги 15 453 360 төгрөгийг төгрөгийг гүйцэтгэх захирал Д.Боос гаргуулахаар нэхэмжилж байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.07-ны өдрийн 101/Ш32020/18826 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлд дурдсан хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Д.Боос алданги шаардсан үндэслэл тодорхойгүй гэж үзжээ. Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд Компанийн дүрэмд заасан Хувьцаа эзэмшигчдийн эзэмшлийн хувьцааны хувь хэмжээний талаар Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцээгүй, өөрчлөлт ороогүй атал тус компанийн Гүйцэтгэх захирал Д.Б нь эрх мэдлээ ашиглан дур мэдэн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд өөрчлөлт оруулаад байгаа нь Гүйцэтгэх захирлын ажил үүрэгтэй шууд холбоотой тул алданги гаргуулах шаардлагыг Б.Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бод холбогдуулан гаргасан болно. Түүнчлэн, шүүх алдангийг хариуцагч Д.Боос гаргуулах шаардлагад хамаарах хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж байх тул уг шаардлагын үндэслэл тодорхойгүй гэжээ. Нэхэмжлэгч 1/ иргэн Д.Бод холбогдуулж биш, гүйцэтгэх захиралд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. 2/ нэхэмжлэгч буруутай этгээдээс хохирлыг гаргуулах зарчмыг баримталсан. Жич: Ногдол ашгийн зөрүү 19,499,220 төгрөгийн тухайд алдангийн хэмжээг ногдол ашгийг шилжүүлсэн хугацаа буюу 2019.06.06-ны өдрөөс тооцоход 97,496 х 483 хоног - 47,090,568 төгрөг, 11,407,500 төгрөгийн тухайд ногдол ашгийг шилжүүлсэн хугацаа буюу 2020.05.15-ны өдрөөс тооцоход 57,037x140 хоног=7,985,180 төгрөг болж гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримталж алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 15,453,360 төгрөг гэж тооцсон болно.

Дөрөв. Б.Т" ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2014.04.01-ний өдөр хуралдуулаагүй болохыг тогтоолгох шаардлагын тухайд: Б.Т ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурлын 2012 оны 01 дүгээр 18-ны өдрийн А/024 тоот шийдвэрээр тус компанийн үндсэн хөрөнгийг Худалдаа хөгжлийн банкны барьцаанд тавьж 800,000 ам.долларын зээл авахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн зорилго нь компанид хөрөнгө оруулалт хийх байсан бөгөөд хувьцаа эзэмшигч Д.Б, Д.Т нарт тухайн хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрч, хөрөнгө оруулалттай холбоотой бүх үйл ажиллагааг Д.Бод хариуцуулсан байна. Д.Б нь тус компаниас Компанийн эргэлтийн хөрөнгө оруулалт-ын зориулалтаар 2011.11.09-ний өдөр 100 000 ам.доллар, 2011.11.17-ны өдөр 200 000 ам.доллар, 2011.12.07-ны өдөр 300 000 ам.доллар, 2012.01.19-ний өдөр 200 000 ам.доллар, нийт 800 000 ам.долларыг 1.1%-ийн хүүтэй зээлснийг 2012.01.18-ны өдрийн Б.Т ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн №1 тоот зээлийн гэрээгээр, 2012.02.07-ны өдрийн №1 тоот зээлийн гэрээний хавсралтаар 2012.01.30-ны өдөр 200 000 ам.доллар, зээлийн нийт дүн 1 000 000ам.доллар болсныг баталгаажуулсан. Зээлийн төлбөрөөс 2014.01,01-ний өдөр 400,000 ам.доллар, 2014.08.01-ний өдөр 400,000 долларыг тус тус төлж барагдуулахаар график гаргасан хэдий ч уг мөнгө компанийн эргэлтийн хөрөнгөнд ашиглагдаагүй, эргэн төлөлт огт хийгдээгүй төдийгүй компанид 1,000,000 ам.долларын хохирол учруулсан. Дээрх зээлийн төлбөрийг компанийн авлагаас хасалт хийхийн тулд хувьцаа эзэмшигч, захирал Д.Б нь 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, 1,000,000 ам.долларыг компанийн найдваргүй авлага гэж тооцсон шийдвэр гаргасан мэтээр санхүүгийн баримт бүрдүүлсэн байдаг. Иймд 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б.Т ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдаагүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 40 хувийн эзэмшигчийн эрхийг зөрчихгүй байхыг даалгана. 2019.6.3 өдрийн болон 2020.5.4 өдрийн тогтоолд заасан эзэмших хувьд өөрчлөлт оруулахыг даалгаж, 2019 болон 2020 онд олгосон ногдол ашгийн зөрүү болон алданги гаргуулна. Мөн 2014 онд хурал болоогүйг тогтоолгоно. Баясахыг 1999 онд 3 хувьцаа эзэмшигчтэй байгуулагдсан. Батболд, Өлзиймөнх нар нь нэг гэр бүлийн хүмүүс. Нэхэмжлэгч нь хувьцаагаа бусдад шилжүүлээгүй байхад түүний эзэмших хувийг бууруулсан тул эрхийг зөрчихгүй байхыг даалгуулна. Улмаар хувьцааны хувь буурч ногдол ашиг дутуу олгогдсон. Хуулиар хувьцаанд ногдох мөнгийг тодорхойлсон. Дутуу шилжүүлсэн мөнгөний баримтыг хэрэгт өгсөн. Улмаар дутуу мөнгө шилжүүлсэн тул нягтлангаас асуухад захирал ингэж шилжүүл гэсэн гэдэг. Улмаар бичгээр энэ талаар асуусан боловч хариу ирүүлээгүй. Энэ нь 2020 онд дахин давтагдсан. 3 хувьцаа эзэмшигч нь адил төрлийн энгийн хувьцаа эзэмшдэг. Алдангийг Компанийн тухай хуулийн 46.11-д зааснаар гүйцэтгэх удирдлага нөхөн төлөхөөр байгаа юм. Алданги нь хуульд зааснаас хэтэрсэн тул 50 хувиар тооцсон. 2014 онд компанийн үндсэн хөрөнгийг банканд тавьж барьцаалсан. Улмаар Д.Б нь нэмж 200 мянган доллар зээлж нийт 1 сая доллар болсон. Гэвч энэ мөнгийг буцаан төлөөгүй бөгөөд бусад хувьцаа эзэмшигчийг дарамталж хурал хийсэн мэт дүр эсгэж өрөө найдваргүй авлагад шилжүүлсэн. Улмаар ил тод байдлын хуулиар завшсан гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын бүртгэлээс ирсэн лавлагаагаар нэхэмжлэлийн үндэслэл нотлогдоно. Дүрмийг гүйцэтгэх захирал нь батлуулах ажиллагаа хийгдсэн. Шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээ зөрчиж байна. Анхнаасаа 40, 40, 20 гэсэн харьцаагаар хуваарилагдаж байсан. Нотлох баримтаар энэ талаар байдаг. 2015 он, 2014 онд хурал болсон мэтээр улсын бүртгэлд баримт өгсөн байдаг. Үүгээр Батболд нь өөрийгөө үүргээс чөлөөлсөн байдаг. Зээлдэгч Батболд нь байхад ямар ч хуулиар найдваргүй авлагад тооцохгүй. Хуулиар эрүүгийн журмаар шалгахгүй тул хурал болоогүйг тогтоолгох шаардлагатай. Улсын бүртгэлд байгаа бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ. Үүгээр 40, 40, 20 гэж байгаа юм. Сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрээр 40, 40, 20 гэдгийг тогтоосон шийдвэр магадлал хуулийн хүчин төгөлдөр байна. Батболд нь өөрийн эрх ашиг нь хөндөгдөөгүй байхад сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Хууль зүйн үндэслэлгүй юм гэв.

 

Хариуцагч нарын төлөөлөгч Б.Э нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Тгийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Д.Т, Д.Ө, Д.Б нар нь төрсөн эгч дүү, эхнэр нөхрийн харилцаатай хүмүүс болно. Б.Т ХХК нь анх 1999 оны 01 дүгээр сарын 15-нд 3 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж улсын бүртгэлд бүртгүүлснээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Компани үүсгэн байгуулах тухай анхны бүртгүүлсэн гэрээ, дүрмээр Д.Б 40%, Д.Ө 30%, Д.Т 30%-ийн хувьцааг эзэмшихээр тохиролцон батлуулж байсныг улсын бүртгэлийн архивын лавлагаагаар тогтоогдоно. Үүнээс хойш Б.Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хувь хэмжээнд өөрчлөлт оруулсан хувьцаа эзэмшигчдийн хурал огт болоогүй, Д.Ө, Д.Т нар хувьцаагаа худалдах, бэлэглэх санал компанид гаргаж байгаагүй болно. Компани болон Д.Б нь улсын бүртгэлээс архивын дэлгэрэнгүй лавлагааг авч үзэхэд 2001 он, 2004 он, 2012 онуудад Д.Т нь компанийн гэрээ, дүрмийг хууль бусаар өөрчлөн бүртгүүлсэн байсныг олж мэдсэн. Д.Т нь компанийн бүх бичиг баримтыг хариуцаж байсан ба эрх мэдлээ ашиглан хууль бус үйлдэл хийсэн байсан. 2019 онд хувьцаа эзэмшигчдийн хурал хийх үеэр компанийн 30%-ийн хувьцаа эзэмшигч Д.Ө өөрийн өмчлөлийн хувьцааны хувь хэмжээнд хууль бусаар өөрчлөлт орсныг, өөрийн хувьцаагаа Д.Тд худалдаагүй, бэлэглээгүй, шилжүүлээгүй байхад 20% болгон бууруулж бүртгүүлснийг сая мэдсэн, гомдолтой, зохих хуулийн байгууллагад хандана, миний хувьцааны 30%-д ногдох хэмжээгээр ногдол ашгийг хуваарилуулж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу Д.Өөд хувьцааны 30%-д оногдох ногдол ашгийг хуваарилсан байдаг. Мөн 2020 оны ногдол ашгийг 30%-р гаргуулж өгөх хүсэлтийг Өлзиймөнх гаргасан тул хуваарилсан байдаг. Компанийн анхны үүсгэн байгуулсан гэрээ, дүрэмд заасан хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хувь хэмжээ өөрчлөгдөөгүй, ногдол ашгийг хугацаанд нь хувьцаа эзэмшигчдэд олгосон тул алданги төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Б.Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2014.04.01-ний өдөр хуралдсан бөгөөд хувьцаа эзэмшигч Д.Т нь оролцож шийдвэр гарган хурлын тогтоолд гарын үсгээ зурсан байдаг. Энэ талаар нэхэмжлэгч тал өөрөө нотлох баримтаа гарган нотлох байх. Д.Тгийн танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас харахад өөрийн хувьцаагаа 40% болгосон хууль бус үйлдлээ шүүхээр зөвтгүүлэх гэсэн оролдлого гэж харагдаж байна. Иймд компанийн 30%-ийн хувьцаа эзэмшигч Д.Өийн эрх, ашиг сонирхол нь ноцтой зөрчигдөж байгаа тул Д.Тгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, түүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү

Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Баясах нь 1999 онд байгуулагдсан. Эхнэр нөхөр эгчийн дүүгийн харьцаатай хүмүүс юм. Анх л 40, 30, 30 хувь эзэмшдэг байсан. 2019 оны 6 сард ногдол ашиг хуваах шийдвэр гараад энэ үед Өлзиймөнх, Батболд нар нь хувьцаанд өөрчлөлт орсныг мэдсэн. Улмаар улсын бүртгэлээс лавлагаа авч үзэхэд өөрчлөлт орсон байсан. Ингээд Өлзиймөнх хүсэлт гаргаснаар 30 хувиар ногдол ашиг олгосон. 2020 онд мөн адил ингэж олгосон. Нэхэмжлэгч нь бусдаас зөвшөөрөл авахгүйгээр гарын үсгийг дуурайлган зурдаг байсан. 2014 онд ил тод байдлын хууль батлагдсантай холбоотойгоор хувьцаа эзэмшигчийн хурал болсон. 2014 оны хурал болсон. Нэхэмжлэгч нь мөн гарын үсэг зурсан. Дарамтад орж гарын үсэг зурсан гэж байна. Гэтэл энэ талаар баримт байхгүй. 1999 оны дүрэмд өөрчлөлт ороогүйг тогтоолгоно. Энд 40, 30, 30 гэж байдаг. Үүнээс хойш ямар нэг өөрчлөлт ороогүй. 2001, 2004, 2012 онд дүрэм өөрчилсөн байдаг. Ингэхэд нэхэмжлэгч дүрмийг бүртгүүлсэн. Ингэхдээ Өлзиймөнхийн хувьцаанд өөрчлөлт оруулсан. Хэрэв хувьцаагаа өөрчлөх бол Батболдод мэдэгдэх ёстой байсан. Хэрэв мэдэгдсэн бол Батболд бас авах боломжтой байсан гэв.

 

Хариуцагч Д.Б нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Т ХХК нь 1999 оны 01 дүгээр сарын 15-нд гурван гишүүнтэйгээр анх үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд зохих ёсоор бүртгүүлснээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Компанийн хувьцааны 40%-ийг Д.Б, 30%-ийг Д.Ө, 30%-ийг Д.Т нар эзэмшдэг. Өнөөдрийг хүртэл хувьцаа эзэмшигчид албан ёсоор хуралдаж, хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хувь хэмжээнд өөрчлөлт оруулаагүй байдаг. 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас өмнө УБЕГ-аас дэлгэрэнгүй лавлагаа авч үзэхэд 2001 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, 2004 оны 06 дугаар сарын 08-ны өдөр, 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хууль бусаар дүрэмд өөрчлөлт оруулж, Д.Ө, Д.Т нарын эзэмшлийн хувьцааны хувь хэмжээ өөрчлөгдөн бүртгэгдсэн байхыг мэдсэн. Б.Т ХХК-ийн бичиг баримтуудыг тухайн үед хувьцаа эзэмшигч Д.Т нь хариуцаж байсан бөгөөд үндсэн эх хувиуд алга болсон байдаг. Тухайн үеийн хууль тогтоомжид өөрчлөлт орж компанийн дүрмийг шинэчлэн бүртгүүлэх шаардлагатай болсон үеийг Д.Т нь овжин ашиглаж дүрмийг хууль бусаар өөрчилсөн байна. Энэ нь компанийн эрх ашиг, хувьцаа эзэмшигчдийн эрх, ашиг, сонирхол, иргэний хууль, компанийн тухай хууль, Б.Т ХХК-ийн дүрмийг ноцтой зөрчсөн үйлдэл болно. Компанийн хувьцаа эзэмшигч Д.Ө, Д.Т нар хувьцаагаа худалдах, бэлэглэх талаар компанидаа санал гаргаж байгаагүй бөгөөд энэ талаарх хувьцаа эзэмшигчдийн хурал огт болж байгаагүй болно. Иймд Б.Т ХХК-ийн 1999 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн үүсгэн байгуулах гэрээ, дүрмээр тогтоосон, хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хувь хэмжээнд өөрчлөлт оруулаагүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Т нь сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Б.Т ХХК-ийн 1999.01.15-ны өдрийн үүсгэн байгуулсан гэрээ, дүрмээр тогтоосон хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хувь хувь хэмжээнд өөрчлөлт оруулаагүй болохыг тогтоолгох шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргасныг үндэслэлгүй гэж үзэж дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Д.Т нь Б.Т ХХК болон гүйцэтгэх захирал Д.Б нарт холбогдуулан хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчихгүй байхыг даалгах, ногдол ашгийн зөрүү болон алданги гаргуулах, 2014.04.01-ний өдөр Б.Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулаагүй болохыг тогтоолгох шаардлагыг тус тус гаргасан. Д.Бын гаргасан Б.Т ХХК-ийн 1999.01.15-ны өдрийн үүсгэн байгуулсан гэрээ, дүрмээр тогтоосон хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хувь хэмжээнд өөрчлөлт оруулаагүй болохыг тогтоолгох шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчийн зүгээс гаргасан тайлбар, татгалзал байх тул энэхүү шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх боломжгүй юм. Энэ нь зөвхөн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг саатуулах гэсэн үйлдэл байна. Дээрх үндэслэлээр сөрөг гэх нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Р.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б миний бие нэхэмжлэгч Д.Т болон хариуцагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаар дараах тайлбарыг хийж байна. Үүнд:

Д.Тгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаар. Д.Ө нь нөхөр Д.Б, төрсөн эгч Д.Т нарын хамт 1999 онд 3 гишүүнтэй, нийт хувьцааны 40 хувийг Д.Б, 30 хувийг Д.Т, 30 хувийг миний бие эзэмшихээр анх Б.Т ХХК-ийг үүсгэн байгуулж энэ тухай компанийн дүрэмдээ тодорхой зааж улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тэр цаг үеэс хойш Д.Ө нь өөрийнхөө хувьцааг хэн нэгэн этгээдэд худалдан борлуулах, бэлэглэх, зэргээр шилжүүлээгүй бөгөөд ийм асуудлын талаар ямар нэгэн яриа хөөрөө өнгөрсөн хугацаанд огт болоогүй байна. Д.Ө нь өөрийн хувьцааны тоо 10 хувиар буурч өөрчлөгдсөнийг өмнө нь огт мэдээгүй ба түүний эгч Д.Тг шүүхэд хувьцааны талаар маргаан үүсгэснээс улсын бүртгэлээс гаргаж өгсөн нотлох баримтаас мэдсэн байна. Д.Т нь Д.Өийн хувьцааг шилжүүлэн авахдаа түүнд огт мэдэгдэлгүйгээр компанийн дүрэм өөрчлөх нэрийн дор 2001.02.10-нд баталсан компанийн дүрмээр 5 хувийг, 2004.04.01-ний өдөр баталсан компанийн дүрмээр 5 хувийг өөрийнхөө нэр дээр болгосон байна. Ингээд 2012.06.15-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын А/418 тоот тогтоол, түүний нэгдүгээр хавсралтаар баталсан. Компанийн дүрэмдээ дээрх хууль бус үйлдлээ баталгаажуулсан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Компанийн дүрэм баталсан дээрх хувьцаа эзэмшигчдийн хуралд Д.Ө нь биечлэн оролцоогүй, түүнд хурал болох талаар албан ёсоор мэдэгдэж байгаагүй тул Д.Тгийн хууль бус үйлдлийг мэдэх боломжгүй байсан. Түүнчлэн Д.Тгийн шүүхэд өгсөн болон бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн нотлох баримтуудаас харахад уг тогтоол болон компанийн дүрэмд Д.Өийн гарын үсгийг дуурайлган зурсан байна. Д.Ө нь өөрийн нөхөр болон төрсөн эгчдээ итгэн компанийн үйл ажиллагаанд биечлэн оролцолгүй өдийг хүрсэн бөгөөд өөрийнхөө төрсөн эгчийг компанийн удирдах эрхийг хэрэгжүүлэх явцдаа түүнд мэдэгдэлгүй түүний хувьцаанаас дур мэдэн өөрийнхөө нэр дээрээ шилжүүлснийг хууль бус үйлдэл гэж үзэж байна. Хэрэв Д.Ө нь өөрийн хувьцаанаас бусдад өөрийн хүсэлт зоригийн дагуу шилжүүлсэн бол энэ тухай холбогдох нотлох баримтууд нь улсын бүртгэлийн байгууллагад албан ёсоор бүртгэгдсэн, түүний нөхөр Д.Б ч мэдсэн байх ёстой билээ. Гэтэл улсын бүртгэлийн байгууллагад тийм баримт байхгүй, хариуцагч Д.Б ч энэ талаар огт мэдэхгүй байгаа нь Д.Тгийн хууль бус үйлдлийг давхар нотолж байна гэж үзэж байна. Иймд Д.Тгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн талаар. Гуравдагч этгээдийн зүгээс өөрийн өмчлөлийн 30 хувийн хувьцаанаас хэн нэгэнт ямар нэгэн байдлаар шилжүүлээгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна.

Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 30 хувийн ногдол ашгийн талаар 2019 онд ногдол ашиг хуваах үед мэдсэн. Нэхэмжлэгчийг 40 хувь гээд шийдвэл гуравдагчийн 10 хувь яригдах ёстой. Гуравдагчийг оролцуулалгүйгээр хувьцааг нь шилжүүлээд авсан байдаг. Дүрэм батлах нэрийн дор 5, 5 хувиар хувьцааг нь авчихсан байдаг. Энэ нь хууль бус юм. 2001, 2004, 2012 онд дүрэм батлахад оролцоогүй гарын үсэг биш гэдгийг тогтоолгох хүсэлтэй. Хүсэлтийг аль ч үед гаргах боломжтой тул бүрэлдэхүүнээс татгалзаж байна. Эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан боловч авсангүй. Дүрэм дээр нэхэмжлэгч өөрөө гарын үсэг зурсан боловч хүчингүй гээд байна. Улсын бүртгэлд бүртгэгдсэн л бол үнэн зөв гэнэ. Нэхэмжлэгч тал нь эсрэг зүйл яриад байна. Батболдод энэ нь хамаатай. Учир нь гэр бүл тул хувь багасвал гэр бүлийн хөрөнгө яригдана. Гэтэл нэхэмжлэгчид хувь өгсөн баримтгүй байхад өөр зүйл ярьж байна. Гуравдагч нь эгчдээ итгэсэн. Д.Б нь мөн адил хамт бизнес хийж байсан тул итгэсэн. Нэхэмжлэгч нь удирдлага хэрэгжүүлж байсан. Итгэж байхад хувийг нь авчихсан байсан. Шүүхэд шударга л байх ёстой. Эрдэнэсүрэн гэж хүн нөлөөлөөд захиргаанаас нэхэмжлэлээ татаад авчихсан тул иргэний шүүхэд хандахаас аргагүй болсон. Гуравдагчийн 30 хувь нь эхэлж шийдэгдэх ёстой тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй, сөргийг хангаж өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Т нь хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчихгүй байх, хувьцаа эзэмшигчийн хурлын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаар тогтоолын хавсралт, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн .... дугаар тогтоолд заасан Д.Т, Д.Ө нарын эзэмшлийн хувьцааны тоо, хэмжээнд компанийн дүрэмд заасан хэмжээгээр өөрчлөлт оруулахыг тус тус хариуцагч Б.Т ХХК-д даалгах, 2019 онд олгосон ногдол ашгийн зөрүүнд 19,499,220 төгрөг, 2020 онд олгосон ногдол ашгийн зөрүүнд 11,407,500 төгрөг, нийт 30,906,720 төгрөгийг хариуцагч Б.Т ХХК-с гаргуулах, хариуцагч Д.Б-оос олгогдоогүй ногдол ашгийн алданги буюу гэм хорын хохиролд 15,453,360 төгрөг гаргуулах, Б.Т ХХК-ийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаагүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.Т ХХК, Д.Б нар нь хуулийн этгээдийг анх үүсгэн байгуулахад нэхэмжлэгч нь 30 хувийн эзэмшилтэй байсан бөгөөд түүний эрхийг зөрчсөн зүйлгүй, харин нэхэмжлэгч нь гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлж байхдаа хууль бусаар эзэмших хувь хэмжээг өөрчилсөн болохыг 2019 онд мэдсэн, 2014 онд хувьцаа эзэмшигчдийн хурал болж маргаж буй асуудлыг шийдвэрлэж, нэхэмжлэгч гарын үсэг зурсан хэмээн маргаж, улмаар үүсгэн байгуулснаас хойш дүрэмд өөрчлөлт ороогүй тул 1999 оны хуулийн этгээд үүсгэн байгуулах дүрмээр тогтоосон хувьцааны хувь хэмжээ хүчин төгөлдөр болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Ө нь хуулийн этгээд үүсгэн байгуулах үед нэхэмжлэгч нь 30 хувийн эзэмшилтэй байсан, гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлж байхдаа хууль бусаар миний эзэмших хувь хэмжээг өөрчилсөн болохыг 2019 онд мэдсэн гэж хариуцагч нарыг дэмжсэн.

Улмаар гуравдагч этгээдийн төлөөлөгч нь бие даасан шаардлагыг хүлээн авахаас, шинжээч томилох хүсэлтийг хангахаас тус тус татгалзсантай холбогдуулан шүүх бүрэлдэхүүнийг татгалзах тухай тайлбар гаргасан.

 

Шүүх хуралдаан даргалагчаас хуралдааныг нээж, хуульд зааснаар шүүх хуралдааны дэгийг танилцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан эрхийг тайлбарлан өгч, татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг лавласан. Шүүх хуралдаанд оролцогчид татгалзан гаргах хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдаан үргэлжилж, гуравдагч этгээдийн төлөөлөгч нь бие даасан шаардлага болон шинжээч томилох хүсэлтээ дэмжиж байгаа тухай тайлбар гаргасан. Улмаар шүүх хуралдааныг завсарлуулан бие даасан шаардлагыг хянаж, хүсэлтийг хэлэлцэж, тус тус хүлээн авахаас татгалзах тухай шүүхийн тогтоол гаргасан. Энэ үед гуравдагч этгээдийн төлөөлөгч нь бие даасан шаардлага болон хүсэлтийг хүлээн авахаас татгалзсантай холбогдуулан шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан.

Шүүх хуралдаан тодорхой дэг, дэс дарааллаар явагдах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасныг тайлбарласан боловч татгалзан гаргах хүсэлт гаргаагүй байна. Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар татгалзан гаргах үндэслэл тогтоогдсон тухайн үед гэж зохицуулсан боловч бие даасан шаардлага, хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан үндэслэлд хамаарахгүй юм. Учир нь бие даасан шаардлага, хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх нь шүүхэд олгосон бүрэн эрхийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой ажиллагаа юм. Мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.2 дахь заалтад үндэслэл тогтоогдсон үед гэдэг нь татгалзан гарах этгээдэд холбогдох үүргийн талаар бөгөөд харин зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ талаар мэдэгдэх тухай зохицуулалт юм. Иймд бие даасан шаардлага, хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй, өөрөөр хэлбэл татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асууж, байхгүй гэж хариулснаас хойш бие даасан шаардлага, хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол гарах хүртэл хугацаанд шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах үндэслэл бий болсон гэж үзэх боломжгүй. Эдгээр үндэслэлээр шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт нэгэнт гаргаагүй, улмаар үндэслэлгүйгээр хүсэлт гаргасан нь шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзсэн болно. Иймд шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт гаргаагүй гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Зохигч, гуравдагч этгээд нар нь Б.Т ХХК-ийн эзэмших хувийн талаар маргаж, улмаар үүний улмаас ногдол ашиг буруу хуваарилсан гэж нэхэмжлэгч нь тайлбар гаргасан. Тодруулбал, нэхэмжлэгч нь тус хуулийн этгээдийн 40 хувийг эзэмшдэг, улмаар хариуцагч Д.Б нь 40 хувь, гуравдагч этгээд нь 20 хувийг эзэмшинэ гэж тайлбарласан. Харин хариуцагч нар болон гуравдагч этгээд нь хариуцагч Д.Б-ын эзэмших хувийн талаар маргаагүй боловч нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар тус бүр 30 хувийг эзэмшдэг гэж маргаж байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 11/103..0 дугаар, 17-ны өдрийн 11/10651 дугаар албан тоотоор шүүхэд ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд бичигдсэнээр 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс хойших хугацаанд Б.Т ХХК-ийг Д.Ө 40 хувь, Д.Б 40 хувь, Д.Т 20 хувь эзэмшиж байна. /хэргийн 1 дүгээр хавтас 72-73, 176-177 дугаар тал/

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар улсын бүртгэл үнэн зөв, бодитой, заавал биелэгдэх байх зарчимтай.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь улсын бүртгэл үнэн зөв гэж тайлбар гаргасан бөгөөд улсын бүртгэлийн үнэн зөв эсэх талаар маргаан үүсгээгүй болох нь нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч тал нь 2019 оноос өмнөх онуудад нэхэмжлэгч Д.Т 40 хувиар тооцож ногдол ашиг авсан нь түүний эзэмших хувийг нотолно гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн өмнөх онуудад 40 хувиар тооцож ногдол ашиг авч байсан гэх тайлбар нь Б.Т ХХК-ийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 147/232 дугаар албан тоот, түүний хавсралт, 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 147/234 дугаар албан тоот, түүний хавсралтаар тогтоогдсон. /хэргийн 2 дугаар хавтас 88-91 дүгээр тал/

Гэвч ийнхүү ногдол ашгийг хэрхэн хуваарилсан нь бодит байдалд хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчдын эзэмших хувь, хэмжээг нотлохгүй. Өөрөөр хэлбэл, тухайн үед үүсгэн байгуулагч нар ямар хувь, хэмжээгээр ногдол ашиг авсан нь эзэмших хувийг тогтоохгүй бөгөөд эзэмших хувийг тогтоох нь хувьцаа эзэмшигчдийн хурлын эрхэд хамаарах асуудал юм.

Тодруулбал, Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.2-т зааснаар хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчдын эзэмших хувьцааны хувь хэмжээг компанийн дүрмээр тогтооно.

Нэхэмжлэгч нь уг маргаж буй хуулийн этгээдийг анх 1999 онд үүсгэн байгуулахад 40 хувийг эзэмшдэг байсан бөгөөд өөрийн эзэмшлийн хувьцааг бусдад худалдаагүй, бэлэглээгүй, бусад хэлбэрээр шилжүүлээгүй гэж тайлбарласан. Гэвч нэхэмжлэгчийн энэхүү тайлбар нь Б.Т ХХК-ийн үүсгэн байгуулагчдын 99/01 дугаар хурлын протокол, тус хуулийн этгээдийн үүсгэн байгуулах тухай гэрээгээр үгүйсгэгдсэн. /хэргийн 1 дүгээр хавтас 121-123 дугаар тал/ Тодруулбал, энэхүү үүсгэн байгуулах гэрээнд зааснаар компанийн дүрмийн сан 10,000,000 төгрөг бөгөөд Д.Б 4,000,000 төгрөг, Д.Т 3,000,000 төгрөг, Д.Ө 3,000,000 төгрөг эзэмшихээр заажээ. Иймд Б.Т ХХК-ийг үүсгэн байгуулах үед Д.Б 40 хувь, Д.Ө 30 хувь, Д.Т 30 хувийг эзэмшиж байсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Түүнчлэн хариуцагч нарын төлөөлөгч нь нэхэмжлэгч Д.Тг 30 хувь эзэмшдэг болох нь гуравдагч этгээд Д.Өийн шүүхэд гаргасан тодорхойлолтоор тогтоогдоно гэж тайлбарласан. /хэргийн 2 дугаар хавтас 98 дугаар тал/ Гэвч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч нар нь Компанийн тухай хуульд заасан дээрх үндэслэлээр бусдын эзэмших хувийг тодорхойлохгүй тул хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Үүнээс гадна хувьцаа эзэмшигчдийн хурлын 2012 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 16А/060 дугаар тогтоолын хавсралт гэсэн боловч баталгаажуулсан сүүлийн хуудсанд 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гэсэн компанийн дүрэмд үүсгэн байгуулагчдын эзэмших хувийг Д.Б 40 хувь, Д.Т 40 хувь, Д.Ө 20 хувь гэсэн байна. Гэвч Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар хуулийн этгээдийн дүрмийг хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар батлах тул уг дүрэмд Д.Т гарын үсэг зурж, бусад гишүүд гарын үсэг зураагүй байгаа нь энэхүү дүрмийг хүчин төгөлдөр үзэхгүй юм. Мөн энэхүү дүрэмд зааснаар үүсгэн байгуулагчдын эзэмших хувь хэмжээнд өөрчлөлт оруулахад үндэслэл болох гэрээ, хэлцэл хэрэгт авагдаагүй бөгөөд ийм хэлцэл хийгдээгүй гэж зохигч болон гуравдагч этгээд нар тайлбарласан.

 

Гуравдагч этгээдийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг 2 удаагийн үйлдлээр тус бүр 5 хувийг хууль бусаар өөрийн эзэмшилд авч эрх зөрчсөн гэж тайлбарласан. Б.Т ХХК-ийн 2001 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дүрмээр Д.Б 40 хувь, Д.Т 35 хувь, Д.Ө 25 хувь гэж, 2004 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дүрмээр Д.Б 40 хувь, Д.Т 40 хувь, Д.Ө 20 хувь эзэмших талаар заажээ. /хэргийн 1 дүгээр хавтас 116-120, 2 дугаар хавтас 1-6 дугаар тал/

Гэвч гуравдагч этгээд нь ийнхүү шилжүүлснийг мэдээгүй, хууль бус гэж маргасан бөгөөд 1999 онд анх үүсгэн байгуулагдах үед эзэмшиж байсан 30 хувиас нийт 10 хувийг нэхэмжлэгчид шилжүүлсэн баримт буюу хэлцэл хэрэгт авагдаагүй. Харин нэхэмжлэгч нь хурлын тэмдэглэлээр шилжүүлсэн үйл баримт тогтоогдоно гэж тайлбарласан боловч улсын бүртгэлийн байгууллагаас энэ талаарх баримтыг ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч өөрийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй.

 

Хуулийн этгээдийн хувьцаа нь эзэмшиж буй этгээдийн эд хөрөнгөд хамаарах бөгөөд аливаа эд хөрөнгөний өмчлөх эрх нь Иргэний хуульд заасан хэлцлийн үндсэн дээр шилждэг. Мөн эд хөрөнгөний өмчлөгч нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өөрийн эд хөрөнгийг бусдын эрхийг зөрчихгүйгээр ашиглаж, эзэмшиж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй юм.

Эдгээрээс гуравдагч этгээд Д.Ө нь өөрийн эзэмшиж байсан 30 хувиас 10 хувийг нэхэмжлэгч Д.Тд шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 06622 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч Д.Т нь 40 хувь эзэмшдэг болох нь тогтоогдсон тул дахин нотлохгүй гэж тайлбарласан. /хэргийн 1 дүгээр хавтас 181-186 дугаар тал/

Гэвч энэхүү шийдвэрээр үүсгэн байгуулагчдын өнөөгийн эзэмших хувийг тодорхойлж, дүгнээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Б.Т ХХК нь нэхэмжлэгч Д.Тгийн хувьцаа эзэмших эрхийг зөрчсөн, ногдол ашиг хуваарилах тухай 2019, 2020 оны тогтоол буруу гарсан, улмаар ногдол ашиг дутуу хуваарилсан талаарх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Хэдийгээр улсын бүртгэлээр нэхэмжлэгч Д.Т нь 20 хувь эзэмшиж байх боловч зохигч, гуравдагч этгээд маргаагүй үйл баримт болох 2019, 2020 онуудад нэхэмжлэгч Д.Т нь 30 хувийн ногдол ашиг авсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

 

Нэхэмжлэгч нь ногдол ашиг дутуу хуваарилсан гэх үндэслэлээр Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.11-д заасан үндэслэлээр алданги буюу гэм хорын хохирлыг хариуцагч Д.Бод холбогдуулан нэхэмжилсэн.

Хуулийн дээрх заалт нь хэрэв хуулийн этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт заасан хугацаанд ногдол ашиг тараагаагүй тохиолдолд хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээдээс алданги шаардах эрхийг зохицуулжээ. Улмаар хуулийн этгээд нь өөрт учирсан хохирлыг гүйцэтгэх удирдлагаас шаардах эрхийг мөн заасан.

Өөрөөр хэлбэл, ногдол ашгийг дутуу хуваарилсан тохиолдолд аливаа хувьцаа эзэмшигч нь гүйцэтгэх удирдлагаас алданги шаардах эрхтэй гэсэн зохицуулалт биш юм.

Мөн дээрх үндэслэлээр нэхэмжлэгчид ногдол ашиг дутуу олгоогүй байх тул нэхэмжлэгч нь өөрт хохирол учирсан гэж алданги шаардах эрхгүй бөгөөд хариуцагч Д.Б нь гүйцэтгэх захирал гэх албан тушаалтны хувьд нэхэмжлэгч Д.Тд хувьцааны эрхийн талаар гэм хор учруулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд алданги буюу гэм хорын хохирол шаардсан нэхэмжлэлийг шаардлага үндэслэлгүй.

 

Үүнээс гадна нэхэмжлэгч тал нь хариуцагч Д.Б болон гуравдагч этгээд Д.Ө нар нь ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарахаас өмнө өөрт хуваарилж авсан гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбар нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй.

 

Нэхэмжлэгчийн Б.Т ХХК-ийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаагүй болохыг тогтоолгох тухай шаардлагын хувьд тухайн үед хувьцаа эзэмшигч нар хуралдсан болох нь Б.Т ХХК-ийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 15А/232 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 2 дугаар хавтас 105 дугаар тал/

Энэхүү тогтоолд нэхэмжлэгч болон бусад хувьцаа эзэмшигч нар гарын үсэг зурсан эсэх талаар хэн аль нь маргаагүй.

Улмаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь хүч хэрэглэхээр заналхийлэх замаар гарын үсэг зуруулсан гэж тайлбарласан боловч өөрийн тайлбарыг нотлоогүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Мөн тухайн үед энэ талаар цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол гаргаагүй болох нь шүүх хуралдаанд оролцогчдын тайлбараар тогтоогдсон. Иймд энэхүү шаардлага үндэслэлгүй.

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд маргаж буй хуулийн этгээдийг үүсгэн байгуулах дүрэмд өөрчлөлт оруулаагүй гэх үндэслэл заасан. Гэвч тус хуулийн этгээдийн дүрэм нь 2002, 2004, 2007, 2012 онуудад өөрчлөлт орж байсан болох нь Б.Т ХХК-ийн 35/4079 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон. /хэргийн 1 дүгээр хавтас 243-244, 73, 177 дугаар тал/ Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь бие даасан шаардлага бус харин үндсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбарын үндэслэл шинжтэй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтийг хангасан шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 21250 дугаар захирамжаар улсын бүртгэлийн байгууллагаас Б.Т ХХК-ийн хувийн хэрэгт байгаа гэх бүхий л баримтыг нотлох баримтын шаардлага хангуулж, гаргуулсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэдийгээр иргэдийн төлөөлөгч Б.Амгалан нь нэхэмжлэгч нь Б.Т ХХК-ийн 40 хувийг эзэмшиж байгаа талаар санал гаргасан боловч энэ нь дээр дурдсанаар хууль зүйн хувьд үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн санал нь энэ шийдвэрийн үндэслэл болох боломжгүй байсныг тэмдэглэж байна.

 

Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.            Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 34 дүгээр зүйлийн 34.1.2, 46 дугаар зүйлийн 46.11, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Т ХХК, Д.Б нарт холбогдох хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчихгүй байх, хувьцаа эзэмшигчийн хурлын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/1901 дугаар тогтоолын хавсралт, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 20/02 дугаар тогтоолд заасан Д.Т, Д.Ө нарын эзэмшлийн хувьцааны тоо, хэмжээнд компанийн дүрэмд заасан хэмжээгээр өөрчлөлт оруулахыг тус тус хариуцагч Б.Т ХХК-д даалгах, 2019 онд олгосон ногдол ашгийн зөрүүнд 19,499,220 төгрөг, 2020 онд олгосон ногдол ашгийн зөрүүнд 11,407,500 төгрөг, нийт 30,906,720 төгрөгийг хариуцагч Б.Т ХХК-с гаргуулах, хариуцагч Д.Боос олгогдоогүй ногдол ашгийн алданги буюу гэм хорын хохиролд 15,453,360 төгрөг гаргуулах, Б.Т ХХК-ийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаагүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.Т-гийн нэхэмжлэл, нэхэмжлэгч Д.Т-д холбогдох 1999 оны хуулийн этгээд үүсгэн байгуулах дүрмээр тогтоосон хувьцааны хувь хэмжээ хүчин төгөлдөр болохыг тогтоолгох тухай хариуцагч Д.Б-ын сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 600,350 төгрөг, хариуцагч Д.Б-ын 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Б.ЦОЛМОНГЭРЭЛ