Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00637

 

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00637

 

 

 

Д.Т-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/00519 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Т-гийн нэхэмжлэлтэй, БТ ХХК болон Д.Б-од холбогдох

Хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчихгүй байх, хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/1901 дугаар тогтоолын хавсралт, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 20/02 дугаар тогтоолд заасан Д.Т-, Д.Ө- нарын эзэмшлийн хувьцааны тоо, хэмжээнд компанийн дүрэмд заасан хэмжээгээр өөрчлөлт оруулахыг тус тус хариуцагч БТ ХХК-д даалгах, 2019 онд олгосон ногдол ашгийн зөрүүнд 19 499 220 төгрөг, 2020 онд олгосон ногдол ашгийн зөрүүнд 11 407 500 төгрөг, нийт 30 906 720 төгрөгийг хариуцагч БТ ХХК-аас гаргуулах, хариуцагч Д.Б-оос олгогдоогүй ногдол ашгийн алданги буюу гэм хорын хохиролд 15 453 360 төгрөг гаргуулах, БТ ХХК-ийн 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаагүй болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, БТ ХХК-ийн 1999 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн үүсгэн байгуулсан гэрээ, дүрмээр тогтоосон хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хувь хэмжээнд өөрчлөлт оруулаагүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, өмгөөлөгч О.Б, хариуцагч нарын төлөөлөгч Б.Э, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Т-, Д.Б- нар БТ ХХК-ийг 1999 оны 3 дугаар сарын 25-ны өдөр анх үүсгэн байгуулсан. Тус компани гурван хувьцаа эзэмшигчтэй ба хувьцаа эзэмшигч Д.Б-, Д.Ө нар нэг гэр бүлийн, ашиг сонирхол нэгтэй этгээдүүд юм. БТ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар хувьцаа эзэмшигч Д.Б- өөрийгөө томилж, компанийн засаглалыг хэрэгжүүлэх нэрийн дор бусад хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг дутуу өгөх, өр авлага үүсгэх байдлаар хаах, компанийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй байх, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцуулалгүйгээр асуудлыг шийдвэрлэх зэргээр хууль бус ажиллагааг явуулсаар ирлээ. Тухайлбал Д.Б-, Д.Ө- нар 2016 онд хувьцаа эзэмшигч Д.Т- намайг хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцуулалгүйгээр хуралдаж, дэд захирлын албан тушаалаас маань чөлөөлж, Д.Б-ыг компанийн захирлаар томилж, улмаар компанийн дүрмийг шинэчилж, улсын бүртгэлд бүртгүүлж байсан. Тухайн үед миний бие шүүхэд хандсанаар Д.Б-ын дээрх үйл ажиллагааг хууль бус болохыг шүүх тогтоож, зөрчигдсөн эрхийг минь сэргээж байсан болно. Гэтэл Д.Б- дээрх хууль бус үйл ажиллагаагаа зогсоох нь байтугай хувьцаа эзэмшигч Д.Т-, Д.Ө- нарыг тус бүр 5 хувийн хувьцаагаа ямар ч үндэслэлгүйгээр өөртөө шилжүүлэхийг шаардаж, улмаар хувьцаа эзэмшигч Д.Т- миний 40 хувийн ногдол ашгийг дур мэдэн хасаж 30 хувь болгосон байна. Компанийн хувьцаа эзэмшигчдийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хурлын А/419 тоот тогтоолоор баталсан компанийн дүрэмд зааснаар Д.Б- 40 хувь, Д.Т- 40 хувь, Д.Ө- 20 хувийн хувьцааг тус тус эзэмшдэг. Хувьцаа эзэмшигч Д.Т-гийн зүгээс хувьцаагаа худалдах, хувьцаа эзэмших эрхээ шилжүүлэх талаар компанид мэдэгдэж байсан удаагүй, компанийн дүрэмд хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй атал хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд Д.Т-гийн эзэмшлийн 780 000 ширхэг хувьцааг бусад хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагын зүгээс дур мэдэн 585 000 болгож өөрчилсөн нь ойлгомжгүй бөгөөд хууль зөрчсөн үйлдэл юм. Иймд хувьцаа эзэмшигч Д.Т-гийн эрхийг зөрчихгүй байхыг БТ ХХК-д даалгаж өгнө үү. Мөн БТ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/1901 тоот тогтоолын хавсралт, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 20/02 тоот тогтоолд заасан Д.Т-, Д.Ө- нарын эзэмшлийн хувьцааны тоо, хэмжээнд компанийн дүрэмд заасан хэмжээгээр өөрчлөлт оруулахыг БТ ХХК-д даалгаж, Д.Т-гийн эзэмшлийн хувьцаанд ногдох 2019 оны ногдол ашгийн зөрүү 19 499 220 төгрөг, 2020 оны ногдол ашгийн зөрүү 11 407 500 төгрөг, нийт 30 906 720 төгрөгийг БТ ХХК-аас гаргуулж өгнө үү. Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.11 дэх хэсэгт заасны дагуу алданги 15 453 360 төгрөгийг төгрөгийг гүйцэтгэх захирал Д.Б-оос гаргуулахаар нэхэмжилж байна. Ногдол ашгийн зөрүү 19 499 220 төгрөгийн тухайд алдангийн хэмжээг ногдол ашгийг шилжүүлсэн хугацаа буюу 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс тооцоход 97 496 х 483 хоног = 47 090 568 төгрөг, 11 407 500 төгрөгийн тухайд ногдол ашгийг шилжүүлсэн хугацаа буюу 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс тооцоход 57 037 x 140 хоног = 7 985 180 төгрөг болж гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримталж алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 15 453 360 төгрөг гэж тооцсон болно. БТ ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2012 оны 01 дүгээр 18-ны өдрийн А/024 тоот шийдвэрээр тус компанийн үндсэн хөрөнгийг Худалдаа хөгжлийн банкны барьцаанд тавьж 800 000 ам.долларын зээл авахаар шийдвэрлэсэн. Дээрх зээлийн төлбөрийг компанийн авлагаас хасалт хийхийн тулд хувьцаа эзэмшигч, захирал Д.Б- нь 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, 1 000 000 ам.долларыг компанийн найдваргүй авлага гэж тооцсон шийдвэр гаргасан мэтээр санхүүгийн баримт бүрдүүлсэн байдаг. Иймд 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр БТ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдаагүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Т-, Д.Ө-, Д.Б- нар нь төрсөн эгч дүү, эхнэр нөхрийн харилцаатай хүмүүс болно. БТ ХХК нь анх 1999 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж улсын бүртгэлд бүртгүүлснээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Компани үүсгэн байгуулах тухай анхны бүртгүүлсэн гэрээ, дүрмээр Д.Б- 40 хувь, Д.Ө- 30 хувь, Д.Т- 30 хувийн хувьцааг эзэмшихээр тохиролцон батлуулж байсныг улсын бүртгэлийн архивын лавлагаагаар тогтоогдоно. Үүнээс хойш БТ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хувь хэмжээнд өөрчлөлт оруулсан хувьцаа эзэмшигчдийн хурал огт болоогүй, 2020 оны ногдол ашгийг 30 хувиар гаргуулж өгөх хүсэлтийг Өлзиймөнх гаргасан тул хуваарилсан байдаг. Компанийн анхны үүсгэн байгуулсан гэрээ, дүрэмд заасан хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хувь хэмжээ өөрчлөгдөөгүй, ногдол ашгийг хугацаанд нь хувьцаа эзэмшигчдэд олгосон тул алданги төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. БТ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хуралдсан бөгөөд хувьцаа эзэмшигч Д.Т- нь оролцож шийдвэр гарган хурлын тогтоолд гарын үсгээ зурсан байдаг. Иймд компанийн 30 хувийн хувьцаа эзэмшигч Д.Ө-ийн эрх, ашиг сонирхол нь ноцтой зөрчигдөж байгаа тул Д.Т-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, түүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Б- нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас өмнө УБЕГ-аас дэлгэрэнгүй лавлагаа авч үзэхэд 2001 он, 2004 он, 2012 онд хууль бусаар дүрэмд өөрчлөлт оруулж, Д.Ө-, Д.Т- нарын эзэмшлийн хувьцааны хувь хэмжээ өөрчлөгдөн бүртгэгдсэн байхыг мэдсэн. БТ ХХК-ийн бичиг баримтуудыг тухайн үед хувьцаа эзэмшигч Д.Т- нь хариуцаж байсан бөгөөд үндсэн эх хувиуд алга болсон байдаг. Тухайн үеийн хууль тогтоомжид өөрчлөлт орж компанийн дүрмийг шинэчлэн бүртгүүлэх шаардлагатай болсон үеийг Д.Т- нь овжин ашиглаж дүрмийг хууль бусаар өөрчилсөн байна. Энэ нь компанийн эрх ашиг, хувьцаа эзэмшигчдийн эрх, ашиг, сонирхол, хууль, БТ ХХК-ийн дүрмийг ноцтой зөрчсөн үйлдэл болно. Иймд БТ ХХК-ийн 1999 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн үүсгэн байгуулах гэрээ, дүрмээр тогтоосон, хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хувь хэмжээнд өөрчлөлт оруулаагүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Т- нь сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ...Д.Б-ын гаргасан БТ ХХК-ийн 1999 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн үүсгэн байгуулсан гэрээ, дүрмээр тогтоосон хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хувь хэмжээнд өөрчлөлт оруулаагүй болохыг тогтоолгох шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчийн зүгээс гаргасан тайлбар, татгалзал байх тул энэхүү шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх боломжгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Р.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ө- нь нөхөр Д.Б-, төрсөн эгч Д.Т- нарын хамт 1999 онд 3 гишүүнтэй, нийт хувьцааны 40 хувийг Д.Б-, 30 хувийг Д.Т-, 30 хувийг Д.Ө- эзэмшихээр анх БТ ХХК-ийг үүсгэн байгуулж энэ тухай компанийн дүрэмдээ тодорхой зааж улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тэр цаг үеэс хойш Д.Ө- нь өөрийнхөө хувьцааг хэн нэгэн этгээдэд худалдан борлуулах, бэлэглэх, зэргээр шилжүүлээгүй бөгөөд ийм асуудлын талаар ямар нэгэн яриа хөөрөө өнгөрсөн хугацаанд огт болоогүй байна. Д.Ө- нь өөрийн хувьцааны тоо 10 хувиар буурч өөрчлөгдсөнийг өмнө нь огт мэдээгүй ба түүний эгч Д.Т-г шүүхэд хувьцааны талаар маргаан үүсгэснээс улсын бүртгэлээс гаргаж өгсөн нотлох баримтаас мэдсэн байна. Д.Т- нь Д.Ө-ийн хувьцааг шилжүүлэн авахдаа түүнд огт мэдэгдэлгүйгээр компанийн дүрэм өөрчлөх нэрийн дор 2001 онд 5 хувийг, 2004 онд 5 хувийг өөрийнхөө нэр дээр болгосон байна. Ингээд 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын А/418 тоот тогтоол, түүний нэгдүгээр хавсралтаар баталсан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Түүнчлэн, тогтоол болон компанийн дүрэмд Д.Ө-ийн гарын үсгийг дуурайлган зурсан байна. Хэрэв Д.Ө- нь өөрийн хувьцаанаас бусдад өөрийн хүсэлт зоригийн дагуу шилжүүлсэн бол энэ тухай холбогдох нотлох баримтууд нь улсын бүртгэлийн байгууллагад албан ёсоор бүртгэгдсэн, түүний нөхөр Д.Б- ч мэдсэн байх ёстой билээ. Гэтэл улсын бүртгэлийн байгууллагад тийм баримт байхгүй, хариуцагч Д.Б- ч энэ талаар огт мэдэхгүй байгаа нь Д.Т-гийн хууль бус үйлдлийг давхар нотолж байна гэж үзэж байна. Иймд Д.Т-гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 34 дүгээр зүйлийн 34.1.2, 46 дугаар зүйлийн 46.11, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч БТ ХХК, Д.Б- нарт холбогдох хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчихгүй байх, хувьцаа эзэмшигчийн хурлын 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/1901 дугаар тогтоолын хавсралт, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 20/02 дугаар тогтоолд заасан Д.Т-, Д.Ө- нарын эзэмшлийн хувьцааны тоо, хэмжээнд компанийн дүрэмд заасан хэмжээгээр өөрчлөлт оруулахыг тус тус хариуцагч БТ ХХК-д даалгах, 2019 онд олгосон ногдол ашгийн зөрүүнд 19 499 220 төгрөг, 2020 онд олгосон ногдол ашгийн зөрүүнд 11 407 500 төгрөг, нийт 30 906 720 төгрөгийг хариуцагч БТ ХХК-аас гаргуулах, хариуцагч Д.Б-оос олгогдоогүй ногдол ашгийн алданги буюу гэм хорын хохиролд 15 453 360 төгрөг гаргуулах, БТ ХХК-ийн 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаагүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.Т-гийн нэхэмжлэл, нэхэмжлэгч Д.Т-д холбогдох 1999 оны хуулийн этгээд үүсгэн байгуулах дүрмээр тогтоосон хувьцааны хувь хэмжээ хүчин төгөлдөр болохыг тогтоолгох тухай хариуцагч Д.Б-ын сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 600 350 төгрөг, хариуцагч Д.Б-ын 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: "БТ"ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Б- 40 хувь, Д.Т- 40 хувь, Д.Ө- 20 хувийн хувьцааг тус тус эзэмшдэг болох нь баримтуудаар нотлогддог. Д.Т-гийн хувьд бүртгэлтэй холбоотой асуудалд огт оролцоогүй, харин мэдүүлгийн хуудсанд түүний гарын үсгийг дуурайлган зурсан байдаг. Улсын бүртгэлийн лавлагаанд тэмдэглэснээр бол Д.Т- 2007 онд 40 хувийн хувьцаа эзэмшиж байсан ба 2004 оноос хойш компанийн дүрэмд өөрчлөлт оруулаагүй атал 2012 онд 20 хувь гэж тэмдэглэгдсэн нь илэрхий техникийн алдаатай болохыг тодорхой харуулж байна. Улсын бүртгэлийн газар нь тодорхой үйл баримтыг тогтоодог бус, хуулийн этгээдийн гаргаж өгсөн баримт, материалын дагуу мэдээллийн санд бүртгэлийг хийх чиг үүрэгтэй бөгөөд дүрэмд огт тусгагдаж байгаагүй техникийн алдаатай хувь хэмжээг шүүх үндэслэл болгож шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарах нөхцөлийг бий болгоод байна. "БТ" ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Д.Б- нь компаниас нэг сая ам.долларыг зээлж, компани энэхүү мөнгийг Худалдаа хөгжлийн банкнаас зээлж, үндсэн зээлийг хүүгийн хамт төлж барагдуулсан. Гэтэл Д.Б- нь 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хурал хуралдуулсан мэтээр хувьцаа эзэмшигч нараар нөхөж гарган гарын үсэг зуруулсан. Ийнхүү компанид үндсэн зээл болон түүний хүүд төлсөн хэмжээгээр хохирол учруулсан тул цаашид компанид учирсан хохирлыг арилгуулах зорилгоор 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 15А/232 тоот тогтоолыг нэхэмжлэгч өөрөө шүүхэд гаргаж өгсөн. Тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг өмнө хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 101/11132020/13134 дүгээр захирамжтай хэргээс гаргуулах, шинжлэн судлуулах талаар гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх удаа дараа хэрэгсэхгүй болгож, мэтгэлцэх зарчмыг зөрчсөн, тухайн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудад шүүх огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Шүүх хуралдаан дээр хариуцагчийн зүгээс хүсэлт байхгүй гэхэд "...гуравдагч этгээд оролцуулах хэрэгтэй юм биш үү" гэж зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх байдлаар гуравдагч этгээдээр Д.Ө-ийг оролцуулах хүсэлтийг гаргуулсан нь талуудын эрх тэгш байх зарчмыг зөрчсөн. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан заалтыг хэрэглэх ёстой байтал мэргэжлийн илэрхий алдаа гарган зохигч талуудын мэтгэлцээнээс өөр үндэслэл зааж үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох ёсгүй гэж үзнэ. Ийнхүү шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 40 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн алдаа гаргасан. Шүүх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд бичигдсэн 20 хувийн хувьцааг эзэмшдэг гэж үзэж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх биш, эрхийг нь дордуулсан дүгнэлтийг хийснээр тухайн компанийн хувьд тодорхой бус байдлыг бий болголоо. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Т- нь хариуцагч БТ ХХК-д болон хариуцагч Д.Б-од холбогдуулж хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчихгүй байх, хувьцаа эзэмшигчийн хурлын 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/1901 дугаар тогтоолын хавсралт, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 20/02 дугаар тогтоолд заасан Д.Т-, Д.Ө- нарын эзэмшлийн хувьцааны тоо, хэмжээнд компанийн дүрэмд заасан хэмжээгээр өөрчлөлт оруулахыг хариуцагч БТ ХХК-д даалгах, 2019 онд олгосон ногдол ашгийн зөрүүнд 19 499 220 төгрөг, 2020 онд олгосон ногдол ашгийн зөрүүнд 11 407 500 төгрөг, нийт 30 906 720 төгрөгийг хариуцагч БТ ХХК-аас гаргуулах, хариуцагч Д.Б-оос алданги 15 453 360 төгрөг гаргуулах, БТ ХХК-ийн 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаагүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, БТ ХХК-ийг 1999 оны хуулийн этгээд үүсгэн байгуулах дүрмээр тогтоосон хувьцааны хувь хэмжээ хүчин төгөлдөр болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд бие даасан шаардлага гаргасан тохиолдолд тэрээр хэргийн оролцогч болдог бөгөөд түүнийг оролцуулах эсэхийг шүүх шийдвэрлэхгүй. Өөрөөр хэлбэл, диспозитив зарчмын үүднээс гуравдагч этгээд бие даасан шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эсэхийг өөрөө шийдвэрлэх юм.

 

Мөн хуулийн 29.2 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь зохигчийн эрх эдэлж, үүрэг хүлээдэг тул гаргасан шаардлага, үндэслэл болон шаардлагыг өөрчлөх, шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, шаардлагаас татгалзах, эвлэрэх зэрэг эрхийг хэнээс ч зөвшөөрөл шаардахгүй эдэлдэг.

 

Гэтэл БТ ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Ө- маргааны зүйлийн талаар буюу өөрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг тогтоосон 2001, 2004, 2012 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, компанийн дүрмийн талаар бие даасан шаардлага гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШТ2021/00052 дугаар тогтоолоор хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь хэсэгт нийцэхгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч тал БТ ХХК-ийн 20 хувийг Д.Ө- эзэмшдэг гэж, хариуцагч нь Д.Ө-ийн хувьцааны хэмжээг 30 хувь гэж маргаж байгаа тохиолдолд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тэдгээрийн хувьцаа эзэмших эрхийн талаар шийдвэр гаргах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт заасан шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй гэснийг зөрчих юм.

 

Нөгөө талаар, нэхэмжлэгч талаас хувьцаа эзэмшигч болох Д.Б-, Д.Т-, Д.Ө- нарын гарын үсэгтэй, БТ ХХК-ийн 2012 оны дүрмийг нотлох баримтаар ирүүлсэн /хх-ийн 9-11/, харин УБЕГ-аас ирүүлсэн 2012 оны дүрэмд Д.Т- ганцаараа гарын үсэг зурж, бусад гишүүдийн гарын үсэг зурагдаагүй байдлыг /хх-ийн 109-114/ харьцуулан үзэхэд гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан ...2012 оны тогтоол, дүрэмд зурагдсан гарын үсэг Д.Ө-ийн гарын үсэг мөн эсэхийг тогтоолгох зорилгоор шинжээч томилуулах хүсэлт нь хэрэгт ач холбогдолтой байж болохоор байна.

 

Гэтэл шүүх ...нэгэнт бие даасан шаардлагыг хүлээн аваагүй тул түүний дагуу гаргасан шинжээч томилох хүсэлтийг хангах шаардлагагүй... гэсэн үндэслэл муутай дүгнэлт хийж уг хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/00519 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 600 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Н.БАТЗОРИГ