Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2021/00756

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2021/00756

 

 

 

ХХБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг, даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/00531 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ХХБ ХХК-ийн хариуцагч С.Нд холбогдуулан гаргасан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үлдэгдэл төлбөрт 5 772 403.53 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 4 500 төгрөг нийт 5 776 903.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Н нь Улаанбаатар хотын банк ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ЦЗГ1103/180625 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 10 000 000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгчид үүрэг зөрчигдсөн талаар мэдэгдэж, зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Үүний улмаас талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5.1.1, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дах хэсэгт заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах үндэслэл бий болсон.

Иймд ЦЗГ1103/180625 тоот зээлийн гэрээг шүүхийн журмаар хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч С.Нгээс үндсэн зээл 4 835 329.28 төгрөг, зээлийн хүү 931 932.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 141.29 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 4 500 төгрөг нийт 5 776 903.53 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу шүүгчээс татгалзаж байна. Өнөөдөр хариуцагч С.Нгээс итгэмжлэл авсан. Шүүх хуралдаан болохоос 1 цаг 20 минутын өмнө шүүхэд ирсэн боловч хэргийн материалтай танилцах боломж олгоогүй тул хэргийн талаар тайлбар хэлэх боломжгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Нгээс зээлийн гэрээний үүрэгт нийт 5 767 262.24 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх, 9 641.29 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107 380.46 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 107 226.20 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С давж заалдах гомдолдоо: Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан. Миний бие хариуцагчаас 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр итгэмжлэл авсан. Энэ тухайгаа шүүх хуралдаанд тайлбарлан хэргийн материалтай танилцах боломжит хугацаагаар хангуулах хүсэлт гаргасан боловч 15 минутийн хугацаа тогтоосноор зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлт болон тооцоололтой бүрэн танилцаж, хариу тайлбар хэлэх боломжгүй болгосон. Мөн шүүхийн шийдвэрт хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн мэтээр бичсэн байгаа нь шүүх хэтэрхий нэг талыг барьж, тэгш бус хандсан явдал болсон. Хэдийгээр нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн харьцангуй бага, хэргийн материалын хуудас цөөн байсан боловч энэ шалтгаанаар хэргийн материалтай танилцах хугацааг хэтэрхий богино байхаар хязгаарлаж болохгүй.

Шүүхээс хэргийн материалтай танилцах хугацааг 15 минутаар тогтоосны дараа миний бие шүүгчийг хэтэрхий нэг талыг барин асуудалд хандсан гэж үзсэн учир энэхүү хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэдэгт эргэлзээ төрж, шүүгчээс татгалзан гаргах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн авалгүйгээр, өөрөөс нь татгалзсан хүсэлтийг тухайн шүүгч өөрөө шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болно. Шүүгчээс татгалзах хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гаргах боломжтой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч ХХБ ХХК нь хариуцагч С.Нд холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үлдэгдэл төлбөрт 5 772 403.53 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 4 500 төгрөг нийт 5 776 903.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Шүүхээс уг нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагчид гардуулж, хариу тайлбараа мөн оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дотор шүүхэд ирүүлэхийг даалгасан байна. /хх-30/

Улмаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2021/02172 дугаартай захирамжаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг мөн сарын 10-ны өдрөөр товлон зарлажээ. /хх33/ Энэ өдөр хариуцагч С.Нгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хариуцагчийн эрх эдэлж, үүрэг хүлээн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлөн оролцох итгэмжлэлийг иргэн С.Сансартуяад олгосон байх ба тэрээр хэргийн материалтай танилцахаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байна. /хх-41/

Анхан шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжит хугацаа өнгөрсөн, хариуцагч нь хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан зарлагдсан өдөр шинээр төлөөлөгч томилон ирүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах зорилготой гэх үндэслэл зааж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг 15 минутын хугацаатай түр завсарлан хариуцагч талыг хэргийн материалтай танилцуулаад хэргийг хянан шийдвэрлэжээ. /хх-47-48/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, хэргийн материалтай танилцах хугацааг 15 минутаар тогтоосон нь үндэслэлгүй, ... уг хугацаанд зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлт, тооцоололтой бүрэн танилцаж, хариу тайлбар хэлэх боломжгүй байсан, ... мэтгэлцэх боломж олгоогүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцох, үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэх судлахад тэгш эрхтэй оролцоно гэж заажээ. Хариуцагч С.Нгийн хувьд нэхэмжлэлийг гардан аваад шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ зөрчсөн байна. Гэвч шүүх хуралдаан товлогдсон өдөр хариуцагчийн олгосон итгэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг 15 минутын хугацаанд хэргийн материалтай танилцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох, мөн зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлага, татгалзалтай холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хэргийн оролцогчийн эрх, үүрэг хангагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчим хэрэгжсэн гэж үзэх боломжгүй.

Дээрх зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан буюу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шууд үндэслэлд хамаарч байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй.

Харин шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүгч өөрөө шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь шүүгч хэргийн оролцогчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан шүүгчийг татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй юм.

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, хэргийг шийдвэрлэжээ. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дах хэсэгт заасныг зөрчсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хуулийн үндэслэлгүй гэж үзлээ.

Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/00531 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107 380 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

 

Ч.ЦЭНД