Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2021/00531

 

2021 02 10

101/ШШ2021/00531

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХХБ ХХК-ийн

Хариуцагч: С.Н-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэг, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 5,776,903.53 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн төлөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХХБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Н нь Улаанбаатар хотын банктай 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ЦЗГ1103/180625 тоот Цалингийн зээлийн гэрээ-г байгуулан 10,000,000 (арван сая) төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах үндэслэлтэй болно. Зээлдэгч нь 2020 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээл: 4,835,329.28 (дөрвөн сая найман зуун гучин таван мянга гурван зуун хорин есөн төгрөг, хорин найман мөнгө) төгрөг; Зээлийн үндсэн хүү: 931,932.96 (есөн зуун гучин нэгэн мянга есөн зуун гучин хоёр төгрөг, ерэн зургаан мөнгө) төгрөг; Нэмэгдүүлсэн хүү: 5,141.29 (таван мянга нэг зуун дөчин нэгэн төгрөг, хорин есөн мөнгө) төгрөг; Шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал: 4,500.00 (дөрвөн мянга таван зуун төгрөг) төгрөг. Нэхэмжлэлийн шаардлага: Талуудын хооронд байгуулагдсан ЦЗГ1103/180625 тоот Зээлийн гэрээ-г шүүхийн журмаар хугацаанаас нь өмнө цуцалж зээлдэгч С.Нгээс зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 5,776,903.53 (таван сая долоон зуун далан зургаан мянга есөн зуун гурван төгрөг, тавин гурван мөнгө) төгрөгийг гаргуулж, Худалдаа, хөгжлийн банканд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн зээлд 4 835 329.28 төгрөг, хүүд 931 932.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5 141.29 төгрөг, нотариатын зардалд 4 500 төгрөг, нийт 5 776 903.53 төгрөг гаргуулна. Хариуцагчтай Улаанбаатар хотын банк цалингийн зээлийн гэрээ байгуулсан. Банкнууд нэгдсэн байгаа тул нэхэмжлэх эрхтэй. Зээл авсны дараа хуваарийн дагуу төлөөгүй тул боломж олгосон. Гэвч төлөөгүй тул хариуцагчтай уулзаж, дахин хугацаа өгсөн боловч төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь зээл авсан нь тогтоогдож байгаа юм гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92-т зааснаар шүүгчээс татгалзаж байна. Мөн хуулийн 91.1.3-т зааснаар эргэлзэж байна. Итгэмжлэлийг 10-ны буюу энэ өдөр авсан. Хурал болохоос 1 цаг 20 минутын өмнө шүүхэд ирсэн боловч тооцоололтой холбоотойгоор хянах шаардлагатай боловч танилцах боломж олгоогүй тул эргэлзэж байна. Хэргийн материалтай сайн танилцаагүй тул хэргийн талаар тайлбар хэлэх боломжгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХХБ ХХК нь зээлийн гэрээний үүрэг, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд үндсэн зээл 4 835 329.28 төгрөг, хүү 931 932.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 141.29 төгрөг, нотариатын зардалд 4 500 төгрөг, нийт 5 776 903.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч С.Н нь хуульд заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй, түүний төлөөлөгч С.Сансартуяа нь шүүх хуралдаанд тайлбар гаргахаас татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүх хуралдаан даргалагчаас хуралдааныг нээж, хуульд зааснаар шүүх хуралдааны дэгийг танилцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан эрхийг тайлбарлан өгч, татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг лавласан. Шүүх хуралдаанд оролцогчид татгалзан гаргах хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдаан үргэлжилж, хариуцагчийн төлөөлөгч нь хэргийн материалтай танилцах үндэслэлээр хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан. Улмаар шүүх хуралдааныг завсарлуулан хүсэлтийг хэлэлцэж, хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гаргасан. Энэ үед хариуцагчийн төлөөлөгч нь хүсэлтийг хүлээн авахаас татгалзсантай холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан.

Шүүх хуралдаан тодорхой дэг, дэс дарааллаар явагдах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасныг тайлбарласан боловч татгалзан гаргах хүсэлт гаргаагүй байна. Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар татгалзан гаргах үндэслэл тогтоогдсон тухайн үед гэж зохицуулсан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан үндэслэлд хамаарахгүй юм. Учир нь хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх нь шүүхэд олгосон бүрэн эрхийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой ажиллагаа юм. Мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.2 дахь заалтад үндэслэл тогтоогдсон үед гэдэг нь татгалзан гарах этгээдэд холбогдох үүргийн талаар бөгөөд харин зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ талаар мэдэгдэх тухай зохицуулалт юм. Иймд хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь шүүгчийг татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй, өөрөөр хэлбэл татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асууж, байхгүй гэж хариулснаас хойш хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарах хүртэл хугацаанд шүүгчийг татгалзан гаргах үндэслэл бий болсон гэж үзэх боломжгүй. Эдгээр үндэслэлээр шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт нэгэнт гаргаагүй, улмаар үндэслэлгүйгээр хүсэлт гаргасан нь шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзсэн болно. Иймд шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаагүй гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улаанбаатар хотын банк ХХК болон хариуцагч С.Н нар нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 36 сарын хугацаатайгаар 10,000,000 төгрөгийн үнэ бүхий, сарын 1.5 хувь, жилийн 18 хувийн хүүтэй цалингийн зээлийн гэрээ байгуулсан байна. /хэргийн 9-10 дугаар тал/

Улмаар Улаанбаатар хотын банк ХХК нь нэхэмжлэгч ХХБ ХХК-тай нэгдсэн болох нь нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарын 20, 21 дугаарт дурдсан бичилтээр тогтоогдож байна. /хэргийн 5-6 дугаар тал/

Иймд Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар дээрх зээлийн гэрээний дагуу үүсэх эрх, үүрэг нь нэхэмжлэгчид шилжсэн байх тул ХХБ ХХК нь энэхүү зээлийн гэрээний дагуу шаардах эрхтэй.

 

Энэхүү зээлийн гэрээний дагуу олгосон зээлийн дансны хуулгыг нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлээгүй боловч зээл олгогдсон болох нь хэргийн 14 дүгээр талд байх гараар бичсэн баримтаар тогтоогдсон бөгөөд хариуцагч нь зээл олгосон эсэх болон уг гараар бичсэн баримтын талаар маргаагүй. Иймд зээлийн гэрээний дагуу Улаанбаатар хотын банк ХХК нь үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу буцаан төлөх хуваарийг зөрчсөн, улмаар зохигчид зөрчлийг арилгах талаар тохиролцож, нэмэлт хугацаа тогтоосон болох нь дээрх гараар бичсэн баримтаар тогтоогдсон. Нэхэмжлэгч нь ийнхүү нэмэлт хугацаа тогтоосон боловч хариуцагчийг үүргийн зөрчлийг арилгаагүй гэж тайлбарласан бол хариуцагч нь энэхүү үйл баримтын талаар маргаагүй. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгчид гэрээг цуцалж, гэрээний үүрэг шаардах эрх үүссэн байна.

 

Зээлийн гэрээний дагуу хариуцагчид үүссэн үүргийг тооцвол, гэрээ байгуулагдсанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 2 жил, 4 сар, 2 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Энэхүү хугацаанд бодогдох хүүг тооцвол 1 жилд 1,800,000 /10,000,000*18%/ төгрөг, 2 жилд 3,600,000 төгрөг, 1 сард 150,000 /10,000,000*1.5%/ төгрөг, 4 сард 600,000 төгрөг, 1 хоногт 4.931.50 /1,800,000/365/ төгрөг, 2 хоногт 9,863 төгрөг, нийт 4,209,863 төгрөг тооцогдоно.

 

Харин нэхэмжлэгч нь нэгэнт нэг талын санаачилгаар зээлийн гэрээг цуцалсан тул нэмэгдүүлсэн хүү тооцогдохгүй. Учир нь нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний үндсэн хугацаатай хамааралтайгаар тооцогдох юм.

Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл хариуцагчид зээлийн гэрээний дагуу нийт 14,209,863 /10,000,000+4,209,863/ төгрөг төлөх үүрэг үүсжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг нийт 7,060,103.92 төгрөг төлсөн гэж тайлбарлаж, холбогдох тооцоог шүүхэд ирүүлсэн бол хариуцагч нь үүнээс илүү төлбөр хийсэн эсэх буюу энэхүү төлсөн төлбөрийн мөнгөн дүнгийн талаар маргаагүй.

 

Үүнээс үзэхэд хариуцагчийн биелүүлээгүй үүргийн гүйцэтгэл нь 7,149,759.08 төгрөг боловч нэхэмжлэгч нь үндсэн зээлд 4,835,329.28 төгрөг, хүүд 931,932.96 төгрөг шаардсан, мөн нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нийт 5,767,262.24 төгрөг гаргуулах үндэслэлтэй юм.

 

Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу нотариатын зардлын хувьд холбогдох нотлох баримтыг гэрчилсэн нотариатч нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үйлчилгээ үзүүлсэн төлбөрөө нэхэмжилсэн байна. /хэргийн 16 дугаар тал/ Уг нэхэмжлэхэд төлбөрийг дансаар төлөхийг шаардсан боловч бэлэн мөнгөний баримт хавсаргасан. Улмаар нэхэмжлэгч талаас төлбөрийг төлсөн дансны хуулга, эсхүл бэлэн мөнгөний зардлын баримт ирүүлээгүй байна. Иймд уг хохирол бодитоор учирсан гэж үзэх боломжгүй байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч С.Н-ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 5,767,262.24 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх, 9,641.29 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,380.46 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 107,226.20 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД